Жолооч нарын хандлагыг өөрчлөх "Яараад яах вэ" аян эхэллээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд орон нутгийн замд гарч буй ослын талаар ТЦА-наас мэдээлж байна.
Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг юм. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.

Өнгөрсөн зун  188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.

Осолд өртсөн нийт авто машины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тээврийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн хяналтыг Монголын Улсын бүх замд тавьдаг. Өнөөдрөөс эхэлж буй, эрчимжүүлсэн хяналт шалгалт 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулна.

Мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчдог, согтуугаар машин барьдаг, шөнө гэрлээ шилжүүлдэггүй, эгнээ байраа буруу эзэлдэг гэх мэт зөрчлүүдийг орон нутгийн замд их гаргадаг гэв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг.  Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо гэсэн юм.

Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллах талаар мэдээлэв. Ер нь бид хурдан явж ирсэн үү гэж асуухын оронд сайн явж ирсэн үү гэж жолооч нараасаа асуудаг байя. Хурдыг үхэл л отож байдаг юм шүү гэдгийг анхааруулсан тараах материалуудыг ч наах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)