Х.Дондог: Даяаршил гээд бүх уламжлалаа индүүдээд хаячихвал бид зүгээр л арчигдана

Монголын нийгмийн сэтгэл зүйн сэдвээр сэтгэл судлаач, доктор Х.Дондогтой ярилцлаа.

-Монголын нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар түвшинд байгаа вэ. Сэтгэл зүйч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Нийгмийн сэтгэл зүй хүн, орчин хоёртой салшгүй холбоотой. Нийгэм урсгалаараа хөгжөөд явахдаа давхраажиж оршдог жамтай. Социализмын үзэл санаа бол “Нийгэм давхаргаар хуваагдаж орших нь шударга биш” гэж үзсэн учраас хувьс-гал хийж арилгах гэж үзсэн. Тэгээд энэ системээр 70-80 жил явсан ч хэрэгжүүлж чадалгүй дампуурсан. Ингээд нөгөө ялгардаг нийгмээ бий болгосон.

Одоо манай нийгэм давхаргаараа ялгарах явцынхаа тэг дунд байна. Ихэнх хүмүүс хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй болохын тулд дээд давхарга руу тэмүүлж байна. Төрд гарсан хүмүүс яагаад хариуцлагагүй байдаг вэ гэхээр дээд давхарга руу хэт их тэмүүлэх сонирхолтойд байгаа юм. Ингээд бидний төлөө ямар нэгэн зүйл хийх зав тэдэнд гарахгүй байна л даа. Өнөөдөр манай нийгэм гаднын авлагаа, дарамт, орчны нөлөөнд орчихсон. Дэлхийн хаана ч үйлдвэрлэсэн бараа долоо хоногийн дотор л хүрээд ирдэг. Түүнийг нь заавал худалдаж авах гэж зүтгэдэг, шунадаг. Суурин соёл иргэншил алдагдаж байна. Өнөөдөр Монголд масс үйлдвэрлэдэг бизнес алга.Ганцхан болж байгаа зүйл нь уул уурхайн шороо зөөх байна шүү дээ. Өөр болж байгаа юм алга. 60-70 сая мал маань масс үйлдвэрлэж чадахгүй шүүдээ. Ганцхан юм бий. Энэ бол Монгол хүний оюун ухаан.

-Жишээлбэл, монгол хүний оюун ухаан дээр ямар масс үйлдвэрлэх боломжтой вэ?

-Хүний ухааныг ашиглана гэдэг бол уул уурхайгаас алт олборлохтой адилхан. Дэлхий хүний оюун ухаанд тулгуурласан хөгжил рүүгээ явж байна. Тиймээс монголчуудын ухааныг оршихуйн түүхий эд болговол хил хязгаар байхгүй. Оюун ухаанд тулгуурласан технологи үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг бий болгоход төр, засаг ард түмнээ чиглүүлэх хэрэгтэй. Тэрийг нь хийж, бүтээсэн хүн урамшууллаа хүртэнэ. Ингэж урамшууллаа дам хүртэх ёстой.

Манайд өнөөдөр Шинжлэх ухааны академид хоёр мянган хүн ажилладаг. Оюун ухааныг дэмжинэ гээд л энэ хүмүүсийн цалинг нь нэмээд байвал нийгмийнхээ оюун ухааныг ашиглаж байгаа хэрэг биш байхгүй юу. Монголчууд бидний үндсэн асуудал бие биеийнхээ өмнө хэрхэн том байх уу гэдэг биш. Харин бусдын өмнө, гаднын улс орны өмнө яаж том байх вэ гэдэг нь бидний үндсэн асуудал мөн.

Үүнийг үндэсний эрх ашгийг хамгаалсан чиг гэж би хувьдаа бодож явдаг. Тиймээс монгол хүний оюун ухаанаар бүтсэн массыг үйлдвэрлэж, бусад улс орноос ялгарах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

-Тэгвэл уламжлалт соёл иргэншил, глобал соёл иргэншлийг яаж хослуулах ёстой юм бэ?

