Монголчууд азтай, заяатай ард түмэн

Oйрд махны асуудлын өнгө аяс гэнэт өөрчлөгдлөө. Улаан махны асуудлыг он дамнуулан ярьцгааж шуугилдаж, нэгийгээ золигт гаргасан боловч одоо ч асуудал нь бүрэн шийдэгдээгүй байна. Гэтэл жинхэнэ идэшний махны асуудал босч амтай болгоны амны зугаа болон, сошиал ертөнц тэр чигтээ автав. Судлаад байхаар дан ганц үнэ, хангамж нийлүүлэлтийн асуудал ч биш болоод явчихлаа.

Төрийн тодорхой түвинд ажиллаж буй хүний амнаас алдагдсан ганц хэлтгий үг нийгмийн сэтгэлгээг бүхэлд нь хазайлгадаг аж,

Монгол хүний ахуйг мах гурилгүйгээр төсөөлөх аргагүй, амьдралын хамгийн эмзэг цэг бол энэ. Хятад иргэд, махны экспортыг дэмжих төрийн бодлогыг ашиглан махны үйлдвэр олноор байгуулж, малчдаас амьд мал газар дээр нь хямд үнээр авч, махлан өндөр үнээр урагш нь гаргаж худалддаг болоод удаагүй байна. Жижиг үйлдвэр эрхэлж амьдралаа сайжруулах гэсэн монголчууд гар дээр мөнгөгүй, хүү багатай зээл олдохгүйн харгайгаар мөнгөтэй хятад иргэдийн аманд унаж хамтарсан тохиолдол ч зөндөө. Хятадууд мал худалдаж аваад орон нутгийн дарга нартай зохицож мал хариулга хийдэг болсныг харуулсан хэд хэдэн бичлэг цацагдав. Угаас хятад фобийтой ард түмний уур бухимдал талын хуурай өвсний түймэр шиг асан, газар авах байдалтай болчихов. Махны хомсдолд орох нь гэсэн ард түмний сандрал, нийгмийн айдас болон хувирав. Даарин дээр давс гэгчийн үлгэрээр төрийн зарим түшээдийн, “түмпэнгээр мах идэхээ боль”, “хорхог хийхээ хазаарла” гэсэн түрэмгий үг дургүйцлийн түймэрт тос цацаж орхив. Бүр махны хэрэглээний норм тогтоох юм ярьсан нь улам ч гааруулав. Ерөнхий сайдын рейтинг навсайтал унав. Мэдээж олигтой бэлдэж чадаагүй нөөцийн махаа гаргаж нийлүүлэлт хийсэн ч үр дүн гарсангүй, ардчиллын дараах жилүүдийн картын системийн төрх байдал давтагдах янзтай боллоо.

Махны эрэлт хэрэглээ өсөөгүй, нийлүүлэлт хомсдоогүй байхад үнэ огцом өссөн нь зах зээлийн систем гэдэг тун хатуу чулуу шүү гэдгийг л иргэдэд ойлгууллаа. Эцэг эхдээ туньсан хүүхдүүд шиг У.Хүрэлсүх рүү дайрцгаалаа, энэ нь ч аргагүй юм.

Аливаа түүхий эдийн үнэ хэрэглээ, нийлүүлэлт, борлуулалтаас шууд шалтгаалан өөрчлөгдөж, заримдаа унаж, заримдаа галзуурч байдаг ухамсараас үл хамааран үйлчилдэг бодит эдийн засгийн зүй тогтол юм. Төрөөс нөлөөлөх олон талын механизм бий ч тэр нь түр зуурын чанартай, далайц муутай байдаг. Нэг үгээр бол механизмаар нөлөөлөх арга үр дүн муутай гэсэн л үг. Хүчтэй нөлөөлөн асуудлыг шийдэх цорын ганц арга нь ард түмний бодит орлогыг дээшлүүлэх явдал мөн. Хэд хэдэн бодитой аргыг санал болгон асуудал дэвшүүлье гэж бодлоо.

Махны асуудлыг шийдэх бодитой арга нь хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх явдал юм.

