Нөхөж баршгүй орон зайн эзэн

Сэтгэлийн зул 

Монголын спортын ертөнц, тэр дундаа дугуйн спортод маш том орон зай гарсан нь Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших бурхны оронд заларсан явдал байлаа. Түүнтэй өчигдөр манай улсын спортын салбарын зуу зуун зүтгэлтэн Спортын төв ордноос салах ёс гүйцэтгэн, нүдэндээ нулимстайгаар хайрт ханиа, хайрт аавыгаа, хүндэт ахаа, хүндэт найзаа, хүндэт дүүгээ сүүлчийн замд нь үдлээ. Монголын дугуйн спортыг түүнгүйгээр, түүнийг дугуйгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг дугуйчин хэн бэ гэж асуувал хүн бүр дуу нэгтэйгээр Ж.Өлзий-Орших гавьяатыг онцлох биз. Монголын дугуйн спортод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, энэ цагийн шилдгүүдийг төрүүлэн гаргахад том гавьяа байгуулсан эрхэм хүндэт тамирчнаа, дасгалжуулагчаа зуурдаар алдана гэж хэн ч санаагүй, бодоогүй, төсөөлөөгүй. Манай улсын дугуйн спортын түүхэнд олон зүйлээрээ анхдагч хэмээх тодотголыг зүүсэн түүнийг ойр дотны хүмүүс нь энэ өдрөөс хойш жил бүр санан дурсаж байх болно. 1967 онд Улаанбаатар хотод төрсөн Ж.Өлзий-Орших гавьяат багаасаа дугуйчин болохыг мөрөөдөн, хорхойссон нь 16 насандаа Н.Нармандах багшийн шавь болсноор биелжээ. Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 1986 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтав. 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам тамирчны нэг нь яах аргагүй Ж.Өлзий-Орших гавьяат юм. Улсаас тамирчдаа дэмжихээ болиход ч, шигшээ багийг татан буулгахад ч, үеийнх нь дугуйчид спортоо орхиход ч тэрбээр шийдвэрээ өөрчлөөгүйгээр нь монгол түмэн одоо ч бахархдаг. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Дугуйн спортоор амжилт гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг Ж.Өлзий-Орших гавьяат 1997 онд хүртэхдээ ДАШТий хүрэл медалиар энгэрээ мялаав. Монгол дугуйчин дэлхийн дэвжээнээс анх удаа медаль хүртсэн нь энэ байлаа.

Тэрбээр ДАШТ-д төрийнхөө далбааг мартаад очсон тул тэмцээний өмнөх өдөр өөрөө хоёрыг оёсон гэдэг. Тэмцээн болсон ордны гадна нэгийг нь, медалиа гардахдаа нөгөөг нь мандуулжээ. Улаанбаатар хотын болон спартакиадын аварга шалгаруулах тэмцээний 24, УАШТ, Монголын бүх ард түмний спартакиадын 42 түрүүтэй Ж.Өлзий-Орших 2002 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэд аварга болсон. Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн дундаас торойж, ДАШТ-ний хос медальтан болсон түүний амжилт өдгөө ч анхдагч хэвээрээ байна. “Барселона-1992” олимпод хурд сорьсон тэрбээр амжилт, ур чадвараараа бусад орныхны, ялангуяа мэргэжлийн спортынхны хараанд өртөх болов.

Улмаар монголчуудаас анх удаа АНУ-ын “Village Peddlar” мэргэжлийн дугуйн багт 1997-1999 онд, Голландын мэргэжлийн дугуйн “Marco Polo Cycling Team” багт 1999-2001 онд, Тайванийн “GIANT Asia Racing Team” багт 2001-2002 онд , “Discovery Channel Marco Polo” багт 2002-2007 хүртэл уралдаж, мэргэжлийн спортод өрсөлдсөн нь яах аргагүй түүхэн амжилт. Тэгж монгол дугуйчны ур чадвар дэлхийд анх удаа үнэлэгдсэн түүхтэй. “Биеийн болон сэтгэлийн хүчийг хослуулж чадсан нь аварга болдог” гэж хэлэх дуртай байсан Ж.Өлзий-Орших 2001 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж, Монголын шилдэг тамирчнаар гурван удаа (2001, 2003, 2006) шалгаран, 2002 онд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”- ын эзэн болжээ. Үүний сацуу Олон улсын дугуйн холбооны дээд шагнал “UCI MERIT”-ээр 2010 онд шагнуулсан ба Ази тивээс шагнуулсан анхны тамирчин болсон юм. МҮОХны “Алтан од” шагналын эзэн Ж.Өлзий-Оршихын ур чадвар, хөдөлмөрийг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл энэ юм. Дэлхийн шигшээ багт Ази тивийг төлөөлж 2010 онд уралдсан тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний түрүүтэй (2002), Азийн АШТ-ий гурван мөнгө (1990, 2000, 2001), нэг хүрэл (1989) медальтай. 1999 онд Японд болсон ДАШТий багийн 100 км-ийн сорихдоо улсынхаа дээд амжилтыг шинэчилж байв. 1998 оноос зодог тайлтлаа “Авто зам” клубт харьяалагдсан Ж.ӨлзийОрших гавьяатын Монголын дугуйн спортод оруулсан хувь нэмэр, гавьяа асар их.

