УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжин дэх Төлөөлөгчийн газраас хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулсан. Элчин сайд, ноён Траян Лауренцю Христеа нь Европын Холбооноос Монгол Улсад сууж буй анхны суурин Элчин сайд юм.

Уулзалтын эхэнд ноён Траян Лауренцю Христеа Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулаад Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгааг онцлов.

Монгол Улс, Европын Холбооны парламентын хамтын ажиллагаа идэвхжиж, уулзалт солилцоо тогтмолжиж байна гэж онцлоод, энэ сарын 25-ны өдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт зориулан төсөв санхүүгийн ил тод байдал, төсвийн хяналтыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн чадавхжуулах сургалт зохион байгуулж, техникийн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Траян Лауренцю Христеатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын гуравдагч хөрш Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаа сүүлийн 30 жилд өргөжин гүнзгийрч, олон салбарыг хамрах болсон, түүний дотор хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах чиглэлд ахицтай байгааг тэмдэглэв.  

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаас батлан гаргасан хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглал хоорондын хяналт-тэнцлийг хангах, авлигаас ангид нийгмийг цогцлоохын төлөө УИХ тууштай ажиллаж байна. Ардчилсан нийгэмд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаа хүний төлөө, тэдний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад чиглэх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох нь бидний үндсэн зорилт юм. Ард түмний маань хүсэл эрмэлзэл ч ийм байгаа. Бид хууль, шүүхийн байгууллагын тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллаж, эхний алхмуудаа хийсэн. Цаашид бие даасан, хараат бус, нээлттэй, шударга шүүх засаглалтай болохыг зорьж байна. Мөн Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, төрийн албанд шинэтгэл хийж, ил тод, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход анхаарч ажиллаж байна.  

Эдийн засгийн реформ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Татварын багц хууль, Тендерийн хуулийг батлан гаргалаа. Хүлээгдэж буй хэд хэдэн чухал хууль байгаа. Бизнесийн орчинд хууль, эрх зүйн тогтвортой байдал нэн чухал. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх таатай нөхцөл бүрдэнэ” гэлээ.  

Уулзалтын үеэр талууд хөрөнгө оруулалт, уул уурхай, эдийн засаг, банк санхүү, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)