Л.Оюун-Эрдэнэ: Н.Батбаяр, Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсээс асууж, тодруулах зүйл хуулийнханд гарах байх

Засгийн газраас Хөгжлийн банкинд томоохон хэмжээний шалгалт хийсэн. Тэгвэл уг шалгалт дууссан бөгөөд тодорхой зөрчил дутагдал илрүүлсэн байна. Тиймээс зарим асуудлыг нь шалгуулахаар болж, холбогдох бичиг баримтыг өчигдөр АТГ-т хүргүүллээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун- Эрдэнэ мэдээлэл өгсөн бөгөөд Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн ноцтой зээлдэгчдийг зарласан юм. Үүнд

-“Хөтөл” ХХК 161.5,

-“Мон лаа” ХХК 5.6,

-“ТОСК” ТӨҮГ 355.5, 

-“МАХцемент” ХХК 166.5,

 -“Кью Эс Си” ХХК 187.6,

-“Бэрэн” групп 102.4,

-“Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөөгүй байна. Түүнчлэн арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой жижиг 13 төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон нь Хөгжлийн банк арилжааны банкуудтай өрсөлддөг болохыг тогтоосон байна. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уг нь Хөгжлийн банкны тухай хуулиар үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлэх юм.

Гэтэл Хөгжлийн банк арилжааны банкуудтай адил хэмжээний бага хүүтэй зээл олгох соёлыг бий болгосноос үүдэж, арилжааны банктай өрсөлддөг, лоббид автдаг, дэлхийн бусад орны нийтлэг жишгээр хөгжиж байгаа Хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Түүнчлэн нэг эзэнтэй компаниудад их хэмжээний зээл олгосон тохиолдол ч гарсан. Тухайлбал, “Кью Эс Си” болон “Хөтөл” ХХК нь нэг эзэнтэй” хэмээн тодотгосон. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Хуулиар олгосноос өөрөөр буюу арилжааны, банкууд олгох боломжтой зээлийг Хөгжлийн банк гаргасан юм байна. Хөгжлийн банкны хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах эрхийг хэн олгоод байсан юм бз, хэрхэн хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоолд Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний тухай дурдсан байдаг. Түүнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан зээлүүдэд Сангийн яам тооцоо нийлүүлэн дуусгасан. Үүний хүрээнд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэхээр шийдвэр гаргасан. Энэ нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй дэд бүтцийн буюу томоохон зам, эрчим хүч гэх мэт төслийг хаасан учраас эдгээр өр төлбөр Засгийн газарт ирсэн гэсэн үг. Томоохон төслүүдийг санхүүжүүлэх ёстой байтал арилжааны банкаар олгож болох зээлийг олгосон байдаг. Жишээлбэл, орон сууц барих төслүүдийг санхүүжүүлсэн байгаа юм. Хөгжлийн банкны дүрмээр 0.6 хувиас бага дүнтэй зээлийг гүйцэтгзх удирдлага буюу гүйцэтгэх захирал шийдэх боломжтой байдаг. Тэгэхээр асуудлыг удирдлагын түвшинд ярьж, таарна.

 

-Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан байна. Тухайлбал, зарим зээлд гэрээний хугацааг найман удаа сунгасан зөрчил илэрчээ. Жишээлбэл, ямар компани юм бэ?

 

-Энэ тухайд маш олон аж ахуйн нэгж бий. Гэхдээ бизнесийн яэр хүндийг нь бодолцсон учраас бага зөрчилтэй газруудыг нэрлээгүй. Тодорхой хэмжээний хугацаа өгөөд Хөгжлийн банкны шинэ удирдлагын зүгээс төлүүлэх талд ажиллах байх. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, их хэмжээний зээл авсан атлаа төлж чадахгүйгээ илэрхийлчихсэн аж ахуйн нэгж ч байна. Энэ тохиолдлолд төр тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авах уу эсвэл хууль хяналтынханд шилжүүлэх үү гэдгийг шийднэ. Мөн зээл авснаасаа хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй олон компани бий. Түүнээс хамгийн ноцтой гэж үзсэнээ эхний ээлжид зарлаж байна. Эдгээр компанийн удирдлагатай уулзаж ярилцах шаардлага үүсч байна.

 

-2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж их хэмжээний алдагдал хүлээсэн гэлээ. Үүнд хэн хэнийг хамааруулж ойлгох вэ? 

