KFC-ээр үйлчлүүлсэн дахин нэг хүүхэд хордлого өгч, эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ

Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн хүмүүс олноороо хордсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан билээ.

Тодруулбал, НМХГ нь 2019.02.12-ны 16:56 минутад ХУД-т байрлах Таван богд ХХК-ийн “KFC-Зайсан” салбарын хоолны газарт 2019 оны 2 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хоол идсэн 16 хүнд усархаг гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн” гэх мэдээллийг хүлээн авч холбогдох албаныхан хяналт шалгалт хийж ажилласан. Тэгвэл өчигдөр  /2019.03.18/ мөн л KFC-ээр үйлчлүүлсэн хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. 

Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Орой 7 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.

KFC-д хийсэн шалгалтын эцсийн дүнгийн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнөөдөр мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарсан. Хоолны хордлого юунаас болсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг, нийт шинжилгээ хийлгэсэн лабораториудын дүн, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлгийн дүнд тогтоогдож байна гэж ХӨСҮТ, МХГ-аас хамтран гаргасан дүгнэлтээр тогтоогдсон. Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан" хэмээн хэллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)