Я.Содбаатар: Үндсэн хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн арав хүртэлх минутад үг хэлж, асуулт асууна

Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн. Уг хуульд оруулах гол өөрчлөлт нь Үндсэн хуулийг хэлэлцэх Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны дэгтэй холбоотой юм. Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэх тухайд УИХ-аар ийнхүү ярилцаж эхэлсэн бөгөөд үндсэн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Тиймээс Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.

-Дэгийн хуульд оруулж буй гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү. Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэх тухайд хуульд нарийвчилсан заалт байхгүй байсан хэрэг үү?

-Миний бие Н.Амарзаяа гишүүний хамтаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг багтаасан байгаа. Сүүлийн гурван жил маш идэвхтэй ажиллаж, холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлэн болсон. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэхдээ ямар дэг баримтлах талаар Дэгийн тухай хуульд нарийвчлан заагаагүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах, энэ талаар УИХ-д танилцуулахтай холбоотойгоор чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.

-Тэгэхээр Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэх талаар бие даасан хуультай болно гэсэн үг үү?

-2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан байдаг. Ийм бие даасан хуультай боловч дэгтэй холбоотойгоор илүү нарийвчлах шаардлагатай гэж бид үзсэн. Тиймээс хуультайгаа уялдуулаад бусад хууль, тогтоолыг хэлэлцдэгээс арай өндөр босгоор Үндсэн хуулийг хэлэлцэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд гишүүдийн ирцийг дөрөвний гурваар буюу нийт 19 гишүүний 14 нь байлцах ёстой гэж үзсэн. Дээрээс нь тухайн асуудлыг хэлэлцээд дэмжлэг авах тухайд мөн өндөр босготой байхаар заасан.

 

Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүдийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс үг хэлэх, асуулт асуух, хариулт өгөх хугацааг одоогийнхоос нэмсэн. Ингэснээр арав хүртэлх минут болгож нэмэгдүүлнэ. Мөн хэлэлцүүлгийг гурван үе шаттай явуулахаар тооцож байна.

Өнөөдрийн нөхцөлд аливаа хуулийг хоёр хэлэлцүүлгээр оруулж баталдаг. Харин Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гурав байх ёстой гэх мэтээр нарийвчилсан заалтыг тусгасан.

-Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах вэ. Энэ тухайд ямар өөрчлөлт оруулах бол?

-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ шийднэ. Хэрвээ явуулахаар болчихвол ямар байдлаар санал авах вэ гэдгийг л хуульд тусгах гээд байгаа юм. Тухайлбал, Ард нийтийн санал асуулгаар дэмжсэн саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дэмжвэл шууд батлагдсанд тооцдог. Энэ бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн нэг процедур байгаа юм. Энэ утгаараа Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор Ард нийтийн санал асуулга явуулбал хэрхэн явуулах вэ. Жишээлбэл, ард нийтээс асуух томьёоллоо яаж хийх, байнгын хорооны хуралдаанаар хэрхэн хэлэлцэж, санал гаргах юм, саналын томьёоллыг яаж эцэслэх вэ гэх зэргийг Байнгын хороогоор хэлэлцэхэд дөрөвний гурваар дэмжихээр төсөлд тусгасан. Энэ мэтээр бүх дэгийг нарийвчилсан. Харин Ард нийтийн санал асуулгын дүн гарахаар СЕХ- ноос Байнгын хороонд хэрхэн танилцуулга хийж, албажуулах вэ гэдгийг ч нарийвчлан зохицуулна. Товчхондоо, хуульд байхгүй зарим зүйлийг дэгээр зохицуулна гэсэн үг.

-Хууль хэрэгжүүлэх хугацааг хэрхэн тооцсон бэ?

-Батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр тооцож байна. 

-Дэгийг нь хэлэлцээд эхэлчихлээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл- тийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэж ойлгож болох уу. Энэ чуулганы хугацаанд хэлэлцэж амжина гэж тооцсон хэрэг үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганы хугацаанд багтаад өргөн барихаар бэлдэж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон хурал зөвлөгөөнийг зохион байгуулсан. Холбогдох төрийн байгууллагууд болон улс төрийн нам, төрийн бус байгууллагын саналыг авсан. Ингэснээр таван багц асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар багцалсан. Олон нийтээр хэлэлцүүлэх явцад хамгийн их гарсан саналуудыг нэгтгэсэн гэж ойлгож болно.

