Хөдөөгийн сургуулиас хөгжлийг харж болно

Хөдөөгийн сургуулиуд хөгжлөөс хоцрогдмол гэх ойлголт төв суурин газрынханд түгээмэл байдаг. Тэгвэл энэ ойлголтыг халах цаг хэдийнэ болжээ. Дэлхийн улс орны боловсролын салбар өөрчлөгдөж байгаатай зэрэгцээд Монголын хөдөөд ч бас хөгжил өрнөж байна. Үүний нэгэн тод жишээ бол Төв аймгийн Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургууль юм. Тус сургууль нь саяхан хичээлийн байр болон дотуур байрныхаа орчин нөхцлийг засч сайжруулахын зэрэгцээ сургуулийнхаа ариун цэврийн байгууламжийг 27 сумдаа үлгэр жишиг болохоор тохижуулжээ. Төв аймгийн бүх сумд гэлтгүй, Монгол орны өнцөг булан бүрт байгаа ерөнхий боловсролын сургуулиуд үлгэр дуурайл авахаар засч тохижуулсан байна. Багш сурагчдын сурах, ажиллах орчин нөхцлийг илүү ая тухтай болгосон энэ ажлаа 27 сумынхаа сургуулийн захирал, багш удирдлагуудад үзүүлж, жишиг сургууль болохоор хичээн ажиллаж байгаагаа дуулгасан юм. Өнгөрсөн баасан гаригт бид ч бас тус сургуульд зочлов.

Малчин өрхийн хүүхдүүд ч тохилог орчинд амьдрах болжээ

 

Тус сургуулийн үүдээр ороход, хэний ч сэтгэлд таатай сэтгэгдэл үлдээх орчныг  бүрдүүлжээ. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд Францын Люксембург дэх “Падем” Олон улсын байгууллагын төслийн хамт олон,  “Монголын багш-Эцэг эхийн холбоо” ТББ их тус болсон гэдгийг тус сургуулийн багш нар хэлж байв.  Өдгөө Баянхангай сумын сургууль болон дотуур байраас эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан хүүхдэд ээлтэй эрүүл орчин бүрдүүлж чаджээ. Хөдөөгийн сургуулийн дотуур байранд голдуу малчин өрхийн хүүхдүүд суралцдаг. Сургуулийн дотуур байр тэдний хувьд хоёрдагч гэр нь. Гэрээсээ хол хүүхдүүдэд эрүүл, аюулгүй, таатай орчин юунаас ч илүү чухал. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч дээрх хоёр байгууллага, хөдөө орон нутгийн удирдлага, сургуулийн хамт олон, эцэг, эх, сурагчдын оролцоотойгоор 2018-2019 онд энэ төслийг хэрэгжүүлж, өнөөдрийн энэ соёлжсон орчныг бий болгож чаджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ч асуудлыг орхигдуулаагүй гэв

Хүний амьдрал юу ч тохиолдож болохыг таашгүй. Тиймээс хүүхэд хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болж, сургуульд суралцаж чадахгүй завсардах, хохирох ёсгүй. Төслийн багийнхан энэ асуудлыг ч орхигдуулахаагүй байна. Тиймдээ ч  сургуулийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ариун цэврийн өрөө гаргаж тохижуулсан байна. Энэ ажлын ард гарахад хүүхдүүдийг зөв дадал, соёлд сургах бас нэгэн том ажил байсан гэдгийг багш нар нь хэлж байв. Учир нь, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн ахуй, амьдрал  суурин газрынхнаас тэс өөр. Нүүдэлчдийн өвөрмөц амьдралын дүр зураг тэдний ахуйгаас өдөр бүр харагддаг. Тиймээс хот суурин газрын соёл, амьдралын зөв дадал, хэвшил, ариун цэврийн өрөөг хэрхэн хэрэглэж, цэвэрлэх сургалтад сургуулийн сурагчид, эцэг, эх, багш ажилтнуудыг бүгдийг нь хамруулсан гээд олон сонирхолтой жишээ дурдав.

