Монгол хүн язгуураасаа хулгайч биш ээ...

Хэрвээ тийм байсан бол монголчууд аль хэдийнэ энэ хэдэн мянганы урт түүхийн ээдрээ, эрсдэл ихтэй нугачаан дунд мөхөж үгүй болоод, одоо сураг ч үгүй болчих байлаа. Яагаад гэвэл хулгайч үндэстэн оршин тогтнох, тэсэн үлдэх ямар ч боломжгүй олон олон шалгуурыг давж бид энэ цагт ирсэн.

Тийм бол яагаад дээр дооргүй хулгай хийгээд байгаа юм бэ? гэж үү. 

Энэ цаг үе бол хулгай нүүрлэсэн цаг үе. Монгол үндэстний нийтлэг ухамсараа мэдрэх чадварыг нь алдагдуулж, үнэт зүйлсийг нь үгүй болгож, бэртэгчлэл, хувиа хичээх үзлийг дэлгэрүүлэх гэсэн хэдэн зуунаар үргэлжилсэн ил далд хорон бодлого сүүлийн 30-аад жилд бүр хараа хяналтгүй сад зад тавьсаны үр, гор гарч буй хэрэг болохоос Монголчууд язгуураасаа хулгайч тулдаа хулгайлаад байгаа юм биш. Биднийг зориудаар ийм чөтгөрийн тоглоом руу шахаж буйг анзаараасай.

Авилга, шударга бус арга замаар хөлжинө гэдэг бол хэлбэр арга нь өөр боловч мөн чанар нь адилхан л хулгай юм. Харамсалтай нь энэ цаг үед боломж нь байгаад авилга аваагүй бол тэнэг гэж ойлгодог болтлоо бидний ухаан санааг самууруулсан. Тийм нийгмийн тогтолцоог бий болгож, тийм ухамсар, сэтгэлзүйн хандлагыг уйгагүй сурталчилж, тулган хүлээлгэсэн. Үндэстний нэгдмэл байдлыг бий болгодог үнэт зүйлсийг бүгдийг нь гутаан доромжилсон, элэглэн шоолсон, уллан дэвсэлсэн. Энэ тоглоомдоо манайхны аль адгийн хогийн нөхдүүдийг ашигласан. 

Үр дүн нь өнөөгийн нийгмийн байдал. Том хулгайчууд нь хулгайлсан мөнгөөрөө сонгогчдын тархи, нүдийг хуураад төрийн толгойд залардаг. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг. Толгой дээрээ хулгайчуудаа залчихаар тэгээд доогуур байгаачууд нь үлгэр жишээ авцгаагаад, барьцаад, бүгдээрээ л хулгайч болцгоочихно. Нэг тийм хачин тогтолцоо бий болгочихсон. Тэгээд "Амиа бодох шиг сайхан юм хаана байна" гэж ил тод ярьж сурталчилцгаана. 

 

Түүхэн туршлага гэдэг нэг юм гарцаагүй байдаг. Бид хулгай дээрэм, бэртэгчлэл гээд муу муухайд эзлүүлэх хэрээр уруудан доройтож, мөхөх сэхэх дээрээ тулж байв.

 

Тийм үеүд манай түүхэнд нэг бус бий. Бас бид муу муухайг тэвчиж, ялж, тэмцэж, нэгдэж чадахын хэрээр сэргэн мандаж, гэхдээ бүр дэлхийн сүпэр эзэнт гүрэн болтлоо сэргэн мандаж явсан. Язгуурын муу шинжтэй үндэстэн тийм эзэнт гүрнийг яагаад ч бүтээж чаддаггүй юм. Хамгийн сүүлийн маш тодорхой гашуун жишээ бол хүчирхэг Зүүнгар улсын мөхөл. Хүчирхэг Зүүнгар улсыг цэрэг зэвсгээр дийлэх ямар ч шинжгүй болохоо ойлгосон Манж-хятадууд дотор нь хагалган бутарган, явцуу эрх ашгуудыг хатгаж өдөөх, тэмцэлдүүлэх хорон бодлого явуулсны үр дүнд 30-хан жилийн дараа Зүүнгарчууд тэдний эсрэг тэмцэх ямар ч чадваргүй болчихсон байдаг. 

