Валютын "албин чөтгөр"

ОУВС байгалийн баялагтай орнуудыг онилж ангуучилдаг

ОУВС бол библид гардаг албин чөтгөр биш гэж тус сангийн ерөнхийлөгч Кристин Лагард хэлсэн удаатай. Үнэн хэрэгтээ ОУВС жинхэнэ албин чөтгөр юм.

Энэ чөтгөр байгалийн баялагтай улс орнуудыг онилон ангуучилдаг. Эдийн засгийг нь олон жилээр туйлдуулж өрөнд оруулдаг. Улмаар дефольт зарлах хэмжээнд хүргэж байгаад авралын бурханы дүр эсгэж, зээлийн хөрөнгөөр булж, баялагийг сордог ийм л байгууллага. ОУВС-гийн аливаа хөтөлбөрт орсон орны ард түмэн ядууран хоосорч, хэдхэн тооны хүн л хагартлаа баяждаг нийтлэг дүр зураг ажиглагддаг.

Тухайлбал, Аргентиныг эдийн засгийн дампуурлын ирмэгт хүргэж байгаад 50 миллиард ам.долларын зээл олголоо. Украинаар хичнээн жил тоглов. Харин одоо тус улсад их хэмжээний хөнгөлттэй зээл олгох гэж байна. Венесуэлийг мөн дампууралд унагаж байгаад нэг тэрбус ам.долларын зээл олгохоор шийдлээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 7-ны өдөр Боливийн ерөнхийлөгч Эво Моралесын хэлсэн үгийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр энд ишлэлээ.

“Баялгийн хуваарилалтын тэнцвэргүй байдал гүнзгийрч, баян хоосны ялгаа өдрөөс өдөрт мэдэгдэхүйц хэмжээгээр өссөөр байна. Харамсалтай нь ОУВС улам бүр хаалттай бодлого явуулах болжээ. Цөөнхийн гарт нэгэнт төвлөрсөн мөнгөн капиталыг тэтгэж, олинхыг ядуурлын ангал руу түлхэж байна. Хувьчлалаа зогсоо, ард түмэнд баялагтаа эзэн байх эрхийг нь олго. Энэ шаардлагыг хүлээж аваагүй нөхцөлд Боливийн ард түмэн ОУВС-гийн эсрэг босоход бэлэн байна. Бид шударга ёс тогтоохын төлөө тэмцэх болно” гэж мэдэгдлээ.

 

Монгол Улсын эдийн засгийн байдал бас иймэрхүү л байгаа. Манай гадаад өр 18 тэрбум ам.долларт хүрлээ. Дараа жилээс өрийн дарамтыг мэдэрч эхэлнэ. Бид “Оюутолгой”-гоос ашиг авч чадахгүй л байна. Учир нь үүний ард ОУВС зогсчихоод, хөдөлгөхгүй байна. Монголын төр асуудлыг бодитой авч хэлэлцэх бодолгүй байгаа. “Оюутолгой”г нэн яаралтай авч хэлэлцэхгүй бол бид Боливийн араас орох эрсдэл үүсч байна.

 

УИХ, Үндсэн хуулинд өнгө будгийн засал хийх нэрээр “Оюутолгой”-н асуудлаас бултах санаа гаргаж байгаа. Монгол Улсын төрийн тэргүүн нэг танхимаас нөгөө танхим руу албан бичиг шидэхээс цаашгүй байна. Засгийн газар “Оюутолгой”-н талаар баримтлах бодлого дээрээ танхим дотроо саналын зөрөлдөөнтэй, зөрчилтэй байна. Асуудал маш ноцтой болох байдал үүслээ. ОУВСгийн асуудал “Оюутолгой”-той шууд холбоотой шүү гэдгийг би хоёр жилийн өмнө гарган тавьж байсан. http://sonin.mn/blog/tserenkhuu/77988

Цаг үеийн шаардлагаар блогоос гарган, дахин нийтэлж байна.

