МҮОНРТ-ээр ярьж байгаа Монгол хэл хамгийн зөв нь байх ёстой

МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд гишүүд шинээр нэмэгдлээ. Энэ бол дээд удирдлага нь юм. Төрөөс захиас ч их  авлаа. Энэ дунд монгол хэлний талаар л үг гарсангүй. Төрийн хэлний зөвлөл, Монгол хэлний хуультайгаа хамт энд үг дуугарах  боломжтой байсан бол салхи сэвэлзүүлэх байлаа. Бусад асуудлаар үүрэг даалгавар хангалттай авсан удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид бүрэн дүүрэн  дэмжигдлээ. Иймээс би мэдээллийн хэрэгслүүдийн ярьж бичиж буй эх хэлний тухайд иргэний үгээ хүргэх гэсэн юм.

 

 Нийгэмд асар нөлөөтөй МҮОНРТ-ээр ярьж байгаа монгол хэл бол хамгийн зөв, хамгийн соёлтой нь байх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл төрийн бодлогоор, үндэсний эрх ашгийн төлөө ажиллах үүрэг бүхий энэ байгууллага улс орон даяар мэдээлэл түгээх ийм том эрхтэй юм.

 

Иргэн хүн Төв телевизийн мэдээг үнэн зөв гэж боддог. Үүнийхээ төлөө манлайлах байр сууриа бэхжүүлэн нөлөө бүхий субьект байх нь тустай мэт. Хэрэв тийм бол өөрсдөө зөв ярьж, бичиж дамжуулахаас эхлэх  нь зөв буйзээ.  “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” монголч олон эрдэмтэний чармайлтаар хэвлэгдэн гарлаа. Олон нийтэд түгээхгүй байгаа ч цахим сүлжээнд бий. Дашрамд бид сошл, сошиал ертөнц  |social| энэ тэр гэж олон янзаар буруу зөрүү хэлж байснаас |нийгмийн| цахим сүлжээ гээд хэрэглэвэл яасан юм. Гадны үг хэллэгийг хэл яриандаа өргөнөөр нэвтрүүлэх нь тэдгээр орны соёл иргэншлийн нөлөөнд өөрийн мэдэлгүй орж буйн нэг илрэл болно. Мэдээж шинээр гарсан дээрх толь ТВ-ийхэн болон бусад сурвалжлагч нарт ч бас хамааралтай. Одоо МҮОНРТ, хэвлэл мэдээллийнхэн |ТВ-үүд| өөртөө, дараа нь нийгмийн хэмжээнд хэвшүүлэхэд үлгэр дуурайл болж, хариуцан шийдэж байдаг эрх бүхий субьектээ МҮОНРТ хэмээн ил болгоё. Ингэж эх хэл маань эзэнтэй цэгцтэй болох буй зээ. Бид үндэсний өв соёл хэмээн их ярьдаг ч гадны хэл яриагаар цээжээ дүүргэж боломгүй мэт санагдана. Иймээс бид мэдлэгээрээ хөгжих нь үүний хэмжүүр болно

 Хурдны морь унадаг тэр хүү мориныхоо цолыг аймаар сайхан умшдаг |уншдаг| гэж нэгэн сэтгүүлч ярьж байна л даа. Энэ ганц өгүүлбэр дотор ямар олон хэл зүйн алдаа, эргэлзэл байна аа. Хурдны морь унах уу, хурдан морь унах уу, цол унших уу, дуудах уу, хурд нь морио юу, морь нь хурдаа тодотгох уу  гээд л асуудал үүсч байгаа юм. Эндээс эх хэл бол хүн бүр |тэр тусмаа олонд асар нөлөөтөй ТВ-ийн сурвалжлагчид| эрдэм мэдлэг харгалзахгүйгээр заавал эзэмших ёстой боловсрол... гэдэг үг эхэлж байна л даа. Одоо яахав дээ. Мэдэхгүйд ичихгүй гэж... Яагаад гэвэл дээрх сурвалжлагч бусдын элэг доог болж буйгаа өөрөө ч мэдэхгүй шүү дээ. Энэ залуу хүүхдэд буруу өгч зэмлээд дээрдэхгүй байх.  Эцэг эхчүүд бид өөрсдөө хойч үеэ ийм л үг хэлтэй, өв соёлтой үлдээж байна. Цол унших  бус дуудах, аймаар сайхан бус маш сайхан гэх маягаар бид түүнд хэлж зааж сургах л учиртай байжээ. Аймаар мөртлөө сайхан юм хаана ч байхгүй шүү дээ. Монгол хэл бол маш нарийн мэдрэмжтэй, утга агуулга нь ганц нэг үсэг дээр ч хүртэл өөрчлөгддөг юм. Бүх боломжийг нь ашиглаж чадвал шүү дээ. Уншигч Та гадаа хэн ирж байна гэж асууя гэж төсөөлье. Дорж байна гэх нэг өөр, Дорж л байна... гэвэл бас өөр шүү дээ. Би эрдэмтэн судлаач биш жирийн иргэн тул энгийн зүйл дээр л ярьж байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол эх хэлний тухай шүүмж яриа, сэдэвт нэвтрүүлэг байнга гарч энэ талаар санаа зовж, ам нээсэн мэргэдийнхээ үгийг дэмжин, давын өмнө олон нийтийн хүрээнд хийж болох энгийн зүйлийн талаар өөрийн саналаа хуваалцъя гэж бодлоо.

