Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд ирээдүйд хорь гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэгдэнэ

Энэ удаагийн дугаартаа АШУҮИС-ийн захирал, Ангаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа.

Сайн байна уу. Монгол улс 2-12 насны бүх хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх  “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг эхлүүлээд байна.  Энэ хэр үр дүнтэй байх вэ.  2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг эхлүүлээд зогссон.

ЭМ-ийн  сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” үндэсний хөтөлбөр боловсруулагдаж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Дэлхийн улс орнууд хүн амынхаа амны хөндийн эрүүл мэндэд тусгайлан анхаарч ялангуяа шүд цоорох өвчинтэй эрчимтэй тэмцэж байна. Шүдний өвчлөлийг ерөнхий биеийн эрүүл мэндээс тусад нь авч үзээд байсан үе бий. Гэтэл шүдний өвчин, амны хөндийн эрүүл ахуйн байдал нь бусад системийн өвчин үүсэх үндэс суурь болж байгаа талаар эрдэмтэд аль хэдийн нотлоод, ДЭМБ шүдний өвчлөл нь хамгийн их тархсан халдварт өвчин болохыг зарлаж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаад анхаарч өөрийн орны нөхцөл байдалд тохирсон арга хэмжээнүүдийг яаралтай авахыг уриалсан. 2011 онд хийгдсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд үнэлэх, үр дүнг тооцох  суурь судалгааны үр дүнгээс үзэхэд  шүд цоорох  өвчний тархалт таваас зургаан  насанд хамгийн их буюу ерэн зургаа хүртэл хувьд хүрч, арван хоёр насанд  жаран тав, арван найман насанд жаран найман хувьтай байна.  1993-1996 онд хийгдсэн судалгаанаас харахад 3-5 настай хүүхдэд дунджаар зургаан шүд цоорсон байсан бол өнөөдөр зургаагаас найм болж өссөн байна. Эрэгтэй хүүхдийн шүд цоорох өвчний тархалт эмэгтэй хүүхдийнхээс их байгаа нь хүйсийн хувьд ялгаатай байгааг харууллаа. Бид одоо л арга хэмжээ авахгүй бол болохгүй байдалд хүрээд байна. Иймээс энэхүү хөтөлбөр цагаа олсон чухал ажил. 2012 онд “Эрүүл хүүхэд” үндэсний аяныг зохион байгуулж эхэлж байсан. Мөн  хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн хүчийг ашиглаж хийж эхэлсэн боловч харамсалтай нь сонгуулийн жил таарч, засаг төр солигдоод уг үйл ажиллагаа явагдалгүй зогссон. Олон эмнэлгүүд өөрсдийн мөнгөөр тодорхой хэмжээний хүүхдүүдэд тусалж үйлчилгээ үзүүлээд мөнгөө авч чадаагүй. Энэ удаад маш сайн судалж  гарч болох бүхий л асуудлуудыг тооцоолсны үндсэн дээр энэхүү хөтөлбөр явагдаж байгаа учир тийм асуудал гарах ёсгүй. Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас тухайн эмнэлэгт үзүүлсэн хүүхдийн тоогоор өгөгдөнө. Мэдээж шүдний эмч нар өөрсдөө энэ хөтөлбөрийг анхнаасаа дэмжиж байсан, нийгмийн төлөө үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах гэж орж байгаа учир үүсэж болох нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, дүн шинжилгээгээ хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаас мэргэжлийнхээ онцлог, ур чадвар, чадамжийг харуулах бас нэг боломж гэж харж байна. Мөнгө орж иртэл өөрсдийн зардлаар зохицуулах нь ойлгомжтой.

“Эрүүл хүүхэд, эрүүл шүд” үндэсний хөтөлбөр ямар зохион байгуулалттай явагдаж байгаа вэ? 2-6 насны бүх хүүхдүүдээ эхлээд үзэх болсон гэсэн. 12 настай хүүхдүүд энэ жил үзлэгт ороогүй бол хойтон нас нь хэтрээд орох боломжгүй болох юм байна. Одоо эхэлсэн гэж ойлгож болох уу?