Хүн амын бодит орлого гэдэг нь бэлэн мөнгө биш, гар дээр бэлнээр орж ирж байгаа мөнгөөр худалдан авч болох бараа үйлчилгээний хэмжээг хэлдэг,

Нэг. Хүн амын нуруун дээр байгаа зарлагын ачааллыг хөнгөрүүлэх нь тэргүүн зэргийн шууд нөлөөлөлтэй бодитой арга мөн. Иргэдийн цалин тэтгэврийн зээлийг нэг удаа зоригтой тэглэчих хэрэгтэй. Дунджаас дээш амжиргаатай иргэд цалингийн зээлтэй гэж бодогдохгүй байна. Жирийн иргэдэд л чиглэгдсэн ажиллагаа болно. Тэглээ гээд гадаад валютын ханш төдийлэн өөрчлөгдөхгүй. Цаашид, иргэддээ цалин тэтгэврийн урьдчилгаа олгохдоо хүү тооцдог хулгайн аргыг нэг мөр цэглэх ёстой.

Хоёр. Европын хүү багатай соёлтой банкны хэд хэдэн салбарыг оруулж, ард түмэнд өөрсдөө хөл дээрээ босох, дундаж давхаргыг бий болгох аятай нөхцөлийг хүн амдаа итгэн олгох ёстой. Мөнгөтэй хятадаар махны үйлдвэр бариулж хишиг горьдох биш соёлтой банкны партнёр болоод өөрсдөө баялаг бүтээг л дээ. Итгэлийн зээл гэж шоудаад эх үүсвэр шаардаад  ажил санаачилсан болоод суугаад байх хэрэггүй, тэгээд ч УИХ-ын хийдэг ажил биш. Зүгээр л нөхцөл боломж л олгоод байхад босчих л ард түмэн шүү дээ.

Гурав. Эдийн засгийн диверсификаци гэж арга бий л дээ. Зарим оронд чөлөөт эдийн засаг ч гэж нэрлэдэг. Төрийн хууль л зөрчөөгүй бол иргэдэд мөнгө олох бүх л нөхцөлийг чөлөөтэй тавьж өгнө гэсэн үг. Сүүлдээ соёл иргэншил хөгжихийн аясаар аяндаа хумигдчихдаг юм билээ. Энэ мэт цаг зуурын асуудлыг орхиод чухал сэдэв рүүгээ оръё.

 

• Монгол хонины махны шимт бодисын агуулагдахуун дэлхийн дунджаас даруй 40%-иар их гэдгийг судалж тогтоосон байдаг. 

• Зуншлага сайтай жилийн, Монгол Алтай, Хангайн нуруу, төвийн аймгуудад, төлөг насны хонины махны шимт бодисонд лизины эзлэх хувийн жин 10% хүрэх тохиолдол бий. 

• Өөх тосыг задалж солилцоонд оруулдаг чанараараа элэгний хамгаалалтын албаны буутай цэрэг л гэсэн үг.

 

Ер нь монгол малын мах найрлагын шимт бодисын хувьд дэлхийд хосгүй хүнс. Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат зэрэг хэд хэдэн суманд судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн Габриеле Спирли гэж судлаач “Монгол мал үндсэндээ эмийн ургамлын тэжээлтэй. Дэлхийд ховордсон энэ үнэт зүйлийг хамгаалалтанд авах бодлого байх ёстой. Уул уурхайгаас дайжуулах ёстой. Бэлчээрийн аргаар малын эрүүл мэндийн системийг боловсруулан мөрдөх боломж байгаа” гээд манай Засгийн газарт зөвлөмж гаргаж өгсөн юм билээ.

 

Заавал хууль гаргалгүйгээр Засгийн газар өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд энэ үнэтэй төслийг хэрэгжүүлэхэд саад болох зүйлгүй санагдсан. Харин УИХ-д оруулах юм бол жинхэнэ асуудал үүснэ гэж эмээж байна.

