Г.Отгонгэрэл: Мэргэжилдээ эзэн байх нь алба хаагч бүрийн үүрэг гэж ойлгодог

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж, Онцгой албанд 20 дахь жилдээ зүтгэж байгаа Онцгой бүсгүйчүүдийн нэгэн төлөөллийг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьлаа. Түүнийг Г.Отгонгэрэл гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадад хүнс, хувцас хангалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ахлах дэслэгч цолтой. Энэ жил Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 112 жилийн ойгоор түүний нэрэмжит шагналыг хүртсэн юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөн цөөн хормыг уншигч танаа хүргэе.

–Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнаж урамшуулдаг хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагнал энэ жил таных байлаа?

-Баярлалаа. Төр, түмнийхээ төлөө зүтгэсэн 20 жилийн ажлын амжилтыг минь үнэлсэнд үнэхээр их баяртай байна. Энэхүү шагнал бол Үндэсний аврах бригадын алба хаагчдын хувьд нэр хүндтэй шагналын нэг юм. 2007 оноос хойш өнөөг хүртэл 12 алба хаагч тус шагналыг хүртсэн юм билээ.

–Ямархан хувь тохиолоор Онцгой бүсгүй болсон бэ?

-Багаасаа холбоо, радио технологи, морз сонирхдог байсан. Энэ чиглэлийн мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан болохоос цэргийн хүн болно гэж бодож байгаагүй. 1997 онд аравдугаар ангиа төгсөөд Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн морзын курс төгсөөд морз-телеграфчин мэргэжил эзэмшсэн. Төгссөн жилдээ тухайн үед Зэвсэгт хүчний 122 дугаар анги байхад нь ажлын гараагаа эхлүүлж байсан. Өнөөг хүртэл Гамшгаас хамгаалах тусгай анги, Аврах тусгай анги, Үндэсний аврах бригад гэсэн бүтэц шинэчлэлийн үед ажиллаж байгаадаа бас бэлэгшээдэг шүү.


-Тэгэхээр ажлын гараагаа холбоочноор эхэлж байжээ?

-Тийм ээ. Холбооны тусгай бүлэгт 2007 он хүртэл холбоочноор үүрэг гүйцэтгэсэн. Гамшиг, ослын дуудлагыг хамгийн эхэнд хүлээн авч, мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг гээд онцлог ихтэй. 2008 оноос архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон 2013 он хүртэл ажилласан. Харин 2013 оноос хойш Техник, хангалт үйлчилгээний албанд хүнс, хувцас хангалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Холбоочин, архив, бичиг хэргийн эрхлэгч, хүнс, хангалт хариуцсан мэргэжилтэн гээд тус бүртээ онцлог ихтэй ажлууд. Алба хаагчдынхаа хоол хүнс, хувцас, хэрэглэлийн эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол маш том хариуцлага. Хэнтий аймгийн Батширээт суманд ОХУ-ын хилээр орж ирсэн түймрийн голомтод ажилласан алба хаагчдынхаа хоол, хүнсний аюулгүй байдлыг анхаарч, хамт үүрэг гүйцэтгээд ирсэн. Холбоочин байхдаа л ой, хээрийн түймэрт олон хоногоор техник хэрэгслээ үүрээд явж байсан тэр үе минь тодхон сайхан байлаа.

–Онцгой албанд ахлагчаас офицер хүртэл дэвшин ажиллаж, өөрийн амьдралын түүхийг бүтээж байгаа таны баяр бахдал юу вэ?

-Би их азтай хүн. Намайг ахлагч байхад офицерийн дайтай ахлагч шүү гэж хамт олон минь урам хайрладаг байсан. Тэр үг ч биелэлээ олсон. Аливаа ажлыг тууштай, чин сэтгэлээсээ хийж чадвал амжилт, ахиц дэвшил гарна гэж итгэж ажилладаг. Гэхдээ би ганцаараа бол хэн ч биш шүү дээ. Үе, үеийн хамт олны дэмжлэг, удирдлагуудын минь итгэл намайг өдий зэрэгтээ үүрэг гүйцэтгэхэд маш их нөлөөлсөн гэж ойлгодог.

