Д.Содном: Миний хань бид хоёрт УБТЗ-тай холбоотой олон сайхан дурсамж бий

И.В.Сталин, Х.Чойбалсан нарын зургийг урдаа залсан сүрдмээр том галт тэрэг чанга дуу гаргаж, уур савлуулан Улаанбаатарын галт тэрэгний буудалд аажмаар ирж зогсохыг харж байлаа. Энэ бол 1949 оны өвлийн их хүйтэн өдөр буюу одоогоос 70 жилийн өмнө Москва -Улаанбаатарыг холбосон төмөр зам баригдаж анхны галт тэрэг ирж байгааг харж байсан миний дурсамж. Би тэр үед Санхүүгийн техникумын сурагч, Налайхаас Улаанбаатарт нүүрс зөөвөрлөдөг жижиг галт тэргийг харсан, 16 настай хүүхэд байсан. Сургууль маань биднийг вокзалд аваачиж анхны галт тэргийг хүлээж авах ёслолд оролцуулж байсан байх.

Тэр өдрөөс хойш 14 жилийн дараа Монгол- Зөвлөлтийн хамтарсан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд оролцож эхлэнэ гэж зүүдлээ ч үгүй. Сангийн сайдаар 1963 онд томилогдоод улмаар Монгол Зөвлөлтийн хамтарсан Улаанбаатар төмөр замын Монголын талын хувь нийлүүлэгчээр томилогдож 1984 он хүртэл тэр үүргийг хүлээж ажилласан юм.

ЗХУ-ын талын анхны хувь нийлүүлэгч нь ЗХУ-ын тээврийн сайд Бещев гэдэг хүн байж билээ. Улаанбаатар төмөр зам, түүнд жинхэнэ ахан дүүс шиг хамт ажилласан, ажиллаж байгаа Монгол, Оросын олон мянгаар тоологдох хүмүүс өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол хөшүүргийн нэг төмөр замын тээврийг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэх учиртай. Хувь нийлүүлэгчийн хувьд Төмөр замын Удирдах газрын дарга нартай ойр дотно ажилладаг байсан бөгөөд, түүний дотор Солодкий гэдэг орос, Н.Цэрэнноров гэдэг Монгол.

Гайхмаар ажилсаг хүмүүстэй хамт төмөр зам, өртөө зөрлөгийн ажилтай танилцаж их юм мэдэж авч байснаа, мөн Сангийн яамны валютын хэлтэст ажиллаж байхдаа Варшав хотод төвтэй Социалист улсуудын Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын дүрэм журмыг боловсруулахад төмөр замын Удирдах газрын эдийн засагчидтай хамт оролцсноо мартдаггүй юм.

 

Миний хань Вера Степановна 1959 оноос тасралтгүй 32 жил төмөр замын Удирдах газрын төлөвлөгөөний хэлтэст ажиллаж билээ.

 

Энэ бүхнийг бодоход миний, миний гэр бүлийн олон жилийн амьдралд УБТЗ-ын амьдрал, ажил үйлстэй холбогдсон олон сайхан дурсах юм байдаг. Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаа залуу нөхөддөө эрүүл саруул амьдрал, аз жаргал, ажлын их амжилтыг ерөөе.

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Алтан Чой овогт Думаагийн Содном

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • ХҮҮ ТОЛЯД (103.111.68.3)

    2019-04-19

    ТА САЙХАН ХҮН, ТАН ШИГ ӨМӨГ ТҮШИГ ЭЦЭГ ХААНА Ч ХЭРЭГТЭЙ УЛС ОРОНДОО Ч ХЭРЭГТЭЙ ЭЦЭГ...... ГЭВЧ ТА ХҮҮГЭЭ ТОЛЯГАА ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДСАН БИЛҮҮ??????