-Уламжлалт соёл иргэншлээ хэрхэн авч үлдэх вэ гэдэг нь бидний үндсэн асуудал. Улс төр эдийн засаг бол жижиг асуудал. Гэтэл гаднын соёл ороод ирэхээр уламжлалт соёл иргэншлийг үерээр нь тууж байна. Дэлхий дээр 200 орон байдаг. Тэдний мөрөөдөл бол дэлхийд ноёлох, их гүрэн байгуулах шүү дээ. Түүхэнд гарын арван хуруунд багтах улс дэлхийд ноёлж байсан. Үүнд монголчууд байдаг. Яагаад тийм хүчирхэг байсныг гаднынхан тайлж, ойлгож чаддаггүй юм. Энэ нь мэдээж бидний амьдрах орчинтой холбоотой. Мал маллаж, байгалийн хүнд нөхцөлд амьдарч явсан монгол хүнд их гүрэн байгуулах авьяас удамшсан байгаа юм. Гэвч өнөөдөр даяаршил гээд бүх уламжлалаа индүүдээд хаячихвал бид зүгээр л арчигдана. Яагаад гэвэл амьдрал тэр чигээрээ арилжаа, солилцоо. Улс хоорондын харилцаа тэнцвэртэй байхын тулд хоорондоо арилжаа, солилцоо хийдэг. Гэтэл бид үргэлж бусдын амьдралыг хуулбарлаад байвал солилцох үнэт зүйлгүй болно биз дээ. Тиймээс монгол хүнд заяасан, удамшсан тэр чадвараа хадгалж, бусдын өмнө үнэ цэнээ харуулж явах ёстой юм. Тэр суурь чадвар, уламжлалаа бага багаар алдаад байгаа нь харамсалтай санагддаг.

-Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүн бүр эрх чөлөөтэй, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа. Гэвч чадалтай нэг нь амьдарч, чадалгүй нь мухардалд ордог. Та ардчиллын үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?

-Ардчиллын үнэт зүйлийг туйлшруулан ойлгох, гуйвуулах тохиолдол байна. Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг ойлголтыг мэдэх хэрэгтэй. Өнөөдөр манайд ардчиллын баримжаа, туршлага байхгүй. Ардчиллын сайн засаглалын үндсэн хэлбэр бол хуулийн засаглал тогтоох шүү дээ. Гэтэл өнөөдөр манайд хууль хэрэгжихгүй байгаа. УИХ-ын гишүүд нь тэрбум, тэрбумаар нь туучихлаа л гэж байна. Тэдэнд ямар ч хариуцлага тооцохгүй байна. Ердийн иргэн би төр, засгийн хариуцлагын түвшинг харна. Тэднийг даган дуурайна. Дээдэс нь суудлаа олоогүй юм чинь би яаж гүйдлээ олох юм.

Иргэдийн үндсэн сэтгэл зүйн баримжаа ийм болчихсон. Тэгээд чадаж байгаа юманд арга байхгүй. Хуйвалдаад асуудлыг шийдчихнэ гэдэг хандлагаар асуудалд ханддаг. Цаана нь хариуцлага гэдэг айдас байхгүй. Нөгөө талдаа хариуцлагагүй давхаргаасаа дэмжлэгтэй бол бүүр ч хариуцлагагүй болно. Өөрийн бүлэглэл, фракц, намынхаа тухай яриад явах нь нийтэд хүртээлтэй ардчиллыг мушгин гуйвуулж байгаа хэрэг. Ардчиллын үнэт зүйл нь эрх чөлөө, хуулийн засаглал, оролцоо шүү дээ. Гэвч манайд энэ ардчилал байна уу гэдэг нь эргэлзээтэй.

-Тэгээд үүнийг шийдэх гарц нь юу юм бэ?

-Ганцхан гарц бий. Энэ бол хяналт. Хэн юуг хянах вэ, бусдаар хянуулах нь эцсийн арга уу гэдэг асуулт эндээс урган гарч ирнэ. Өнөөдөр манайд хууль, прокурорын хяналт гэдэг зүйл сул. Хэн нэг эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй этгээд “Чаддагийн бол бариад шоронд хий л дээ” гэж даапаална. Гэвч хянадаг байгууллагууд нь түүнийг шоронд хийж чадахгүй л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хэн нэг эрх мэдэлтэн хянадаг хүчин зүйлтэй тэмцэлдээд дээр нь гарч чадна гэсэн итгэлтэй болчихсон байна шүү дээ. Гэтэл хүний оршихуй бол хэн нэг хяналтын системтэй тэмцэх асуудал биш юм. Зүгээр л байгалийн жамаар хүн чанараа гээлгүй зөв орших асуудал юм. Ийм байхын тулд өөрийн хяналт хэрэгтэй. Ардчилал гараад 30 орчим жил болоход дандаа гаднаас хянуулах тухай л бодож байгаа шүү дээ. Гэтэл энэ нь хэрэгждэггүйг бид харж байна. Гадаад хяналт, дотоод хяналт хоёр баланстай явах ёстой. Хэн нэгнийг муухай, сайхнаар цоллоод гаднын хяналт тавих гээд зүтгэвэл эцсийн эцэст тэр хүндээ муугаар тусдаг.

