ШЕЗ-ийн гишүүн Э.Батбаяр: Шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах ажил эхэлсэн

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургалт өнөөдөр эхэллээ. Дадлага, сургалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Сургалтад оролцогчид "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр дадлага, сургалт хийх юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр "Сүүлийн таван жил Шүүхийн ерөнхий зөвлөлд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, өрөөнд нь болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах ажлыг эхэлсэн” гэсэн юм. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Сургалтад оролцогчид шүүхийн байранд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж ярилцсан юм. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа алба хаагчид сургалтын үеэр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хэв журам, харуул хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцана. Харин Бямба гарагт сургалтад оролцогчид аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилалт хийнэ гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.242.47.90)

    2019-06-16

    hen toohiin bol ed hariig odoo yaval gej uur zuild ni zarah heregtei yadarsan ard tumend emchilgeenii zardald ni zoriulmaar umaa