 

Эх хэл гэдэг бол улс үндэстний удам угсааг хамгаалж, тусгаар тогтнолын бие даасан чанарын цөм болдог оюун ухаан, сэтгэхүйн хүчирхэг зэмсэг юм. Энэхүү хүчирхэг зэмсгээ мохоовоос бид өөрсдөө мөхөх болно. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян... хэмээн айлдсан нэрт яруу найрагчаасаа хойш өнөөдөр бидний  хэл хазгай, хил задгай, мал өвчтөй, хэн ядуу гэвээс жирийн монголчууд ядуу үлдэж дээ.

 

 Өглөө өндийж, үдэш хажуулах хүртлээ этгээд, гажуу үгс эх хэлд маань чихэлдэн орж ирж буйг нүдээр үзэж|ТВ|, чихээр сонсовч түүнээс хамгаалах эрх зүйн оновчтой шийдэлгүй байна. Энэ бол хэн бүхний анхааралд байх ёстой өнөөдрийн нэн чухал сэдэв. Бид арай ч өлсөж үхэхдээ тулаагүй л дээ. Харин эх хэл маань бол өлбөрч,  харангасч байна даа.

 

Хүүхэд эхийн умайд бүрэлдэхээсээ эхлээд л заяамал мэдрэмжээрээ монгол авиа сонсож, цаашид эцэг эхийнхээ хэлж, ярьж буйг даган хэл яриа нь бий болох ул сууриа олж төлөвшин үүгээр дамжин хүмүүжиж, зөв хүн болдог зүй тогтолтой юм. Буурлууд маань үр хүүхдээ ураг болсноос эхлээд балчир насанд нь эрүүл чийрэг өсгөж, бага насанд нь зөв хүмүүжил, өсвөр насанд нь бие болоод бусад согогийг засч амьдрах ухаан, мэдлэг боловсролд хүргэх учиртай... хэмээн сургадаг байлаа. Эхийн умайд буй болсон хүүхэд ч гэсэн эх хэлээ сонсож байх учиртай тул жирэмсэн эх муу үг сонсохгүй, улай үзэхгүй байх хуучны ёс энэ бүхэнд хамааралтай. Иймээс хий настай гэж буй нь эхийн хэвлийд байх үе юм.

Эцэг эхчүүд бид үглэхээс үлгэрлэ... гэж, залгамж хойч үеэ зөв, төгс ярьж, зөв сайхан бичиж, зөв ойлгомжтой дуудахад нь үлгэрлэн дагуулж, ямагт засч чиглүүлж байдаг. Иймээс эцэг, эхчүүд, багш нар тэдэнд юу заана, ямар л үг хэрэглэнэ  хүүхэд чинь түүнийг л сурдаг гэдэг нь үнэн юм шүү.  Ингэж цааш дамжин эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурахыг л дархлаа гэх буюу иймэрхүү энгийн зүйлээс л эх хэлний маань суурь бүрэлддэг ажээ. Мэдээж үүн дээр төрийн, эрдэм шинжилгээний, мэргэжлийн, мэдээллийн, боловсролын байгууллагуудын явуулж буй бодлого, үйл ажиллагаа орно.

 

  Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, ядаж төрийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэмжээнд зөв төгс ярьж, бичиж, бусдад ойлгуулахыг хүсч буй утга санаагаа бүрэн, эмх цэгцтэй илэрхийлнэ гэдэг тэр улс, үндэстний соёл боловсролын түвшинг илэрхийлж буй чухал үзүүлэлт, нийгмийн дэвшил, соёлын нэг том хэмжүүр юм.

