“Ард түмний зарц” В.Зеленский Донбасст энхийг тогтооно

Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа Украин улсын 6 дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үг, албан тушаалдаа орсон өдрөөсөө эхлэн түүний хийж буй зоримог алхмууд нь улстөрчид болон ажиглагчдын анхаарлыг татсаар байна. Тэрбээр ард олонд ойлгомжтой энгийн үг өгүүлбэрээр, элдэв “уянгын халил” эсвэл албархуу хөндий үг хэллэгүүдийг огт хэрэглэлгүйгээр ярьснаараа өмнөх төрийн тэргүүн нараас эрс ялгарч байлаа. 

В.Зеленский хэлсэн үгэндээ хоёр асуудлыг чухалчилсан юм.

Донбасст дайны галыг зогсоож, Украины олзлогдсон бүх цэргийг эх оронд нь буцаан авчрах нь эн тэргүүний зорилт мөн гэдгийг шинэ Ерөнхийлөгч зарлан мэдэгдлээ.

Хоёрдугаарт, төр засгийн бүтцэд шинэчлэл хийхээр шийдвэрлэснээ тэрбээр онцолсон байна.

Донбасст энхтайвныг тогтооно 

Донбасст дайны галыг зогсоох нь хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой зорилт мөн гэж тэрбээр хэлсэн боловч энэ зорилтоо биелүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа тодорхой дурдсангүй. “Бид энэ дайныг эхлүүлээгүй ээ, гэхдээ бид энэ дайныг дуусгах ёстой болж байна. Бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Зеленский хэллээ.

Дайныг зогсоохын тулд нэн түрүүнд Украины олзлогдсон цэргүүдийг бүгдийг нь суллах ёстой гэдгийг тэрбээр  онцлон дурдсан боловч уг асуудлаар яг хэнтэй хэлэлцээ хийх вэ гэдэг нь тодорхойгүй байв. Украины Батлан хамгаалах яамны мэдээллээр бол, Украины зүүн нутагт тусгаар тогтнолоо зарлаад буй БНДонецк Ард Улс ба БНЛуганск Ард Улсад Украины 41 цэрэг олзлогдоод байгаа ажээ.

Оросын талын хувьд, Донбассын зэвсэгт мөргөлдөөний үеэр олзлогдсон хоёр талын цэргүүдийг “бүгдийг бүгдээр” гэсэн зарчмаар солилцох, ингэхдээ 2015 онд Орос,Франц, Герман, Украины удирдагчдын гарын үсэг зурсан Минскийн тохиролцоонд тусгасны дагуу олзлогдогсдыг солилцох ажиллагааг явуулах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.

Зеленский Донбассын бүгд найрамдах улсуудын удирдагчидтай хэлэлцээ хийх бодолтой байна гэсэн цуу яриа сонгуулийн кампанит ажлын үеэр олон удаа гарч байсан юм. Харин түүний өрсөлдөгч Порошенко “Кремлийн гар хөл болсон тоглоомын этгээдүүд”-тэй хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар ирсэн билээ.

Дайныг зогсоохын тулд хүнд хэцүү шийдвэр гаргаж магадгүй, гэвч үүний төлөө би нэр хүндээ алдахаас айхгүй, шаардлагатай бол, энхтайвныг тогтоохын тулд ямар ч эргэлзээгүйгээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзахад бэлэн байна гэсэн утгатай үгийг Зеленский хэлсэн нь олны анхаарлыг татлаа.

Харин тэрбээр тангараг өргөснийхөө дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болон Конгрессын гишүүдтэй уулзах үеэрээ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах нь зүйтэй гэсэн нь оросуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Үүний хариуд Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков хэлэхдээ “хэрвээ Зеленский ийм байр суурьтай байгаа бол Донбассын асуудал шийдэгдэхгүй” гэжээ.

