Зөвшөөрөл олгох харилцааг ил тод, хяналттай болгох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цаг 34 минутад 57.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 

 

  Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан. 

    Лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулжээ. 

    Өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон байна. 

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл буюу тодорхой үйл ажиллагааг эрхлэхээр эрх олгосон, тэдгээртэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан байхгүй бөгөөд зөвшөөрөл олгож буй нэгж бүр мэдээллийн дэд сан үүсгэдэг байна. Түүнчлэн мэдээллийн сан үүсгэх, ямар мэдээллийг оруулах, лавлагаа мэдээллийг хэрхэн гаргах зэрэг асуудлуудын зохицуулалт тодорхой бус байдаг аж.

    Иймд нэг удаагийн болон олон удаагийн шинжтэй бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох шаардлага байна. 

    Түүнчлэн цаашид зөвшөөрлийг цахимаар олгох, олгосон зөвшөөрлийг цахимаар сунгах тохиолдолд "цахим гэрчилгээ” буюу “цахим код, эсхүл дугаар”-ыг олгох боломжтой буюу дээрх код, эсхүл дугаараар тухайн этгээд үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээд эсэхийг шалгах, нягтлах, цаашид зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. 

    Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг хуулийн төсөлд тусгажээ. 

    Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох зохицуулалтыг тусгах бөгөөд хуулийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд хариуцлага хүлээх үндэслэл болохоор тусгасан байна. Мөн хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулж болох ерөнхий зохицуулалтыг төсөлд тусгасан байна. 

    Түүнчлэн зөвшөөрлийг 2 ангилах ба хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох зохицуулалтыг тусгажээ. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сангийн талаар, долоодугаар бүлэгт Монгол Улсад нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийг тус тус тусгана. Энэ бүлэгт нэг удаагийн шинжтэй болон олон удаагийн шинжтэй зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааны чиглэл, төрөл, зөвшөөрөл олгох этгээдийг тодорхой заасан байна. 

    Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, О.Батнасан, Д.Лүндээжанцан, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Төрийн бус байгууллагууд зарим төрлийн зөвшөөрөл олгож байгаа талаар тодруулсан О.Батнасан гишүүний асуултад хариулт өгөв. Өнөөдрийн байдлаар хуулиар зөвшөөрөөгүй учраас хориглоно гэдэг агуулгаар төрийн албан хаагчид хандаж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг. Харин төслийн гол үзэл баримтлал нь Иргэний хуулийн үзэл баримтлалтай адил хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөх зарчим гэдгийг С.Бямбацогт гишүүн тайлбарлав. Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах 9 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Тухайлбал, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглох аж. Мөн садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих, хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохоор заажээ. Түүнчлэн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг тус тус хориглохоор төсөлд тусгаад байгаа гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа. 

    Харин 13 төрлийн 448 төрлийн үйл ажиллагааг эрхлэх бол энгийн болон тусгай зөвшөөрөл авдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд бусад төрлийн үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй гэдгийг хэлэв. Түүнчлэн хуульд заасан зөвшөөрлийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар олгохыг, хуулиас давсан журам гаргах, хуулиас гадуур өөр хуулиар зөвшөөрөл олгох зохицуулалт бий болгохыг мөн хориглосон байна. Шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хөндөх бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр шийдвэр гаргах юм байна. Энгийн зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 5 хоногийн дотор, тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 10 хоногийн дотор шийдэх зохицуулалтыг тусгасан байгаа аж. Ингэхдээ хуульд заасан бүрдлээс илүү баримт, материал шаардах, нэмэлт төлбөр авахыг хориглосон гэлээ. 

    Төрөөс олгож буй зөвшөөрлийн үйл ажиллагаа нь төрийн хүнд суртал, авлигалын нэг суурь болдог талаарх бусад орны жишээ, үүнийг шийдвэрлсэн талаар Д.Лүндээжанцан гишүүн хэлж, Гүржийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. 110 хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг нэгтгэн, мэдээллийн нэгдсэн сан байгуулах нь зүйтэй хэмээн дэмжив. УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөлд тухайлбал, франчайзийн болон мерчандайзийн гэрээгээр харилцаагаа зохицуулах эрхийг авах, олгохтой холбоотой заалт бий гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлав. Мөн оюуны өмчийн арилжаа хийгдэх, зуучлалын үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны төв байгууллага нь зохицуулах хэлбэрээр тусгагдсан байна. Боловсролын салбарын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт гэх мэт харилцаа байдгийг тэрбээр дурдаад Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааны талаар тусгасан эсэхийг тодруулж хариулт авсан юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд эдгээрийн уялдааг хангахтай холбоотой саналыг хэлж байв. Бизнесийн орчин дахь оролцоогоо төр бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлээд, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн төрийн албан хаагчид тооцох хариуцлагын талаарх төсөл дэх зохицуулалтыг лавлав. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэллээ. Авилгал, төрийн хүнд суртлыг бууруулах ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвшөөрөл олгох үйл явцад хүний оролцоог багасгах, зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүргийг салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүд гүйцэтгэж байх шаардлагын талаар санал хэллээ. 

    Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 

    Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Зөвшөөрлийн ангилал, төрлийг шинэчлэн тогтоож иргэдийг чирэгдэлгүй болгох, зөвшөөрөл бүрийг кодын системд оруулж, түүнийг олгох, бүртгэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн журмыг шинэчлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг хангах зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг тодорхойлж, хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх, эрхээ бусдад шилжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сан бий болгох талаар төсөлд тусгажээ. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, дүгнэлт гаргах, хуульд холбогдох шинэчлэл хийх асуудлаар Зөвшөөрлийн хяналтын зөвлөлийн ажиллах эрх зүйн орчинг бий болгохоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

    Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс хариулт авсан. 

    Өнгөрсөн хугацаанд нэгдсэн зохицуулалтгүйн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж ирсэн төрийн үйлчилгээг цэгцлэх зорилгоор Засгийн газар хэд хэдэн хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ. Нэгдсэн зохион байгуулалтгүй явж ирсэн төрийн үйлчилгээний нэг нь зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болохыг жишээ дурдан тайлбарлав. Зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн өргөн мэдүүлсэн, мөн Засгийн газраас төстэй агуулга бүхий төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зөвшөөрөл мэдээллийн нэгдсэн бүртгэл хийх асуудлыг хөндсөн нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөс ялгаатай юм байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд аль болох хүний оролцоог багасган, цахим хэлбэрт шилжүүлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэлээ. Жил тутам олгож буй зөвшөөрлийн тооллого явуулах, гурван жил тутам хяналт шинжилгээ хийх, энэхүү төслөөс гадуур зөвшөөрөлтэй хамааралтай харилцаа үүссэн байвал үүнийг шууд зохицуулж байх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Аль нэг төрийн албан хаагч өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, зөвшөөрөлтэй хамааралтайг асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд татан авсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалтуудыг тусгажээ. Зөвшөөрлийг гурван хэлбэрээр ангилсан байна. Зарчмын хувьд 6 ялгаа бий гэдгийг сайд дэлгэрэнгүй тайлбарласан. 

    Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Болд, А.Сүхбат нар үг хэллээ. Дараа нь хуралдаанд даргалж байу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар зарласнаар УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)