Түүх бол үндэстний ой санамж. Хэрвээ уржигдар, өчигдөр бүдэрсэн чулуундаа өнөөдөр дахиад бүдэрч буй бол ой санамжаа алдсаных. Түүх бол тийм сургамж, санамж нь. Гэтэл Түүх шиг хэрэггүй юм үгүй, түүх мэдэх шаардлагагүй, түүх өнөөдрөөс эхэлдэг, маргаашаа л, ирээдүйгээ л харая, улирсан баларсан түүх, домог гэж хийрхэхээ больё, өнгөрсөн түүхэндээ гацах юм бол хөгжихгүй гэсэн тун сайхан оргилуун атлаа маш хорон овжин тархи угаалт хүчтэй өрнөсөн. Өрнөж ч байна. 

Бас түүх бол үндэстний зөн билэг нь. За тэр талаар дараа болоё. 

Дахин хэлэхэд угаасаа л монголчууд хулгайч үндэстэн, бэртэгчин үндэстэн гэдэг бол санаатай хийгээд санамсаргүй ТАРХИ УГААЛТ, хорлон сүйтгэл юм шүү. Бид угаасаа л хулгайч үндэстэн юм бол одоо хулгайлаад байхаас яая гэхэв гэсэн арга барагдсан, цөхөрсөн хандлага нэг хэсэгт нь, бид угаасаа хулгайч юм чинь хулгайлахад яадаг юм гэсэн муу ёрын сэдэл бас нэгэнд нь өгдөг. Тиймээс маш хорлонтой. Хортой. Зарим нэг нь бүр "Хараач тэр, монголчууд угаасаа л хулгайч шүү дээ" гээд баярласан хэрээ мэт бархирч байна. 

 

Үндэстнийг ингэж л сөхрүүлж, дотроос нь илжрүүлж, мөхөөж, орон зайг нь эзлэн авдаг түүхэн туршлага байнга давтагдаж ирсэн. Ялангуяа томоохон хүчирхэг үндэстнүүдэд ийм шалгуур байнга тулгарч байдаг.

 

Бид жижиг үндэстэн биш ээ, тоо цөөн гэдэг жижиг гэсэн үг биш. Бид хүчирхэг том хийгээд эртний үндэстэн. Тиймээс бидэнд ийм чанга шалгуур сорилтууд үе үе тулгарч байв. Энэ цагт үед бидний өмнө ч тийм түүхэн шалгуур ирчихээд байгаа хэрэг. Хэн хүнд угаасаа байдаг хувиа хичээх, эд мөнгө, эрх мэдэлд, алдар нэрд донтох адгийн муу донг нь хөгжөөж, өдөж, хатгаж, сэрээж байж, түүн дээр нь дөрөөлж улс үндэстнийг мөхөөн, өрсөлдөгчөө нуга дарж ирсэн түүх олон бий. Нөгөө талд нь хүнд бас язгуурын шударга ёс, сайн хийгээд сайхныг талархан сайшаах мэдрэхүй, тэмүүлэл ч байдаг. Түүнийг нь мартуулж, үгүйсгэж, нулимж, доог тохуу болгодог. Тийм л үйл явц өрнөж байна. 

Тиймээс "Монголчууд угаасаа л хулгайчууд" гэсэн тархи угаалтад бүү авт. Биднийг зориудаар хулгайчид, бэртэгчид болгож, задалж, хүчгүйдүүлж сөхрүүлж буйг л гагцхүү сэр. Танин мэд, Энэ Тайландад хааны ордонд хулгай хийсэн монголын хулгайчид бол тэр хорлонт бодлогод автагсад, тархиа угаалгагсад, өөрсдийгөө мэдэхээ байсан өрөвдөлтэй мянга мянган хөөрхийсүүдийн нэг нь. Үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зүйлсээ эрж хай. Бидэнд хангалттай бий шүү. 

