БОХХААБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 14 цаг 20 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат хийв.

    Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад дурдсан Дарьгангын байгалийн цогцолбор газрын хилийн заагийг заасан 7 дахь хавсралтын хүснэгтийн 28.29 дэх солбилцолд өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг дэмжээгүй гэв.

    Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Батзориг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Х.Болорчулуун, С.Жавхлан нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс иргэдийн суурьшлын бүсийг тэлэхтэй холбогдуулан тусгай хамгаалттай газраас зарим хэсгийг гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын талаар илүүтэй лавлав. Мөн тусгай хамгаалтад байгаа газар нутагт байгаа өвөлжөө хаваржааны талаарх судалгаа, тухайн бүс нутагт мал аж ахуй эрхлэх боломжийн талаар тодруулсан. 

    Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 102 тусгай хамгаалалттай газар буюу  байгалийн цогцолбор болон дархан цаазат газарт 365 байгаль хамгаалагч хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тогтоосон. Үүний дагуу хоёр байгаль хамгаалагч хариуцах талбайг нэг хүн хариуцаж байгаа бөгөөд 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутагдалтай байна. Байгаль хамгаалагчдаа чадавхижуулах, хяналт шалгалтдаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлснээр дэвшил гарч,  2018 оны байдлаар тусгай хамгаалалттай газарт гарсан зөрчил илрүүлэх, зөрчлийг шийдэх байдал 20 хувиар нэмэгдсэн гэж  хариулж байлаа. 

    Түүнчлэн нийслэлийн Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргүүдэд тусгай хамгаалалттай газрын хилээс давуулаад иргэдэд газар олгосон асуудал байгаа. Хилийн заагийн маргаантай асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсгээс энэ маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

    Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн суурьшлын бүсийг тэлэх,  3000 га газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгасан тогтоолын төслийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ гэж байлаа. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар тусгай хамгаалалтад авсан газар нутагт нийтдээ 3500 орчим өвөлжөө, хаваржаа байгааг дурдаад дархан цаазат газрын онгон бүсэд малын тоо толгойг хязгаарласнаас бусад газар, байгалийн цогцолбор, дурсгалт газруудад мал аж ахуй эрхлэх боломжтой гэдгийг хариултдаа онцолсон. 

    Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Ажлын хэсгийнхэнд тусгай хамгаалалтад авах 22 газрын хоёрт нь газрын тосны олборлолт, төмөр зам барихтай холбоотой давхцал гарч, маргаан үүсгээд байгаа асуудлыг цэгцлэх, зөв гарц, гаргалгаа гарган шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулж чиглэл өглөө.

    Ингээд Ажлын хэсгээс зарим газар нутгийг тусгай хамгаалтад авахдаа тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлд солбилцлоор нь тусгасан боловч нэрийг нь дурдаагүй 9 сумын нэрийг оруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)