Я.Бат-Ирээдүй: Нүүрсний экспорт дээр манай улс тогтож байна

Уул уурхайн салбарыг дэмжихгүйгээр улс орны эдийн засаг тогтворжиж, өр зээлнээсээ салах боломжгүй гэж салбарын мэргэжилтнүүдээс гадна судлаач эрдэмтэд ч ярьдаг. Улстөрчид савраа татаж, мэргэжлийнхэн ажлаа хийх болсон гэж манай нэгэн нэртэй эдийн засагч шүүмжилж билээ. Энэ асуудлын хүрээнд геологи, уул уурхайн салбарын чадварлаг мэргэжилтэн Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

 

–Олон зүйлийг нуршилгүй шуудхан асууя. Мэргэжлийн хүний нүдээр харахад манай уул уурхайн салбарт өөрчлөлт, хөгжил, ахиц  дэвшил байна уу?

 

-Хошигнох маягаар ч гэх юм уу хариулахад би далдыг хардаг Далай лам биш. Уул уурхайн салбар хэзээ өгсч өөдлөхийг хэлж мэдэхгүй. Ер нь бол салбарын нөхцөл байдал өнөөдөр их хүнд хэвээр байна. Улстөржүүлээд байгаа болохоор аргагүй шүү дээ. Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр ч, дараагийн 20 жилд ч тэр уул уурхайд түшиглэхээс өөр гарц байхгүй гэж би харж байна.

 

-Алдаа дутагдлыг засч сайжруулах гэж Засгийн газраа огцруулдаг. Олон ч Засгийн газар огцрохыг монголчууд харлаа. Хэн нь хожиж, хэн нь хохироод байна вэ гэдэг бодол өөрийн эрхгүй гарч ирээд байх юм. Таны бодлыг сонсоё?

 

-Засгийн газрын хувьд миний мэдэх хэмжээ бага юм. Салбарын хэмжээнд харах юм бол дээшээ цойлоод байгаа юм алга. Муу хэлээд байгаа нүүрс, зэсийн экспорт дээр түшиглэж манайд валютын эх үүсвэр орж ирж байна. Ерөөсөө үүн дээр л улс орон маань тогтож байна гэхэд хилсдэхгүй. Нэг их ухаан зараад мэдэмхийрээд байлгүйгээр  энгийн утгаар харахад л нүүрсний экспортоос манай эдийн засаг хамааралтай байгаа нь үнэн.

Төр засаг олон тулгуурт эдийн засагтай болоё, эдийн засгаа хөгжүүлье гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ ойрын ирээдүйд уул уурхайгаа түшиглэхгүйгээр өндийхгүй нь, энэ их өр зээлнээс салахгүй нь гэдэг нь тодорхой боллоо. Миний ойлгож байгаагаар 2021, 2022 онд нэлээд том өрний асуудал сөхөгдөж босч ирнэ.

 

-Уучлаарай, яриаг чинь таслаад асуухад манай төр засаг, салбарын яамдууд тааруухан ажиллаж байгаа гэсэн үг үү? Ер нь нааштай гэмээр хандлага байна уу?

 

-Бүхнийг үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед эдийн засгийн бодлого гайгүй явж байна. Зарим яам агентлагуудад, тухайлбал Сангийн яаманд мундаг боловсон хүчнүүд бодлого барьж байна гэж харж байна. Үр дүнд эдийн засагт өндийх төлөв байна. Гагцхүү дөнгөж тэнхэрч гэрэл гэгээ орж байгаа эдийн засгаа зөв бодлогоор дэмжих ёстой юм. Зөв гэдэг нь уул уурхайгаа оновчтой дэмжиж, хөрөнгө оруулагч нарыг татах ёстой гэсэн үг. Одоо л онцгой анхаарахгүй бол бид их хоцорч байна. Магадгүй валютын эх үүсвэргүй болох аюул ойрхон байна. Алтны шороон ордын нөөц бараг дуусч байгаа мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд өмнөх Ерөнхийлөгчийн байр суурьнаас болж ашигт малтмалын хайгуулын лиценз олгогдоогүйн уршиг манай эдийн засагт нөлөөлөх магадлал гарцаагүй харагдаад байгаа юм. Бид геологи хайгуулын салбартаа онцгой анхаарахгүй бол  ирээдүйн эдийн засагт асуудал үүсэх нь мэргэжлийн улсуудаас гадна хүн болгонд ойлгомжтой болоод байна.