 

ОУВС ҮҮССЭН ТҮҮХ

 

ОУВС нь агуулгаараа, гагцхүү АНУ-ын эрхшээлд байдгаараа онцлог байгууллага. Энэ тухай зориг гарган шүүмжилсэн хүний нэг нь Хятадын өмнөө барьдаг, нэрт эдийн засагч профессор Ши Цзяньсюнь. Энэ эрхэм, Хятадын есөн их сургуулийг дэлхийн тэргүүлэх төвшинд гаргаж чадсан “985” төслийг хэрэгжүүлэгч, дэлхийн хүн. Бээжингийн Их сургуулийн 100 жилийн ойгоор, тухайн үеийн Хятадын удирдагч Цзянь Цзэминий дэвшүүлсэн төсөл л дөө.

 

Гэрээ байгуулсан улс орнуудад голдуу иргэний дайн болоод дуусдаг

 

Бээжийнгийн их сургуулийг 1898 оны тавдугаар сард үндэслэн, эндээс “төсөл 985” хэмээн нэрлэсэн байх. АНУын зүгээс ОУВС-д оролцох квотоо эргэж харах болсон тухай мэдэгдсэний дараа Ши Цзяньсюнь, “Квотыг өөрчилснөөр суурь хүрээний доторх нэг талын нөлөөлөлд өөрчлөлт гарахгүй. АНУ-ын оролцооны хүч хэвээр үлдэх болно. ОУВС-г Америк удирдсаар ирсэн, цаашид ч удирдах болно" гэж хэлсэн байдаг. Энэ үгний ард дэлхийд БРИКС банкны нэрийг өргөх, ОУВС-д Хятадын нөлөөг ахиулах хятад бодлого зогсож байгааг үгүйсгэхгүй.Гэхдээ л гол нь квот биш далд систем байна гээд үнэнийг нээлттэй хэлчихсэн нь олзуурхууштай. Аливаа Институцын чадал, үйл ажиллагааны чиглэл нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн эрх, oролцоогоор зохицуулагдаж байдаг нь ойлгомжтой юм. ОУВС-гийн анх үүссэн түүхийг товчхоон гүйлгэн харцгаая.

IMF (International Monetary Fund) гэх НҮБ-ын эрхшээлд байдаг банк, санхүү зээлийн агентын нэрийг оросууд “Международный валютный фонд” хэмээн утга гуйвуулан орчуулсан. Харин үүнийг монголчууд орос хэлнээс ОУВС хэмээн махчлан хөрвүүлж хэрэглэсээр нийгэм, улс төрийн хэллэгт хэвшүүлжээ. Үнэн хэрэгтээ бол ОУ-ын ямар нэг сан ч биш, зүгээр л дэлхийн толгой баячуудын хувь нийлүүлэн босгосон, улс хоорондын харилцаанд дулдуйдан мөнгө хүүлдэг байгууллага юм. Албан ёсны зорилго нь...хөгжиж яваа улс орныг санхүүгийн хямралаас гаргах, туслах... энээ тэрээ гээд жигтэйхэн гоё тайлбартай. Бачир дээрээ нохойн жогор. Төлбөрийн чадвараа алдсан олон ч орныг чөтгөр шиг айлган тамлаж, сүйрлийн ирмэгт аваачсан даа.

ОУВС анх 1947 оны гуравдугаар сарын 1- нд үндэслэгдсэн гэж албан баримт бичгүүддээ тусгасан байгаа. Үнэндээ бол Дж.Кейнс, Гарри Уайт... зэрэг эдийн засгийн том онолчдын санаачилгаар дэлхийн зартай, зангарагтай хөрөнгөтнүүд 1944 оны зургадугаар сарын 22-нд америкийн жижигхээн хот Бреттон-Вүүдэд цуглан, хувь хөрөнгө гарган сан байгуулж мөнгө хүүлэх зарчмыг тохиролцсон байдаг. Тэр нь ОУВС-гийн “Хартын зүйл ангиуд" нэрээр түүхэнд үлджээ. Төлбөрийн чадвараа алдсан хөгжиж буй орнуудын ард түмний халаамыг хоослон, улсыг нь сүйрэлд оруулах механизм, далд санаа, зарчмууд нь бүгд Хартын зүйл ангиудаар биеллээ олж байдаг юм. Улс орнуудад үймээн самуун, замбараагүй байдал үүсгэнгүүт л мөнгөн капиталын урсгал Хартыг үндэслэгчдийн банк руу цутгадаг уран механизмыг урьчилан маш сайн тооцоолон бодож олсон байдаг. Энэ бол ердийн санхүүгийн луйвар юм. Харин үүнийг дэмжээд гар хөл нь болоод явдаг шуналын донтой өөдгүй новшнууд аль ч улс орноос олдоод байдаг нь гайхалтай.