“Эрүүл хүүхэд, эрүүл шүд” үндэсний хөтөлбөр нь таван жил үргэлжлэх тавин тэр бум төгрөгийн өртөгтэй бөгөөд энэ жил 4,6 тэр бум төгрөгөөр хоёроос зургаан насны бүх хүүхдүүдээ эрүүлжүүлэх зорилго тавьсан. Бүүр зайлшгүй тохиолдолд долоогоос арван хоёр насны хүүхдүүдээ үзэх боломжийг давхар бий болгосон.  Манайд гурван зуу гаруй хувийн шүдний эмнэлэг байгаа бөгөөд сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нээлттэй зохион байгуулж, 199 шүдний эмнэлгийг шалгаруулаад байна. Үүнээс 84 нь хөдөө орон нутгаас, 115 нь нийслэлээс сонгогдсон. Цаашид ч шаардлага хангасан шүдний эмнэлгүүдийг нэмж оруулах бодлого барьж байгаа талаар холбогдох хүмүүс ярьж байсан.  Дөрөвдүгээр сарын хорин хоёрны өдөр хөтөлбөрийнхөө нээлтийг хийж сонгогдсон эмнэлгүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Нэг хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд жаран мянган төгрөг зарцуулах бөгөөд нэг л удаа хийгдэнэ. Шүд болгон дээр тэмдэглэл хөтөлж цахим программд бүртгэх учир давхардал байхгүй. Хэн гэдэг хүүхдийн хэдэн шүдийг яаж эмчилсэн нь маш тодорхой тэмдэглэгдэж үлдэнэ гэсэн үг. Харин дараа нь дахиж эмчлүүлэх шаардлага гарвал эцэг  эх нь төлбөртэй үйлчлүүлэх болно. Ингэхдээ эмчлүүлэхээр ирсэн хүүхдэд хэдэн цоорсон болон үрэвсэлтэй шүд байна бүгдийг нь эмчилж  амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх ёстой. Ийм л учраас ганц удаа гээд байгаа юм. Харин түүнээс хойш эцэг эх хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад хариуцлага хүлээнэ. Яагаад хоёр настайгаас арван хоёр настай хүүхдүүдийг сонгосон гэхээр  хоёр настай хүүхдэд сүүн шүд бүрэн ургаж дууссан байдаг. Харин зургаан наснаас эхлээд сүүн шүд байнгын шүдээр солигдох үйл явц эхэлдэг. Сүүн шүдээ хэчнээн сайн хайрлаж, зөв арчилж эрүүл байлгана төдий чинээ байнгын шүд эрүүл ургах, эрүү нүүрний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Эрүү, хоншоорын ясанд сүүн шүд болгон өөрийн орон зайг бий болгодог бөгөөд тэр орон зайны хэмжээгээр байнгын шүдний үр хөврөл үүсэж, эрүү, хоншоорын ясны өсөлтийн хэмжээтэй уялдан ээлж дараатайгаар байнгын шүднүүд орон зайгаа бий болгож ургадаг. Ер нь бол байнгын шүднүүд бүрэн ургасны дараа агт арааг оруулаад хүүхдийн эрүү, нүүрний ясны өсөлт зогсдог. Эмэгтэй хүүхдүүдэд байнгын шүдний ургалт эрэгтэй хүүхдийнхээс зургаан сараас нэг жил зургаан сараар түрүүлж ургадаг бөгөөд үүнийгээ дагаад эрүү нүүрний ясны өсөлт, хөгжил ч мөн ийм зөрүүтэй байдаг.  Хэрэв сүүн шүдийг өөрөө унахаас нь өмнө авсан тохиолдолд байнгын шүд гарч ирэхэд хүндрэл үүсэж өөр газраар ургах, бөөгнөрөл үүсэх магадлал өндөрсдөг. Буруу байрлалтай, бөөгнөрч ургасан шүднүүдийн цөгцөн хэсэг угаалтад муу хамрагддаг учир цоорол амархан үүснэ. Тийм учир энэ нь зөвхөн шүдийг эмчилж эрүүлжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрүү, хоншоорын хөгжлийн явцыг давхар хянаж байнгын шүд шүдлэхэд бэлэн байдалтай байгаа эсэх дээр давхар хяналт тавих боломж олгож байгаагаараа маш их ач холбогдолтой юм.  Мөн Монгол Улс 2-12 насны бүх хүүхдүүдээ цахим бүртгэлд бүртгэж амны хөндийн мэдээллийн санг үүсгэж байгаагаараа мөн стратегийн чухал ач болбогдолтой юм. Уг нь энийг ашиглаад хүүхдүүдийнхээ ядаж жин, өндрийг давхар хэмжчих юм бол монгол хүүхдийн өсөлт хөгжлийн төлөвийн судалгаа давхар гарч ирэх юм. Ингээд биологийн нас болон шүдний насны хоорондын зөв харьцаа ямар байгааг давхар тогтоож бусад улс орнуудын үзүүлэлттэй харьцуулж төлөв байдал, онцлогийг нь гаргаж болно. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй ирэхэд болно.