 

-“Уул уурхай бол тэргүүлэх салбар мөн. Гэхдээ дан ганц уул уурхайг шүтэх биш бусад салбараа хөгжүүлэх ёстой. Монгол Улс олон тулгуурт эдийн засагтай болох ёстой” гэж шийдвэр гаргах дээд түвшинд ярьж байгаа. Миний бодоход тэргүүлэх салбараа дэмжиж байж бусад салбараа хөгжүүлэх мөнгөө босгох хэрэгтэй мэт. Уул уурхай үнэхээр тэргүүлэх салбар юм бол яагаад дэмждэггүй юм бол? Логик байна уу?

 

-Би өнгөрөгч 3 дугаар сарын эхээр Канад улсад зохион байгуулагдсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон уулзалтад оролцоод ирсэн. Дэлхийн томоохон компаниудын захирлуудтай уулзаж байхад олон улсын зах зээлд чөлөөт мөнгө асар их байна. Томоохон төсөлд оруулах мөнгө хангалттай байна гэсэн үг. Гэтэл яагаад өнөөдөр Монголд хөрөнгө оруулахад төвөгтэй байна вэ гэдэг асуудал ажил хэрэгч уулзалт дээр ч, цайны ширээний ард ч яригдсан. Эцсийн бүлэгт өнөөх л Монголд эрхзүйн орчин маш хувирамтгай, тогтворгүй байдалд бүх буруу байна гэдэг дүгнэлтэд эргээд хүрч байгаа юм. Нэг нам гарч ирээд намынхаа ч юм уу, бүлэглэлийнхээ бодлогыг хэрэгжүүлдэг. Нөгөөх нь гарч ирэхээрээ өмнөхөө үгүйсгэдэг.

Геологи хайгуулын салбарт ч тэр, уул уурхайн салбарт ч тэр тогтвортой хууль эрхзүйн орчин байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй байна уу, ээлгүй байна уу хамаа алга, гол нь хууль тогтвортой байх ёстой юм.

 

Ингэж чадвал гаднын хөрөнгө оруулагчид манай эрхзүйн орчинд тохирсон хөрөнгө оруулалтаа хийж Монгол Улсын хөгжилд дорвитой өөрчлөлт оруулах бололцоо бий гэсэн зүйл яригдсан.

 

–Манайхан хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой гэж байнга л ярьдаг. Даанч бодит байдал дээр асуудал өөрөөр эргэдэг. Үүнийг засая гэхээр улстөрийн хүрээнд их өөрчлөлт шинэчлэл, бараг л хувьсгал хийх шаардлагатай болох гээд байх шиг. Та  санал нийлэх үү?

 

-Улстөрийн өнцгөөс харахаар цаана нь хувь хүний, бүлэглэлийн эрх ашиг уул уурхайд амь бөхтэй оршиж байгаа юм. Энэ том салбарыг ийм байдалтай авч явж байгаа нь Монгол Улсын хувьд эмгэнэл. Бид өөрсдөөсөө хөрөнгө оруулагчдыг түлхээд байна уу гэдэг нь өөрсдийгөө доош нь хийж байгаатай  агаар нэг зүйл. Энэ улсын амьдралыг монголчууд бид өөрсдөө л тэтгэж авч явна. Уул уурхайн том  салбарыг бид дангаараа босгоход хэцүү. Хөрөнгө оруулалт заавал хэрэгтэй. Нарийндаа яривал манай уул уурхайн салбар ердөө 100 орчим жилийн настай харьцангуй залуу салбар. Энэ утгаараа туршлага бага байна. Барууны улс орнууд, Австралийн уул уурхайн хөгжил маш олон жилийн түүхтэй. Тэр хэрээр боловсрол, техник технологи, тоног төхөөрөмж суурьшсан. Бид тэднээс дөнгөж суралцаж эхэлж байна. Алдаа оноо зөндөө л байгаа. Энэ том салбарыг хөгжүүлэхийн тулд хууль эрхзүйн орчноо хүссэн ч хүсээгүй ч тогтвортой байлгах ёстой.

