Татварын өртэй бол хилээр гарахыг хязгаарлана

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгын төсөлд тухайн байгууллагын санхүүгийн тулгамдсан асуудалтай уялдуулан хоёр жил хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгахаар тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү татварын өртэй иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагыг гадаадад зорчих эрхийг хязгаарлах заалт орсон эсэхийг тодрууллаа. Үүнд ажлын хэсгээс “Улсад 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй түүнийгээ төлөх чадваргүй этгээдийг хилээр гарахыг хориглохоор тусгасан” гэж хариулав. Харин хуулийн төсөлд жижиг, дунд, үйлдвэрийг дэмжих чиглэлээр тусгасан эсэх талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Баттөмөр “Засгийн газраас бичил буюу жилд 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөх санал ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 50-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлөх заалт оруулах санал ирүүлснийг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлөөд есөн хувийг нь буцаан авдаг байх юм” гэлээ.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)