 

 

Б.Номинчимэд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • dd (103.111.68.3)

    2019-04-04

    яг үнэн

  • tseegii (202.21.109.81)

    2019-04-04

    80 онд л лав намайг хүүхэд байхад манай гэрийн цоожгүй авдарт аав ээжийн түрүүвчтэй мөнгөн байдаг байлаав айл юм чинь бас бус үнэт зүйл гээд л байлаа. Тэгтэл ямар хүн эзэнгүй байхад ч ирээд явсан байна. Юм алга болдоггүй байлаа бид ч хулгай гэж мэддэггүй байлаа. Одоо энэ муухай үйл сүүлийн үеийн хүмүүсийн зан байна. Мэдээж гадаад дотоод яваад хулгай хийнэ гэдэг чинь хөдөлмөрлөх сонирхолгүй хүмүүс байна. Эд нар дахин гадаад явах эрхийг нэг насаар нь хорьдог байх хэрэгтэйв Мөн дотооддоо хулгайсан хийсэн хүний эрхийг ч гэсэн гадаад явахыг хязгаарлах хэрэгтэй.

  • Зочин (192.82.65.104)

    2019-04-04

    Ёстой үнэн бичсэн байна. Бид тэгээд хэзээ яаж энэ муухай байдлаасаа өөрчлөгдөх вэ? Эрхэм төрийн түшээд юу гэж болгоохсон бол? Өөрсөддөө зориулж биш нийгэмдээ зориулж хууль батладаг байгаасай. тэр хуулиа мөрдөж хэвшүүлдэг байгаасай. Би одоо яг энд бичсэн шиг амьдарч байна. Бидний бодит амьдрал .энэ байна. Тэгээд бас машиныхаа хойно Та инээмсэглэ гэж биччихээд дүрмээ зөрчиж бусдын уур эгдүүцлийн хүргэж байгаа соёлгүй жолоочийг би яах ёстой вэ% Албаар биднээр ингэж тохуурхаад байгаа юм биш үү?

  • Зочин (202.21.109.44)

    2019-04-04

    Би монгол хүн тэгэхдээ монголчуудыг үзэн ядмаар байна яагаад гэвэл гудамжаар явна улайм цайм хотын гудманд хүүхдээ баалгана шээлгэнэ хүүхнүүд зовох ч үгүй хэлбэл бөөн хэрүүл хүн төрөлхтөнд баймгүй зан гаргана гудмаар явна сайхан зассан хотын гудамжаар бөөн бөөлжис архидаад шууд бөөлжинө нус цэрээ хаяна дэлгүүрт орно дандаа залинана хүний нүд хариулж байгаад авсан маханд маань лангууны хог боогоод өгнө ямааны махыг хонь гэж зарна шулахгүй залилахгүй байж чадахгүй тэрүүгээрээ бүүр бахархана гээч хажуу хашааны хүн угаадас хогоо хөрш рүүгээ цацна байранд хажуу айл нь хамаагүй өөрөө л болж байвал юу ч хийсэн болно машин барьчихвал тэнгэрийн амьтан болчихсон юм шиг л хэнийг ч тоохгүй яахаас ч буцахгүй дээр нь мөнгө харуулбал төрсөн эхээ зарж эх орноо худалдах юу ч биш шүүгч нар нь шударга шүүнэ гэж гожийн жоо мөнгө л харна хүнийг хохироохоо юуман чинээ тоохгүй миний үийдвэрийн ард олон хүн зовохыг бодох ч үгүй өнөө шөнө казинл тоглох хүүхэн эргүүлэхээ л бодно төрийн албан хаагч ч гэсэн түмнээ бодно гонж төрөл төрөгсөп төрсөн биёэ л бөөцийднө ой гутмаар

    dd (202.21.109.44)

    2019-04-04

    яг үнэн

    Зочин (202.21.109.44)

    2019-04-04

    Ёстой үнэн бичсэн байна. Бид тэгээд хэзээ яаж энэ муухай байдлаасаа өөрчлөгдөх вэ? Эрхэм төрийн түшээд юу гэж болгоохсон бол? Өөрсөддөө зориулж биш нийгэмдээ зориулж хууль батладаг байгаасай. тэр хуулиа мөрдөж хэвшүүлдэг байгаасай. Би одоо яг энд бичсэн шиг амьдарч байна. Бидний бодит амьдрал .энэ байна. Тэгээд бас машиныхаа хойно Та инээмсэглэ гэж биччихээд дүрмээ зөрчиж бусдын уур эгдүүцлийн хүргэж байгаа соёлгүй жолоочийг би яах ёстой вэ% Албаар биднээр ингэж тохуурхаад байгаа юм биш үү?