Өнөөдөр болох үйл явдал

08.00-12.00 цагт “Таван эрдэнэ” группийн төслийн хүрээнд хэрэгжиж буй тогоочийн тангараг өргөх ёслолыг Монголын мастер тогооч нарын холбоо болон Монголын тогооч нарын нэгдсэн холбоотой хамтран “Grand Circus” ресторанд хийнэ.

10.00-12.00 цагт “Ноолуурын салбарын нэмүү өртөг” форум “Downtown” оффист болно.

10.00-12.00 цагт  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг танилцуулна.  
Монгол Улсын нийт хүн амын 67 хувь нь хот суурин газар, 45 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хотжилт бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, шинэ санаа, шинэ боломж, илүү сайн амьдралын стандарт. Гэвч Улаанбаатар хотын иргэд хотжилтын үр шимийг бүрэн дүүрэн, ижил тэгш хүртэж чадаж байна уу? Монгол Улсад “хотжилт” гэх үзэгдэл хэрхэн тодорхойлогдож, ямар үр нөлөөг дагуулж байна вэ? Хотжилтын үйл явцыг хэрхэн хэмжиж, үнэлэх вэ гэдэг асуултын дор тус төвөөс хот, дүүргийн өрсөлдөх чадварыг 2017 оноос эхлэн судалсан бөгөөд ийнхүү хоёрдахь тайлангаа гаргажээ. Тус судалгаа нь Улаанбаатар хот болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван бүлгийн хүрээнд 150 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Арга хэмжээ “Новотел” зочид буудалд болно.

13.00 цагт Авилгатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багаас "Сайн сургууль" төсөл хэрэгжүүлж байна. Нээлтийн арга хэмжээ нийслэлийн 84 дүгээр сургууль дээр болно.

13.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгч, АТГ-ын гадаа мэдэгдэл хийх аж.

14.00  цагт Шангрила зочид буудалд 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд АХБ болон бусад компани гарын үсэг зурна. Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах уг нарны цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д 
11.30 цагт БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ. 
12.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад захиалга өгч иргэнийг шийтгүүлэх гэж байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)