Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль ирэх сарын эхээр өргөн баригдах болов уу

-ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН-

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбоотойгоор багагүй үйл явдал өрнөлөө. Нийгмийн шүүмжлэлд өртөөд буй энэхүү өөрчлөлтийг эргээд хуучин хэвэнд нь оруулах уу. Эсвэл энэ чигээр нь үлдээх үү?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гараад байгаа. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал анх тусгагдаад түүнтэйгээ уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орчихсон юм билээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст боломж олгочихсон зүйл болчихож байгаа юм. Ойрын үед УИХ-ын зүгээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хурдан өргөн бариач ээ гэх чиглэлийг Засгийн газарт өгч байгаа. Энэ хүрээнд авлигын асуудал цэгцэрнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах олон асуудал байгаа гээд байгаа юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргүүд гэх зэрэг асуудалтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс энэ хаврын чуулганы хугацаанд багтааж тодорхой санал оруулж ирнэ гэж бодож байна.

-Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ тун удахгүй хэлэлцэж эхэлнэ. УИХ-аас Засгийн газрыг Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух чиг үүргийг өгөх үү?

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсгийн зүгээс Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 онд болсон хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэж харах, сайжруулах чиглэлээр ажиллах гэсэн хоёр гол дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг ойрын хугацаанд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос шийдэл гарна гэж бодож байна. Эдийн засгийн байнгын хороо чуулган руу оруулж хэлэлцүүлье гэвэл чуулганы хуралдаанаар хэлэлцэж болно. Шаардлагагүй гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгчихөж болно. Энэ гэрээг Засгийн газар болон Оюу толгой компани байгуулсан. УИХ-аас ажлын хэсэг гарч гэрээний хэрэгжилтийг шалгасан. Гэрээний хэрэгжилттэй холбоотой саналууд дээр бэлтгэх шийдвэрийн төсөл бэлэн болгоод байнгын хорооны юм уу, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх болов уу. Шийдвэр гарсны дараа Оюу толгой, Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээгээ сайжруулах чиглэлээр ажиллана байх гэж бодож байна. Энэ асуудлыг улстөржүүлж олон түвшинд яриад байх асуудал биш. Улстөржүүлэхийн оронд эдийн засгийн үүднээс хандаж аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай юм.

-Рио Тинтогийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Талууд хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээнд нааштайгаар өөрчлөлт оруулах боломж бий юү?

-Боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ бол хоёр талаасаа байгуулж буй гэрээ. Гэрээний гол зарчим нь хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой.

Ажлын хэсгийн дүгнэлт “Монголын талыг ашиг бага байна. Тиймээс гэрээг сайжруулах хэрэгтэй” гэж гарсан. Ажлын хэсэг дотроо таван дэд хэсэгтэйгээр жил гаруй хугацаанд ажилласан шүү дээ. УИХ нэгэнт ажлын хэсэг гаргаж ажлуулсан учраас дүгнэлтийг нь хэлэлцэж, чиглэл өгөх болно. Цаашид яаж, хэрхэн сайжруулах вэ гэдгийг Засгийн газар, Оюу толгой компани хэлэлцээрийн ширээнд сууж байж ярих ёстой юм.

-МАН-ын бүлэг “Итгэлийн зээл” өгөх улс төрийн шийдвэр гаргасан. Сонгуулийн шоу юм биш үү гэж шүүмжлэх хүмүүс байна л даа. Энэхүү зээлийн тухай тодруулаач?

-2016 оны сонгуульд орсон МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн зээлийг бий болгоно” гэсэн заалттай юм. Одоо сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдэж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө биелэгдээгүй заалтыг хэрхэн биелүүлэх вэ гэдгийг ярьж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг “Итгэлийн зээл”-ийн асуудлаар ажилласан. Төслөө бэлэн болгохоор явж байна. УИХ-д хараахан албан ёсоор өргөн бариагүй. Засгийн газраас санал авах гэх мэт процедурын ажил явж байна. Нэгэнт бид иргэдэд амлачихсан учраас энэ чиглэлд эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн сангийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийг нь аль болох банкаар дамжуулахгүй болгочихож болно. Үүнийг бид итгэлийн зээл гээд нэрлээд явчихаж болно. Ганцхан эрх зүйн орчин бүрдээгүй учраас ийм хууль гаргая гэж яриад байгаа юм. Түүнээс энэ сонгуулийн шоу биш, харин өмнөх амлалтаа л биелүүлэх гэж буй явдал. Хүн бүрт 20 сая төгрөг өгнө гэдэг ойлголт огт байхгүй. Юм хийе гэж байгаа хүмүүст 500 мянган төгрөг, эсвэл нэг сая төгрөг ч болтугай өгөх юм. Банкны зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй иргэнд зориулсан л жижиг зээл гэсэн үг. Одоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл ийм чиглэлтэй явж байгаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн асуудлаар Цэц маргаан үүсгэхээр болсон. Маргаан үүсгэх нь зөв үү?

-Маргаан үүсгэх нь зөв, буруу эсэхт дүгнэлт хэлэх эрх надад байхгүй. Үндсэн хууль зөрчсөн үгүйг шийддэг манаач буюу Цэц үүнийг шийдэх байх. Тийм учраас маргаантай холбоотой асуудлыг мэдэхгүй байна. Ер нь бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрөө гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас гишүүнээсээ чөлөөлөгдье гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу жил гаруй хугацаанд шалгаад явж байгаа юм шиг байна лээ. Эцэслэсэн ч юм алга. Бидний зүгээс Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт орно гэсэн байдалтайгаар л бэлтгэлээ хангаж байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг ажлаад дуусч байна. Энэ сардаа багтаан УИХ-д өргөн барина байх. Тийм учраас зургадугаар сардаа багтаан Сонгуулийн гурван хуулийг хэлэлцчих болов уу. Эцсийн хэлэлцүүлэг хийж батлахгүй ч гэсэн хэлэлцэх эсэхийг нь шийдэх, анхны хэлэлцүүлэг рүү орох хэмжээнд хүрчихнэ байх.