Шүдний өвчлөл хүүхдийн цаашдын эрүүл мэндэд хэр нөлөөлдөг вэ? Бусад улс орнууд энэ асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

Шүдний өвчин нь өвдөлт ихтэй, хамгийн их тархсан халдварт өвчин. Зөвхөн шүд эрүү нүүрний хэмжээнд бус бусад системийн эрхтнүүд, бодож сэтгэх чадвар, оюуны чадамжид  хүртэл нөөлөөлдөг өвчин. Тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ер гаруй хувь нь цагтаа эмчилгээ авч чадалгүй хүндрүүлдэг гэсэн тоо баримт байдаг. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин. Шүд цоорох өвчин нь үе шаттай явагддаг бөгөөд ямар шатанд нь илрүүлж эмчилгээ эхэлснээс тухайн шүдний цаашдын хувь заяа, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл хамаардаг. Хамгийн эхний үе буюу толбо үед нь оношлох юм бол эрдэсжүүлэх эмчилгээ хийж шүдний цоорлыг зогсоож, анатомын бүрэн бүтэн байдал хадгалагдана. Дунд цоорлын үед өвдөлт байдаггүй, энэ үе сүүн шүдэн дээр маш хурдтай өнгөрдөг учир ихэнхдээ хүндэрч гүн цоорлын үед эсвэл зөөлцийн үрэвсэл бий болсон үед өвдсөний дараа ихэвчлэн эмнэлэгт ханддаг. Хэчнээн хожуу эмчлүүлнэ төдий чинээ эмчилгээний хугацаа уртсаж, дагаад эмчилгээний үнэ их гардаг. Гүн цоорлын үед шүдний цөгцөн хэсгийн анатомын хэлбэр, бүтэц  40-60 хувь алдагддаг. Ломбодох үед шүдний анатомын хэлбэр төдийлөн сайн сэргээгдэж чаддаггүй учир эсрэг шүдтэйгээ хорших төвгөр, хотгорын хоршилт үгүй болж удаан хугацаагаар согог заслын болон нөхөн сэргээх эмчилгээ хийгдээгүйгээс болж зуултад аажимдаа өөрчлөлт орж, эрүүний үенд жигд бус ачаалал өгөгдөж улмаар үений үрэвсэл, үений толгой хоёр талдаа жигд бус элэгдэж, нүүрний тэгш хэмт байдалд нөлөөлж нүүр муруй болох, энэ нь булчингийн ой санамжид нөлөөлж булчингийн ижил бус агшилт өгнө. Гэх мэт үйлийн, мэдрэлийн маш олон хүндрэлүүд бий болох бөгөөд ихэнх тохиолдолд энэ байдлаа маш хожуу голдуу арван долоон наснаас хойш нүүрний тэгш хэмт байдал алдагдсан тохиолдолд мэддэг. Хүмүүс эдгээр хүндрэлүүд яваандаа гарна гэдгийг огт мэддэггүй. Зөвхөн шүдэндээ ломбо тавиулаад болно гэж боддог. Товч хэлэх юм бол гоо сайхан, хоол боловсруулах үйл ажиллагаанаас эхлүүлээд бусад эрхтэн системд нөлөөлдөг аюултай өвчин. Толгой, нуруу, гуяаар өвдөлт өгч ихэнх тохиолдолд буруу оношлуулж шүднээс үүдэлтэйг мэдэхгүй дэмий цаг мөнгөө үрсэн тохиолдол зөндөө байдаг. Мэдээж энэ бүх хүндрэл олон жилийн туршид бий болно. Мөн шүдний гаралтай үрэвслийн үед захын цусны эргэлтийн хямралын улмаас хүчилтөрөгчийн хангамж эрс буурсантай холбоотой эрүү, нүүр орчмын эдийн халдвар эсэргүүцэх чадвар буурч үрэвсэл үүсдэг. Хүүхдийн эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхайн үрэвслийн дал орчим хувь нь эрүү, нүүрний халдвараас шалтгаалдаг бөгөөд таваас зургаан насны хүүхдүүдэд энэ үзүүлэлт хамгийн их буюу гурван хүүхдийн хоёрт нь илэрч байгаа талаар статик мэдээ байна. Бусад улс орнуудад янз бүр байна. Хөгжлийнхөө төвшнөөс шалтгаалаад хүрсэн амжилт нь янз бүр. Гэхдээ манайх шиг иймэрхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орнууд маш их.