Засаглалын шинэчлэл

Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленский тангараг өргөх ёслолынхоо үеэр Украины парламент болох Дээд Радыг тараана гэдгээ мэдэгдсэн билээ. Одоогийн парламент 5 жилийн өмнө буюу Зеленский улс төрд орох талаар бодож ч байгаагүй тэр үед байгуулагдсан юм.

Харин одоо Зеленскийн хувьд, Дээд Рад дахь улс төрийн гол хүчнүүдийн хүчний харьцаа хэрхэн бүрэлдэх вэ гэдгээс тэрбээр өөрийн бодлогыг хэрэгжүүлж чадах эсэх нь шалтгаалах болоод байна. Өөрийг нь дэмждэг улс төрийн намын төлөөллийг парламентад оруулахгүйгээр бодож төлөвлөснөө хэрэгжүүлнэ гэдэг бол үндсэндээ боломжгүй зүйл юм. Учир нь, Украин бол хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд ерөнхийлөгч, парламент хоёрын эрх мэдэл тун тэнцүү хуваарилагдсан байдаг аж. Гэхдээ Дээд Рад нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоёроо “хөдөлгөхгүй барьж байдаг” эрх мэдэл, хөшүүрэгтэй бөгөөд парламентын зөвшөөрөлгүйгээр Зеленский гадаад, дотоод бодлогын гол асуудлуудаар шийдвэр гаргаж чадахгүй, мөн Ерөнхий прокурор, Аюулгүй байдлын албаны дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудыг томилж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, Зеленский хувьд, чөлөөтэй хөдлөх боломж нь хязгаарлагдмал, гар хөл нь тушаатай байна гэсэн үг.

Ийм учраас тэрбээр Дээд Радын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө зогсоож, ээлжит бус сонгуулийг 7 дугаар сарын 21-нд зарлан явуулах тухай зарлигт гарын үсэг зурлаа.

 

Парламентыг тараах болсон нь, украинчуудын дөнгөж 4 хувь нь парламентад итгэл үзүүлж байгаа, 2016 оноос хойш тус парламентад ямар ч эвсэл фракци байхгүй байгаа гэх хоёр шалтгаанаас үүдэлтэй ажээ. Дээд Радыг тарааснаар Украинд улс төрийн дэврүүн романтик үе ард хоцорч, жинхэнэ улс төр эхэллээ гэж "СБ. Беларусь сегодня" сонинд дүгнэн бичсэн байна.

 

Зеленский парламентад өөрийг нь дэмждэг олонхийг бүрдүүлэх гэж яарч байгаа нь үнэн, гэхдээ энэ нь тийм ч амархан бүтэхээргүй байгаа юм. Учир нь, түүний удирддаг “Ард түмний зарц” гэдэг намын нэр хүнд төдийлөн сайнгүй байгаа бөгөөд яг өнөөдөр парламентын сонгууль явууллаа гэхэд сонгогчдын 40 хувийн саналыг авах төлөвтэй байгааг олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.

Парламентыг татан буулгах тухай ерөнхийлөгчийн зарлиг гарсан тохиолдолд ээлжит бус сонгууль 7 дугаар сарын 14-нд болох ёстой. Гэхдээ одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу парламентын бүрэлдэхүүний тал нь мажоритар тойргуудаас, тал нь намын жагсаалтаар /5-аас дээш хувийн босгоор/ сонгогдох юм. Харин В.Зеленский сонгуулийн мажоритар тогтолцооноос татгалзах, Дээд Радын гишүүдийг намын жагсаалтаар сонгох, 5 хувийн босгыг 3 хувь болгож бууруулах саналыг депутатуудад тавьсан боловч парламент шинэ Ерөнхийлөгчийн саналыг дэмжих нь байтугай хэлэлцэхээс ч татгалзжээ. Энэ нь Зеленский анхныхаа ялагдлыг хүлээлээ гэсэн үг хэмээн ажиглагчид дүгнэж байна. Ер нь бол, Дээд Радыг тараасан нь хууль зөрчсөн шийдвэр гэж парламентын гишүүд  үзэж  байгаа учраас цаашдаа улс төрийн сөргөлдөөн дээрх маягаар маш ширүүн өрнөх нь тодорхой.