 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зах зээлийн зарчимд нийцсэн бодлого хэрэгжүүлж чадаж байна уу?

 

-Яам бол мэдээж тухайн салбарын бодлогыг авч явах ёстой гол бүтэц. Манайд уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бэлэн болсон. Гагцхүү Ашигт малтмалын хуулиа өөрчлөлт оруулалгүй тогтвортой олон жил байлгамаар байгаа юм. Нэг сонгуулиар бүх юм нь өөрчлөгддөг улс оронд гадынхан яаж итгэж хөрөнгөө оруулах юм? Энэ бол зүгээр энгийн логик. Тэгэхээр ядаж уул уурхайн салбараа ард олонд зөв ойлгуулах, ухуулах, баялагаа өөрсдөө олж мэдэх илрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хөрөнгө хэрэгтэй биз дээ? Мэдээж энэ бол ганц хоёрхон жилд хийчихдэг юм биш олон 10 жил зарцуулдаг ажил гэдгийг сайтар ойлгох цаг болсон.

 

–Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нэлээд хэдэн жилийн батлагдсан санагдана. Энэ баримт бичгийн утга санаатай манай Ашигт малтмалын тухай хуулийн концепци уялдахгүй байна гэсэн үг үү?

 

-Хангалттай хууль байна. Хуулийнхаа хүрээнд л ажиллах ёстой. Улстөржөөд байх шаардлагагүй. Монгол Улсын иргэн хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дор бүрнээ ажлаа сайн хиймээр байна. Тэгж байж улс орон хөгжинө.

 

Хий хоосон улстөржсөнөөр улс  маань хөгжихгүй, монголчууд баян амьдрахгүй. Харин ч хагарч бутарна. Бусдын олз болно. Ойрын зорилго байх ёстой. Хүн болгон дур зоргоороо аашлаад байвал хэзээ ч зөв замаа олохгүй. Ардчилал гэдгийг олон хүн дураараа авирлах мэтээр төсөөлдөг. Ерөөсөө дураараа аашлах, хүссэн үедээ хаа тааралдсан газраа бусдыг гүтгэн доромжлохыг ардчилал гэж ойлгоод байгаа юм. Үгүй шүү дээ. Ардчилал гэдэг бол бусдын эрх ашгаар чиний эрх ашиг хязгаарлагдахын нэр. Хуулиас дээр зүйл байхгүй. Нэгэнт хууль баталсан бол сайд дарга ч энгийн иргэн ч дагах  ёстой. Бүгд хуулийн дор амьдрах ёстой. Ингэж л сурмаар байна. Тэгсэн цагт улс орон аяндаа хөгжинө. Тодорхой дэгэнд орно. Төрийн томчууд муу үлгэр дууриал үзүүлээд байвал жирийн ард түмэн яаж хуулиа биелүүлэх юм. Хувь хүнээс хөгжил эхэлнэ. Хүн бүр улс орны хөгжлийн төлөө ажиллах л ёстой.

 

-Лиценз олгож эхэллээ л гэнэ, зогсоолоо л гэнэ, хураалаа л гэнэ. Одоо байдал ямар байна вэ?

 

-Лицензийг тендерээр олгож байгаа. Энэ хувилбар руу өнгөрсөн жилээс шилжээд байгаа. Үүнд нэг талдаа сайн, нөгөө талдаа том дутагдал бий. Ер нь цаад үр дагавар муутай механизм. Тендерээр газар нутгаа худалдаж байгаагаас ялгаагүй. Нэгэнт мөнгөөрөө авсан аж ахуйн нэгж Олон улсын шүүх дээр очихоор ялах магадлалтай. Энэ нь эргээд хэтдээ эвгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Ийм зүйл Хятадад гарч байсан учир ухаараад өөрчилсөн гэдэг. Тендер дээр төрийн бодлого маш нарийн явах ёстой. Тендерээр өгч болно, гагцхүү эрхзүйн орчин, дараа гарах үр дагаврыг нь бодох ёстой. Тэгэхгүйгээр бидэнд мөнгө хэрэгтэй гээд тендер тараагаад байж болохгүй.