 

ОУВС-ГААС ЗЭЭЛ АВААД БАЛАРСАН ОРНУУД

 

ОУВС-гийн дөрвөн төрлийн зээлийг хамгийн хүнд нөхцлөөр гэрээ байгуулсан улс орнуудад голдуу иргэний дайн болоод дуусдаг. Манайх энэ замаар явж байгаа. Үнэмшилтэй ойлгогдох талыг нь бодоод хэдэн жишээ орууллаа.

 

1. Югослав. Социализмын үед ч зах зээлийн эдийн засгаараа гайхуулдаг, тэрийгээ чадамгай удирддаг нэр зүстэй, хөгжилтэй орон байснаар нь монголчууд андахгүй.

Югославт, ОУВС-гаас зээл олгохдоо ер бусыннэг нөхцөл тавьсан байдаг. Тэр нь бүсийн чанартай биеэ даасан эдийн засгийн мужлалыг тэнцвэртэй барих төрийн бодлогоосоо татгалзах явдал байв. Югослав, ОУВС-гийн зөвлөмжийг хэрэгжүүлнэ гээд зээл авсан, хэрэгжүүлсэн, үр дүнд нь салан тусгаарлах үйл явц өрнөсөн. Улмаар орон нутаг төрийн хяналтаас гарч ноцтой байдал үүсэн, иргэний дайн дэгдэж 600 мянган хүний аминд хүрсэн. Нэгдсэн Югослав Улсын үндэсний мөнгөн капиталийн 80 хувь нь Америкийн банк руу шилжсэн баримт бий.

 

2. Саяхныг болтол “ХАА хөгжлийн загвар, модель” хэмээн тооцогдож дэлхийг гайхуулж байсан Руанда гэж жижигхээн улс зүүн Африкт бий. Гэхдээ одоохондоо байгаа.

Руанда, 1989 онд цаг агаарын хүндрэлээс болж ургац алдан ОУВС-гаас асар их хэмжээний зээл авсан. Гай газар доороос гэгчээр дараа жил нь дэлхийн кофены үнэ унасан. Унагасан байх ч магадлалтай. ОУВС дахин зээл авахыг зөвшөөрсөн, гэхдээ ганцхан нөхцөл тавьсан байдаг юм. Тэр нь фермерүүдэд төрөөс дэмжлэг үзүүлдгээ бүр мөсөн зогсоох явдал байв. Ард түмэн энэ нөхцлийг зөвшөөрөөгүй. Гэтэл төрийн түшмэдүүд толгой мэдэн зөвшөөрсөн.

Төрд шургалсан олигархи тутси нар, газар тариалан эрхэлдэг хүн амын олонх туту нарын хооронд байсан хэдэн зууны эвдрэлцлийн шарх гэнэт сэдэрч, төр ард түмний хооронд ойлгомжгүй байдал үүсэн иргэний дайн дэгдсэн. Улмаар 1.5 сая руандачуудын аминд хүрсэн гашуун түүхийг хүн төрөлхтөн мартаагүй байгаа. Иргэний дайнаар улс орны мөнгөн капитал бүхэлдээ Америкийн банкууд руу урсч, юу ч гүй болтлоо сүйрсэн ХАА-н фермерүүд гадны баячуудад эдлэн газраа худалдаад хэдэн зуун мянгаараа дүрвэж эхэлсэн.

 

• Өнгөн дээрээ АНУ залаад байгаа дүр эсгэдэг ч үнэн чанартаа хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдаг. 

• Жишээлээд бодоход, Монголыг хэд хуваачихъя, газар доорх баялгийгнь ховх цөлмөчихье гэсэн солиотой санаа гарган хэрэгжүүлье гэвэл Бильдэрбергийн клубын нөлөө бүхий хэдхэн хүний хуйвалдаан л хангалттай. 