Та түрүүн шүдний цоорлыг эрт оношлуулж эмчлүүлэхгүй бол үнэ нэмэгддэг гэсэн. Жаран мянгад хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлж чадах уу? Бараг нэг шүдийг эмчлэх мөнгө юм биш үү?

Энд үүрэг хариуцлага, ёс зүй, ухамсрын асуудал явж байна. Жаран мянгад нэг хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлж бүх өвчтэй  шүдийг нь эмчилж чадах уу гэж асууж байна. Манай эмч нар эмчилж бол чадна, харин жаран мянган төгрөг хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх хэмжээний мөнгө үүсгэвэл өөр асуудал. Жаран мянган төгрөгөөр хүүхдийн цооролтой гурван шүдийг эмчлэх эсвэл зөөлцийн үрэвсэлтэй хоёр шүдийг эмчлэх хэмжээний мөнгө. Гэхдээ тийм ч бага мөнгө бас биш. Гадаадын улс оронд бол бага мөнгө л дөө, энэ мөнгөөр зөвлөгөө ч авч хүрэхгүй. Монгол Улсын Засгийн газар хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч арван хоёр нас хүртэлх хүүхдүүдийнхээ шүдийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Чанартай, мэргэжлийн өндөр түвшинд эмчлэх нь шүдний эмч нарын үүрэг, хүүхдүүдээ цаг алдалгүй хөтөлбөрт хамруулж эрүүлжүүлэх бас эцэг эхийн үүрэг, эмчлүүлсэн хойно нь дахиж өвчлүүлэхгүй байх нь эцэг эхийн хариуцлага, ашиг хонжоо харалгүй тогтоосон мөнгөний дүнд хүүхэд бүрийг эрүүлжүүлэхээр зорьж байгаа нь шүдний эмч нарын ухамсар, ёс зүйн асуудал юм. Иймд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд зорьсон зорилгодоо хүрэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Түрүүн би хэлсэн нэг хүүхдэд дунджаар гурваас зургаан  шүд байна гэсэн судалгаагаар бол шүдний эмч нарт маш хүнд тусна. Гэхдээ хүүхэд болгон адилгүй зарим хүүхдэд цооролтой шүд байхгүй, заримд нь цөөн гэж тооцоолсон. Шүдний өвчин нь өвдөлт ихтэй, хамгийн  их тархсан халдварт өвчин. Хүүхдийн үйл ажиллагаа,  бодож сэтгэхэд нөлөөлдөг, өндөр үнэтэй эмчилгээ шаарддаг. Дэлхийн хүн амын тавин хувь нь буюу дөрөв орчим тэр бум хүн шүдний өвчлөлтэй, тэдний ер орчим хувь нь цагтаа тусламж үйлчилгээ авч чаддаггүй байна. Гэтэл европын холбооны улс орнууд, Япон, Солонгос, Тайванд энэ асуудлыг бараг бүрэн шийдсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ард иргэдийн сэтгэл ханамж ерэн найман хувьтай байна. Тайван саяхан дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн хурлыг Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран хийж бүх нийтийн оролцоотойгоор олон шинжлэх ухааны уулзвар дээр шийдэх санаачилгыг гаргасан. Эдгээр улс орнууд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон настнуудад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гол нь судалгаа, судалгааны үр дүн дээр суурилж зөв тактик, стратеги боловсруулах түүнийгээ хүн болгонд ухамсруулан ойлгуулах, хэрхэн нэг зорилготой болгох тал дээр иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай байна. Сонирхолтой жишээ дурдахад Германд хамгийн анхны шүдний ном 1530 онд хэвлэгдэж байсан байна. 