Mонгол малын бэлчээрийн хуваарь, өвс ургамлын шимт бодисын хэмжээ, найрлагыг манай эрдэмтэд Буриадын эрдэмтэдтэй судлан тогтоочихсон юм билээ. Хонь бэлчээрийг сорчилж иддэг, тэрхүү гайхамшигт шим тэжээл нь хүнсээр дамжин цусанд шингэдэг, уураг тархинд очоод мэдрэлийн эд эсэд сайнаар нөлөөлдөг юм билээ. Тэр нөлөөллийг инспираци гэдэг, монголчуудын онгод гэж ярьдагтай төстэй юм. Монголчуудын омогшуу, чадалтай, тэвчээртэй, ой санамж өндөр, их мэдрэмжтэй байдаг нь тэр инспирацитай шууд холбоотой юм билээ.

Монгол хонины мах бол эм

Төвдөөс угшилтай Ази хонь, цаг уурын нөхцөл, бэлчээрийн ургамал, нүүдэлчин ардын селекцээр үндсэн чанар нь өөрчлөгдөж “монгол хонь” гэсэн бие даасан үүлдэр бүрэлдэн тогтсон байдаг. Монголчууд өнө эртнээс, хониныхоо махыг идшинд хэрэглэхийн зэрэгцээ, шөлөөр хүүхдийн угаалга хийх, тамирдсан хүнд шимт гурван ясны шөл, битүү шөл уулгах, яс түлж утах, хүүхдэд годон хөхүүлэх, ууц өвчүүг дээдлэн хүндэлж идэх гэх мэт олон аргаар эмчилгээ сувилгаанд хэрэглэсээр иржээ. Монгол хонины махны шимт чанарын судалгааг манай болон орос, гадаадын монголч олон эрдэмтэн мэргэд чамгүй сайн хийчихсэн юм билээ. Харин, бүх амин дэмийн бүрэлдэхүүн, агуулгатай, физиологийн ач холбогдолтой, биологийн хувьд зүйрлэшгүй үнэт тэжээл гэгдэх гэдэс, дотор махны судалгаа бол нилээд хожуу эхэлсэн, цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай объект юм байна. Монгол хонины махны уургийн үл орлогдох амин хүчлийн бүрэлдхүүн нь, Киргиз, Шинэ Зеландын бэлчээрийн хонины махаас 12.6% хүртэл их байдаг ажээ. Монгол хонины махны шимт бодисын агуулагдахуун дэлхийн дунджаас даруй 40%-иар их гэдгийг судалж тогтоосон байдаг. Ухаандаа, дэлхийд уургийн чанарын 5%-ын үзүүлэлттэй хонины мах тун сайн чанарын  гэж тооцогддог байхад, монгол хониных 7.5% байх жишээтэй л юм. “Монгол хонь” үүлдрийн бэлчээрийн хонины мах дэлхийн брэнд болох нь зүгээр л цаг хугацааны асуудал гэж бодож явдаг. Махны эрүүл ахуйн чанарыг сайжруулах нь өнөөхөндөө л төвөгтэй байгаа болохоос, хониныхоо махны шимт чанарыг ихэсгэхийг эрмэлзсэн орнуудын орлодлоготой харьцуулахад өчүүхэн зүйл, онцгой асуудалд тооцогдохгүй бэрхшээл. Монгол хонины махны орлогдох, үл орлогдох шимт бодисын агуулагдахууныг 20 гаруй төрлийн органик нэгдлийн найрлагаар судалж тогтоосон жагсаалт бий. Химийн үйлдвэрүүдэд, урвалын аргаар гаргаж авдаг энэ чухал нэгдлүүд монгол хонины маханд бэлнээр байдаг, тэр нь монголчуудын голлох хүнс болдог, монголчууд хониныхаа махыг идэхгүй удвал махасдаг гээд бодохоор сэтгэл хөдлөн огшмоор ч юм шиг.

 

Глютамины хүчил (glutaminic acid)дэлхийд энэ бодисыг голчлон химийн аргаар үйлдвэрлэн гаргадаг, эмийн найрлагад гол түүхий эд болон ордог. Төв мэдрэлийн системийн цусан хангамжийг тогтворжуулах, эргэн санах ой тогтоолтыг сайжруулах, моторик болон зах хязгаарын мэдрэлийн эд эсүүд, тэдгээрийн транспортлох процессыг түргэтгэх гээд мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагаатай холбоотойгоор эмнэл зүйн практикт өргөн хэрэглэгддэг, юугаар ч орлошгүй органик нэгдэл юм.

