Г.Доржжагдаг: Автомашины утаа хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа ордог

АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.ДОРЖЖАГДАГТАЙ агаарын бохирдол хүний биед ямар сөрөг үр дагавар үзүүлдэг талаар ярилцлаа.

-Улаанбаатар хот агаарын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Эмч хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нийслэлчүүдийн хувьд эрүүл мэндийн тулгамдсан сэдэв бол утаанаас үүдэлтэй агаарын бохирдол юм. Бид утаат хотын оршин суугчид болоод хэдэн жилийг үдлээ. Улсын бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол нь санаа зовоосон, яаралтай шийдвэрлэх тулгамдсан сэдэв. Ихэнх ажиглагч, судлаач утааны хэмжээг шаардлагатай түвшинд хүртэл бууруулахыг зөвлөдөг. Гэхдээ удаан хугацааны турш эсвэл хурдан хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хувилбарын аль нь илүү үр дүнтэйг бүрэн тодорхойлоогүй байна. Үүний тулд эдийн засгийн чадамж, стратегийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтийг цогцоор нь тооцоолох шаардлагатай. Агаарын бохирдлоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлэмж буурах, цаг уур өөрчлөгдөх зэргээс гадна хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Шаталтаас үүссэн агаар бохирдуулагч нарийн ширхэгт  тоосонцор РМ2.5 нь уушгинд гүн нэвтэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг үндсэн бохирдуулагч юм. Уг нь аж үйлдвэр хөгжсөн орнуудад агаарын бохирдлын ихэнх хувь нь үйлдвэрээс гаралтай утаанаас үүдэлтэй байдаг.

Харин манайд агаарын бохирдол их өвөрмөц гарал үүсэлтэй. Монгол Улс бол аж үйлдвэр сайн хөгжсөн орон биш бөгөөд утаа нь уламжлалт сууцнаас үүсэлтэй. Сүүлийн жилүүдэд утааны агаар дахь нягтаршил, түүнд агуулах хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс давж, бид хорт хийгээр амьсгалж байгааг судлаачид олон судалгаагаар тогтоосон. Утаа зөвхөн гэр хорооллын айлуудаас үүсээгүй. Нийт агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны ногдох эх үүсвэрийг хувиар нь илэрхийлсэн мэргэжилтнүүдийн тооцооллыг авч үзвэл 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс ялгарч байна.

-Нийслэлийн утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байдаг гэсэн тооцоо бий. Тэдний зохих хувь нь сайжруулсан зуух ашиглаж байхад агаарын бохирдол яагаад буурахгүй байна вэ?

-Одоо хэрэглэж буй зуухыг сайжруулж солих нь агаарын бохирдлыг багасгахад эерэг үр нөлөө үзүүлэх ч хангалттай сайн арга биш. Нүүрс ашигладаг тогтолцооноос татгалзах төслийг Англи, Ирланд, Шотланд, АНУ, Япон, Хятад, Сингалур, Өмнөд Солонгос, Зүүн Европын ихэнх оронд хэрэгжүүлж байна. Ойрын жишээ татахад, Хятад улс нүүрсний хэрэглээндээ хориг тавьсан. 20 сая хүн амтай Бээжин хотод нүүрс түлж утаа гаргадаг 1.2 сая айл өрх байсан. Гэтэл урд хөршийн утаатай тэмцэх төрийн бодлого шууд биеллээ олж, дөрөвхөн жилийн дотор хийн шугамыг айл өрхүүдэд татаж чадсанаар утааны түвшинг бууруулсан. Тэр ч бүү хэл хийн шугамд холбогдсон айл өрхүүдэд засаг захиргааны нэгжээс тодорхой хэмжээний урамшууллын мөнгөн тэтгэлэг сар бүр олгодог. Агаарын бохирдлыг богино хугацаанд багасгахын тулд түүхий нүүрсний хэрэглээг зогсоох хэрэгтэй. Товчхондоо утаанаас салж, агаарын бохирдлоос түргэн ангижрах арга бол яндангаа цөөлж, нүүрснээс татгалзах явдал юм. Гэр хорооллын айлуудыг утаагүй халаалттай системд шилжихэд юрчин үеийн тоног төхөөрөмж, цахилгаан ба хийн инженерийн дэд бүтцийг сайжруулах, үүнийг дагалдсан эдийн засгийн чадавхтай болох шаардлагатай. Утаанаас зайлсхийж, яндангийнхаа тоог цөөрүүлэхийн тулд ипотекийн зээлд хамрагдахдаа 30 хувийн урьдчилгаа мөнгө төлдөг тогтолцоог 5-10 хувь болгож багасгаж болно. Энэ жишгээр Сингапур улс амжилтад хүрсэн шүү дээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй халаалтын уурын зуухыг буулгах хэрэгтэй. 

