Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 06 дүгаар сарын 23-наас 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.   

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)