• Одоо Монголд Орос руу байдаг хүчээрээ ойртохоос өөр зам үлдээгүй гэж нийгэм зүйн асуудал сонирхдог мэргэжилтний хувьд бодож байна.

 

3. Сомали. Эффиофтой хийсэн дайны дараа санхүүгийн төлбөрийн чадвараа алдаж, ОУВС-д хандсан байдаг. ОУВС мөн л нэг болзол тавьсан нь “xахир Эдийн засаг" төслийг хэрэгжүүлэх санал. Ингэхдээ америкийн үр тариаг демпингийн үнээр худалдаж авах гэсэн хатуу болзол.

Ийнхүү газар тариалан эрхэлдэг байсан хоршоо, өрхийн аж ахуй үй олноороо дампуурч үндэсний орлого хумигдан эмнэлэг, цэцэрлэгүүд хаагдан улс цалингаа тавьж чадахгүйд хүрэн дараагийн хүнд нөхцөлтэй зээлд татагдан орсон. Байдал улам дордож үндэсний мөнгөн капитал Америкийн банк руу урсаж, үймээн самуун дэгдэн иргэний дайн болж 60 мянган хүний амь үрэгдэн, иргэд хэдэн зуун мянгаараа дүрвэсэн.

 

4. Латин америкийн зарим орныг OУВС яаж балласан талаар Мексик, Аргентины түүх мөн харуулна.

Мексик Улс 1994 онд санхүүгийн хямралд орон, төлбөрийн чадваргүй болсноо зарласан. ОУВС-гаас 53 тэрбум ам.долларын зээл олгохдоо тавьсан болзол нь тус улсыг NAFTA (АНУ Канадын худалдааны чөлөөт бүс)-д хамрагдах нөхцөл юм. Ингэснээр Мекчик чөлөөт бүсэд 14-16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орлогыг бас л Америкийн банкаар дамжуулсан. Мексикийн жинхэнэ там эндээс эхэлсэн байдаг юм. Түүхэнд байгаагүй ядуурал нүүрлэж, ажилгүйдэл гэмт хэрэг гаарсан. Нийт нас барагчдын 51хувь нь өлсөглөнгөөр цааш харсан гэсэн баримт байгаа.

Аргентин гэж ямар сайхан орон байлаа. Өнөөдөр ямар байдалд ороод байна вэ. Эдийн засгийн түр зуурын хямралаас гаргаж Аргентины гайхамшиг гэгчийг бүтээн босгоно гэж амласан ОУВС-гийн төлөвлөгөө, “Хүнд өвдөлтийн эмчилгээ” төсөл биеллээ олоогүй. 1989 оноос эхэлсэн ОУВС-ийн эрүүлжүүлэх хөтөлбөрөөр олгосон зээл нь өнөөдөр 138 тэрбум ам. долларын өр болон хувирлаа. Цалин, тэтгэвэрээ ч өгч чадахгүй, сангаар нь өрөө төлж байна. Америкаас оруулсан 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын орлого Америкийн дансаар эргэж, нийт 280 тэрбумын ашиг болон өсчээ.

 

ДЭЛХИЙН ЗАСГИЙН ГАЗАР

 

184 гишүүн улстай, 3000-aaд нууц туршуултай мөнгө хүүлэх, санхүү зээлийн хувь нийлүүлсэн институт ардаа залах эзэнгүй оршин тогтнох боломж байхгүй. Өнгөн дээрээ АНУ залаад байгаа дүр эсгэдэг ч үнэн чанартаа хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдаг.

 

 

Тэрийг далдаас удирддаг Засгийн газартай, тэр нь Ротшильдын санаачилгаар анх бий болсон “Бильдэрбергийн клуб” бололтой байдаг. Учир нь, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагард энэ бүлэглэлийн албан ёсны гишүүн хүн. Бильдэрбергийн клуб Рокфеллэр болон дэлхийн нөлөө бүхий баячуудын нууц дөрвөн бүлэглэлтэй нэгдэх талаар үгсэн тохиролцож Австрийн Interalpen буудалд нууцаар уулзаж Дэлхийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргасны дараа Оросын Думын хуралдаан дээр В.Жириновский... биднийг, Бурановын эмээ нарыг харан баясаж суух хооронд ар худрагаар Дэлхийн далд Засгийн газрын мөрөөдөл биеллээ оллоо. Тэд ядуу буурай орнуудад хямд зээл өгөөд газар нутгийг нь барьцаалж байна. Чубайс, Каспаров, Гуриев нар хүртэл тэнд доншуучилж явна... гэж хашхирч байв.