 

Гэр хорооллын айл өрх дулааныхаа 50-55 хувийг гэр, байшингийнхаа шал, хана, тааз, цонхоор алддаг. Тэгвэл тэдний дулаан алдалтыг бууруулж чадвал 360000 тонн нүүрс хэмнэж агаарын бохирдол 28 хувиар буурах боломжтой.

 

-Автомашинаас ялгарах утааны хор уршгийн талаар дэлгэрүүлнэ үү?

 

-Автомашинаас ялгарах утаанаас гадна хог хаягдал шатаах, хөрсний бохирдол, эрчим хүчний цахилгаан станцууд зэрэг өөр эх үүсвэрт ч мөн анхаарал хандуулах шаардлагатай. Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй 1000 гаруй автобус жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж байна. Ийм агаараар бид амьсгалдаг. Автомашинаас ялгардаг азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг ба энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлдэг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор тодруулбал, нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог гэж тодорхойлсон. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд ч их байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт.

 

-Тээврийн хэрэгслээс ялгарах утаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

-Автомашины утаанаас ялгарах  бодисуудаас нүүрстөрөгчийн исэл нь амьсгалаар биед нэвтрэн цус руу орж цусны улаан эсийн гемоглобин уурагтай нэгдсэнээр эд, эсэд хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох тархины хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Машины утаанаас ялгардаг хүнд металл болох хар тугалга нь хүүхдийн цус, мэдрэлийн тогтолцоонд мөн хортойгоор нөлөөлөл үзүүлдэг. Хар тугалга нь яс болон бусад эдэд удаан хугацаагаар хуримтлагдан хортой нөлөөлөл үзүүлж байдаг аюултай. АШУҮИС-ийн судлаач Г.Насантогтох, профессор О.Чимэдсүрэн нарын баг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 6-8 насны хүүхдүүдийн цусанд хар тугалганы хэмжээг тодорхойлоход судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 60.1 хувьд нь цусан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан байсан. Мөн гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нь орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс их гарсан байгаа нь амьдрах орчны агаараас хамаарч буйг харуулж байна. Онц, сайн сурдаг хүүхдүүдтэй харьцуулахад дунд сурдаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээ нь их гарсан байгаа юм. Энэ нь хар тугалга мэдрэлийн тогтолцоонд хордуулах нөлөө үзүүлснээр анхаарал төвлөрөлт буурч, ой тогтоолт сулрахад нөлөөлдөгтэй холбоотой. Азотын оксидууд хүүхдийн бие махбодийг халдварт өртөмтгий болгодог, ингэснээр гуурсан хоолойн үрэвсэл болон уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг ихэсгэсдэг. Альдегидууд нүд, амьсгалын замын салст бүрхүүлийг цочроох, төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг.

 

-Агаарын бохирдлоос улбаатай өвчлөл Улаанбаатарт хэр газар авч байна вэ?

 

-АШУҮИС-ийн судлаач эрдэмтэн, доктор, профессор О.Чимэдсүрэн багшийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургуулийн багтай хамтран сүүлийн таван жилд агаарын  бохирдлын чиглэлээр томоохон судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс үзвэл Улаанбаатар хотын 0-5 хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд нийт нас баралтын 19 хувь нь уушгины архаг бөглөрөл, 24 хувь нь уушгины хавдар, 27 хувь нь зүрхний шигдээс, нийт нас баралтын 42 хувийг эзэлсэн харвалт зэрэг нь “Агаарын бохирдолоос шалтгаалж байна” гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Судалгааны үр дүнгээс тооцож гаргасан эдгээр тоо баримт бол 0.3 эсвэл дөрвөн хувь биш бүхэл бүтэн аравтын оронгоор хэмжигдэн гарсан нь улсын нийслэл утаан дундах Улаанбаатарт үхлийн харанга дэлдсэнийг харуулж байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)