Глютаматыг байнга жижиг доозоор хэрэглэсэн үед булчинд тамир сууж, шөрмөсний даац ихсэнэ. Ялангуяа булчинд очих мэдрэлийн эсүүдийн динамикыг тэнцвэржүүлснээр булчин, шөрмөс зөөлөн эдийн уян хатан чанарыг бусад бодистой харьцуулшгүй үр дүнтэй дээшлүүлэх үйлчилгээтэйгээрээ хүний бие организм, бодисын солилцооны нэн шаардлагатай бодист тооцогддог. Монгол хонины махны шимт нэгдлийн найрлагад энэ чухал бодисын хэмжээ 11.7%- д хүрдэг. Глютаматын ийм өндөр найрлагатай мах дэлхийн аль ч улсад байхгүй, байх ч үндэслэлгүй.

Лизин (lysine) уургийн бүтцийн чухал элимент лизиний хүчлийг органик химийн аргаар үйлдвэрлэн гаргадаг. Саяхан болтол тодорхойгүй байсан соёл иргэншлийн гэгдэх, автоиммуны өвчний үүсэх шалтгааныг антибиотек хэтрүүлсэн, эсвэл организм лизиний дутмагшилд орсон гэсэн хоёр төрлөөр эрдэмтэд тогтоогоод байна. Учир нь лизиний хүчил гэх  чухал нэгдэл, бодисын солилцоонд орохдоо, бие организмыг гаднын болон удамшлын төрмөл вирус, хорт бактери, халдварт өвчний нянгийн довтолгооноос хамгаалан, эд эсийг сүйрүүлэх үйлчилгээг нь саармагжуулах ач холбогдолтой нэн чухал бодис ажээ. Лизиний хүчил нь бас, дархлааг сайжруулах чиглэлийн аргинина, нейтрофиль зэрэг олон төрлийн бодисыг идэвхжүүлэх үйлчилгээтэй юм. Лизин бол булчин шөрмөс, яс бэхжүүлэх кальци, фосфор зэрэг химийн нэгдлүүдийг ясанд хүргэж өгдөг маш чухал транспорт мөн. Монгол хүн яс бөхтэй, шүд сайтай байдгийн учир энд л байна. Түүнээс гадна, лизин нь судасны агшилт, тэлэлт (присталтик)-ийг тогворжуулах, цусанд саахар, өөхний хэмжээг зохистой хэмжээнд барих, бие махбодийн гаднын нөлөөнд автахгүй, тэсвэртэй байлгах зэрэг өөр ямар ч нэгдэлд байдаггүй онцгой чанаруудыг хадгалсан шимт бодис юм. Монгол хонины махан дахь лизины хүчлийн найрлага асар өндөр. Зуншлага сайтай жилийн, Монгол Алтай, Хангайн нуруу, Төвийн аймгуудад, төлөг насны хонины махны шимт бодисонд лизины эзлэх хувийн жин 10% хүрэх тохиолдол бий. Лизины ийм өндөр найрлагтай хонины мах дэлхийн аль ч өнцгөөс эрээд олдохгүй, байх үндэслэлгүй юм.

Треонин (L-Threonine) Амин хүчлийн төрлийн юугаар ч орлуулах аргагүй органик нэгдэл бол энэ. Өөр хоорондоо трансфузи хийгдсэн таван онцгой чухал бодисын нэгдэл треонины бие организмын зайлшгүй хэрэгцээ нь насанд хүрэгсдийн хувьд арай бага, 0.5 гр, харин хүүхэд өсвөр насныхан өдөр тутамд гурван грамм хүртэл треонион шаарддаг. Треонины нэгдэл нь булчин шөрмөсний бүтэц, зохион байгуулалтын уран барималч нь юм. Өөх тосыг задалж солилцоонд оруулдаг чанараараа элэгний хамгаалалтын албаны буутай цэрэг л гэсэн үг. Треонины дутмагшилд орсон хүний элэг хатуурч эхэлдэг нь үүнтэй холбоотой. Шар өвчнөөр өвдөх нь треонины үйлчилгээг саармагжуулах аюултай, хүүхэд насандаа шараар өвдсөн хэнбугай ч гэсэн насан туршдаа элгээ хайрлаж, анхаарч явах олдмол мэдээллийн тээлттэй яваа шүү л гэсэн үг.