 

 Төрөлх хэлний язгуур утга, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, тийн ялгалын хэрэглээнд гарч буй өнөөгийн гажуудлыг хойч үедээ залруулж, зааж сургахгүй бол этгээд буруу яриа, хэлж буй үг илэрхийлэх гэсэн утга, агуулгадаа авцалдахгүй байх, арын өгүүлбэр өмнөхөө үгүйсгэх явдал хаа сайгүй байдаг болжээ. Энэ мэт монголоор “аймаар” ярьж, бичиж чадагсад нэмэгдсээр нийгмийн гажуудалд хүргэдэг “нялхсын өвчин”-д эх хэл маань нэрвэгдэж буйг уншигч Та анзаарсан буйзаа. Үүнийг нийтийн хэмжээнд эдгээх арга чарга байдаг бол цаг нь нэгэнт тулжээ.

Уул нь бид бол өөрийн гэсэн өв соёл, хэл яриа, бичиг үсэг, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу аж амьдралаа зохицуулж заншсан улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх, соёлын өвтөй ард түмэн юм шүү дээ. Энэ бүхнээ бид хамгаалж байх ёстой, эс тэгвээс бид эх хэл, өв соёлоо гээнэ, эх хэлээ хамгаалахгүй үндэстнийг бусад хэзээ ч хамгаалахгүй. Энэ бол бидний тусгаар тогтнолын маань жинхэнэ хил, үндэсний өв соёлын маань суурь, умартаж үл болох эрхэм нандин зүйл, умартваас монгол, монгол биш болно.

 

Үзэг цаас нийлүүлж, үнэн худлыг дэнслэн нэг гартаа ган үзгээ, нөгөөдөө авилгачдын зүрхийг сугалахаар буй өнөөгийн “догшин Жамсран“ гэмээр сэтгүүлчид маань л эх хэлнийхээ манаанд “хоточ нохой” нь болж зогсмоор байгаа юм. Гэтэл сэтгүүлчид, төрийн түшээд, УИХ-ын эрхэм гишүүд, сурвалжлагчид нарын |заримынх нь| хэл яриа, бичиг бол дээгүүр нь гарсан шувуу сангас унагаж, дэргэдүүр нь яваа нохой гасалмаар юм.

 

Няхуур хүн бол иймэрхүү хэллэг бүхий хэдхэн үгийн солион дээр л тэр нэгэн ямар шүү боловсролтой хүн бэ гэдгийг тодорхойлж чадах байх. Мэргэжилтэнгүүд бишээ мэргэжилтнүүд, гурилны үнэ бишээ, гурилын үнэ, ширхэг мал бишээ, толгой мал  гээд бичвэл олон бий.

Эх хэл бол гаднаас зөөдөг бараа таваар биш, хөрөнгө зээл ч биш, энэ бол зөвхөн бидний дотор байдаг монгол хүн монголоо алдахгүй байх дархлаа юм. Бид эх хэлээ элэг эмтрэм гажуудалд оруулаад зогсохгүй хойч үедээ эл гажуудлыг лавтай суулган үлдээж байгаа нь нэн харамсалтай. Нийгмийн манлайд явдаг төрийн түшээд, сэтгүүлчид, залуус бүгд эх хэлний дүрмээ зөрчин “мэндийг хүргэх”, “гэрээг байгуулах”, ”төсвийг батлах”, “асуултыг тавих”, ”ялалтыг байгуулах”, “ашиглалтанд оруулах”, “амлалтыг биелүүлэх”, “олон эрсдлүүдийг дагуулах” гэх мэтээр ярих нь өнөөдөр ердийн үзэгдэл болчихжээ.