23 жил амжилтын төлөө зүтгэж, эх орныхоо Төрийн дууллыг тив, дэлхийн дэвжээнд эгшиглүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн тэрбээр шилдэг тамирчин төдийгүй чадварлаг дасгалжуулагч, спортын зүтгэлтэн байв. Монголын дугуйн холбооны генсекээр ажиллаж байхдаа хийсэн ажил, гаргасан санаачлагыг нь мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. 2006 онд Азийн наадамд оролцсоныхоо дараа жил зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн ба түүний цөөнгүй шавь нар Монголын дугуйн спортын нүүрийг тахалж, гадаадын мэргэжлийн багт зүтгэж явна. Түүний шавь нараас найман ОУХМ, 15 спортын мастер цолтон төржээ. Ж.Өлзий-Орших гавьяатын шавь, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин Б.Марал-Эрдэнэ ОУХМ цолтой. Оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга тэрбээр Азийн шилдэг дугуйчин (2015) Азийн шилдэг уулын дугуйчин (2016)- аар шалгарч байв. Үүний сацуу Зүүн Азийн наадмын дэд аварга, Азийн шилдэг дугуйчнаар 2013 онд шалгарсан А.Алтансүх, Азийн оюутны дэд аварга, Бээжингийн уралдааны шар цамцны эзэн, Азийн шилдэг дугуйчин шагналын эзэн Э.Мөнхтулга, Азийн оюутны аварга, УАШТ-ий олон түрүүтэй Э.Болор-Эрдэнэ, Азийн сурагчдын дэд аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д хоёр удаа IV байрт шалгарсан Э.Билгүүнжаргал, Зүүн Азийн наадмын хүрэл медальт, Вьетнамд болсон олон улсын тэмцээний түрүүтэй Т.Төгөлдөр, сурагчдын Азийн аварга, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий олон медальтай, Францын дугуйн клубт уралдахаар болсон, спортын мастер Б.Гантөмөр тэргүүтэй шилдгүүд багшийнхаа амжилтыг үргэлжүүлж явна. Ж.Өлзий-Орших гавьяат хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Монголын шилдэг тамирчид надаар битгий дуусаасай” гэж санаа алдан өгүүлсэн.

Харин үүнээс харахад тэрбээр санаа зовохооргүй, хэний ч өмнө нүүр бардам хэлэх үг, хийсэн зүйлтэй амьдарчээ. Бүхий л насаараа дугуйн спортын төлөө зүтгэж, амьдралаа зориулсан тэрбээр өөрийнхөө гаргаж чадаагүй амжилтад шавь нараа хүргэхийн төлөө хөдөлмөрлөж явсан ч хэд хоногийн өмнө тамирчдаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар бэлтгэлийг нь хийлгэж яваад бурхан болсон нь харамсалтай. Монголын дугуйн спортод түүний орон зай үгүйлэгдэх нь гарцаагүй. Магад хэн ч нөхөж чадахгүй байж ч мэднэ. Монголын дугуйн спортын домогт тамирчин Ж.Өлзий-Орших ийнхүү Спортын төв ордноос сүүлчийн замдаа гарсан юм. Та бурхны оронд тайван нойрсоорой.

Б.Мөнхзул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Пүрэвдорж.Г (124.158.113.3)

    2019-04-17

    Хайран сайхан дүү гэнэт явчихлаа даа Сайн ч тамирчин сайн ч хүн Бусдад сайн хүний жишээ болохоор амьдарч байсан Их ч үгүйлэгдэх хүн байлаа, хайран хайран

  • zochin (66.181.182.32)

    2019-04-16

    Iluu hyrdan bolj Mongoldoo turuurei.Um maani badmi hum.