УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр 05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо.

Г.Батхүү 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторантыг тус тус төгсөж, 1999 онд ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Монгол Улсад парламентат ёс, ардчиллыг хөгжүүлж төлөвшүүлэх, дэд бүтэц, зам тээврийн салбарын төрийн бодлогыг тодорхойлоход оюун билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад тод томруун ул мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүний санаачилж батлуулсан олон хууль тогтоомж эдүгээ Улсын Их Хурал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Г.Батхүү улс төрийн нөр их ажлын зэрэгцээ төрийн түшээдийн томоохон төлөөллийн хувьд хөрш орнуудтай харьцах харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дэд дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгч зэрэг албан тушаалд өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллаж байв.

Тэрбээр үндэсний АПУ компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Шунхлай” групп болж өргөжсөн бөгөөд олон улсын стандартыг нутагшуулах, шинэ техник технологи, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Г.Батхүү олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж Монголын Ардчилсан Нам хөдөлгөөн, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч, даргаар удаа дараа сонгогдон ажиллажээ. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 20, 21 дүгээр зуунд дээд насны 3 морь түрүүлүүлсэн хоёр уяачийн нэг билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)