Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг зөвшилцөв

Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд баталж, улмаар 2013 онд шинэчлэн найруулжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаабөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байгаа аж. Гэвч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчилж зохицуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж.

Иймээс дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийт 6 зүйлтэй уг хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тодорхой, оновчтой болгох үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байсныг өөрчилж, үйлдвэрлэх болон импортлох эрхтэй хуулийн этгээд тодорхой хяналтын хүрээнд худалдахаар зохицуулжээ. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой тэсэлгээний ажил явуулах эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан агуулахтай байх үүргийг тодруулж хуульчлахын зэрэгцээ боловсон хүчний хувьд тавих шаардлагыг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр нарийвчлан дүрмээр тогтоохоор зохицуулсан байна.

Харин мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болон шинжээчийн эрх олгох, цуцлах журмыг тодорхой тогтоох чиглэлээр мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөө бүхий дүгнэлт гаргах эрхтэй “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага”-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байсныг өөрчилж, холбогдох журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд баталж мөрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааглан тогтоох, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээс гадна тэсрэх бодисыг үйлдвэрлэх, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдпын асуудал эрхэлсэн байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротенхикийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглаж тодорхойлсон байна.

Тус хуулийн үйлчлэх хүрээ нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтээр хязгаарлагдаж байгааг харгалзан тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас санал авдаг байсныг өөрчилж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас санал авдаг байхаар зохицуулжээ. Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг ашиглахтай холбоотой зохицуулалт өмнөх хуульд сул байсныг өөрчилж, тодорхой зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асар их хүчтэй, хор хөнөөлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд маш сайн хяналт тавьж, болзошгүй аюул эрсдэлээс сэргийлж байх учиртай. Гэтэл хуулийн төслөөр цэргийнхээс бусад зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материал хэрэгслийн хяналтыг Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор тусгагдсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Онцгой байдлын ерөнхий газарт энэ чиглэлийн инженер сапёрын мэргэжилтэн, мэргэжлийн чадавх байхгүй. Иймээс бүрэн мэдээлэлтэй болох үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ажлын хэсгийг өргөтгөн дахин сайтар судалж нягтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа хэрэгжүүлэх 10 гаруй дүрэм журмаа баталж гаргаагүй олон жил болж байж, шинэ төсөл оруулж ирж байгаа учир дутагдалтай юм. Гэтэл энэ төслөөр дахиад 20-иод дүрэм журам нэмж батлахаар төсөлд тусгажээ. Иймээс одоогийн хуульдаа нийцүүлсэн дүрэм журмуудаа яаралтай баталж хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байна гэдгээ хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, мэргэжлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан дахин сайтар нягталж, ойлголт, байр сууриа нэгтгэх нь зүйтэй юм гэлээ.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тогтов.  

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг зөвшилцөв

Дараа нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Беларусь Улс нь 2014 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд харин Минск хотноо Монголын Улсын Элчин сайдын яамыг нээх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа нь хоёр улсын харилцаа сүүлийн жилд эрчимтэй хөгжиж буйн нэг илрэл юм гэдгийг салбарын сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улстай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Бүгд Найрамдах Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах чиглэлээр удаан хугацааны турш яригдсан бөгөөд хэд хэдэн удаа төсөл солилцсон боловч одоог хүртэл байгуулаагүй явж ирсэн. Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд гэрээг байгуулснаар хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болно гэж Засгийн газар үзэж байгааг сайд хэллээ.

Монгол Улс одоогоор ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс зэрэг нийт 14 улстай “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ" байгуулан улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж иржээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Содбилэг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд үг хэлж гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)