Манай улс одоогоор 17 улстай ялтан шилжүүлэх талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажилладаг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл-ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийлээ. Мөн уг гэрээний төслийг зөвшилцөхийг хэлэлцэж дэмжсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Манай улсын гадаад хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр иргэд гадаадад зорчих нь нэмэгдэж байгаа. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Вьетнам, Тайланд зэрэг улсад аялах, сурах, ажил хэргийн шугамаар зорчих иргэдийн тоо ихээхэн өсөх болжээ.  Манай улс 2000 онд Бүгд Найрамдах Социалист Вьетам Улс /БНСВУ/-тай хоёр улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Мөн “”Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-г 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, одоогоор уг гэрээг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар ажиллаж байгаа аж.

Харин “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хоорондын гэрээ” байгуулахаар 2017 оноос талууд ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцжээ. Үүний үр дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, улмаар 2019 оны гуравдугаар улиралд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгааг сайд танилцуулсан юм.

Манай улс одоогоор 17 улстай гэмт этгээд шилжүүлэх талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажилладаг аж. Энэхүү гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрддэг байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Гэмт этгээд шилжүүлэх тухай хоёр улсын хоорондын гэрээний төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээ тогтов.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад Вьетнам улсын хоёр иргэн ял эдэлж байгаа, харин тус улсад ял эдэлж буй монгол иргэн байхгүй. Мөн Вьенам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тоо баримтыг гэрээний төслийн танилцуулгад дурдсан байна.   

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.

Эцэст нь Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • эрка (66.181.176.9)

    2019-09-16

    2019 onii 9 sariin 11 nii baidlaar 11 ulstai gereetei ajildg gsn bsnshd ali n unen umbe?