Ц.Гарамжав: Рио Тинто хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд өргөн барьсан. Уг хуулиар ямар гол зохицуулалтууд орж байгаа вэ?

-1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор маш олон үйлдвэр, зовад, фермүүд хаагдсан. Үүнээс үүдэж олон мянган иргэд ажлын байргүй болсон байдаг. Төр засгаас иргэдээ орлоготой байлгах үүднээс нас, ажилласан жил, хүүхдийн тоог харгалзан үзэж тэтгэвэрт гаргаж эхэлсэн юм. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан. Уг хуультай холбоотойгоор 288 мянган иргэн тэтгэвэрт гарсан байдаг. Тэд өөрөөс үл хамаарч ажил, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ хасуулснаас гадна тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон. Хууль боловсруулахтай холбоотойгоор 2018 онд судалгаа хийхэд тэдгээр иргэдийн тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй байсан. Энэхүү хууль батлагдснаар наснаасаа эрт тэтгэвэрт гаргасан 17.1 мянган иргэдийн тэтгэврийг нь нэмэх боломжтой болно. Гишүүдийн зүгээс 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлбэл боломжтой гэх саналыг гаргаж, хуульдаа нэмэлт оруулсан.

-Засгийн газраас Стандарт банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө гэсэн сүржин мэдэгдлийг хийж байна. Ер нь татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болох уу?

-Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудал тодорхой эзэдтэй, хийсэн үйлдэл нь тодорхой. “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэттэй ямар нэгэн аргаар холбогдож, баталгаа гаргуулаад авчихсан байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэт улсын үйлдвэр өнөөдөр энэ өрийг төлсөн нь зөв гэж бодож байгаа юм. Яагаад гэхээр энэхүү өрийн хүү нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан. Эрдэнэт энэ жил 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна лээ. Энэ нь хэр том үйлдвэр вэ гэдгийг нь харуулж байгаа байх. Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэр Эрсдэлийн сантай байх ёстой. Тэрхүү сангаасаа өдрөөс өдөрт хүү нь нэмэгдэж байгаа өрөө дариу төлсөн нь зөв юм. Харин хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдоно л доо.

-Эрүүгийн хуулиар уг хэрэгтэй холбоотой хүмүүсийг шалгах хуулийн хугацаа нь дуусчихсан юм билээ. Тиймдээ ч татвар төлөгчид хохироод үлдэх нь гэдгийг олон нийт ярьж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Үйлдвэрлэлийн салбарт 30, 40 жил ажилласан хүний хувьд татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байгаа үйлдлийг ойлгохгүй байна. Мөнгө угаах үйл ажиллагааг хийж чаддаг бүлэглэлүүд бий болчихсон, хөгжчихсөн байна гэхээр үнэхээр гайхаж байна. Ийм зүйлсийг таслан зогсоож, нийгмээ эрүүлжүүлэх цаг болжээ. Эрдэнэт шиг хичнээн хэрэг байдаг юм, тэр бүхнийг гаргаж ирэх хэрэгтэй. Мөн бүх сангуудын зарцуулалтыг ил болгох ёстой. Гаршчихсан, мэргэшчихсэн гэмт хэрэгтнүүдээр төрийг удирдуулж, бүрдүүлж явж болохгүй. Төртэй, удирдлагатай байна гэж бодоод л байдаг. Гэтэл хулгайн бүлэглэл үүсчихсэн ард түмний мөнгийг идээд л байдаг. Ингэж байж таарахгүй.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар өөрчлөлтүүд тусгагдаасай гэж хүсч байгаа вэ?

-Үндсэн хууль дээр дэмжмээр өөрчлөлтүүд байна. Зарим нэг бодож үзэхээр асуудлууд ч харагдаж байна. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлт дээр маш их ажиллаж байгаа. Үндсэндээ гурван жилийн турш маш олон иргэдтэй уулзаж, саналыг нь авлаа. Монгол Улс парламентын тогтолцоотой. Тиймдээ ч Үндсэн хуульд парламтентын дэг журам, эрх мэдлийн хуваарилалт, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг сонгох асуудал гээд томоосоо эхлээд нарийн зүйлүүдийг ч өөрчлөхөөр тусгасан байна лээ. Энэ бүхнийг цаашид улам тодорхой болгоно гэж бодож байна. Ер нь тийм ч олон зүйлсийг засах шаардлагатай юу, үгүй юу гэдгээсээ авахуулаад бодох хэрэгтэй байх. Тиймдээ ч саналаа хэлэхэд арай эрт байна.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр С.Зоригийн хэрэгт холбогдогсдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг та бүхэнд үзүүлсэн. Та тэр бүхнээс ямар дүгнэлт хийсэн бэ?

-Шүүх, прокурорын байгууллагад гажуудал үүссэн болохыг тэрхүү эрүүдэн шүүсэн үйл явцаар нотолсон гэж бодож байна. Нотолгоогүй зүйлийг хоосон ярих нь нэг ондоо. Тэнд юу болдог талаар нотолгоо баримттай ярьж байж л цааш явж байна шүү дээ. Тэрхүү эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхэд маш хүнд байсан. Дараа нь хямарсан. Хүний эрхэнд ёс бусаар халдаж, хатуу ширүүнээр зодож нүдэж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байгааг хараад цочирдсон. Тийм байдлаар мөрдөн байцаалт явуулж байгаа нь хүний эрхэнд ноцтой халдаж буй хэрэг. Энэ байдлаасаа үүдэн бид олон улсад хасах оноо л авч байна.

Энэ бүхний нэг сайн тал нь бид бүхэн ийм зүйл байдгийг мэдсэн явдал. Мэдсэнээрээ бид прокурор, шүүх засаглал, мөрдөн байцаах газарт ямар том сүлжээ байна вэ гэдгийг харлаа. Мөн эрх дархаа хэрхэн муу муухайд зориулж чиглүүлсэн байна вэ гэдгийг ч үзлээ. Тиймдээ ч энэ бүхнийг яаралтайгаар засч залруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болсон.

-Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргаж, ҮАБЗ-д хүргүүлсэн байсан. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-Миний хувьд тэр дүгнэлтийг олж үзээгүй. Ер нь бол Оюу толгойн үйлдвэрлэл Монголд явж байвал зүгээр юм байгаа юм. Оюу толгой, Рио Тинто компанитай Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх гэрээ хэлэлцээрийг л сайжруулж хийх хэрэгтэй гэж боддог юм. Түүнээс энэ бол дэлхийн хэмжээний том үйлдвэр. Олон мянган монголчууд ажиллаж байна. Маш том алдагдалтай, хохиролтой хийгдсэн гэрээ гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийгээ засах нь л чухал. Тэр дундаа Рио Тинтогийн зүгээс хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, манай улсын хөгжлийг дэмжиж гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай гэж хүсдэг юм.

 

О.Ариунцэцэг

Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)