Х.Болдбаатар: Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа

Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар ажлын байранд нь нэгжлэг хийсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач нарын зургийг цуглуулдаг, хадгалдаг. Уран бүтээлчдийнхээ зургийг гадаадад сурталчилдаг. Эх орноо сурталчилах үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг юм. 

2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу утасдсан. “Ардын эрх”-ийн байранд манай дүрлэх урлагийн бүтээл цуглуулагчдын архив байдаг юм. Зураг хадгалдаг. Тэнд үзлэг хийх гэсэн юм гэж цагдаагаас ярьсан. Тэгээд цаг гарангын дараа прокурорын зөвшөөрөл ирсэн. 

Их тэнгэр цогцолбороос 20-иод зураг алга болсон гэсэн мэдээлэл үзүүлсэн. Мэдээлэл үзүүлэхдээ зөвхөн зураач нарын нэрс болон зургийг хэмжээг хэлсэн. Алга болсон гэх зургийнхаа фото зургийг бол үзүүлээгүй. Тэгээд манай нийгэмлэгийн архивт үзлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон зурагтай ойролцоо байна, шинжилгээ хийлгэе гээд авч явсан. Ийм л үйл явц болсон. 

Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үеийн Улаан-Од сонинд томилогдсон жижигхэн дэслэгч байхад нь эгчийнхээ нөхөртэй анх 1988 онд танилцаж байлаа.

Бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. 

Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа  Энэ хоёр Ерөнхийлөгчөөс сурсан мэдсэн юм их бий. 

Би 30 гаруй жил бизнес хийж байна. Нэг ч өдөр төрийн албанд ажиллаагүй. Угаасаа манай ах төрийн албанаас хол яваарай гэж захисан. Манай хамаатан саданд төрийн албанд ажилладаг хүн бараг байхгүй. Би бусдын адил өндөр хүүтэй мөнгө банкнаас зээл аваад бизнес хийгээд явж байгаа жирийн л хүн.

Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамаар оролдно гэсэн үг байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү болохоор хамаатуулж шалгаж байгаа юм болов уу хэмээн ярилаа.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)