Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох хэсэг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлж захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй байх, харилцааг тухайлсан хуулиар зохицуулах, мөн Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлдэггүй байх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Захиргааны өрөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, санал хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд өдгөөг хүртэл Өмгөөллийн бие даасан хуульгүй явж ирсэнийг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон. Үүнээс болоод өмгөөллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт задарсан, үүнийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа асар ихээр доголдох байдал бий болсон учир хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэлээ.

Долоон бүлэг бүхий хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл болох хуулийн зорилтыг зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг тусгажээ.

Хоёрдугаар бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтыг тусгаж, гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг тусгасан байна. Удаах бүлгүүдэд өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын төрөлтэй холбоотой зохицуулалтууд, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой асуудлуудыг тусгасан байна.

Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад нийт дүнгээрээ 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд 2012 онд хуулийг хүчингүй болгож, бүртгүүлээд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах дэглэм тогтсоноос хойш өмгөөлөгчдийн тоо 5000 давсан хэмээн Ц.Нямдорж сайд мэдэгдсэн. Хамгийн ноцтой нь өмгөөлөгчтэй ёс зүйн хувьд харилцах, хариуцлага тооцох бололцоо байхгүй болсон гэж тэрбээр нэмж хэлсэн.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль шаардлагатай бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмгөөллийн бие даасан хууль батлагдсанаар цаашид хуульчдын холбооны үйл ажиллагааны талаарх асуудлыг тодорхой болгох, УИХ-ын гишүүн Л.Болд иргэд өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа явдал удаа дараа давтагдаж байгаа тул өмгөөлүүлэх эрхийг хангах хуультай байх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан гэлээ.

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)