Нөгөөтэйгүүр, Зеленский хэлсэн үгэндээ, ээлжит бус сонгуулийг хүлээлгүйгээр засаглалын бүтцэд өөрчлөлт хийнэ гэдгээ онцоллоо. Энэ нь засгийн газрыг огцруулна гэсэн үг бөгөөд тэрбээр “засгийн газар асуудлыг шийдэхгүй байна, засгийн газар өөрөө бидэнд асуудал болоод байна” гэж Америкийн ерөнхийлөгч асан Рональд Рейган хэлж байсныг иш татлаа. Зеленский сайд нарт хандан “та бүхэн дараагийн сонгуулийн тухай боддог биш харин дараагийн хойч үеээ боддог хүмүүст зайгаа тавьж өгцгөө” хэмээн хатуурхжээ.

Харин бодит байдал дээр, Украины Үндсэн хуульд зааснаар бол, парламент шинээр бүрэлдсэний дараа л засгийн газрыг огцруулах боломжтой бөгөөд Владимир Гройсманы удирдсан одоогийн засгийн газарт дор хаяж 2 сарын хугацаа үлдэж байгаа юм. 

Шинэ, хүчирхэг Украиныг байгуулахын төлөө

Ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох Ерөнхийлөгчийн хувиар В.Зеленский Украинд амьдарч байгаа болон дэлхийн улс орнуудад тархан суурьшсан нийт 65 сая украинчуудад хандан үгээ хэллээ. Тэрбээр тангараг өргөх ёслолд явган алхаж ирсэн нь ард түмэнтэйгээ ойр байхыг ямагт эрмэлздэг гэдгээ харуулахыг хичээсэн хэрэг юм.

 

Шинэ хүчирхэг Украин улсыг бүтээхийн төлөө зүтгэхийг хүсч буй бүх хүнд Украины иргэншил олгоно гэдгээ тэрбээр амлалаа.

 

“Та бүхэн гадаадаас ирэхдээ бэлэг сэлт авчрах хэрэггүй ээ, харин мэдлэг, туршлага, оюуны үнэт зүйлсээ авчраарай” гэж шинэ Ерөнхийлөгч захиад “бүгдээрээ ирээдүйд хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон исландчууд, газар нутгаа хамгаалан тэмцэж буй израильчууд, технологийг гаргуун эзэмшсэн япончууд, бие биентэйгээ зохицон аз жаргалтай амьдарч буй швейцарьчууд шиг болцгооё” гэж уриалсан нь украинчуудыг сэтгэлийг хөдөлгөсөн нь лавтай.  Тэрбээр “би урьд нь та бүхнийг инээлгэхийн төлөө явж байсан бол харин одоо та бүхнийг уйлуулахгүйн төлөө бүхнийг хийнэ!” гэж ард түмэндээ амлалаа.

 

Зеленский авлигатай тэмцэж чадах уу?

 

Авлигатай тэмцэх нь улс оронд тулгамдаж буй хамгийн чухал асуудал мөн гэж украинчуудын 91 хувь үзэж байгаа нь санал асуулгаар дүнгээр тодорхой болсон. Олон сая украинчууд шинэ ерөнхийлөгчийн хувьсгалч дүр төрхийг нэн таашааж байгаа бөгөөд Украиныг дотроос нь идэж буй авлигын тогтолцоог Зеленский 5 жилийн дотор нурааж чадна хэмээн найдаж байна. Тэгээд ч шинэ Ерөнхийлөгч сонгуулийн үеэр мэдэгдэхдээ “төрийн толгойд гарсан, авлигад идэгдсэн олигархууд улс орны эдийн засгийг сүйрүүлж байгаа учраас тэднийг зайлуулна” хэмээн ард олондоо амлаж байсан билээ.

