Хорин оны сонгуулийн хоёр сунгаа

Ирэх жил болох ээлжит сонгуулийн өнгийг солонгоруулж мэдэх хоёр ч сонгууль энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Тэр бол Баянзүрх дүүргийн хоёр хорооны дахин сонгууль болон Ардчилсан намын ротацийн буюу дотоод эргэлтийн сонгууль билээ. Баянзүрх дүүргийн ИТХ-д өнөөдрийн байдлаар АН-ын 20, МАН-ын 19 төлөөлөгч бий. 2016 оны орон нутгийн сонгуулиар тус дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн зарим хүн сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдсон.

Ингээд Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар гурван шатны шүүх шийдвэрлэсэн юм. Энд дурдахад, дахин сонгууль ч хоёр дахь удаагаа товлогдож байгаа нь, энэ. Хоёр хороо нь маргаантай, хүчний харьцаа ойр болохоор хэн нь эрх барих вэ гэдэг дээр ч зовлонтой. Эхэндээ тус дүүрэгт МАН засаглаж байсан ч одоо АН нь дүүргийн удирдлагыг аваад байгаа.

Авахдаа иргэдийг жагсааж, нөгөө талаас цагдаа нарыг дайчилж их л дуулиантай үзэлцсэн. АН-ынхан мөнгө тараагаагүй бол бид ялах байсан гэх цухалдал МАН-д байдаг бол бид ялчихаад байхад дээрэлхэх гэлээ гэсэн гомдол АН-д нь бий. Гэвч энэ тэмцлээс үүдэн цуутай хүүхэн хуримгүйтэй адил Баянзүрх дүүрэгт өнгөрсөн гурван жилд дорвитой ажил хийгдсэнгүй. Бас энэ удаагийн дахин сонгуульд АН оролцохгүй гэж байгаа боловч бие даагч хэлбэрээр гишүүдээ нэр дэвшүүлж байна гэж МАН нь хардаж байгаа.

Тиймээс ч хэдэн өдрийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хорооныхон мэдээлэл хийж бие даагчаар нэр дэвшиж байгаа АН-ынхан мөнгө тарааж байна гэсэн юм. Тодруулбал, тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцог “Баянзүрх дүүргийн III хорооны Засаг даргын хариуцсан 40 хүнд мөнгө тараах агуулгатай иргэдийн нэр, регистрийн дугаар, дансны мэдээллийг агуулсан хуудсыг бид олж авсан. Мөнгөө шөнийн цагаар банкны ATM ашиглан шилжүүлж байсан. Бие даагч нэртэй АН-ынхан иргэдийн саналыг худалдаж авч байна” гэж байв.

Маргаашийн хоёр хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялчихвал тэд олонх болно.Нөгөө талаас бие даагчид ялалт байгуулбал АН хэвээрээ үлдэх боломжтой. Хамгийн гол нь хэн ялах вэ гэхээс илүү төлөөллөө төрд илгээсэн иргэдийн эрх ашиг юм. Хоёр хороо нь өнгөрсөн хугацаанд төлөөлөлгүй явсаар өөрсдөдөө тулгарч буй бэрхшээлээ шийдүүлж чадаагүй гэх гомдол бий.

Тиймээс ч “МАН нь УИХ, нийслэлийн удирдлага, НИТХ, Баянголоос бусад дүүргээ барьж байхад ерөөсөө дүүрэгтээ ялуулчихъя. Ирэх жилийн сонгуулиас өмнө дүүрэг, хороондоо жаахан юм хийлгэе” гэх шуударсан үгс ч дуулдаж байгаа. Харин AH, МАН аль алинд нь Баянзүрх дүүргийг авах нь ирэх жилийн сонгуулийн чухал бэлтгэл юм. Наад зах нь Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшигчдээ хөлтэй болгочихно.

Дээр нь энэ жил болох том, жижиг бүх л сонгууль хойтон жилийн сонгуулийн сунгаа мэт олон нийтэд харагдах учраас имиж талдаа ч анхаарч байгаа байх. Хоёулаа 2016 оноос хойш намын удирдлагуудаа сольчихоод байгаа учраас өөрсдийгөө харуулах ч шаардлага бий.

Үүний дээр АН-ын Үндэсний бодлогын хорооны 30 хувьд хийгдэж буй дотоод эргэлтийн сонгууль нөгөөдөр болно. Тус нам 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш дотооддоо багагүй шинэчлэл хийгээд байгаа. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгосон бол Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн дунд ротацийн сонгууль жил бүр явуулж байна. Энэ удаагийн дотоод эргэлтийн сонгууль нь УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жилийнх гэдгээрээ онцлогтой. Учир нь, тус намын дүрмээр бол Үндэсний бодлогын хорооны гишүүд нь УИХ-д өрсөлдөх мандат авах эрхтэй билээ.

Тэр утгаараа хойтон жилээ харсан улстөрчид энэ удаагийн ротацид идэвхтэй оролцож байгаа. Ерөөсөө энэ хоёр том нам л ээлжлэн өнгөрсөн 30-аад жил төрийн эрх барьсан түүхээс харвал ирэх жилийн сонгуулиар иргэдийн санал АН талдаа савах магадлал бий. Тиймээс ч АН-ын Үндэсний бодлогын хорооны дотоод эргэлтийн сонгуулиар хэн гарч ирэх нь ч олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Мөн нам дотроо аль лидер нь хүрээллээ бүрдүүлж чадах вэ гэдгийн ч толь болно. АН-ын дотоод сонгуулийн хорооны баталсан залуус, эмэгтэйчүүд, чөлөөт гэсэн квотоос харахад сонирхол татахуйц нэрс байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн суудлаар эргэлтийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт Ж.Цэсэн нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаа Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт эмэгтэйчүүдийн суудлаар нэр дэвшиж байгаа юм. Үүн дээр чөлөөт тойргуудад жишээ нь, Хан-Уул дүүргийн 57 дугаар тойрогт Халтмаагийн Баттуул нэр дэвшжээ.

Дээр нь Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд нэр дэвшиж байгаа юм. Үүнээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод эргэлтийн сонгуульд нэлээд анхаарал хандуулсан бололтой. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан залуус ротацийн сонгуульдаа оролцож байгаа тухай яриа гарсан.

Түүнийг улс төрд эргэж ирэх нь гэсэн сэжиг таамгаас ч үүдэлтэй байх. Ямартаа ч экс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан Дархан-Уулын 45 дугаар тойргоос Үндэсний бодлогын хороонд орохоор нэр дэвшжээ. За тэгээд, Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан Н.Тэгшбаяр Сэлэнгийн 26 дугаар тойрогт, Ховдын 36 дугаар тойрогт Ш.Адьшаа гэх зэрэг олны танил хүмүүс харагдаж байгаа.

Баянзүрх дүүргийн дахин сонгууль, АН-ын Үндэсний бодлогын хорооны дотоод эргэлтийн сонгуулиас ямар хүмүүс тодорч гарах нь удахгүй мэдэгдэнэ. Нийгэмд үүссэн олон дуулианд дарагдан олны анхааралд төдийлөн ороогүй боловч сонирхол татахуйц хоёр сонгуулийн талаар сонирхуулахад ийм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)