Европын зөвлөл ОХУ-тай учраа олохыг хүсч байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүун Э.Макрон болон Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, Украин, Иран, Сири болон Европын парламентын сонгуулийн талаар санал солилцсон байна. Талууд Украинд төрийн эрх солигдсоныг харгалзан тус улстай холбоотой зөрчил, сөргөлдөөнийг тайван замаар зохицуулах “Минскийн гэрээ”-г орлох хувилбарыг санал болгожээ. ОХУ-ын Ерөнхийлөгч “Киевийн эрх баригчид Донецк, Лугансктай шууд яриа хийх ажлыг зохион байгуулах талаар тодорхой алхам хийх нь чухал” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Дээд Радын баталсан Украин хэлний тухай хуулийн талаар хэлэлцжээ. Энэ талаар "Украины Үндсэн хууль, “Минскийн гэрээ” болон үндэстний болоод хэлний цөөнхийг хамгаалахад хүлээсэн Киевийн олон улсын үүргийг зөрчиж буй уг баримт бичгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээс зарим улс татгалзсантай холбоотойгоор талууд эргэлзэж буйгаа илэрхийлсэн" гэж Кремлийн сайтад мэдээлжээ. В.Путин, Э.Макрон, А.Меркель нар худалдаа, эдийн засгийн салбарт Тегерантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Гурван улсын удирдагч цөмийн хөтөлбөрийн гэрээг хэвээр хадгалах нь зайлшгүй чухал болохыг цохон тэмдэглэжээ. Үүний сацуу Сирийн Идлиб мужид байлдааны ажиллагааг зогсооход хэт үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлүүд оролцсон талаар ярилцжээ.

 

ОХУ-ын зүгээс Сирийн баруун хойд нутгийн байдлыг тогтворжуулах, энгийн иргэдийг хамгаалах, террорист аюул заналаас урьдчилан сэргийлэхийн тулд Турк улстай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Макрон, Меркель нарт мэдээлжээ.

 

Талууд Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Э.Макрон, А.Меркель нар ОХУ-ын төлөөлөгчдийн Европын зөвлөлийн парламент дахь эрхийг бүрэн сэргээхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Европын зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын оролцоотой холбоотой энэ сэдэв олон улсын ажиглагчдын анхаарлыг татжээ. “ОХУ-ын төлөөлөгчдийн парламентын ассамблей дахь гол бүрэн эрхүүдийг хууль бусаар цуцалсны улмаас Европын зөвлөлд үүссэн

нөхцөл байдлыг зохицуулах нь аль алиндаа тустай гэдэгтэй санал нэгдсэн” гэж Кремлийн мэдээлэлд дурдсан байна.

Э.МАКРОН, А.МЕРКЕЛЬ НАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭХ ҮҮ

Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахын зэрэгцээ ОХУ Европын зөвлөлөөс гарч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. БРЕКСИТ, РУКСИТ нэгэн зэрэг болбол Европын хувьд хүндхэн цохилт болно. Крым, ОХУ-тай 2014 оны дөрөвдүгээр сард нэгдсэний дараа Европын зөвлөл Оросын төлөөлөгчдийн санал хураалтад оролцох эрхийг хассан юм. Харин ОХУ 2016,2018 онд төлөөлөгчдрө илгээгүйгээс гадна эрхийг нь нөхөн сэргээхийг шаарджээ. Москва Европ тивийн хамгийн нэр хүндтэй, өргөн төлөөлөлтэй байгууллагуудын нэг болох Европын зөвлөлийн үүргийг бэхжүүлэхийг дэмждэгээ илэрхийлж байсан. ОХУ Европын парламентаас бусад бүтцийн бүх ажилд идэвхтэй оролцдог. ОХУ-ын Холбооны Зөвлөлийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг аливаа болзолгүйгээр сэргээх хүртэл Орос улс Европын зөвлөлд төлөх татвараа түр зогсоосон билээ. Ингэхдээ Орос улс Европын зөвлөлийн үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр оролцож, нэгдэн орсон конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа аж. Европын зөвлөлийн өнгөрсөн сард болсон чуулганаар ОХУ-ыг төлөөлөгчдөө бүрдүүлж, татвараа төлөхийг уриалсан. Харин ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Энэ талаар ОХУ шийдвэр гаргаагүй цагт Европын зөвлөлд буцаж нэгдэхгүй” хэмээжээ.

 

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)