 

–Монголын газар нутаг, байгалийн баялагийг хэдхэн гэр бүл хуваагаад авчихаж гэж эрх мэдэлтнүүд өөрсдөө ярих боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Сайн мэдэхгүй юм. Бодвол үнэний ортой юм байлгүй дээ. Олны яриа ортой гэдэг үг бий. Ер нь бол геологи хайгуулын ажлыг үр дүнтэй явуулж буй хэдхэн компани бий. Манай төрийн байгууллагууд бүгд мэдэж л байгаа ш дээ. Ямар компаниуд геологи хайгуулын ажлыг хуульд заасан хэм хэмжээнд явуулж байна вэ, ямар компаниуд мөнгө олох ашгийн үүднээс ямар нэгэн аргаар лиценз гэдгийг эзэмшиж байна вэ гэдгийг мэдэж байгаа. Харин хуульд заасан хэмжээний хайгуулыг хийж байна уу, үгүй юү гэдгийг хэн ч мэдэхгүй. Түүнийг шалгадаг нотолдог механизм ч сул.

 

-Зарим компанийн лицензийг төр хүчээр хурааж авч байгаа нь маргаан дагуулах шинжтэй?

 

-Миний ойлгосноор төрийн эрх барьж байгаа хүмүүсийн хооронд үзэл бодлын зөрүү их байна. Намуудын үзэл баримтлалаас ч олон зүйл хамаарч байна. Шууд л “Бүх лицензийг улс мэдэлдээ авах ёстой. Компаниудын эзэмшлийн талбайг хурааж авах ёстой” гэх асуудал маш буруу. Нухацтай бодож, тунгаах ёстой. Нэг талаас нь харвал тухайн үедээ бүх хууль эрхзүйн орчны хүрээнд хэрэгжсэн асуудал. Тухайн үеийн хууль эрхзүйн орчин тийм байсан байхад өнөөдөр хүний эд хөрөнгө, компанийн дотоод хэрэгт оролцоод бүхнийг хурааж авах юм бол Монголд хэн ч итгэж хөрөнгөө оруулахгүй. Бүр зугатаана. Ийм байдал даймжирвал Монголын эдийн засаг бүр байхгүй болно. Мал ахуй гэж яриад байгаа боловч яг үнэндээ мал ахуйн салбарт барьж буй бодлого маш учир дутагдалтай, дутуу дулимаг байна шүү дээ. Малын тоо толгой өсөөд байгаа ч чанар алга. Өвчлөл ихтэйгээс гадаадад махны экспорт хийе гэхээр худалдаж авдаггүй. Малаас гарах ашиг шим Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх үү? Үгүй шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа ганцхан салбар бол яах аргагүй уул уурхайн салбар. Үүн дээр хаа хаана шат шатанд анхаарах ёстой. Нэгэнт л зах зээлийн эдийн засгийг сонгосон бол энэ зарчим дээрээ зогсох ёстой.

 

–Таван толгойн гэрээ гацаанаас гарлаа л гэнэ. Одоо Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстой л гэнэ. Мэргэжлийн та бүхэн энэ талаар хоорондоо юу ярилцдаг вэ?