Бид бүхнийг сайн сайханд хүргэдэг тэр зүйлийг хайдаг. Гэтэл тэр зүйл нь байдаггүй. Жишээлбэл, заан байлаа гэж бодъё. Хараагүй хүн тэмтэрч үзээд хушуу, хөл, аль эсвэл сүүлийг мэдэрнэ. Хараатай хүний хардаг заан хараагүй хүний хувьд өөр байж болох шүү дээ. Гэтэл бид зааныг бүхэлд нь төсөөлөөд байна шүү дээ. Гэвч тэр төсөөлөл хоосон гэдгийг мэднэ. Нийгмийг тэмтрэхэд хүн л тэмтрэгдэнэ. Тэгэхээр нийгмийг яах ёстой вэ гэж асуух нь байхгүй юмыг асууж байгаа хэрэг. Гэгээнтнүүд юу гэж хэлсэн гэхээр бүх зүйл дүрс. Хоосон гэдэг нь дүрс гэсэн үг. Дүрсийн мөн чанар нь хоосон. Хоосон, барих зүйл байхгүй.

-Тэгэхээр амьдралын мөн чанар хоосон гэж үү?

-Тийм. Гэхдээ урсгалыг нь чиглүүлж болох юм. Хүн сүргийг хааш нь явуулах уу, голдрилыг нь хэрхэн өөрчлөх тухай л асуудал. Энэ голдрил аль 1990 онд тавигдчихсан. Ардчилал, чөлөөт эдийн засаг гэдэг голдрилоор явж байгаа. Тэр голдрилын сайн сайхныг нь илүү, сул талыг нь бага амсаж явах хэрэгтэй юм. Гэтэл тэрийг нь хүртээмжгүй болчихсон байна шүү дээ. Хотожсон сүргийн амьдралыг чиглүүлдэг зүйл бол дэд бүтэц. Дэд бүтэц гэдэг нь массд үйлчилдэг үйлчилгээ. Тэр үйлчилгээгээ солиод байвал массын урсгал өөр тийшээ болно шүү дээ. Тэгэхээр манай намууд олигархууд хүний урсгалыг өөртөө үйлчилдэг зүг рүү чиглүүлээд байгаа байхгүй юу. Гэтэл өөрөө өөрсдийгөө бий болгох, өөрсдийгөө бүтээж ташаал авч амьдрах зүйл рүү орж чадахгүй зөвхөн лоббигоор амьдрах зүг рүү чиглүүлээд байгаа учраас манай нийгэм хөлөө олохгүй байна.

-Эцсийн шийдвэр нь өөрийн хяналт гэж та хэллээ. Тэгээд хүн өөрийгөө хэрхэн хянах ёстой юм бэ. Нийгмийн энэ их уур бухимдал, стресс хүн өөрийгөө хянаж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Өөрийн хяналт нь оршихуйгаа ухаарахад байгаа юм. Хүн болгон өөрийнхөө талаас зөв. Тиймээс тэнцвэртэй орших хэрэгтэй гэсэн ухаарлыг толгой руугаа хийх нь гарц байгаа юм. Нийгмийн бүх тогтворгүй байдал зөрчил тэмцэл юунаас үүсч байна вэ гэхээр аль нэг туйл руу туйлширсан учраас хүнд байдалд орчхоод байгаа юм. Тиймээс энэ туйлширлаа өөрөөсөө эхэлж арилгая. Арилгах ухаан байна. “Хөдөлмөрийн хүн” нэртэй загвар байна гэж бодъё. Хүний оршихуйн цөм бол өөрийн хяналт байна. Энэ хяналтаа хөгжүүлж, тогтворжуулж, боловсруулж чадахгүй бол хүн тэнцвэргүй болно. “Хөдөлмөрийн хүн” нэртэй загвар нь хариуцлага, ажил үүрэг, гаргасан үр дүнгээс бүтнэ. Өнөөдрийн даяаршлын орчинд ямар ч хариуцлагагүй болчихсон. Үер ороод ирэхэд цунами шиг хөөгдөөд л явж байгаа. Энэ нийгэмд өөрийгөө хэрхэн авч явах вэ гэдэг хариуцлагаа бид тогтоогоогүй байна.

-Та өөрийн хариуцлагыг орчинтой холбож тайлбарлаад байх шиг байна. Тэгвэл өөрийн хяналт гэдгийг юутай холбож тайлбарлах вэ?