Бэлчээрийн ургамлын олон талын ашиг тус хонины маханд бий

Хонины махтай холбоод гуравхан нэгдлийг товч тайлбарлалаа. Ер нь хүний бие 98 төрлийн химийн нэгдэл, 20 гаруй төрлийн органик бодисуудыг шаарддаг, тэдгээрийн дийлэнхийг үйлдвэрлэдэг элэг гэх химийн комбинатын үйл ажиллагааг, түүхий эдээр тасалдуулахгүй хангая гэвэл “хонины мах сайн идэж бай” л гэх гээд байна. Аптекаас эм аваад залгих, эсвэл шимт бодисыг цусандаа элгээр үйлдвэрлүүлэн оруулах хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Элэгнээс ялгарах 100 гаруй төрлийн элементийн ач холбогдлыг би төвөггүй тайлбарлаж чадна, гэхдээ тэдгээрийн натурал байдалдаа хэрхэн урвалд ордог, хонь, малын эрхтнүүдийн алинд нь ямар шимт бодис ихээр агуулагдаж байдгийг тайлбарлахын тулд удаан  жилийн судалгаа, шинжлэх ухааны интерпретаци хэрэгтэй бололтой юм билээ.

Монголчууд яагаад хүүхдүүддээ хурганы засаа будаатай хольж идүүлдэг вэ. Тэнд ямар урвал явагдав. Чанасан махыг яагаад заавал сүүтэй цайнд хийж иддэг вэ. Махны шимт бодис сүүтэй ямар урвалд ороод юмар чухал нэгдэл гараад ирж байна. Борцыг чанахын өмнө яагаад усанд удаан байлгадаг вэ. Хонь гаргаад мах, эрхтний заримы нь яагаад хүүхдэд өгөх дургүй байдаг вэ. Яагаад түгшүүрийг гэхэд л бүсгүй хүнд өгдөггүй заншилтай байна. Хонины махны хормоонлиг хэсэг нь хаана нь байна. Завхан, Өвөрхангайн эсвэл жишээлэхэд, Дорноговийн хонины махны шимт бодисын агуулагдахуун яагаад өөр өөр байна... Энэ мэт мянга мянган асуултад эрдэмтэд, судлаачид тоймтой хариулт өгөх ёстой юм.