Мэндийг дэвшүүлж, амжилтыг хүсэх гэсэн бичлэг ТВ, цахим сүлжээг дүүргэж байна. Сонгууль өгөх, мөнгө цуглуулах, ялалт байгуулах, худалдан авалт хийх... гэх мэтээр ярьж буйг тайлбарлах нь илүүц буйзаа. Нэгэн залуу эмч эмнэлгийнхээ тухай ТВ-д өгч буй ярилцлагадаа: Өвчтөнгүүд биднээс тээ... маш олон асуултуудыг асуудаг байгаа тээ... гэж ярьж байх юм. Бас нэг өндөр албан тушаалтан “Хөдөөнөөс ирсэн айлууд бол хотын утаа нэмэгдэхэд маш их хувь нэмэр оруулсан. Одоо хотын төв буюу бидний хэлдгээр “Down town”–д ганц ч яндангаас утаа гарахгүй байгаа” гэж ярьж байлаа. “Хувь нэмэр оруулсан” бус нөлөөлсөн гэвэл тохиромжтой байхаа. “Бидний хэлдгээр” гэдэг нь өөр хэн ингэж хэлж байгаа юм бол, лав л өөрөө юм байна. Нэгэнт л хотын төв гээд л хэлсэн бол заавал  “down town” гэж  хэлэх нь илүүдсэн эсвэл зориуд чамирхсан хэрэг болов уу. Аялал жуулчлалын нэгэн эрхэм боловсон жорлон барьж, хоггүй болоод гаднаас ирсэн жуулчдын нүүрийг тахлах юм гэнээ. Ийм л бүдүүлэг зүйрлэл бүхий хэллэгтэй болж байгаа юм байна даа, аялгуу сайхан монгол хэл маань. Адууны туурай тахалдаг төмөр тахаар жуулчдын нүүрийг тахлаад.. гэх зүйрлэл бол бүдүүлэг хэллэг болох байх. Нэгэн эмэгтэй ТВ-д ярилцлага өгөхдөө  хариуцлага, хариуцлага-responsibility... гээд л хэлээ хугалах шахам ярьж байлаа. Нөгөө нэг албан тушаалтан “малыг өсгөх”, “малыг эрүүлжүүлэх” гээд л ярих юм. Мал гэдэг үг заахын ТЯ болон олон тоог давхар илэрхийлдэг гэдгийг дунд сургуульд олж үзсэн л  баймаар юм. Дээр дурдсан эдгээр жишээнүүдэд нөгөө л хэмнэлтийн зарчим, тооны нэр, тогтсон хэллэг, найруулгын ур чадвар бол даан ч алга даа. Нэгэн хоолны газар үүдэндээ Geriin khuushuur гэж бичээд хаяг тавьжээ. Юу ч гэмээр юм. Гадаад эсвэл монгол хүн аль алинд нь ойлгогдохгүйг л олоод л тавчихаж: Ер нь бол ийм алдааны цуглуулга мэт молхи яриа түгээмэл болж, улс төрчид, ТВ, сонин сурвалжлагчид тэр дундаа спортын тайлбарлагч нар манлайд нь яваа. Тэд мэдээж зориуд ингэж яръя гэж бодоогүй  шүү дээ. Ердөө л өөрсдийнхээ сурсан хэмжээнд л ярьж байна. Бидний өсч төрсөн нийгэм, олж авсан хүмүүжил, боловсрол нь л энэ. Энэ чинь бидний эх хэлний боловсрол өнөөдөр ямар түвшинд буйг илэрхийлж байгаа үзүүлэлт. Эхлэл нь ийм гүнзгий  тул тэндээс нь л зөв эхлэх хэрэгтэй байх.

 

Эдгээр хий үзэгдлүүд УИХ, ТВ-үүдээс эхлээд манай бүх яриа, титр, цахим сүлжээнд бүр ч илүү нэвчсэн буйг бид бүгд үзсээр, сонссоор атал анзаарсан нь даанч үгүй, хээр талд эзэнгүй орхисон мал лугаа адил нийтийн сүлжээнд бэлчиж байна.

 

Үгийн сонголт, байрлал буруу, найрлага, тодотгол, гарчиг нь доторх бичвэртэйгээ авцалдахгүй, зүйрлэл нь тохиромжгүйгээс гадна, хэл бичгийн дүрмийн алдаа мөн ч их болжээ. Билгүүн номч, их эрдэмтэн Ринчен абугай маань “Дуурь бүжгийн улсын театр”, “Хоёр амтай шувууны буу”  гэх мэт бичиж, ярьдаг хэмээн шүүмжилж байсныг эцэг эхчүүд санаж байгаа байх. Тэр үед иймэрхүү үгийн байрлалын алдаа гаргасан сэтгүүлч ажилдаа үлдэх эсэхээ шийдүүлдэг, сонин сэтгүүл, телевиз, радио нийтлэл, нэвтрүүлгээ олон нийтэд хүрэхээс өмнө хатуу хяналт дор шалгаж гаргадаг байсан юм. Энэ бол үзэл суртлын цензур бус ажлын хариуцлага гэдгийг хэлэх нь зөв байх. Энд төрийн хэлний зөвлөл |билүү нэг байгууллага бий| билгүүн нүүрээ үзүүлэх нь зөв байх. Өдгөө ч мөн “Цоо шинэ солонгос бараа..” гээд л ам мэдэн хашгирч байна.