-Оршихуйгаар аваад үзвэл сайн, муу хүн гэдэг нь үзэгдэл төдий зүйл. Хүний тухайн үеийн мэдрэмж, зовлон, жаргалаас хамаарч сайн хүн үү, муу хүн үү гэдэг үнэлэмж гарч ирнэ. “Муу хүн юм байна” гээд бодож байтал нарийндаа “Сайн хүн байсан байна” гэдэг бодол руу хувирна. Дайсан, нөхөр хоёр бол хүний сэтгэл зүйн мэдрэмжийн ангилал болохоос биш байгаль дээр тийм ангилал байхгүй. Нөгөө талдаа хүний сэтгэл зүй өөрчлөгддөг учраас дайсан, нөхөр хоёр бие биедээ хувирна. Далд ертөнц болон шинжлэх ухааны ертөнц хоёрыг баланстай харах хэрэгтэй л дээ. Ялангуяа далд ертөнцийнхөө мэдрэмжийг олоод мэдчихвэл стресс гэдэг зүйл байхгүй болно. Бухимдалгүй болно. “Би энэ нөхөрт бухимдаад байх шаардлагагүй юм байна” гэж ухаарна шүү дээ. Баланстай явна гэдэг хэцүү.

Өөрийнхөө хэмжээнд стрессгүйгээр амьдрах өнцгөө бодож олох хэрэгтэй.

 

Гэхдээ өөрийнхөө хэмжээнд стрессгүйгээр амьдрах өнцгөө бодож олох хэрэгтэй. Үүн дээр жишээ болгож малчин хүний талаар яръя. Түүний сэтгэл зүйд юу байдаг вэ гэхээр “Ах ном сураад сургуульд яваад ажил хийж супер амьдраад байна. Би бол ном сурч чадаагүй тэнэг учраас мал дээр гарч зовж байна” гэж бодно. Тэгээд хүүхдүүдээ “Ном сур. Дээд сургуулийн хуваарь аваад ирдэг юм бол манай гэр бүл ахын амьдрал шиг супер болно” гэнэ. Гэтэл эдийн засгийн утгаар нь аваад үзэхэд ноолуур өгдөг хүн хэрэгтэй шүү дээ. Тиймээс малчид малаа маллаж байх ёстой биз дээ.

-Энэ их уур бухимдал, асуудалтай нийгэмд сэтгэлийн балансаа хэрхэн барих вэ. Манай улс сэтгэл гутралаар дэлхийд дээгүүрт ороод байгаа шүү дээ?

-Өөртэйгөө ажиллах ёстой. Өөрийгөө танихын тулд бүхэл бүтэн гүн ухаан хэрэгтэй. Өнгөцхөн хэлэхэд хүн болгонд өөрийнх нь үнэлэмж бий. Үнэт зүйл гэж байдаг. Тэр үнэт зүйлээ олсон уу, төлөвшсөн үү гэдэг нь чухал. Үнэлэмжээ бариад авсан цагт түүнийхээ төлөө явна шүү дээ. Түүнээсээ кайф авна.

-Үнэт зүйлээ олж аваагүй хүн төөрөөд байдаг юм шүү?

-Үнэт зүйлгүй хүн гэж байхгүй. Харин үнэт зүйлээ зөв таньсан, түүнийхээ төлөө тууштай явсан, амьдралд тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвар, тэсвэр тэвчээр, ойлголт дутаж байна уу, үгүй юу гэдгээс хамаарна шүү дээ. Хүмүүс юун дээр илүү алддаг вэ гэхээр нэг зүйлд хэт үнэлэмж өгдөг. Энэ үнэлэмжээ бодох боломжгүй хүн бол тэгээд л сүйрчхэж байгаа юм. Сэтгэлийн дарамтанд орж, амьдрал нь там болно. Тиймээс сэтгэлийн тэнхээ, ухаан хэрэгтэй. Эргэцүүлэх ухаан байхгүй болохоор нөгөө ертөнц рүү яваад байна шүү дээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (66.181.186.55)

    2019-04-26

    Янз бүрийн улс хувь хүн шашинаар дамжуулан өөрийн хаанчилалыг тогтоох гэж ил цагаанаар зүтгэж эмэгтэйчүүдийг голдуу санаатай элсүүлэд байхад юуч хараагүй юм шиг явах юм

  • т-90 (203.217.138.2)

    2019-04-26

    Сайхан ярилцлага байна. Далд ертөнц болон шинжлэх ухааны ертөнц хоёрыг баланстай харах хэрэгтэй л дээ. Ялангуяа далд ертөнцийнхөө мэдрэмжийг олоод мэдчихвэл стресс гэдэг зүйл байхгүй болно. Бухимдалгүй болно. “Би энэ нөхөрт бухимдаад байх шаардлагагүй юм байна” гэж ухаарна ! "Сур сур бас дахин сур" В.И.Ленин гэгчээр "Далд ертөнц болон шинжлэх ухааны ертөнц хоёрыг баланстай харах хэрэгтэй" /Х.ДОНДОГ/ Манай Дондог багш цагтаа МГУ төгссөн, Ландаугийн 7 ботийг ширхэгчлэн уншсан, аливааг бүтэн харахыг хичээдэг цөөхөн сэхээтнүүдийн нэг дээ !