 

-Ямар ч байсан шалгалтын дүнд илэрсэн зөрчил дутагдалтай холбоотой материалыг хуулийнханд өнөөдөр хүргүүллээ. Үүнд “Чингис”, “Самурай” бонд, түүний зарцуулалттай холбоотой асуудал багтана. Миний мэдэж байгаагаар энэ талаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьсан. Гэтэл хуулийнхан яагаад шалгадаггүй байв, одоо яаж хандахыг ч мэдэхгүй байна. Гагцхүү энэ хариуцлагагүй алхам мөн үү гэвэл мөн. Үндсэндээ Хөгжлийн банкийг сонгодог утгаар нь явуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ арилжааны банкнаас их хэмжээний зээл авсан бол эргэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд явах боломжгүй. Гэтэл Хөгжлийн банкинд хугацаа хэтэрсэн зээл маш их байгаа нь нөлөөлөл орсон байх магадлалтай гэж үзсэн. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нараас гадна Шинэбаатар нарын хүмүүсээс тодорхой хэмжээгээр асууж, тодруулах зүйл хуулийнханд гарах ёстой. Энэ мэтээр замбараагүй асуудал олон бий. Цаашдаа бондын мөнгийг өмнөх жишгээр зарцуулж болохгүй.

Үүнийг шалгаж тогтоон нэг тийш болгохгүй бол бид дэлхийн зах зээлээс бонд босгоход маш хүнд болно. Улмаар зээлжих зэрэглэл, саарал жагсаалт гэх мэтээр хүнд байдалд орохгүй гэх газаргүй.

 

-Хөгжлийн банкны шалгалт маш удаан хугацаанд үргэлжилсэн. Дүгнэлт танилцуулах ажил удаа дараа хойшилсон нь ямар учиртай юм бэ?

 

-Асар их ажил болдог юм байна. Маш олон хүн өдөр шөнөжин ажилласан. Хугацааг хоёр ч удаа сунгасан. Хөгжлийн банкийг үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны шалгалт байсан учраас хугацаа их орсон. Үүний үр дүнд олон аж ахуйн нэгжийн зөрчил дутагдлыг баталгаатай, нотолгоотойгоор зарлаж байгааг хэлье.

 

-Ноцтой зөрчил илэрсэн есөн аж ахуйн нэгжийн заримынх нь зээлээ эргэн төлөх хугацаа болоогүй байна. Тэгэхээр үлдсэн хугацаанд төлөхгүй нь тодорхой гэж үзээд зарлаж байгаа хэрэг үү?

 

-Зээл авсан цагаас хойш эргэн төлөлт огт хийгээгүй. Тодорхой хугацаанд төлөлт хийхээр тохиролцсон ч графикийн дагуу төлөөгүй учраас ийнхүү зарлаж байгаа юм.

-Ноцтой зөрчилтэй есөн компани дунд төрийн өмчийн компани ч багтсан байна. Цаашид татан буулгах талаар ярих уу, ямар байдлаар шийдэх вэ?

-Ямар ч байсан шалгалтын дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашдаа энэ компаниудыг хэрхэн цэгцлэх тухайд дараагийн томоохон ажил өрнөж таарна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зарим аж ахуйн нэгжийн нэрийг зарласан нь хэн нэгний мууг үзэх гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь хаа хаанаа хариуцлагатай байхгүй бол алдааг дахин давтахгүй гэх баталгаагүй шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ, Хөрөнгийн бирж, орон нутгийн АЗЗА зэргийг татан буулгах шийдвэрийг буцаасан. Ямар учраас ийм шийдвэр гаргав. Түүнчлэн Засгийн газраас 1990-ээд оноос хойшх бүхий л өмч, хувьчлалыг шалгана гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Олон нийтийн анхаарлын төвд орсон асуудал маш олон бий. Эргээд ямар ч шийдэлгүй байдаг учраас мухарлаж цэг тавиад явах нь чухал гэж бид үзэж байгаа юм. Ийм ажлыг хийхэд цаг хугацаа орохоос гадна амаргүй сорилтод ордог юм байна. Өмч хувьчлалын шалгалт ч гэсэн амар байгаагүй. “Чингис”, “Самурай” бонд Хөгжлийн банкны асуудал ямартай ч энд хүрээд цэгцэрч байна. Өмч хувьчлалтай холбоотойгоор иргэд маш их гомдол ирүүлдэг. Энэ нь ягаан, цэнхэр тасалбараар бидний өмчийг хувьчилсан атлаа ногдол ашиг хүртээдэггүй тухай юм. Үүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, бүтэн дүгнэлт хийхэд асар их хугацаа орно. Засгийн газраас 11 обьектыг хувьчлахаар болсон байсан. Түүнд “Монгол шуудан” ХК, МИАТ, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчийн компаниуд багтсан, заримынх нь эзэн хүртэл тодорсон байсан. Өмч хувьчлалтай холбоотой ажлын хэсэг гарч ажилласан учраас энэ тухайд асар их эргэлзээ байна, төрийн өмчийг хувьчилснаар сайжирна гэх баталгаа алга гэх дүгнэлт гаргасан. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өмч хувьчлалыг буцаах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, дээрх газруудыг хувьчилсны дараа өмнөх хувьчлалын адилаар маш их маргаан гарвал яах вэ гэж санал тавьсан учраас буцаасан. Энэ бол өмч хувьчлалын ажлын хэсгийнхний хийсэн ажлын нэг хэсэг. Энэ тухайд бүтэн дүгнэлт гаргана. Ер нь төр өмчгүй байх ёстой гэсээр бид сүүлдээ бүх зүйлийг хяналтаасаа алдахад хүрсэн нь нууц биш. Бид өнөөдөр шатахуун, эрчим хүч гээд стратегийн зүйлсээ төрийн мэдлээс алдсан. Монгол Улсын Засгийн газраас аливаад зохицуулалт хийж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс стратегийн гол салбаруудын хувьчлалыг цаашдаа эргэж харах ёстой.