 

 Өнөөгийн ТВ-үүдэд хянагч, редактор, уран зохиолын ажилтан гэж байдаггүй бололтой. Хэрэв байдаг бол арай ч дээрх маягаар яримааргүй юм. Эндээс харахад манай нийгмийн эх хэлний боловсрол доройтсон нь илэрхий байна. ТВ бол нийтийн мэдээллийн гол хэрэгслэл тул түүний ярьсан, бичсэн бүхнийг иргэд үлгэрлэн авна.

 

Монгол хэл бол маш баялаг үгсийн сантай, бодож сэтгэснийг бүрэн төгс илэрхийлэх шавхагдашгүй их чадавхтай агаад аль ч талаасаа асар их хүчтэй  юм.  Хэрэв бид бүрэн ашиглаж чадвал шүү дээ. Монголын соён гийгүүлэгч,сод мэргэн ухаантнууд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Л.Түдэв. Ч. Лодойдамба, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн...  нарын үгээр урласан найраг бол монгол хэлний сувд, хосгүй уран чадавх, үгийн баялагийн гайхамшиг юм.

Бидний өвөг дээдэс “Амны билгээс, ашдын билэг” хэмээн үгийн хүчийг шүтэж, хаана хэнтэй ярихаас эхлэн үгээ зөв сонгож, биеэ тохинуулж этгээд буруу хэллэг хараал, хэрүүлийг нүгэл хэмээн үзэж үндэсний уламжлал, өв соёлоо хамгаалсаар ирсэн түүхтэй. Гэтэл бид өнөөдөр элдэв хараалын цуглуулгаар хэл яриагаа баяжуулж, П.. гэдэг орос хараал заримынх нь амны уншлага болжээ.

Гийгүүлэгчээр төгссөн үгэнд ӨО-ын тийн ялгалд давхар "Н" залгадаг халдвар монгол үгсийн санд дэлгэрээд удаж байнаа. "Амжилтанд" хүрэх "биелэлтэнд” хяналт тавих, “ашиглалтанд” орох, “ялалтанд”, “хэрэгжилтэнд” хүрэх, гуталны засвар, рекламны самбар, кассны нярав гэх мэт. Өмнөд Солонгост Олимп-д явсан манай сэтгүүлч тайлбарлагч нар Сочигийн олимп, рекламны цаг, олон шувуунууд, тэдэн ширхэг адуу гэх мэтээр мөн ч ажиггүй ярьлаа. Улаанбаатар хот маань гудамжаа их эрдэмтний нэрээр нэрлэхдээ Б.Ринченгийн гудамж гээд бичсэн байна лээ. |Баянгол зочид буудлын ар| Бодвол их эрдэмтэн зохиолчийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн нэрэмжит гудамж гаргасан хэрэг биз. Харин их эрдэмтэн үүнийг нүдээр үзсэн бол яах байсан бол. Манай цахим чөлөөт лавлах хэмээх Википедиа-д Рэнчин, Ринчин, Ренчин, Ринченгийн намтар, Ринчиний Чойном.. гэх мэт мөн ч олон янзаар бичжээ. Онохдоо тааруу гөрөөч олон сум тавиад... ядаж нэг нь тусах буй гэх маягаар гаргаж дээ. Нийслэл маань очиж очиж их эрдэмтнийхээ нэрэмжит гудамжийг алдаатай бичсэн болж таарч байгаа юм. Зөвхөн шүүмжлээд зогсох бус үүнийг ядаж нэг талд нь гаргах юмсан. Ингэж бичиж, ярих нь зөв бурууг эрдэмтэд маань ялгаж өгөх буйзаа. Иймээс Сочийн олимп уу-Сочийгийн олимп уу, Ринчений гудамж уу-Ринченгийн гудамж уу, Рекламын цаг уу-Рекламны цаг уу гэж асууя. Нийслэлийн энэ дүрмээр бол одоо Бямбаагийн Ринчен, Ринчингийн Чойном, Дамдингийн Сүхбаатар гээд дахин шинэ гудамж гаргавал ч ёстой л “есөн шид нь бүрдэх” гэдэг нь болох  байх.