-Таван багц асуудлаар Үндсэн хуулийг өөрчилнө гэлээ. Тухайлбал, яг ямар чиглэлд, ямар өөрчлөлт оруулах вэ?

-УИХ-ыг хариуцлагажуулах, үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгох чиглэлээр томоохон өөрчлөлт оруулахаар ярьж байна.

Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглалыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах чиглэлээр өөрчлөлт хийнэ.

Гуравдугаарт, нутгийн өөрөө удирдлага, засаг захиргааны нэгжийн томилгоотой холбоотой асуудлаар өөрчлөлт оруулах.

Дөрөвдүгээрт, шүүх засаглалыг хараат бус, бие даасан болгох тухайд өөрчилнө. Тавдугаарт, Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой буюу бусад асуудлыг оруулахаар бэлтгэж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг эргэж харна гэх мэдээлэл бий. Тухайлбал, эдгээр заалтын хэчнээнийг эргэж авч үзэх вэ?

-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй нэг томоохон асуудал нь 2000 оны буюу “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг эргэж харна. Ингэхдээ зургааг нь бүтнээр буюу хэсэгчлэн сэргээнэ. Тухайлбал, УИХ-аар аливаа хууль батлахад УИХ-ын гишүүдийн 51-ээс дээшх нь мрсэн бол ирц бүрддэг, энэ ирцийн 50 хувиар буюу 26 гишүүн саналаа өгч байж хууль баталдаг байсан. Харин 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 39 гишүүн хүрэлцэн ирж байж ирц бүрддэг, үүний 50 хувь буюу 20 гишүүн санал өгснөөр хууль баталж байна. Шинэ төслөөр 39-өөс дээш гишүүн ирж байж УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлнэ. Ингэхдээ нийт гишүүний 50  хувиар хууль баталдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 39 гишүүн ирж оролцож байж аливаа хуулийг батлан гаргадаг байя гэсэн үг. Энэ бол “дордуулсан” гэх долоон заалтыг нэгийг буцаана гэсэн үг.

 

Түүнчлэн “Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байх талаар хөндөнө. 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр “Давхар дээл”-ийг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байсан. Одоогийн төслөөр үүнд хязгаарлалт хийнэ. Ингэхдээ Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газрын сайдаар ажиллаж болно гэж үзсэн.

Энэ мэт өөрчлөлтийг эргэж харна. Өөрөөр хэлбэл, 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш засч залруулах шаардлагатай гэж олон нийтийн ярьсаар ирсэн дийлэнх асуудлыг энэ удаад эргэж харахаар төсөл боловсруулсан.

-Тухайлбал, аль яамдын сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөх вэ?

-Аль дөрвөн салбарын сайдыг “Давхар дээл”-тэй байлгах вэ гэдэг нь Ерөнхий сайдын мэдлийн асуудал байна.

-Орон нутгийн удирдлагыг хэрхэн сонгох тухайд тодорхой өөрчлөлт оруулна гэсэн. Жишээлбэл, аймаг, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгодог байхаар төсөлд тусгасан байна лээ. Энэ тухайд?

-Дархан, Эрдэнэтийг хот болгох, сумын Засаг даргыг ард иргэдээс сонгуулдаг болох талаар өнгөрсөн хугацаанд маш их ярьсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бүгдийг нь оруулсан. Тодруулбал, орон нутгийн сонгуулийг сумын болон дүүргийн гэж ангилна. Харин сум, дүүргийн сонгуулиар сонгогдсон ИТХ нь аймаг, нийслэлд өөрийнхөө төлөөллийг явуулахаар зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн гэж нийтийн дунд сонгууль явуулахгүй гэсэн үг. Сумын ИТХ-аас өөрсдийн багтсан квотын дагуу аймгийн ИТХ-руу сонгож явуулах юм. Үндсэндээ сум, дүүргийн сонгууль болсны дараа УИХ-ын сонгууль болно. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг болох нь байна. Одоогийнх шиг олон шатлалтай сонгуулийг болиулъя гэж байгаа юм. Ингэж өөрчлөхийн үндсэн шалтгаан нь хөдөө орон нутагт улстөржйлт маш их байна. Үүнд ойр ойрхон болдог улс төрийн сонгууль нөлөөлдөг. Тиймээс төлөөллийн зарчмыг хангах үүднээс сум, аймаг, дүүрэг, нийслэлд төлөөллөө хангах ёстой гэж үзсэн.