17-р зуунд шүдний өвчний талаар мэдлэгийг түгээж анхны эмч нар бэлтгэгдэж байсан байна. 1685 он анхны олон улсын ном хэвлэгдэж байж. Гэтэл манайд хэзээнээс эхэлж шүдээ угааж сурах гэж байгаа билээ дээ. Сайн юмны хажуугаар саар юм их гардаг тэр нь битгий гараасай, явуулж байгаа үйл ажиллагааг битгий сааруулж, саармагтуулах гэж оролдоосой гэж хүсэж байна. Эмчилж байгаа нь ч эмчлүүлж байгаа нь  ч хариуцлага үүргээ ухамсарлаж хувь нэмрээ үнэнч шударгаар оруулах үүрэгтэй.

Манайд шүдний эмчилгээ даатгалд хамрагддаггүй. Энэ байдал нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт эмчлүүлэхэд нөлөөлж байгаа байх?

Манайд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв дээр хүүхдийн болон насанд хүрэгчдэд сар бүр хоёр шүдээ эмчлүүлэх гучин хоёр мянга дөрвөн зуун төгрөгийг даатгалаас олгодог. Энэ утгаараа шүдний эмчилгээ даатгалд хамрагдсан. Гагцхүү төрийн эмнэлгүүд нь цөөхөн учир тэр болгон хүн очер дугаарт орж чаддаггүй учир шаардлагатай тусламж үйлчилгээгээ хүссэнээрээ авч чадахгүй талаар гомдол гардаг. Хэрэв хүн бүр сар болгон хоёр шүдээ эмчлүүлээд байх юм бол жилд хорин дөрвөн шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлэхээр байгаа юм. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн эмнэлгийг даатгалд оруулчих юм бол ачаалал хамаагүй хөнгөрнө. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гучин таван шүдний сандал бүхий монгол улсад хамгийн томд тооцогдох шүдний эмнэлэг бөгөөд нэг дор нүүр ам судлалын бүх чиглэлээр тусламж үйлчилгээг бүрэн хүргэх АУ доктор профессор нарийн мэргэжлийн багш, эмч нар ажиллаж байна. Хувийн эмнэлгүүд даатгалд ороогүй. Шүдний эмчилгээг эрүүл мэндийн датгалд хамруулж аль ч эмнэлэг дээр адилхан даатгалд хамрагдах боломжийг олгосон улс орнуудын үзүүлэлтүүд хамаагүй сайн байна. Шүдний эмчилгээ сүүлийн хорин жилд нэмэгдэж дэлхийн хэмжээнд төсөв жилээс жилд ихсэж байгаатай холбоотой улс орнууд хувь хүний амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл мэндийн насан туршийн боловсролыг олгох тал дээр түлхүү ажиллаж байна. Тэдний мэдээллээс харахад шүд авалт 2006 оноос бараг хоёр дахин багасаж, имплант хийлгэх хүний тоо цөөрсөн талаар тоо баримт байна. Англид “силвэр диамин флюройд” шингэнийг ашиглан хүүхдийн шүдний өвчлөлийг зогсоох арга хэрэглэж байгаа нь үр дүнгээ өгч хүүхдийн шүдний цоорол хорин гурван хувьд хүртлээ багасан эцэг эхчүүдийн сэтгэл ханамж ерэн найман хувьд хүрч байна. “Эрүүл хүүхэд- эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа нь цаашид хүүхдийн шүдний эмчилгээг  хувийн эмнэлэг гэлгүй даатгалд оруулах эхлэл байж болох юм.