 

 Зарим маань ам нээх болгондоо л “Тэгвэл”, “эсгүй бол” гэж өгүүлбэр эхэлж дуугардаг юм байна. Ийм нөхцлийг өмнөх өгүүлбэрийнхээ утга, санаатай уялдуулан хэрэглэдэг юм шүү дээ. Монгол хэлний ихэнх нэр мал, мах, цас, бороо, ой, мод, өвс гэх мэт үгс олон тоо болон заахын тийн ялгалыг давхар илэрхийлдэг. Мал хариулах, мах идэх, ой хамгаалах, өвс хадах, мөнгө хураах гэх мэт. Малнууд, цаснууд, ойнууд, өвснүүд, махыг идэх, малыг хариулах, ойг хамгаалах өвсийг хадах гэхгүй шүү дээ монгол хүн. Бид хэлээд л, бичээд л байдаг тэр нь буцах хаяг, буух эзэнгүй, зэрэглээ  мэт тэнүүчилж явсаар өдгөө нутагшиж ижилсэн дасаад үл анзаарагдах болжээ. Ялангуяа зар мэдээ уншихад бүр илүү ажиглагдаж байна. Одоо бүр улс нийгмийн хэмжээнд өргөн дэлгэрч лавшран үлдэх шинжтэй боллоо. Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гажуу, этгээд хэллэгүүд гаргадаг талбай, эсвэл ТВ-д тав, гурван минутын цагтай, мөн ийм цэнгээнт нэвтүүлэгтэй байя. Үүгээр буруу ярьж, бичигчдийг гаргаж залруулж байя. Олон нийтийг хамарсан цээж бичиг, монгол хэлний шалгуур уралдаан, тэмцээн, сургуулийн сурагчдын дунд монгол хэлний олимпиад тогтмол зохион явуулъя. |Иргэд, албан хаагчид,сурагч, оюутан гм  ангиллаар ч гэсэн адил|. Мэдсээр байж буруу бичиж, ярина гэж үгүй тул өөрийхөө алдааг олж мэдсэн хүн дахиж алдахгүй.  Мэдэхгүй бол ичихгүй шүү дээ.

Монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн түвшин болон элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн суурь онооны босгыг ерөнхий боловсролын сурагчдынхаа монгол хэлний мэдлэгээр судалгаа хийж |дундаж хүүхдийн жишгээр| шинээр тогтооё. Бид монгол хэлнийхээ дундаж түвшинг дээшлүүлэх системийг боловсролын бодлогодоо суулгамаар байгаа юм. Эх хэлний өдөртөй болж үүгээрээ орон даяар цээж бичиг, хэл уран зохиолын тэмцээн уралдаан зохион байгуулан тэмдэглэдэг больё. Монгол хэлний байгууллагууд, Монгол хэлний тухай хуульд |Монгол хэлний хууль гэвэл яасан юм?| нэгдэн дагасан төрийн хэлний зөвлөлтөйгөө хамтраад иймэрхүү зүйл санаачилж хиймээр байгаа юм л даа уул нь. Олон нийтийн зөвлөл ч байж болох.  Залуус маань эх орныхоо үүх түүхээ мэдэхгүй, бид ч заахгүй байна. Хорьдугаар зууны үеийн монгол орны түүхийн асуудал хүүхэд залуус байтугай насанд хүрэгчдэд ч ойлгоход ээдрээтэй болсон. Үүнийг аливаа улс төрийн хүчний нөлөөгөөр бус, бодит үнэн баримтаас авч үзэх учиртай юм. Харамсалтай нь манай дунд сургуулийн сурах бичгүүдэд энэ талаар юу ч тайлбарладаггүй өнөөг хүрлээ. Шинээр бүрэлдсэн МҮОНРТ-ийн удирдах зөвлөл энэ бүхнийг хянан үзэж нэг талд нь гарган бал бурам шиг худал түүхтэй явснаас гашуун ч гэсэн түүх үнэн байх нь зөв буйзаа. Ингээд л яриад байвал хийх юм их байгаа юм л даа уул нь.

 

Бид хоорондоо эв түнжингүй, хариуцлагагүй, ёс суртахуунгүй, танхай дээрээ одоо монгол хэлээ мохоовол улам доройтох болно.