Жишээлээд бодоход, Монголыг хэд хуваачихъя, газар доорх баялгийгнь ховх цөлмөчихье гэсэн солиотой санаа гарган хэрэгжүүлье гэвэл Бильдэрбергийн клубын нөлөө бүхий хэдхэн хүний хуйвалдаан л хангалттай. Механизмыг нь тэд хоромхон зуурт олж чадна. Бильдэрбергийн хуйвалдаанаар тухайлбал, 1974 онд Р.Никсоныг, 1990 онд Маргарет Тэтчерийг огцруулж, Б.Обамаг Х.Клинтонтой хамтрахыг шийдэж, Иракийн дайныг жилээр хойшлуулж, Югославыг хэдэн хэсэг болгон хувааж, Украиныг Оростой сөргөлдүүлж чадаж байв. Монгол Улс, мунхаг төрийн харгайгаар ийм л нэг аймшигтай чөтгөрийн саварт өөрийн эрхгүй гүйгээд орчихлоо. Бильдэрбергийн клуб 60 жил оршин тогтнохдоо 62 удаа хурал хийсэн. Гэхдээ юу ярьцгаасан, ямар асуудал шийдсэнийг, тэр ч бүү хэл хаана хуралдсаныг нь Дрезден, Австри хоёрт болсныг эс тооцвол дэлхийн хэвлэл мэдэж чадаагүй.

 

Харин Оросын КГБ багагүй мэдээллийг ил болгосон байдаг юм билээ.

 

Одоо Монголд Орос руу байдаг хүчээрээ ойртохоос өөр зам үлдээгүй гэж нийгэм зүйн асуудал сонирхдог мэргэжилтний хувьд бодож байна. Учир нь Дэлхийн засгийн газрын зүгээс Монголын газрын хэвлий доорхыг ховх сорохоор онилсон харцаа урд хөршөөр хослуулаагүй гэх баталгаа байхгүй юм.

 

ОУВС-ГААС ЗЭЭЛ АВАХГҮЙ УРАГШЛАХ ЗАМ БАЙСАН, ЦААШИД Ч БАЙГАА

 

ОУВС-ийн чөтгөрийн санаатай хүндрүүлсэн хөтөлбөрт орохгүйгээр эдийн засгаа эрүүлжүүлэх арга байсан уу? гэвэл байсан. Одоо ч тэр боломж байгаа.

Гагцхүү тэр нь эх оронд ашигтай ч улстөрчдөд ашиггүй. Гэхдээ монголчуудын МОНГОЛ гэсэн нийтлэг эрх ашиг тархинд биш цусанд нь генээр хадгалагдан оршдог. Тэгээд ч Руандад хаа нэгтээгээс нүүдэллэн бэдэрч ирсэн хуту, тутси нартай жишиж арай ч болохгүйгэдгийг дутуу л ойлгоцгоогоод байна.

ОУВС, түүний ард зогсож байгаа ҮДК-дын үйлдлийг сөрөн зогсож чадах цорын ганц хүч бол Хятад биш. Харин Орос. Ерөнхийлөгчийн дэргэд Орос-Монголын хамтарсан ГЕО судалгааны хүрээлэн яаралтай байгуулж зарим онцгой эрхийг олгох гарцыг судалмаар байна. Үндэсний аюулгүй байдлын асуудлаар харилцан туслалцах гэрээг гагцхүү Оростой байгуулах нь зүйтэй мэт санагдана. Шүүмжлээд зогсохгүй гарц хайлцах үүднээс иймэрхүү санаагаар төгсгөлөө, санаа оноогоо уралдуулцгаана уу!

 

 

Социологич И.Цэрэнхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)