-Мэдээж таны хичээл зүтгэл бусдад итгэх итгэлийг төрүүлдэг болоод л тэр байх?

-Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, тууштай хөдөлмөрлөж чаддаг зан минь нөлөөлсөн байх л даа. Үүрэг гүйцэтгэснээс хойшхи хугацаанд албаны хэмжээнд зохион байгуулагддаг спорт, урлагийн тэмцээн, уралдаануудад баг хамт олонтойгоо байнга идэвхтэй оролцож ирсэн. Анх ажилд ороход 10 орчим эмэгтэй алба хаагч байсан. Одоо бол үеийнхээсээ ганцаараа үлдсэн байна. Гэхдээ 40 гаруй бүсгүй албанд шинээр орж ирж, хамт үүрэг гүйцэтгэж байна. Мөн баяр наадмын жагсаалд дөрвөн жил алхаж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гээд ярихаар цаанаасаа л омогшиж, нүдэндээ баярын нулимс тээгээд, өөртөө улам илүү итгэлтэйгээр алхдаг даа.

-Тэгвэл Онцгой бүсгүй ямар байх ёстой вэ?

-Аливааг эерэгээр хүлээн авч, ямар ч үед тэсвэр хатуужилтай, хүлээцтэй ханддаг байх нь хамгийн чухал. Гэхдээ ажиллаж байгаа мэргэжлээ сайтар эзэмшиж, хэн ч, юу ч асуусан мэддэг байх нь үүрэг хүлээсэн алба хаагчийн онцлог гэж ойлгодог. Түмнийхээ төлөө ажиллах тангарагтай учраас оногдсон ажил, үүргээ алба хаагч бүр нэр төртэй биелүүлж байх нь чухал гэж хичээдэг дээ. Албаны минь онцлог өөрөө хүний төлөө. Энэ л үүргийг хүлээж ажиллаж байгаа алба хаагчдынхаа “чимэг” болон ажиллаж байгаа Онцгой бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл болж байгаа минь хамгийн том амжилт юм даа.

-Сонирхдог зүйл гэвэл. Эмэгтэй хүний сонирхолыг татах зүйл ч мундахгүй дээ. Гутал, хувцас, ээмэг зүүлт гээд л?

-Ер нь эршүүд талдаа ш дээ. /инээв/. Албаныхаа дүрэмт хувцсаар гоёчихдог болохоор элдэв дэлгүүр хоршоо орж гүйх тал дээр маруухан. Дүрэмт хувцсаа ном журмынх нь дагуу өмсч хэрэглээд биеэ зөв сайхан авч явахыг хичээдэг. Учир нь дүрэмт хувцсаа өмсөөд гадуур явахад хүмүүсийн нүдэнд өөрийн эрхгүй тусдаг юм шиг байгаа юм. Нөгөө талаар хүн болгон өөрийн гэсэн дотоод ертөнц, гоо сайхантай. Нинжин, энэрэнгүй, өгөөмөр сэтгэлтэй байх тусам тухайн хүнийхээ гоо сайхныг улам тодотгож өгдөг болов уу.

–Тэгвэл ажил, мэргэжлийг тань ойлгож, дэмждэг гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань бас цэргийн хүн байсан. Одоогоор ар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулаад хань, аав хүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа. Ажлаа амар тайван хийж чаддаг хамгийн том түшиг нь мэдээж гэр бүл.

-Ярилцсан танд баярлалаа. Ажил, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсье?

-Баярлалаа. Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой энэ жил тохиож байгаа. Анх ажилд орох үеэс өнөөг хүртэл түүхийн хугацаанд албаны чадавх, алба хаагчдын чадвар маш их дээшилж байгаад талархдаг. Бүхий л боломжийг алба хаагчдадаа олгож байгаа Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Үндэсний аврах бригадын хамт олондоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний минь үүрэг бүр гавьяатай, үйлс бүхэн цагаан байх болтугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)