 

Дагаж мөрдөх ёстой монгол хэлний үгсийн дүрмийн хэд хэдэн эх сурвалж бий л дээ. Мөн цахим сүлжээнд саяхан гарсан монгол хэлний тайлбар толь |монголтоль.мн| монгол хэл зүйн дүрэм |монголхэл.мн|, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 18 мянган толгой үгтэй Монгол хэлний үгсийн дүрэм |1983| ховордсон байгаа. Үүнийг дахин хэвлэж хэрэглээнд гаргавал яасан юм. Мөн их эрдэмтний анх гаргасан “Монгол хэлний толь бичиг” бол ардаа мянган жилийн хуанли оруулснаар тэрээр өөрөө буруутаж Толь бичгийнх нь хуанлийг шатааж устгасан тэр толийг нэхэн хэвлэвэл сайн үйл болно. МУ-ын ШУ-ны академиас Л.Болд нягтлан хянаж гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь |таван боть 2008|  өөр толь үгүй бол цахим сүлжээнд нилээдгүй бий. Дээр нь зөв бичих журамласан толь гарлаа.

Үгсийн санд бэлхэн буй монгол үгээ зориуд гадаад үгээр орлуулж чамирхан ярьдаг хэнээрхэл бидний дунд байна хэмээн их шүүмжилдэг. Ийм юм бас бий. Нөгөө талаас Монгол улс өөрөө импортлогч орон тул бидний хэрэглээнд орчин цагийн хөгжил, шинэлэг технологи, шинэ нээлт гэх мэтээр дамжин гадаад үг олноор орж ирэх нь өдөр тутам болж байна. Гадаад үг авч хэрэглэх ба эсвэл монголчлох гэхээр үүний эсрэг орлуулж тавих бэлэн үг манайд байхгүй байна. Бидний түвшин ийм юм.

Бид дэлхийн том том байгууллага, улс гүрнүүдтэй харилцаж байна. Үүнийг дагаад гадаад үг хэллэг өргөнөөр орж ирдэг. Эх хэлнийхээ дархлааг хамгаалъя гэвэл үүнийг шийдэх эрх зүйн орчин шаардлагатай болжээ. Биржийг бирж, Банкийг банк, ипотекийг ОС-ны зээл, помидорийг улаан лойл, огурцыг өргөст хэмх гэе гэх мэтээр гадаад үг нийтийн хэрэглээнд чухам яаж орохыг нэг мөр шийдье үүнээс хойш.. Аудит гэж ер нь юу гэсэн үг юм бэ гээд нэг сайн тайлбарлаад эсвэл монгол хувилбар байвал гаргавал яасан юм. Мэдээж энэ бол гадаад хэл сурахыг хориглох бус харин ч нөгөө талд анзаарах зүйл бас бий. Өнөөдөр залуус маань гадаад хэлгүй бол орчин үетэй мөр зэрэгцэн явах ямарч боломжгүй, тэд өндөр хөгжилтэй орнуудын |нэгээс хоёр| хэл сурч орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны ололтуудын ууулзвар дээр шууд ажиллах чадвартай байх шаардлагатай болж байна шүү дээ. Хэлгүй бол хөлгүй гэж..

 

Эцэг эхчүүд хүүхдээ хэзээ гадаад хэл сургах нь зөв бэ гэдгийг өөрсдөө шийдэх буй заа. Эхний ээлжид монгол хэлээ анхаарах хэрэгтэй байх. Нэг үгийн олон утга хувилбар байвал түүнийг өгүүлбэрийн утга, дараах үгсээс нь тайлдаг. Мөн олон янзаар бичиж эргэлзээ төрүүлдэг 700 үгийг 2011 онд билүү, манай эрдэмтэд нэг мөр болгосон ч тэр нь  хэрэгжээгүй гэдэг нь өнөөг хүртэл амьдралд харагдаж байгаа.