-Засгийн газрын нэг сайд арван сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл гараад удлаа. Засгийн газрын хуралдааны үед энэ талаар ярилцсан уу?

 

-Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын гишүүн бүрээс энэ талаар асуусан. “Хэрвээ 10 сая ам.долларын авлига авсан бол үнэнээ хэл” гэсэн. Бүгд “Тийм зүйл байхгүй” гэсэн.

 

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад энэ асуудлыг шалгаж тогтоох чиглэл өгсөн. Ц.Нямдорж сайдын өгсөн мэдээллээр, 10 сая ам.долларын авлигатай холбоотойгоор Тагнуул болон ЦЕГ, АТГ-т ямар ч гомдол, мэдээлэл ирүүлээгүй гэсэн. Тэгэхээр цаашдаа ийм нэр, хаяггүй цуурхал тараагаад баймааргүй байна.

-Таны өрөөний үүдэнд амиа алдсан. Үүнтэй холботойгоор Төрийн ордныг камержуулах талаар ярьж эхлээд байна. Энэ тухайд Засгийн газраас юу хийх вэ?

-Миний хувьд Төрийн тусгай-гийнхантай уулзсан. Камержуулах талаар хөндөхөөр УИХ-ын гишүүд дургүйцдэг юм билээ. Бидний бүрэн эрх, нууцад халдаж, тагнаж чагнах гээд байна гээд камержуулах саналыг нь үгүйсгэдэг тухай хэлсэн. Хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд дүгнэлтээ удахгүй гаргах байх. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд, миний зүгээс Төрийн ордонтой холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. МХЕГ-ын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон. Тиймээс шинийг барих талаар ярихаар нийгэмд маш их хэл ам гардаг. Асар их мөнгөөр ордон барих нь гэх шүүмжпэлээс айж явсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдээд орчин үеийн түвшинд төр үйлчилэгээ явуулах орчин бүрдүүлэх, өрөө тасалгаагаа засч янзлахад хүндрэлтэй болсон. Тэр бүү хэл, хэрвээ Тавантолгой дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болоход Төрийн ордон шууд нурах эрсдэлтэй. Тиймээс бид бодит үнэнтэй эвлэрэх ёстой. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг Төрийн ордноо нурсан хойно олон хүн дарагдсаны дараа амаа барихгүйн тулд ҮАБЗ-өөс шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Үүний дунд камертай холбоотой асуудал багтсан. Цаашлаад төрийн гурван өндөрлөг нэг ордонд хамт байх нь зөв эсэх тухайд ч ярьж, таарах байх.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (202.70.37.34)

    2019-05-23

    Шудрага залуу шүү. Одоо үед ингэж гарч ирэх эр зоригтой мэдлэгтэй залуус ховор болсон. Муу аргаар хоолоо олж иддэг муу хүмүүстэй нийлдэг залуус олон болжээ. Шудрага залуус биеэ энхрийлж яьахгүй бол яачиж мэдэн МАНАН ынхан байна.