 

-Өөрчилж сайжруулах юм бол ямар ч төсөл дээр гардаг. Нийгмийн хөгжил урагшаа болохоос биш хойшоо харж явдаггүй. Тухайн гэрээг сайжруулах асуудал бол Монгол Улсын номер нэг эрх ашиг байх ёстой. Бусдыг хүндэлж сурах ёстой. Бид ингэж үзэж байна гээд бүх юмыг хүчээр тулгаж болохгүй. Сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолт Монгол Улсад маш их өссөн. Үүнээс болоод нүүрсний салбараас орж ирж буй эдийн засгийн дэмжлэг маш их байгаа. Инфляци буурч орлого нэмэгдэж байна гэж яриад байгаа нь нүүрснээс орж ирж буй л орлогын үр дүн. Таван толгойд ажиллаж байгаа хүмүүс ажлаараа бахархаж байна. Тэр бахархалыг уул уурхайн салбарт бүхэлд нь бий болгох ёстой. Бид салбараа дэмжих ёстой. Тэгж байж улсын эдийн засаг өснө. Өрнөөс сална. Өөр боломж байхгүй. Энэ бол тодорхой асуудал. Үүнд нэг их гайхалтай эдийн засагч байх шаардлагагүй. Миний харж байгаагаар 2020 он хүртэл нүүрсний салбар тогтвортой байх нь. Энэ түвшингээ л алдаж  болохгүй. Бид олон зүйл дээр цаг алдсан. Үүнийг л ухаантай улстөрчид ойлгох цаг болсон.

Цаг алдвал эдийн засгаа ална гэдгийг ухаарвал ухаарах цаг болсон. Зөв л гаргалгаа олоод зөв залаад өгвөл манай эдийн засаг маш амархан босно. Урд хойд хоёр хөрштэйгээ маш бодлоготой харьцаж ухаалаг тоглолт хийх хэрэгтэй.

 

-Одоо сэдвээ жаахан өөрчлөе. Өнөөгийн нийгмийн сэтгэлзүйг та хаашаа явж байна гэж харж байна вэ?

 

-Том, багагүй, дарга, цэрэггүй нэг нэгнийгээ муулахаа больчих. Биесээ янз бүрээр харааж, нулимж байгаа нь гадныханд маш муухай харагдаж байна. Цөөхүүлээ байж шившигтэй, нүүр улаймаар юм. Эвтэй байя л даа. Төр нь төр шиг, иргэд нь хуулиа дагаж мөрддөг байхыг нийгэм нэхээд байна. Тийм нийгэм рүү явж байгаа ч удаан явж байна. Сэтгэхүйн ядуурал олон зүйлийг чөдөрлөж байна. Зөв мэдээллээр тархийг нь цэнэглэж өгөөд байна. Төрд дандаа л болж бүтэхгүй хулгайч дээрэмчид цугларсан мэтээр сурталчлаад байхаар ард түмэн юунд итгэх юм. Аливаа юмны сүүдэрт байсан сэтгэхүй харанхуй болдог жамтай. Харанхуй сэтгэл ямар байх вэ гэвэл дандаа л муу муухай юм бодож сэтгэнэ.

 

Ард түмнийг гэгээрүүлэх үүргээ телевизүүд хангаж чадахгүй байна. Олон нийтийн телевиз л гэхэд нэгэн хэвийн хэдэн нэвтрүүлэгтэй. Арилжааны телевизүүд нь нөгөө л Солонгос сериалаа гаргасаар байх юм. Бас дээр нь фейсбүүк гэж нэг аюул нэмэгдсэн.

 

Үндсэн утга учрыг нь мэдэхгүй байж хүнийг гүтгэн доромжлох асуудал хэрээс хэтэрлээ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол заавал хүнийг доромжлох ямар хэрэгтэй юм. Тэр хүнийг мэдэхгүй, уулзаагүй, хийж бүтээж байгааг нь мэдэхгүй байж доромжлох ямар эрх хэнд ч байхгүй. Ийм харанхуй сүүдэр монголчуудыг дараад байна. Энэ хэвээр удаан явбал улс орон өөдлөдөггүй юм гэнэ лээ. Зарим улсaд Ерөнхийлөгчийнхөө нэрийг мэдэхгүй шахам ажлаа хийгээд  л явж байгаа хүн олон гэдэг. Төр нь иргэдийнхээ сайхан амьдрах бүх нөхцлийг бүрдүүлж өгсөн учраас тэр. Тийм сайн ажиллаж байна шүү дээ.

 

 

Дажсүрэнгийн Лхагвадорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)