Усныхаа асуудлыг Баянхангай сумын ИТХ-аас шийдвэрлэж, Хустайн байгалийн цогцолбор газрын буцалтгүй тусламж, сургуулийн төс­вөөс хамтран шийджээ. Орон нутгаас усны асуудлыг шийдвэрлэж өгснөөр ариун цэврийн байгууламжийн бохирын асуудал бүрэн шийдэгдэх боломж бүрдсэн аж. Бохирыг гурван шат дамжлагаар цэвэрлэж, сааралтсан усыг хөрсөнд шингээх байдлаар байгаль орчинд хоргүйгээр шийдсэн нь тус байгууламжийн давуу тал болсон байна. Энэ ажлыг хийхийн тулд хоёр жил судалгаа хийж, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 16-нд бүрэн ашиглалтад оруулжээ. Энэ ажил нийт 68676 евро буюу 206, 028,000 төгрөгөөр хэрэгжсэн бөгөөд засварын ажлын 10 хувь болох 5416 (16 сая орчим төгрөг), шинэ худаг барих зардал зэргийг Баянхангай сумын орон нутгийн захиргаанаас гаргаж, үлдэгдэл санхүүжилтийг Foundation Abbe Pierre, Water Urgency болон бусад байгууллага хандивлажээ. Тус сургуульд хийгдэж буй ажлуудын талаар болон багш сурагчдын сурч хөгжих орчныг хэрхэн шинэчилж сайжруулж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

Баянхангай сумын ЕБС-ийн захирал Б.Дуламжав: Багш, сурагчид гэлтгүй эцэг эхчүүд шинэ орчиндоо дуртай

-Манай сургуульд 226 хүүхэд суралцдаг. 2018 оноос эхлээд “Падем” олон улсын байгууллагын төсөл амжилттай хэрэгжсэнээр багш, сурагчид хамтдаа эрүүл, таатай орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдсэнд баяртай байна. Өмнө нь боловсон ариун цэврийн өрөө байдаггүй байхад сургууль дээр тулгамдсан асуудал их гардаг байв. Дотуур байрны хүүхдүүд одоо гадаа гарч бие засахгүй, хүссэн үедээ усанд орж, ариун цэвэр сахих бүрэн боломжтой болсон. Өмнө нь гадаа ариун цэврийн байгууламжтай үед өвлийн улиралд хүүхдүүд бие засахдаа нимгэн хувцастай гарч ханиад хүрч, багш нар бие засаж амжихгүйгээс үүдэж уух зүйлээ багасгадаг байсан.  Сургууль болоод дотуур байранд ариун цэврийн байгууламжийн асуудлыг ингэж иж бүрэн шийдэж өгсөн нь эцэг, эхчүүдэд маань ч гэсэн их таалагдсан. Ээж, аавууд маань энэ байгууламжийг хараад “Хөдөөгийн сургуулийн ариун цэврийн байгууламж хот суурин газрынхаас ялгагдахааргүй болжээ. Хүүхдүүд үдийн цайнаас өмнө гараа угааж хэвшсэн байна лээ” гээд их сэтгэл хангалуун хүлээж авсан. Сум, орон нутгийн маань удирдлагууд ч гэсэн дэмжиж, санхүүгийн тал дээр тусламж үзүүлсэнд баяртай байна.

“Падем” Олон улсын байгууллагын төслийн техникийн зөвлөх Кевин Махет: Бид зорилтот бүлгийнхэнд илүү анхаарал хандуулдаг

-Францын “Падем” Олон улсын байгууллага нь дэлхийн 13 улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Бидний төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийг сургуулийн хичээлийн болон дотуур байранд бий болгож баталгаат ариун цэврийн байгууламж барьж, хөрсний экологийн орчныг хамгаалах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход хувь нэмрээ оруулахад чиглэдэг.  Монголд 2005-2020 он хүртэл төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын үйл ажиллагааг дэмжин төсөл хэрэгжүүлдэг юм. 2018 оноос АНУ-ын тэтгэлэг санхүүжилтээр Монголын дөрвөн ТББ-тай хамтран төсөл хэрэгжүүлж буй. Төслийн зорилго хөгжлийн бэрхшээлтэй иргэнд амьдрах орчныг тав тухтай болгох зорилгоор орон гэрт нь шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор шийдэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж” төсөл нь туршилтын төсөл юм. Манай байгууллагын үйл ажиллагаа нь санхүүжүүлэгч байгууллагыг төсөл хэрэгжүүлэгч зорилтот бүлгийн ТББ-д холбож өгдгөөрөө онцлогтой.

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)