Тнспираци (inspiration) Би энэ ухагдахууныг монгол хэлнээ хөрвүүлж зүрхэлсэнгүй, утга уран зохиолд өнөөдрийг хүртэл ямартай ч “онгод” гэдгээр хэлэгдсээр иржээ. Эл нийтлэлийн хүрээнд, инспирацийн экологийн өдөөгч нь нэрийн ургамалд байдаг, тэр нь хонины махаар дамжин бодисын солилцоонд орж тархи толгойд хүрч шим тэжээл болдог гэдгийг олж мэдсэнээ л дурдах гэсэн юм. Ер нь бол хүний тархи хоногтоо 160 гр өтгөрүүлсэн цус шаарддаг, экстрактыг боловсруулах, ханган нийлүүлэгч эрхтэн нь өнчин тархины ар биенд байрладаг, түүхий эдээ эргэлтэнд байгаа цусны бүрэлдэхүүнээс бэлнээр авдаг зэрэг нь шинжлэх ухаанаар аль хэдийн тогтоогдсон зүйл л дээ. Ургамал, амьтны гаралтай түүхий эдийн чиглэлээр Орос, Буриадын нэрт физиологич зарим эрдэмтэдийн диссертацыг олж үзэх  завшаан надад олдсон юм. Зарим ургамал нь химийн эфедрин гэдэг хар тамхины бодисыг тодорхой хэмжээгээр агуулдаг, Монгол Алтай, Хангай нурууг хамран тал хээрийн бүсийн зарим мужид ургадаг болохыг судалж тогтоосон юм билээ. Эфедрины агуулгатай ургамал гэж нэр томъёогоор нь мэдэхгүй ч тиймэрхүү үйлчилгээтэй ургамал гээд л хэлэхэд увс, Завханы захын малчин түүгээд ирж мэдэх л байх. Малын мах, цагаан идээгээр дамжин организмд бодисын солилцоонд орохдоо тэр бодис, тархинд, ялангуяа баруун ховдолд очиж экстаз үүсгэн, сэргээх үйлчилгээ үзүүлдгийг олж тогтоосон байдаг. Хавар ногоо гарах үеэр малчид янз бүрийн л юм ярьцгаадаг, “чөдөр өвс хөлд тээглээд энэ жил ч мал таргалах нь энэ дээ” ч гэдэг юм уу, эсвэл “айраг эрт исэх нь”, “бор тарга авах нь, эсвэл авахгүй нь”... Энэ бүхэн бэлчээрийн ургамлын аль нь юунд тусдагийн учрыг ямар ч эрдэмтнээс илүү л мэдсээр ирсний баталгаа. Олон зуун мянган жилийн ажиглалт, үндсэндээ эмпирик судалгаа шүү дээ. Сорчилж идүүлэх, сөл хөөлгөх...бүгд л утгатай. Инспирацийн үйлдэл нь ганц онгод орохоор хязгаарлагдахгүй, эрэмгий чанар, өл даах чадвар, манайхны огцом уур гэж ярьдаг эмоцийн хөөрөл, сааралтын процесс, түргэн сэтгэлгээ, ой санамж, мэдрэмж гэх мэт олон төрөл зүйлээр тусна. Монголчууд хоолоо хүртэл инспирацитай, хоржигнуулан сорж тачигнуулан зажилж иддэгээрээ европынхноос ялгардаг. Энэ нь бүдүүлэг гэх зан огт биш зүгээр л хоол боловсруулах дур сонирхлын хүрээнд яригдах сайн талтай онцлог. Хонины махаа бүхлээр нь идчихээд үхсэн юм шиг унтаад өгдөг ч гэсэн бие, мэдрэлийн системийг дэндүү сайн тайвшруулж чадаж байгаа ховор онцлог. Тархинд инспираци өгөхөөс гадна цусанд микро шаталт өгч, байнгын халуун байлгадаг бодис бас бий. Тэдгээр нь тодорхой нэрийн ургамлаас малын махаар дамжин цусанд орж ирдэг нь ойлгомжтой болсон зүйл.

 

Монголчуудын халуун цустай гэдгийг монголчууд өөрсдөө эрдэмтэдээс өмнө мэдэрчихсэн юм, гагцхүү түүнд шинжлэх ухааны интерпретаци хийж баримтаар баталгаажуулах л үлдсэн байх гэж бодогддог.

 

Монголчууд дэлхийн талыг эзэлсний, ой санамж IQээр дэлхийд ноёлдгийн, аливаад дасан зохицохдоо гарамгай сайны, спортын мэдрэмж өндөр байдгийн, ерөөсөө мэдрэмж инстинкт сайтайн, аливаад авъяастай, овсгоотой байдгийн, гадаад хэл амархан сурдгийн, монгол хүнээс эхүүн үнэр гардгийн, омголон дагшин зантайн... гээд олон зүйлийн учир шалтгааныг хонины махны, бэлчээрийн ургамлын шимт найрлагатай холбож ойлгож болох нь тодорхой. Тухайлаад л үзэхэд хонины махны орлогдох, үл орлогдох 14 шимт бодисын химийн найрлага, ямар үйлчилгээтэй байгааг жагсаахад л олон янзын оньсого шиг таамаглалууд тайлагддаг юм. Ингээд бодохоор монголчууд бид тун азтай, бурхан заяатай хүмүүс.

Ийм байгальтай, ийм хонь малтай, мах цагаан идээндээ дэндүү дуртайгаараа монголчууд бид л бахархахгүй юм бол хэн, юугаар бахархах юм бэ. Энэ бол монголчуудад бурхнаас заяасан хувь тавилан юм.

Социологич И.Цэрэнхүү

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)