 

Эцэг эхчүүд бид үр хүүхдээ багаас нь зөв цэгцтэй ярьж сургах, хэлэх үгээ зөв сонгоход нь байнга анхаарч, эс тохирох үг хэллэгийг, уйгагүй засч залруулж, агуулгадаа тохирсон үг олж хэлүүлж байх учиртай юм. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд оруулчихлаа гээд санаа амарч, таг чиг болчихож болохгүй.  Энэ бол бидний үргэлж санаж явах олон чухал зүйлээс мартаж үл болох үүрэг. Бид өсвөр хойч үеэ зөв ярьж сурахад анхаарал сулруулснаар өөрсдөө монгол хэлээ дархлаагүй болгож байгаа нь илэрхий ажиглагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сурах бичгүүдэд буй алдаа мадгийг даруй засч шинээр сургалтад гаргахыг улс орон даяар нэг мөр болгох хэрэгтэй байхаа. Ялангуяа Монгол хэлний сурах бичиг төрөөс батлагдсан зөвхөн нэг л хувилбар улс даяар байвал зүгээр юм. Есдүгээр сарын нэгэнд сурах бичгүүд сурагчдын гар дээр хүрээгүй бол хариуцсан сайд огцрох ёстой. Ер нь бол сургалтын системээ тогтвортой болгох л шаардлагатай. Хүүхэд дунд сургууль төгсөх явцад сургалтын систем |засаг солигдох тутам| өөрчлөгдөж тэр нь боловсролын агуулгадаа нийцэхгүй байж болох юм уу. Олон жил үргэлжлэх үр дүн багатай төслүүд болон монголын онцлогт үл нийцэх систем судалгаагүйгээр хуулбарлаж нэвтрүүлсэн зүйлээр бид балчир үрсээ хэтэрхий их ачааллаар дарж, өсвөр үеийнхээ толгойг байн байн эргүүлмээргүй л байна. Үүний оронд дунд сургуульд үг хөгжлийн хичээл заацгаая. Багш нар, арга зүйчид боловсролын бүх байгууллагууд сургалтын болон үйл ажиллагааны бодлогоо нэг чиглэлтэй байя. Яагаад гэвэл үүний ард зөвхөн нэг л хэрэглэгч бий. Энэ бол Та бидний үр хүүхдүүд шүү.

 

Энэ бүхнийг цэгцлэх асуудал боловсролын байгууллагуудын үүрэгт багтаж байгаа. Багш нар хүүхдүүдэд монгол хэлний мэдлэг, зөв хэрэглээг түлхүү зааж сургавал, тэднээс илүү өргөн мэдлэг шаардах эрхтэй болж, сурагчдын хэл яриа цэгцэрч, мэдлэгийн түвшин дээшлэнэ шүү дээ.

 

Бага наснаас нь ахмадыг хүндлэх, хүнтэй зөв мэндлэхээс эхлээд, арван хурууг нэрлэж, арван хоёр жилээ мэдэх гэх мэтээр зааж сургахаас л эхэлдэг. Үхэр дуугардаг бус мөөрдөг, ширхэг мал бус толгой мал, сонгууль өгдөг бус санал өгдөг, жимс цуглуулах бус түүдэг гэх мэтээр. Заахгүй, засахгүй байваас эцэст нь ямарч зөвлөл байгуулсан ийм л байх болно. Төр засгаас эх хэлний асуудлаар ямар нэг бодлого барьж байгаа бол ганц зөвлөл байгуулаад орхих бус эрдэм шинжилгээний болон, олон нийтийн байгуулллагууд, эрдэмтэн мэргэд, хувь хүмүүсийг оролцуулан  дорвитой ажил зохиох цаг нэгэнт тулжээ.  Уул нь төрийн хэлний хууль гэж бий л дээ. Харин төр маань өөрөө өмчилж авсан “газрыгаа”, өр болсон “зээлийгээ”, эдийн засгийн “асуудлыгаа” гэх мэт ярьдаг болчихож, бас нэг сонин хэллэг гарч ирлээ. Эх хэл бол иргэн бүр заавал эзэмших боловсрол бөгөөд үүнийг мэдэхгүй хэн боловч бусдын нөлөөнд автамтгай болж, монгол гэх омог баахан байвчиг суурь оршихуй нь үгүй  болно. Үүнийг мартаж үл болохын учир ийм буюу.

 

Найдансүрэнгийн Бадарч

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • Irgen (203.169.50.254)

    2019-04-23

    Buren denjij baina. Bur suuldee bi hotsrogdood ingej yarij bichdeg bolsniig medehgui baigaa yum bolov uu, niitiig dagahgui bol oilgohgui baij nagadgui gej bodood zarimdaa zoriud buruu bichihed hurch bailaa.

  • ganaa (103.14.38.142)

    2019-04-23

    Телевизийн хөтлөгч болон оролцож буй хүмүүс ярианы ямар ч соёл байхгүй,аймаар гээд л ярина шүү дээ.Юунаасаа ч айгаад байгаан