Хөвсгөл нуурын амин зүрх нь эргийн ургамал

ХӨВСГӨЛ НУУРЫН ӨНӨӨГИЙН ТӨРХ 

Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн цэнгэг усыг нь шууд авч уудаг, эргээр нь орших бүх амьд биетийн амь болсон нуур. Ийм нуур дэлхийд ховор. Тиймээс л нуурыг Улсын Тусгай Хамгаалалтанд авч, Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа байгуулснаас хойш 33 жил өнгөрчээ.

Тэр үед  Хөвсгөл нуурын баруун талд фосфоритын ордыг ашиглах уурхай байгуулах ажил эхэлсэн,  Хөвсгөл нуур дээгүүр шатахуун, ачаа бараа зөөдөг, урд хойд  талд нь Ханх, Хатгал хэмээх хоёр суурин оршдог ийм л газар байв. 1986 онд Хөвсгөл нуур хамгаалалтын захиргааны анхны дарга Я.Даш Ц.Балдорж сэтгүүлчийг урилгаар авчирч “Далай ээж цаазын тавцанд” өгүүллийг бичүүлснээр тухайн үеийн төр засаг дээрх бүх бохирдлын эх үүсвэрүүдийг арилгаж чадсан юм.

Гэтэл энэ цаг үед Хөвсгөл нуур бохирдож байгаа олон шинж тэмдгүүд илрэх боллоо.  Тиймээс миний бие энэ тухай холбогдох бүх газруудад бичиж, хамгаалах саналаа хүргүүлсээр байна. 

Хөвсгөл нуур бохирдоод байна гээд БОАЖЯ-аас олон удаа ажлын хэсэг ирж, судалгаа хийж, УМХН-аас олон ч шалгалт ирэв. Эдгээр шалгалтын үр дүн гарсангүй, нөлөөлөл улам нэмэгдсээр, нуурын дагуух хууль бус ажиллагаа улам гаарсаар,  Хөвсгөл нуурын ирээдүй улам бүрхэг болсоор...

Энэхүү хүндрэлтэй асуудлыг зарим эрх мэдэлтнүүд “Хөвсгөл нууранд живсэн машинууд, онгоцыг татаж гаргана, Хөвсгөл нуурын замаг ихдээд байна, дахин сонгогдвол үүнийг анхаарна, Хөвсгөл нуурын хог хаягдлыг зохицуулна, эмх замбараагүй газар олголтыг цэгцэлнэ, онцгой бүсэд аялал жуулчлал эрхлэгчдийн  газар ашиглах эрхийг цуцлана” гэх мэтээр хоосон амлаж, эрх мэдэл олж авах хэрэгсэл  болгож байна.

Зарим нэг нь Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлнэ гэж жагсаал хийж, уриалга гаргаж, давалгаалж байх юм.

Ингэж явах хоорондуур нь хэн нэгэн танилтай, нөлөөтэй нь  хууль журмуудыг алгасан эрх мэдэл, сүр хүч, өнгө мөнгөөрөө далайлган далайн захын газруудыг улайран авцгааж, нутгийнхан нь бас хашиж аваад зарж, мөнгө болгон, зарим нэг хэнэггүй нь зөвшөөрөл ч авалгүйгээр эргийн хэсгийг хашсаар нуурын эрэг эмх замбараагүй торлосон хашаа, элэгдсэн хөрс, халцарсан газар, хуурайшиж тоосондоо эргэсэн, энхэл донхол  зам, сайжруулж хуссан нунтгарсан цагаан шороот замаар нь хэдхэн машин явахаар цагаан тоос босож, орчны амьд бүхнийг бүрхсэн, доройтож талхагдсан олны хөлийн газар болон хувирчээ. Энд  олон хүн шавж хог хаягдлаа хаяж, өтгөн шингэн, бохироо хөрсөнд нь шингээж байна.

2000 онд  Аялал жуулчлалын баазын тоо 10 хүрэхгүй байхад Дэлхийн Өвийн экспертүүд ирээд ийм байдлаар ашиглагдсан газрыг Дэлхий хүлээж авахгүй гэдгээ хэлээд явсан.

Гэтэл 2018 оны байдлаар БОАЖЯ-аас албан ёсны зөвшөөрөлтэй аялал жуулчлалын бааз 124 байгаа бол, зөвшөөрөлгүйтэйгээ нийлээд 200 хүрсэн. Мөн гэр буудлын тоо 150 хол давсан. Эдгээрийн ихэнх нь  нуурын эргээс 100м хүрэхгүй шахам зайд буюу хамгаалалтын бүсэд, 50 гаруй нь 50м хүрэхгүй зайд буюу онцгой хамгаалалтын бүсэд байрлаж байна.

БОАЖ-ын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 6-р сарын 05 -ны А-230/127-р тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” –ын 2.3.3-д  Онцгой хамгаалалтын бүсийг нуур, урсацын тохируулгатай усан сангийн эргээс 100м-ээс доошгүй зайд тогтооно.

