Г.Занданшатар: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Азид гаргамаар байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Японы “Никкей” сонины газраас зохион байгуулдаг “Азийн ирээдуй” олон улсын чуулга уулзалтад оролцов. Азийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, томоохон улстөрчид, судлаач шинжээчид оролцдог энэхүү чуулга уулзалтад тэрбээр дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл болох ”Никкей” сонинд ярилцлага өгснийг тоймлон хүргэе.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай сонинд ярилцлага өглөө.

Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлын тухайд “Цаад тал нь 2020 оны тавдугаар сард нислэгээ эхлүүлнэ” хэмээн тэр тодорхойлоод, “Ойрын ирээдүйд зорчигчийн тоог хоёр дахин буюу нэг сая хүргэнэ” гэв. Шинэ нисэх буудлыг Япон улсын хөнгөлөлттэй зээлээр “Мицүбиши Шёожи” болон “Чиёода” компани бүтээн байгуулж байгаа юм.

Одоогоор нисэх зурвас, буудлын барилгын ажил дууссан бөгөөд нисэх буудлын дотоод танхимын тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ. Шинэ буудлыг ашиглалтад оруулахтай холбогдуулан МИАТ компани “Нарита-Улаанбаатар” чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлж, “Кансай”-н нислэгийг сэргээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Одоо ашиглаж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь газар зүйн байрлал, цаг агаарын нөлөөллөөс нисэх онгоцны зогсоол (ангар) нь хязгаарлагдмал, нислэг цуцлагдах, хойшлох асуудал цөөнгүй үүсдэг. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулснаар дээрх асуудлыг шийдэж, Монгол, Японы аж ахуйн нэгжийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

 

Ээдрээтэй байгаа АНУ-БНХАУ-ын худалдааны дайны тухайд тэрбээр “Худалдааны дайнд ялагч байдаггүй” хэмээгээд, хоёр талын бодлогод хүндэтгэлтэй хандлаа. БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” төслийн хувьд дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл зонхилдог. Энэ талаар УИХ-ын дарга “Шилдэг технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Азид гаргамаар байна. Дижитал технологи ашиглан үйлдвэрлэлээ өргөжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ” гэв.

 

Монгол Улсын экспортын дийлэнх хэсгийг зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялаг эзэлдэг. 2014 оноос хойш эрдэс баялгийн үнэ буурсаар, хоёр оронтой тоонд хүрээд байсан эдийн засгийн өсөлт 2016 онд 1.1 хувь хүртэл огцом буурсан билээ. Гэхдээ 2017 оноос ОУВС-гийн дэмжлэгийг авч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засаг нь дахин сэргэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Японы үйлдвэрлэл өндөр технологид суурилсан байдаг. Бид энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн онцлов.

 

Хөдөө аж ахуйн тухайд үйлдвэрлэл нь дотоодын зах зээлд голлож байгаа ч экслортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Хүн амын өсөлт өндөр Хятад зэрэг улсад органик хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгааг бид ашигламаар байна гэж тэр онцоллоо. Манайхтай ганцхан цагийн зөрүүтэй Монгол Улсын хүн амтай нь харьцуулахад олон оюутан Японд сурдаг. Монголд япон хэлтэй хүний тоо харьцангуй олон. Гадаад хэргийн яамны судалгаагаар Монголд хөрөнгө оруулах аж ахуйн нэгжийн тоо 2012 онд 219 байсан бол 2017 онд 500 болж өссөн байна. Хамгийн их эрэлттэй салбар бол уул уурхай юм.

Монголд цахилгаан холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилготой япон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Телевизийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулах систем нэвтрүүлж байгаа компанийн захирал Ямамото “Цагийн зөрүүтэй, хэл ярианы хувьд ялгаатай ч өөр улсад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөггүй. Яг л Японы орчин нөхцөлд байгаа мэтээр ажиллаж чаддаг” гэж хэлсэн. Монголд 2014 онд япон маягийн мэргэжлийн сургууль байгуулсан нь “Коосэн” бөгөөд монголчуудад нэгэнт танил болжээ.

 

Б.Од

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)