Цаашид энэ үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, дэлхий нийтийн жишигт хүргэхэд ямар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй юм бол, танай сургууль манлайлна биз дээ?

Өнөөдрийн хувьд бидний өмнө олон асуудлууд байна. Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын динамикийг гаргах, жинхэнэ утгаар нь нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хангалттай бэлдэх гээд. Аливаа хөтөлбөр эхлээд боловсруулах үе, сурталчилж таниулах үе, хэрэгжүүлэлтийн үе гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Тус хөтөлбөрийг судалж боловсруулахад жил гаруй хугацаа орсон, харин таниулж сурталчилах хугацаа төдийлөн байгаагүй, одоо хэрэгжилтийнхээ үед орж байна. Зөвхөн зургаагаас арван хоёр насны хүүхдүүдийн шүдийг эмчилснээр энэ хөтөлбөр бүрэн хэрэгжиж тавьсан зорилгодоо хүрэхгүй. Үүний хажуугаар бүх нийтийг хамарсан соён гэгээрүүлэх ажил, хөтөлбөрийн сурталчилгаа, хувь хүн болон байгууллагын манлайллыг бий болгох ажиллагаа, төрийн тогтвортой дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Гол нь судалгаа, судалгааны үр дүн дээр суурилж зөв тактик, стратеги боловсруулах түүнийгээ хүн болгонд ухамсарлуулан ойлгуулах, хэрхэн нэг зорилготой болгох тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Жишээ нь Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн дэлхийн федерацийн дэд захирал проф. Betina Borisch хэлэхдээ аливаа үйл ажиллагааг хийхдээ нэр хүнд бүхий төлөөгчдийг нэг өрөөнд урьж авчирснаар ажил бүтчихгүй, харин тэр үйл ажиллагааны мөн чанарыг ард түмэн хэрхэн ойлгож оролцож байгаагаар дүгнэнэ гэсэн байдаг. Тэрээр амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг явуулахдаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр очиж тэндээс дэлхийн ард түмэнд хандаж мэдэгдлээ хийж байсан байна. Яг тэр мөчид гурван зуун сая хүн нэгэн зэрэг сонссон байна. Мессежээ түгээх, платформд орох  маш чухал. Түүнээс гадна ямар нэгэн шийдвэр гаргах, акт хийх хэрэгтэй байдаг байна. Жишээ нь сүүлийн нэг жилд хорин найман орон чихэр болон чихэр агуулсан бүтээгдэхүүнийхээ татварыг нэмэгдүүлсэн. Арабын Эмират чихрэн бүтээгдэхүүнийхээ татварыг тавин хувьд хүргэсэн байна. АНУ-ын гучин дөрвөн муж, Мексик татвараа эдгээр бүтээгдэхүүнүүддээ нэмснээр чихрийн хэрэглээ хорин нэгэн хувиар, шүдний өвчлөл есөн хувиар буурсан байна. Чихрийн хэрэглээг хязгаарлаж өгснөөр нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй гол гурван асуудал болох шүдний өвчлөл, таргалалт, чихрийн шижингээс нэгэн зэрэг урьдчилан сэргийлж хүүхэд болон ард иргэдээ аврах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг зүйлээр