Онцгой хамгаалалтын бүсэд  усны эх үүсвэрийн барилга байгууламж барих, ашиглах,  гадаргын ус ашиглах, тохиолдол ус цэвэршүүлэх байгууламж барих, эргийн тохижилт  хийх, мод бут тарих, мал бэлчихээс бусад  бүх үйл ажилагаа явуулахыг, зуслан суурьшлын бүс байгуулахыг хориглоно гэж заасан.

Гэтэл заалтыг хэрэгжүүлдэг хувь хүн, төр захиргааны аль ч байгууллага алга.

Нэгэнт барьчихсан юмыг яаж буулгахав гээд “энэрэнгүй” төрийнхөн буцах, барьцсан нэг нь дахиад л нэмж хашаа хатгах.

ЯАГААД ЗААВАЛ ЭРГИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ГЭЖ  

Иргэдээс нуур, голын эргийн дагуу  яагаад хамгаалалтын бүс тогтоодог юм бэ, заавал ингэж хүмүүсийн амрах, алжаал тайлах, үйлчилгээ үзүүлж хэдэн төгрөг олох гэсэн иргэдийн хэрэгцээ, эрх ашгийг зөрчих хэрэг байна уу гэсэн асуулт яах аргагүй гардаг. Энэ асуултанд судлаач, биологич мэргэжилтний хувьд хариулахыг хичээе.

Аливаа гол мөрөн нуурын амин зүрх нь эргийн бүсэд оршдог. Ямар ч амьтны зүрх  биед орсон шим тэжээл, шингэнийг хүчил төрөгчөөр дамжуулан бүх л биеийн эд эс рүү шахаж, хэрэггүйг нь буцааж шахан гаргах  бодисын солилцоог явуулдаг амин голыг тэжээдэг  гол эрхтэн бол зүрх юм. Зүрх рүү орох тэр судсыг тасалбал амин голыг тасдлаа гэдэг. Тэгвэл нуурын эргийн бүсийн ургамал бүлгэмдэл энэ л амин зүрхний үүргийг гүйцэтгэнэ. 

Нуур,  голын эргийн дагуухь ургамал нь орчноо дагаад маш өнгөлөг, хараа татам  үзэсгэлэнтэй, өвөрмөц содон цэцгүүдтэй, шим тэжээллэг орчинд ургадаг тул байгалийн ургац,  биологийн  төрөл зүйлийн тоо, баялгаараа ч их, түүн дээр төрөл бүрийн эрвээхэй, шавьж хорхой, соно, зөгий гээд зүйл бүрийн тоос хүртээгч шавьж чуулж байдаг. Эдгээр амьтад нь эргийн бүсийн цаашдын   амьдралыг тэтгэх, дэлгэрүүлэх, түгээх үүрэг гүйцэтгэдэг. Хөвсгөл нуурыг орчимд дэлхийд тэмдэглэгдээгүй 25 зүйлийн тэмээлзгэнэ, 20 зүйлийн соно олдсон бол 250 зүйл эрвээхий бүртгэгдсэний 4 нь, усан дотор нь 50 гаруй зүйлийн ногоон замаг байгаагийн 4 нь хамгийн цэвэр орчинд тохиолддог болохыг  гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.  Мөн Хөвсгөл нуурын баруун талд зөвхөн Их Хар уснаас 20 гаруй зүйлийн нэн ховор, ховор ургамлыг  харж болох нь хаана ч байхгүй гайхамшиг юм.   

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Дэлхийн дулааралтаас болж дэлхий дээр байгаа эрвээхэй, зөгийн төрөл зүйлүүд  устсаны улмаас  амьдрал мөхөх гэж байна, цэвдэг хайлж, цөлжих явц хурдсаж байна гэж  шуугин, халаглах боллоо.

Гэтэл энэ бүхнийг хамгаалах хэвийн хэмжээнд байлгах гол арга бол ургамал бүлгэмдлийг хамгаалах явдал юм. Хөвсгөл нуурын хувьд бол хамгийн чухал нь эргийн бүсийн ургамлыг хамгаалах.  

