Тэмбүүгийн эсрэг “Улаан тариа-2“ аяныг эхлүүллээ

-ЖИЛД10 МЯНГАН ХҮН ТУТАМД 17-25 ТЭМБҮҮГИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА-

ТЭМБҮҮ ӨВЧИНТЭЙ ДАЙН ЗАРЛАЖ БАЙНА

Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг орон даяар эхлүүлэхээр болсноо Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ”ЭМЯ, эрүүл мэндийн салбар бүхэлдээ өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар халдах халдвар, тэр дундаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Нийт бэлгийн замын халдварт өвчний дунд тэмбүүгийн эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол илэрч байна. 1990 оноос өмнө хүн амынхаа 95 хувийг урдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг эмчилж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа УИХ-ын хаалттай хуралдаанаар бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Хоёрын хоёр Ерөнхийлөгчийн үед үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдсан ч түүнээс цааш хэтэрсэнгүй. Бодит үйл ажиллагаа хийгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Л.Гүндалай сайдын үед мөн бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх асуудал өрнөж, бэлгэвч тараах аян явуулсан. Түүнээс хойш бодитой, дорвитой ажил хийсэнгүй. Зөвхөн ярианы түвшинд ярьж ирсэн” гэв.

Эрүүл мэндийн сайдын дэргэдэх зөвлөл болон ХӨСҮТ, мэргэжлийн бүх хүмүүс энэ чиглэлийн үйл ажиллагааг төрийн бодлогын түвшинд явах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гурван халдварт өвчинтэй тэмцэх зорилт оржээ. Элэгний вирус болон сүрьеэ, тэмбүү бэлгийн замаар дамжих халдвар. ХУД-ийн 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн 33 тохиолдол бүртгэгдэж байсан. Харамсалтай нь энэ үед 15 дугаар сургуулийн удирдлага энэ асуудлыг мэдээлсэн МҮОНРТ-ийн ММ агентлагийг худал мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ. Хэрвээ тэр үед нь тус мэдээллийг нуун дарагдуулаагүй бол өнөөдөр 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол 500 хүүхэд халдвар авах түвшинд очихгүй байсныг салбарын сайд хэллээ. 15 дугаар сургууль дээр гурван өдөр ариутгал халдваргүйжүүлэлт хийж,халдвар авсан бүх хүүхдүүдээ эмчилгээнд оруулж, эцэг эхтэй нь ойлголцоод эмчлэх үйл явц амжилттай явж байгаа гэв.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ ЯАГААД ЭРТ ЭМЧЛҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Тэмбүү өвчин хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн тэр бүү хэл мэдрэлийн бүхий л эд эсийг гэмтээдэг. 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр нийгэм, эдийн засаг, анагаах ухаан, биологийн зэрэг олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгдэх хандлагатай болж, өнөөдөр арван мянган хүн тутамд 17-25 тохиолдол болтлоо өсчээ. Төрөлхийн тэмбүү өвчин буурахгүй жилд 40-50 тохиолдол бүртгэгдэж байна. Хэдий тэмбүү ийм хор хөнөөлтэй нийгмийн өвчин боловч бүрэн эмчлэгддэг. Тархах гол шалтгаан нь уг өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэрээр оношлогддог. Тухайн халдвар авсан иргэнд ямар нэгэн зовиур шаналал илэрдэггүй учраас эмнэлэгт ханддаггүй аж.

1921 онд анхны “Яр тэмбүү өвчнөөс ард түмнээ салгая” гэсэн уриа гаргаж байжээ. 1927 онд Шастин докторын хийсэн судалгаагаар 600 мянган хүн амын 50 хувь нь тэмбүү өвчний халдвартай байх магадлалтай байна гэсэн судалгааг хийжээ. Мөн Хилтман, Голтен нарын эмчийн судалгаагаар төрсөн хүүхдийн гуравны нэг нь нас бардаг, 15-49 насны бүх эмэгтэйчүүдийн гуравны нэг нь жирэмсэлдэггүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн гуравны нэгийнх нь ураг зулбадаг гэх судалгаа гарсан байна.