-Тэгэхээр Засаг дарга нарыг хэрхэн сонгох вэ?

-Аймаг, нийслэлийн Засаг даргыг одоогийн байгаа зарчмаар буюу ИТХ-аас Ерөнхий сайдад санал болгоод харилцан зөвшилцсөний үндсэнд томилдог зарчмаараа байна. Харин сум, дүүргийн Засаг даргыг сонгохдоо тухайн орон нутгийн иргэдийн саналыг харгалзана. Сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нь хороо, багийнхаа Засаг даргыг шууд томилдог болъё гэж байгаа юм. Ингэхгүй болохоор өнөөдрийн мөрдөж буй хуулиар сум, багийн Засаг даргын сонгууль гэж болдог ч энэ нь халтуурдсан байдалтай болдог нь нууц биш. Иргэдийн оролцоог бүрэн дүүрэн хангадаггүйгээс гадна ах дүү, жалга довны нөлөөлөл их ордог. Ийм байдлыг өөрчилж байгаа нь хариуцлагыг тодорхой болгох гэсэн ёлхам. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид эрх мэдлийн зөв хуваарилалтаас гадна хариуцлагын тогтолцоог тодорхой болгоё гэж байгаа юм. Жишээлбэл, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болно. Эргээд үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болох ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэг сайд хариуцлага алдлаа гэхэд хувь хүнийг нь ажлаас чөлөөлөх гэх мэтээр арга хэмжээ авдаг байдлыг болиулах буюу танхимын нэг сайд хариуцлага алдвал тэр чигээр нь сольдог байхаар өөрчилж байгаа юм. Түүнчлэн улстөржилтийг багасгахын тулд хэд хэдэн алхам хийж байна Ялангуяа орон нутаг буюу анхан шатанд улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах чиглэлд бодитой өөрчлөлт хийнэ.

-Шүүхийн хараат бус байдлыг хангах тухайд өөрчлөлт оруулна гэсэн. Энэ тухайд жишээлбэл, ямар тодорхой өөрчлөлт оруулах вэ?

-Хууль хүчний байгууллагын эрх, мэдлийг ойлгомжтой, тодорхой болгоно. Тухайлбал, шүүгч нар Ерөнхийлөгчөөс хараат байдлаар томилогдож байгааг болиулах нь зүйтэй гэж үсзэн. Оронд нь шүүхийн хяналтын зөвлөл байгуулах зэргээр өөрчлөлт оруулна.

-Нэг нам олонх байхад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ удаагийн парламентын түүхэн үүрэг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж би хувьдаа боддог. Улс төрийн намууд төдийгүй улстөрчид элдвээр ярьдаг. Гэхдээ УИХ-д нэг улс төрийн хүчин дийлэнх олонхыг бүрдүүлж буй энэ үед өөрчлөлт оруулахгүй бол олон намтай, цоохор парламентын үед зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид хангалттай харсан шүү дээ. Түүнээс өмнөх парламентуудад ч энэ талаар яриад үр дүнд хүрч чадаагүй. Харин энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол ойрын 2-3 сонгуулиар бүрдэх парламент үүнийг хийж чадахгүй гэсэн төсөөлөлтэй байна, би хувьдаа. Тийм учраас боломжит хугацаа нь энэ хаврын чуулган болж таарч байна. УИХ-ын 76 гишүүний 57-гоос дээшх нь дэмжиж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Одоогийн байдлаар 67 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Тиймээс хуульд заасан хязгаараас дээш тооны гишүүний дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах болов уу гэж харж байна.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.227.178)

    2019-05-22

    10 хүртэл тоолж чадахгүй хүмүүс гишүүн болчихсон юм чинь 10минутаа ч ойлгохгүй дээ. нэг л сагасан юм ярихаа л бодно, урьдана.