Хар тамхи - Цэнхэр паспорт

2019 оны 5-р сарын 3-нд Германы Дрезден хотод монголын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройн-мансууруулах бодис илэрчээ. Туркийн Станбул хотод суугаа монголын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чехээр дайрч ирээд ийнхүү саатуулагджээ.

Сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хүлээн авсан олон хэрэг цувран гарч, монголын нийгмийг цочирдуулсаар. Хар тамхины эдгээр хэргүүд яагаад гараад байгаа, яг ямар хор уршиг тарьж байгаа, яавал зогсоох талаар гуравхан сая монголчууд яаралтай хэлэлцэж, үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг хамгаалах шаардлага тулгарлаа.

Хар тамхи - Цэнхэр паспорт

Хар тамхи

Монголчууд эртнээс хар тамхи гэж нэрлэж ирсэн энэ бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын гаралтай мансууруулдаг чанартай. Дотроо каннабиноид, марихуан, гашиш гэх мэт олон төрөлтэй энэ бодисыг химийн аргаар ч бас гаргаж авдаг. Бүх хар тамхинд ТHC (tetrahydrocannabinol) гэдэг бодис байдаг. Энэ бодис хүний уураг тархинд шууд нөлөөлж, адреналлинийг ихэсгэж, донтуулдаг дофамины хэмжээг эрс өсгөснөөр хүн биеэ барих чадвараа алддаг. Улмаар нисэж байгаа мэт мэдрэмж төрж, сэтгэл санаа огцом дээшилж, хэт хөөрөх, бэлгийн харьцаанд орох хүсэл төрүүлж, эсвэл сэтгэл санаа огцом унаж, уурлах, бие эрхтнээ гэмтээх, үхэх, амиа хорлох хүсэл төрүүлдэг ажээ.

Хар тамхийг хэрэглэх тусам донтож, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжинө. Тархин дахь дааврын хэмжээ өөрчлөгдөж, эдийг үхүүлж, мэдээлэл хадгалах, санах ойд нөлөөлж, сэтгэх үйл ажиллагааг доголдуулж, сэтгэцийн эмгэг үүсгэдэг. Харах, үнэрлэх, сонсох мэдрэхүйд нөлөөлж, хий юм харж, чих шуугидаг. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хоолны дуршил буурснаар шим тэжээлийн дутагдалд орж, турж эцэн, арьс харлаж, үс унаж, хурдан өтөлнө.

Хар тамхи татсанаас нэг минутын дотор зүрхний цохилт минутад 20-50-аар нэмэгдэж 20-180 минут үргэлжилнэ. Салгалан чичрэх, уур хүрч, бухимдах бөгөөд мансуурал нь зогсмогц толгой хүчтэй эргэх, харааны төвлөрөл алдагдах, сульдаж ядрах, нойргүйдэх, сэтгэл гутралд автах зэрэг шинж тэмдгүүд үлддэг. Цус нь тэгж бохирдсон учраас хүн донтож, мансууруулах бодис хүсч, олж авахын төлөө юу ч хийхээс буцахгүй болдог.

Хар тамхи анх удаа хэрэглэсэн хүмүүсийн зөвхөн тавны нэг нь мартаж чаддаг бол бусад нь дахин хэрэглэхийг хүсдэг байна.

Цагаан тахал

Монгол улс 2016 оноос хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийн сан байгуулж одоо 1500 орчим хүнийг бүртгээд байна. Учир нь 2015 оноос Монгол улс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис буюу хар тамхины хэрэглэгч орон болжээ. Манай оронд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2014 онд 61 хэрэгт 153 хүн холбогдсон бол жил бүр өссөөр 2018 онд 199 хэрэгт 412 хүн холбогдуулан шалгасны 337 эрэгтэй, 75 эмэгтэй, тэднээс 6 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна.

Хар тамхийг хэрэглэхээс гадна зарж борлуулвал их хэмжээний мөнгө хурдан олж болдог гэх шунал нийгэмд газар авч байна. Хар тамхийг гадаадаас хил гаалиар ачаа тээш, биедээ тээвэрлэн оруулахаас гадна шуудан, илгээмжээр авах болов.

Тагнуулын ерөнхий газрын мэдээгээр дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ болох Тайланд, Лаос, Мьянмарын “алтан гурвалжин” гэх гэмт бүлэглэлд манай иргэдээс нэгдээд байна. Гол төлөв Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа манай оюутан залуус, биеэ үнэлэгчид тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Иргэдийн амьжиргааны түвшин доогуур, хар тамхины тухай мэдлэг, мэдээлэл дутмаг, бүс нутгийн ихэнх орнуудад визгүй зорчдог учраас монголчууд энэ гэмт хэрэгт хамрагдсаар байна. Манай иргэдийн холбоотой хар тамхины дийлэнх хэрэг урд хөршид, дийлэнх нь хил залгаа Эрээнд үйлдэгддэг.  

Дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн оронд үлддэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Хүүхдүүд хар тамхины талаар мэдлэг дутмаг, хэт сониуч зангаасаа гэмт хэргийн золиос болж, бусдын нөлөөгөөр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байна. 2018 онд 1000 гаруй хүүхдээс су­далгаа авахад дөрөвний нэг нь мансууруулах бодис “хэрэглэдэг”,  бүр ангиараа хэрэглэж байсан гэж “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаа­лах нийгэмлэг” мэдээлжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 18-20 гаруй насныхан бөгөөд эмчлүүлэгчдийн тоо 2018 онд гурав дахин нэмэгджээ.

Хар тамхины хэрэг улам бүр дэлгэрч буйгийн бас нэг шалтгаан бол манай улсад ял шийтгэлээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Тухайлбал, УИХ-ын гишүүн асны хүү тээврийн прокурор Х.Т гэгч хар тамхи татаж байгаад 2015 оны 7-р сард баривчлагджээ. 2017 оны 1-р сард түүнд шүүхээс ял оноохдоо хар тамхины хэргийг нь өршөөж, авлигын хэрэгт нь ял оноож байв. Тэр энэ ялыг давж заалджээ. Төдөлгүй хэрэг нь замхарч, Х.Т нь өмгөөлөгчийнхөө хамт хар тамхи дахин хэрэглэж байх үедээ баригдав.

Мөн иргэн Г.Сарангэрэл зэрэг хүмүүсийг урд хилээр хар тамхи ичимдэг эрхтэндээ тээвэрлэн оруулж ирэхэд нь саатуулсан. Энэ нь Г.Сарангэрэлийн хувьд хар тамхины гурав дахь удаагийн хэрэг. Эхний удаад өөрөө хэрэглэсэн, дараа нь борлуулсан бол, сүүлд нь гадаадаас тээвэрлэжээ.

Монгол улс хуулиа хэрэгжүүлж зохих ял шийтгэл эдлүүлж чадахгүй байгаа учир гэмт хэргийг давтан үйлдэх боломж олгосоор байна. Монгол улсын эрүүгийн хуулийн 192-р зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэг үйлдсэн бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Хэн ч энэ ялаа гүйцэд эдлэж байгаагүй ажээ.

Цэнхэр паспорт

Монголын дипломат паспортын хавтас цэнхэр өнгөтэй. Ийм паспортоо тамхины, хар тамхины хууль бус наймаа эрхлэн улс орнуудын хил дамжин зөөхдөө ашигладаг талаараа манай дипломатууд Европт “алдаршсаар” байна. Тэд тэгж “мандахын” хэрээр, эгэл жирийн монгол иргэдийн нэр хүнд унасаар байна.

2000 оноос “Блэк Морган” нэртэй сүлжээ ажиллаж ижил нэртэй тамхийг Европ даяар цэнхэр паспортоороо халхавчлан зөөдөг байжээ. Тэдний “загалмайлсан эцэг” гэгдэх Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал 2005 оны 3-р сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдсан. Тэр дипломат дугаартай албаны машиндаа 23 сая доллартай тэнцэх 120 кг хар тамхи тээвэрлэж явжээ. Тэрээр монголд ял авсан ч, Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Монголоос хичнээн олон элчин сайд, зөвлөх, консул, атташе цолтой, цэнхэр паспорттой тамхины наймаачид төрснийг сайтуудаас харж болно.

Улс орныхоо нэр хүндийг сэвтүүлж, гадаадын оронд ял шийтгэл хүлээж, нутагтаа хөөгдөж ирчихээд юу ч болоогүй мэт, төр засгийн өндөр албан тушаал хаших нь хэвийн үзэгдэл болжээ. Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар хамтран цэнхэр паспорттой хар тамхины наймаачдаа цэгцлэх цаг болжээ.

Монгол улс хар тамхины гэмт хэрэгтэй өгөөжтэй тэмцэхийн тулд хилийн хяналт, цагдаагийн ажилтнуудаа чадавхжуулах, хил гаалийн байгууллагын хяналтын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай. Монгол улсад каннабисийн төрлийн ургамал өргөн тархсан байгааг устгах, нийгэмд хар тамхины хор уршгийн талаар ухуулга сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ бүхнийг шуурхай хэрэгжүүлэхгүй бол хар тамхи хорт хүрээгээ тарааж тэлсээр, айл бүрийг хамран “самарч” нэг л мэдэхэд “цагаан тахал” –д нэрвэгдсэн маргааш монголыг угтана.

 

2019.06.12

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Хайдо (202.9.43.120)

    2019-06-18

    Ийм зүйл дээр сэтгэгдэл бичих хүн алга байгаа нь манайхан ямархуу түвшинд буйг харуулж байна.Гэтэл хов живийн болон хүн муулсан зүйлд сэтгэгдэл хэдэн зуугаар бичиж бусдыг харааж,загнах нь хирээс хэтэрч байгааг юу гэж үзэх вэ?Үнэнхээр хар тамхины асуудлыг яаралтай арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол сөнөх аюул ойрхон байгааг энэ их улс төр ярьж ,олон нийтийг янз бүрээр тухиран хөөрөгдөж буй нам,олон нийтийн байгуулгууд дээд зэргээр анхаарч нэгдэн тэмцэх цаг нэгэнт болжээ.