Охин минь би чиний хамгийн сайхан дурсамж байхыг хүсч байна

Би эмээ өвөө дээрээ өссөн хөгшчүүдийн хүүхэд. Хайранд бялуурч, чихрэнд халтардсан бага насаа би дурсахдаа эмээгээ, бас өвөөгөө, ээжийгээ өөрийн эрхгүй дурсан санадаг юм. Би бас их дэггүй охин байлаа. 36-гийн гутал нэртэй дотоод үйлдвэрийн гутлыг хэдхэн хоногийн дотор точийлдоод дуусгачихна. Хоншоор нь хөдөс шиг цайчихсан гутлын өнгийг түрүүнээс нь л олж харж болдог байлаа. Час улаан хацартай, хөвөнтэй өмд нь тоос шороонд гялайчихсан хачин халтар амьтан хаа сайгүй гүйж явна. Дандаа л гүйж явна.

Нэг л өдөр өвөө маань унаж, эмээ бид хоёр төв суурин газар бараадсан юм. Хөөрхий дөө муу эмээ маань өвөөгөөс хойш бие нь муудаж, намайг төрсөн гэр оронд нь дасгах гэж хот суурин газар амьдрах гэж хэрдээ л зовсон байх даа. Гэвч би гэртээ бараг л орохгүй. Эмээгээ бараадаж, эмээ маань галаа бараадаж, хөгшин, хөвөө хоёр амьтан өвөөгөө санаж, өдрийг өнгөрүүлнэ.

Эмээ маань охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гэж эртнээс бэлтгэж, орос дэлгүүрээс молоко захиж авчруулж, авдрандаа гурилан чихэр нуучихсаныг мэдэж байгаа учраас би авдраа сахиж, эмээ авдарныхаа түлхүүрийг сахиж нилээд хэд хонолоо. Харамсалтай нь тэр төрсөн өдрийг би эмээтэйгээ тэмдэглэж чадаагүй. Яг миний төрсөн өдрийн өглөө эмээ маань намайг яг элгэндээ наагаад бурханы оронд явчихсан байж билээ. Надад эмээгийн минь сүүлчийн амьсгал, бас сүүлчийн хүсэл мөрөөдөл шингэж үлдсэн гэж өдгөө би сүслэн боддог юм. Эмээгийн бэлтгэж тавьсан чихэр, молоког ээж надад өгч, сүүтэй будаа чанаж, тэр өдрийг нулимстай өнгөрүүлсэн. Үүнээс хойш би төрсөн өдөр гэдэг баярын сайхныг мэдрэхээ больчихсон юм.

Жилийн жилд, миний төрсөн өдрөөр ээж молоко авчирч, сүүтэй будаа чанаж, хавийн хүүхэд нохой хооллоно. Ээжий минь ээжийгээ санаж, би эмээгээ үгүйлж энэ өдрийг өнгөрүүлсээр олон жилийг үдсэн байх юм. Харин хөөрхий муу ээжээсээ хойш төрсөн өдөр болгоноороо санадаг хүний тоо дахин нэгээр нэмэгдсэн дээ. Хүмүүс надаас “Яагаад төрсөн өдрөө тэмдэглэдэггүй юм бэ?” гэж гайхан асуудаг.

Үнэндээ баярлах бус гуниглаж, хөөрч догдлох бус хуучин тэр л дурсамжуудыг эргэн сөхөж харах л надад сайхан санагддаг байлаа. Харин охидуудынхаа төрсөн өдрийг сайхан тэмдэглэж өгөх юмсан гэж би хичээдэг. Яг л над шиг хэзээ нэгэн цагт ээжийгээ санаж суух сайхан дурсамжуудынх нь нэгээхэн хэсэгт төрсөн өдөр нь багтаж байгаасай гэж хүсдэг. Би ээжийгээ хамгийн сайхнаар дурсан санаж, үгүйлэн ганцаарддаг. Тиймээс охидуудынхаа хамгийн сайхан дурсамж болж үлдэхийг хүсдэг.

 

 Б.Цоожчулуунцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)