гурван асуудлыг шийдэх боломж бий болно. Мөн стандартын сайн чанарын халдвар хамгааллын хэрэгслээр хангах тал дээр төр бодлогоор дэмжлэг үзүүлэх маш чухал. Мөн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх түрхлэг түрхэх сайн үр дүнтэй байдаг. Камбож улс жаран зургаан мянган хүүхдэдээ түрлэг түрхсэн нь маш сайн үр дүн өгсөн. Монголын шүдний эмч нарын холбоо Тайван улсын эмч нартай хамтран шүдний түрлэгийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ удаад бид хоёроос арван хоёр насны бүх хүүхдүүдээ эрүүлжүүлэхээр зорьж байна. Амны хөндийн ариун цэврийг чанд сахиж урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тогтмол авахгүй бол хоёрдогч цоорол үүсдэг гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулан хэлэхийг хүсэж байна. Эхийн хэвлийд байх үеэс буюу төрхөөс өмнө гурван сараас хоёр нас хүртэлх хугацаанд шүдийг хамгаалж эхлэх нь маш чухал. Яагаад гэвэл яг тэр үед сүүн шүдний үр хөврөл явагдаж эхэлдэг ба тэр үеэс эх өөрийн биеийн байдал, эхийн хоол хүнсний байдал сүүн шүдний үүсэл хөгжилд нөлөөлдөг. Тийм учир төрөхөөс өмнөх гурван сараас эхлэн хоёр нас хүртэл  хөхүүлж байгаа тохиолдолд эхийн сүүгээр дамжиж чихрийн нөлөө хүүхдийн шүдний үр хөврөл, шүдлэлтэд нөлөөлдөг учир ээжүүд өөртөө хяналт тавьж хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Угжаар хооллож байгаа тохиолдолд илүү арчилгаа хэрэгтэй. Ээжүүд хүүхдүүдээ хөхүүлсэн, угжсаны дараа байнга амыг нь цэвэрлэж хэвших хэрэгтэй. Академик суурь маш чухал. Шинэ боломжийг бий болгох- платформ үүсгэх чухал.  Гол нь судалгаа, судалгааны үр дүн дээр суурилж зөв тактик, стратеги боловсруулах түүнийгээ хүн болгонд ухамсруулан ойлгуулах, хэрхэн нэг зорилготой болгох тал дээр манлайлж ажиллах чухал. АШУҮИС академик байгууллагын хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахад манлайлж ажиллах болно. Энэ судалгаанаас  инпакт фактор өндөртэй олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд дор хаяж хоёр нийтлэл гарсан байх ёстой. Мөн АШУҮИС–ийн НАСС–ийн зүгээс амны хөндийн эрүүл мэндийн талаар хүүхдийн насны онцлогт тохирсон сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулж иргэдийг шүд, амны хөндийн эрүүл мэндээ сайжруулах, хоол хүнсний бүтээгдэхүүний хатуулаг байдал, зөв сонголт, зохистой хэрэглээг дадал болгох талаар СӨББ болон ЕБС–иудад байнгын сургалтыг сурагчид, Сургагч багш нар, эцэг эхчүүдэд чиглэн явуулж дэмжиж ажиллах болно. Эцэст нь хэлэхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол технологиос улс төр лүү орсон том аялал байдаг гэж нэгэн судлаач хэлснийг саналаа.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)