Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн хүчин чармайлтыг идэвхжүүлэхээр тогтов

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, орлогч дарга Б.Намжилсүрэн нартай ажлын уулзалт хийв. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оролцлоо. Талууд авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн санал санаачилга, хүчин чармайлтыг идэвхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тогтов.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Авлигын гэмт хэргийн нэг талын субъект нь яах аргагүй хувийн хэвшил болдог. Төрийн байгууллага, албан тушаалтны эс үйлдлийн улмаас бизнес эрхлэгчид авлигын гэмт хэргийн холбогдогч болдог. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлахтай холбоотой төрийн үйлчилгээ бизнес эрхлэгчдэд бодит дарамт, бэрхшээл үүсгэдэг. Өнөөдрийн байдлаар төрийн 54 байгууллагаас 900 гаруй зөвшөөрөл олгож байгаа. Бидний хамтын ажиллагаа эндээс эхлэх ёстой” гэж ярилаа.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд хувийн хэвшлийн салбар, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын санал санаачилга маш чухал гэдгийг онцлон тэмдэглээд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажиллахад анхаарал хандуулах болно гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)