 

Харин олигархиуд засгийн эрхэнд хэвээр, хүчирхэг хэвээр байна. Тэд улс төрийн намууд болон телевизийн сувгуудыг санхүүжүүлэн залуурдаж байгаа нь бодит үнэн.  Хэдийгээр В.Зеленский өөрийгөө “ард түмний зарц” гэдэг боловч үнэн хэрэгтээ бол тэрбумтан-олигарх Игорь Коломойский гэгчийн “тоглоомын хүүхэлдэй” гэж үздэг хүмүүс олон бий.

 

Ингэж гоочлох болсны учир юу вэ? Зеленскийн мэдлийн “Квартал-95” студийн шоу нэвтрүүлгүүд нь Коломойскийн эзэмшилд байдаг 1+1 гэдэг телевизийн сувгаар цацагддаг учраас шинэ Ерөнхийлөгчийн улс төрийн өрсөлдөгчид дээрх яриаг тараах болсон байна. Ер нь бол, баячуудын байгуулсан телевизийн бүх сувгууд алдагдалтай ажилладаг нь нууц биш. Хамгийн гол нь, тэдгээрийг эзэмшиж буй тэрбумтнууд нь үндсэн бизнесээсээ олсон ашгаар телевизүүдээ санхүүжүүлж, нийгэм дэх өөрсдийн нөлөөг хадгалах зорилгоор улс төрийн хэрэгсэл болгон ашигладаг нь хэнд ч тодорхой билээ.

Зеленский улс төрд гэнэт тодрон гарч ирсэн нь хэн нэгэндээ гомдож өширхсөн нэг олигарх нөгөөгөөсөө өшөөгөө авах гэж байгаагийн илрэл хэмээн зарим хүмүүс үзэж байна. Үүний хариуд Зеленский хэлэхдээ “тэрбумтантай тогтоосон миний харилцаа цэвэр мэргэжлийн хүрээнээс хэтэрдэггүй” гэж няцаадаг боловч үүнд хүмүүс эргэлзсэн хэвээр. Өш хонзонгийн тухайд, Порошенко төрийн тэргүүн байх үедээ Коломойскийг Украинаас хөөж явуулсан ажээ. Учир нь, Коломойский хөрөнгө зувчуулснаас гадна Днепропетровск мужийн захирагч байх үед нь түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс хууль бус наймаа эрхэлж, хүмүүсийг хулгайлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтны амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон ажээ.

Өнгөрсөн долоо хоногт И.Коломойский Израилиас Украинд гэнэт буцаж ирсэн нь дээрх таамгууд оргүй биш гэдгийг харууллаа. Хэрвээ одоо Зеленский засгийн газрын бүрэлдэхүүнд тэрбумтан-олигархийн төлөөний хүмүүсийг оруулах аваас түүний нэр хүнд навс унах эрсдэлтэй. Тэрбээр үнэхээр авлигын эсрэг тууштай тэмцэгч үү, эсвэл авлигач олигархийн барьцааны хүн үү гэдэг нь түүний Коломойскийтэй хэрхэн харилцахаас шалтгаална гэж “Вашингтон пост” сонинд дүгнэн бичсэн байна.

Төгсгөл

 

Тангараг өргөснийхөө дараа Зеленскийн хэлсэн үг нь түүний ард улс төрийн пиарчид, зөвлөхүүдийн маш хүчтэй баг ажиллаж буйг харууллаа гэж Казахстаны “Тэнгриньюс” агентлагийн мэдээнд дүгнэжээ.

Украин улсын Ерөнхийлөгч хүн тангараг өргөснийхөө дараа шууд улс төрийн томоохон санаачилгуудыг дэвшүүлсэн нь тус улсын түүхэнд байгаагүй тохиолдол бөгөөд шинэ Ерөнхийлөгчийн багийнхан цаашдаа улс төрийн өрсөлдөгчдөөсөө давж гарахын тулд санаанд оромгүй алхмууд хийх нь тодорхой боллоо.

 

 

Б.Адъяахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)