“УЛААН ТАРИА-2” БУЮУ ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГ УСТГАЯ АЯН ЭХЭЛЛЭЭ

“Улаан тариа-2” буюу төрөлхийн тэмбүүг устгая аян хоёр жилийн хугацаатай үргэлжлэх аж. Аяны зорилгынхоо хүрээнд хоёр том зорилтыг дэвшүүлжээ. Эхнийх нь, жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг бууруулах. Хоёрдугаарт, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг оношилж, эмчилж бүрэн устгах. Тус үйл ажиллагааг зөвхөн эрүүл мэндийн салбар дангаараа хийхгүй. Салбар дундын үйл ажиллагаа, иргэдийн оролцоо маш чухал. Социализмын үед илрүүлгийг маш сайн хийдэг. Илрүүлснээ маш сайн эмчилдэг байжээ. Хавтилт халдаагч буюу халдвар тээгчийн цаана байгаа өвчтэй хүнийг олж эмчлэн уг үндсээр бүрэн эмчилж чадаж байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь архидан согтууралт, хувь хүний ухамсар, шинжилгээ өгдөггүй явдал, уул уурхайн компаниудад залуус олноороо ажиллах зэрэг зүйлсүүд нөлөөлж байгаа аж. Тиймээс дан ганц эрүүл мэндийн салбар энэ өвчинтэй тэмцээд хүчрэхгүй. Бүхий л салбаруудыг хамтран ажиллахыг уриаллаа. ДОХ, тэмбүү нь томуу, сүрьеэ шиг агаар дуслын замаар халдахгүй. Хувь хүний бэлгийн харьцаагаар дамждаг учир өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө шинжилгээнд хамрагдан эрт илрүүлэгт орохыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа. Нэгэнт илрүүлэгтээ хамрагдаад илэрсэн бол эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх шаардлагатай. Зориулалтын тариаг долоо хоногоор гурван удаа тарихад бүрэн эдгэрнэ. 1-2 удаа хийлгэхэд өвчний голомтыг сууриар нь дарахгүй халдварын голомт үлддэг гэнэ. Тариагаа гурван удаа хийлгэх ёстой товлолоороо хийлгэсэн бол араас нь зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд эмч, эмнэлгийн хяналтад байх ёстой. Хамгийн гол нь эхнэр нөхөр, найз залуу, бүсгүй, хамтрагчаа хамт эмчлүүлэх нь чухал. Төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт дамжих тэмбүүг хянаж эдгээх амархан. Гэвч жирэмсэн эхчүүд хяналтандаа эрт ордоггүй, тодорхой суурьшсан хаяггүй зэргээсээ болж эхээс урагт халддаг. Улмаар ураг энддэг, дутуу төрдөг, цэврүү үсэрсэн мэт төрдөг байна. Жирэмсэн эх хяналтдаа эрт орж, илрүүлгээ эрт хийлгэн, зөв эмчилгээгээ хийлгэснээр ураг эрүүл төрөх боломжтой.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Халдвар авсанаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр идэвхтэй vржиж эхэлсэний шинж. Энэ үед өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдэгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч, нэг оргүй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Өвчний өдөөгч нь аль хэдийнэ бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАЛААРХ ХҮМҮҮСИЙН БУРУУ ОЙЛГОЛТ

Тэмбүү өвчнийг нэг туссан тохиолдолд цусанд орж эдгэдэггүй гэх. Тэгвэл мэргэжлийн эмч судлаачид эмчилгээгээ зөв хийлгэсэн тохиолдолд тэмбүү бол төгс эмчлэгддэг өвчин хэмээн зөвлөж байна. Хүмүүс тэмбүү туссан нэгнээ гадуурхах үзэл байдгаас шалтгаалан тэмбүүгийн эмчилгээг хийхдээ нэрийг нууцлан кодоор дуудан эмчилдэг байна.

ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ХААНА ХИЙЛГЭХ ВЭ?

Өрхийн эрүүл мэндийн төвд анхан шатны шинжилгээг авна. Тэмбүү өвчнийг үнэ төлбөргүй урдчилан илрүүлэх ба ДОХ зэргийг түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээ хийж илрүүлнэ. Хэрэв илэрсэн тохиолдолд хоёр дахь шатны кабинетийн эмч нарт хандана. Түүнчлэн дээр дурдсан тариаг хийж төгс эмчлэгддэг. Халдвартай иргэн харьяалал хамаарахгүй ойрхон байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт бичиг баримттайгаа хандахад үзлэг шинжилгээг үнэгүй хийх юм байна.

 

Эх сурвалж : ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)