-Ямар гол өөрчлөлтүүд орох вэ?

-Нэгдүгээрт, сонгуулийн нэг хуулийг гурван хууль болгож байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль гэсэн гурван хууль болгож байна. Хоёрдугаарт, энэ хуулиуд нь тогтолцооноосоо шалтгаалаад өөр, өөр байх юм. Гурван шатны сонгууль байдаг учраас тус тусдаа хуультай байх нь зүйтэй юм гэсэн үндсэн зарчим явж байгаа. УИХ дээр сонгуулийн системийн тухай яригдана.

-Үндсэн хуулийг энэ хаврын чуулгандаа багтаан хэлэлцэх үү?

-Үндсэн хуулийн тухайд энэ сарын сүүл ирэх сарын эхээр өргөн баригдчих болов уу гэж бодож байна. Эхлээд их том төсөл гаргасан. Сүүлд нь бүлгээр хэд, хэдэн удаа хэлэлцээд гишүүдийн саналыг тусгалаа. Үүний дагуу хуулийнхаа заалтуудыг нэлээд өөрчилсөн. Мөлийлгөсөн гэсэн ойлгож болно. Зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа дөрвөн чиглэлээр багахан зэргийг өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж байна. УИХ-ыг хариуцлагатай болгох, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг хангах, мөн орон нутгийн тогтолцоог илүү иргэд рүү чиглүүлсэн байх гэсэн дөрвөн чиглэлд өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Хуулийн дагуу 57-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гишүүд гарын үсгээ зурж дууссаны дараа өргөн барих болов уу гэж бодож байна.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулиар гишүүдийн босч, сууж ярих тухай зохицуулах гэлээ, өөр хийх зүйл алга уу гэж иргэд шүүмжилж байна л даа. Энэ яг ямар ач холбогдолтой хууль юм бэ?

-Дэгийн тухай хоёр хууль өргөн баригдсан юм. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын хуралдааныг зохион байгуулах Дэгийн тухай хууль юм. Энэ дэгийг байнгын хорооны гишүүд бүрэн дэмжсэн. Үндсэн хуульд өөрчлөлт орох юм бол бид тэр дэгээр явах ёстой. Тухайлбал, байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулган дөрөвний гурвын дэмжлэгтэйгээр явна. Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ юм. Тэр агуулгаар нь энэ төслийг дэмжчихэж байгаа юм. Хоёр дахь УИХ-ын Дэгийн тухай төсөл нь УИХ-ыг илүү хариуцлагатай, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход чиглэсэн том төсөл. Гэхдээ гишүүд өнгөц хараад янз бүрээр хандаад байна. Босч, сууж ярихад ач холбогдол байна уу, үгүй юу гэх мэтээр ярьж байна. Амьдрал баян. УИХ-ын чуулганы хуралдаан явагдаж байхад зохицуулагдаагүй олон харилцаа гарч ирж байгаа юм. Дэгийн хууль өдөр тутмын УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байдаг учраас өөрөө амьдралаас урган гарч байдаг хууль л даа. Тиймээс Дэгийн хуулийн энэ төслийг дэмжээд хамтатгаж хэлэлцээд, явцын дунд шаардлагагүй зүйлүүдийг хасч, улам сайжруулах чиглэлд бэлтгэх ёстой.

-МАН-ын бүлэг орж ирэх том хуулиуд дээрээ гол анхаарлаа хандуулж ажиллах нь гэж ойлголоо. Мөн авч үзэх ёстой өөр ямар асуудлууд байна гэж харж байгаа вэ?

-Хуулиараа зургадугаар сарын 1-ний дотор багтааж дөрвөн хууль тогтоолыг гаргах ёстой. Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэлийн биелэлт, үндсэн чиглэлийн төсөл гэсэн энэ дөрвөн хуулийг бид батлах ёстой юм. Хугацаанаасаа өмнө амжиж батлахын тулд бид шаргуу ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг мөн зургадугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгож дуусгах ёстой. Бүлгээс ажлын хэсэг гарчихсан энэ асуудлууд дээр ажиллаж байна.

УИХ-аар Харилцаа холбооны багц хууль, Хоол үйлдвэрлэлийн тухай хууль, нийгмийн хамгааллын чиглэлээр Хөдөлмөрийн хууль болон бусад хэд, хэдэн хуулиуд хэлэлцэгдэж байна. Эдгээрийг хэлэлцсэний дараагаар Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэх байх. Бүлгийн хувьд хуулийн хугацаанд нь асуудлуудыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байна.

 

О.Ариунцэцэг 

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • gochoo (150.129.141.118)

    2019-05-25

    Undsen huulid gar hureh erhtei gishuun er n hed bn ve? ihenh n l maruuhan yos zuitei humuus geed shuumjleed baih yum , mun zeregtseed medleg bolovsrol gej yu bileedee ihenhdee l huuramch goldoo bolovsorch amjaagui l mungund chihuulsen damiin naimaachin goltsuu gishuud l haragdaad baih bolloo ,iimd ene udaa ta nar huuli yrij hereggui l yum bish uu?!