“Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” юуг өгүүлэв

НҮБ-ын Байгаль орчны салбарын Нобелийн шагналтны өгүүлж буй уур амьсгалын хямралын эрин үе ба түүнээс гарах арга замуудын тухай ном хэвлэгдэн гарлаа. Өнөөдөр дэлхийн дулаарал хүн төрөлхтний шинэ дэг журам, шинэ үзэл санаа руу түлхэн оруулахаас өөр зам үгүй болох тухай өгүүлсэн бидний тэр бүр ашиглаад байдаггүй сонирхолтой хэлбэрээр бичсэн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” хэмээх номын зохиогч У Ги Чүл нь сүүлийн хорин жил манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-д төвтэй “Ногоон Ази” олон улсын ТББ-ын тэргүүн, энэ эгэл жирийн солонгос хүний бичсэн номын тухай өгүүлсү. Уг ном өөрийн оронд хэвлэгдэн гарснаар олны анхаарлыг татсан тул орчуулагч С.Содбилэг монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ.

Энэхүү бүтээлийн зохиогч нь өөрийн амьдралын олон жилийн туршлага болох судалсан, сурсан, үзэж туулсан бэрхшээл, ололт амжилтаасаа үндэслэн өөрийн үзэл бодлоо уншигчидтай сонирхолтой хэлбэрээр хуваалцсан ном болсон байна. Номд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг дэлхий дахинд хамгийн их мэдэрч буй улс бол Хойд мөсөн туйлыг оруулахгүйгээр Монгол Улс болоод байгаа тухай, манай оронд агаарын дундаж хэм 2.10С-ээр нэмэгдээд байгаа нь бидэнд ямар өөрчлөлт гараад байгааг олон жилийн судалгаан дээр тулгуурлаж Ази зарим ижил төстэй улс орнуудтай харьцуулан жишиж, бидний тэр болгон анзаардаггүй олон асуудлын зангилгааг өөр нэгэн өнцгөөс тайлахыг оролдсон оролдлого нь жилийн турш цөлжилттэй тэмцэх бодит ажлыг хийж ирсэн түүний туршлага болон алсын харааг уншигч та энэхүү номоос олж харна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Энэ ном дөрвөн бүлэгтэй. Эхний хэсэг буюу нэгдүгээр бүлэгт: Улам эрчимжиж буй дэлхийн дулаарал ба бидний хоолны цэс хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өргөн асуудлыг хөндөж, дэлхий үргэлжлэн дулаарвал юу болох вэ гэдэг асуултад цогц хариултыг өгч “Экологийн дүрвэгчид” хэрхэн бий болж цашдаа өсөх болсон шалтгааныг бодит судалгаа, мэдээлэл дээр түшиглэн улмаар дэлхийн зургаа дахь удаагийн томоохон мөхөл эхэлж байгааг анхааруулж сэрэмжлүүлсэн байна.

Номын хоёрдугаар бүлэгт: Тэгвэл эдгээр асуулт бүрийн ард юу нуугдаж байгаа талаар хариулт хайсан байна. Тухайлбал, цөлжилт, иргэний дайн, алан хядах ажиллагааны ар тал нь ижил шалтгаантай байдаг тухай Африк тивийн жишээ нь дээр тодорхойлж Ази Африкийн араас явж байгааг томьёолохдоо... “Яагаад Ази тив Африктай адилхан зам туулах болсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ “Африкийн эмгэнэлт хувь заяаг давтах гээгүй юм бол улам бүр эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах онцгой хүчин чармайлт хэрэгтэйг л мэдэж байна” гэсэн нь уг бүлгийн гол санааг илэрхийлж гаргасан байна. 

Номын гуравдугаар бүлэг: “Шинэ дайн эхэллээ” гэсэн хэсэгт таны худалдан авалт байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөсийг хэн төлөх, компаниудад итгэж болох уу гэх мэт олон асуултын хариуг судалгаа, шинжилгээ, нотолгоо бүхий үндэслэл дээр тулгуурлан гаргаж энэ бүхний дараа 2015 онд Франц улсад болсон дэлхийн 193 орны төр засгийн тэргүүн нар оролцсон “Парисын хэлэлцээр” яагаад дэлхийн дахины анхааралд өртөх болсон тухай тайлал гаргасан байна. Номын дөрөвдүгээр бүлэгт: “Хамт олон дэлхийг аварна” гэсэн гаргалгаа гаргаж хамгийн энгийн атлаа хамгийн чухал мод тарих тухай өгүүлж, мод тарьж дэлхийг аврах арга замын тухай өгүүлжээ. Энэ хэсэгт уур амьсгалын нөлөө ихтэй газар нутагт тэмцлийн тэргүүн эгнээд зогсож, өөрт байгаа бүхнээ зориулан ажилладаг ОУ-ын ТББ-ын ажилтны туулсан амьдрал, туршлага эргэцүүлэл болон түүний хэрэгжүүлж буй НҮБ-аас дэлхийн улс орнуудад санал болгож байгаа загвар төслийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Уг ном нь солонгос хэлнээс орчуулагдаж гараад удаагүй байгаа бөгөөд та бүхэн уншихад сонирхолтойгоос гадна сургамжтай, эмгэнэлтэй мөртлөө бидэнд нэгийг хэлж хоёрыг ухааруулсан, санаагүйг сануулж, бодоогүйг бодуулсан нь аливаа нэг зүйлд сэтгэл зүрхээ зориулсан хүн бол түүнийг энгийн биднээс өөр нүдээр харсан нь гайхалтай санагдаж билээ. Энэ номд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат яамныхаа нэрэмжит “Өргөмжлөл”-ийг олгосон нь нүдээ олсон шагнал гэлтэй. Гоёмсог ноолуурын ард нулимс яагаад нуугдах болов? Уншигтун. Тунгаагтун.

Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, профессор Ц.Дамдин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)