Ургамал бүлгэмдэл усыг хэрэглэх мөртөө бас  буцааж ялгаруулан агаарыг чийглэнэ. Амьтдыг орогнуулж,  хамгаалж, сүүдэрлэхээс гадна хоол тэжээл нь болж байдаг. Амьтад гэхээр хүмүүс хандгай буга гөрөөсөөр төсөөлдөг. Гэтэл нуур голын экосистемд хамгийн хэрэгтэй амьтад бол тэнд орших усны болон эргийн жижиг  шувууд, хулгана, зурам, мэрэгчдээс эхлээд  тэмээлзгэнэ, соно, эрвээхэй, зөгий, мөн усан дотор амьдардаг зүйл бүрийн хөвөгч шавьж хорхойнууд орно.  Тэд мөн нуур, гол,  ус руу орсон органик үлдэгдлээр  хооллож, цэцэгсийг  тоос хүртэхэд, ургамлын үрийг тарааж өсөж үржихэд нь хариу туслахаас гадна эргийн амьтдын амьсгалаар ялгаруулсан  нүүрсхүчлийн хийгээр  ургамал  фотосинтезээ явуулж амьдардаг бол бүгд үхэж үрэгдэхээрээ хөрсөнд орж  задран ялзмаг үүсгэн, ургамлын хоол тэжээл  болж байдаг. Хөвсгөл нуурын эргийн бүс нийт газар нутгийнхаа газрын 1%-ийг эзэлдэг мөртлөө эндэхийн хөрс нь нийт  амьтдын 4/1-ийг агуулдаг нь  энэ экосистем ямар чухал үүрэгтэй болохыг харуулж байна.

НУУРЫН ЭРГИЙН УРГАМАЛ БҮЛГЭМДЭЛ НЬ БОХИРДЛЫГ ШҮҮХ, УСЫГ ЦЭВЭРЛЭХ ХОСГҮЙ ҮҮРЭГТЭЙ

Ургамал бүлгэмдэл нь эргийн ургамал хөрсийг бэхэлж, нурж эвдрэхээс, гадаргууг нь хучсанаар хөрс хэт халж, усаа ууршуулан хатаж, гандахаас хамгаална.  Эргийн бүсийн ургамал маш шигүү бөгөөд орооцолдон, хоорондоо хэлхэлдэн ширэлдсэн үндэстэй байдаг нь татмын, халианы, үерийн ус хөрсийг угаан ус руу зөөвөрлөхөөс  хамгаална. Эргээр ургах улалж, үетэн, өлөн, гололжийн төрлийн ургамлуудын үндэс нь их хэмжээний ус чийгийг өөртөө шингээх, хальж дүүрсэн  усан дотор ч   амьсгалах, амьдрах  чадвартай  байдаг. Эндэхийн хөрс нь маш нарийн ширхэгтэй, шим тэжээл ихээр агуулсан байдаг тул  пролон шиг усыг өөртөө шингээгээд л,  хөвсийгээд л байдаг.

Тиймээс хэд ч үерлэсэн нуур голын эргийн хөрс угаагдаад алга болчихдоггүй, мөн байнгын сэвэлзэж байдаг голын хөндийн салхинд ч туугдан хийсчихдэггүй онцлогтой байна.

Эргийн ургамал элдэв органик бохирдол ялгадсыг задлан өөрийн биедээ уусган хооллож байдаг. Нуур, голын эрэг ургамал бүрхэвчтэй байхад даацнаасаа хэтрээгүй бол  аливаа бохирдлыг ус руу оруулахгүй, эрэг орчимдоо боловсруулан цэвэршүүлэх үйлдвэрлэл явагдах бөгөөд эргийн бүсэд үүсэх азотын 90%-ийг ургамал хэрэглэж, өөртөө шингээдэг нь тогтоогдсон байна. Иймээс хэмжээнээс хэтэрсэн ачаалал үүсгэхгүй л бол бохирдол үүсэхгүй гэсэн үг. Эртний Монголчууд энэ зарчмаар голын татамд зөвхөн зуны улиралд  малаа бэлчээж, хадлангаа аваад, бусад улиралд нь уулархаг газар, энгэр, бэлээр нутагладаг байсан.

Голын эргийн бүсийн цэвэр цэнгэг байдлыг зохицуулагч өөр нэг чухал зүйл бол гол нуурын татам, түүний орчмын дагуул жижиг нуур, цөөрөм, булан тохойнууд юм. Эдгээр нуур цөөрөм, түүний доторх  ургамал нь  шим ба шим бус бодисын эргэлтийг явуулж,  усыг шүүж, цэвэршүүлээд нуур руу дамжуулдаг  байна. Тэгэхээр Хөвсгөл нуурын дагуух Онгилог, Тойлгот, Хилт, Долоон-Уул, Хилэнгийн нуурууд, Дээд, Доод модот булан, Ар давхар, Цомоо хад, Мэргэн, Модотын шанаа, Борсог, Доншиг зэрэг булан тохой, хойгуудыг бас онцгойлон хамгаалах шаардлага гарч байгаа юм.

Нуурыг хамгаалах гэхээр дотор нь хог орж уу, загас нь цөөрч үү, өнгө нь өөрчлөгдөж үү гэж хараад байдаг. Гэтэл бидний нүдэнд харагдахгүй маш нарийн процесс тэнд явагдаж, байгалийн жамаасаа  даваад хэтрэхээрээ л нуурын ус бүлээсч, халж, бохирдож, замагжиж,  ёроол нь тоосноос гаралтай шаварлаг хурдсаар бүрхэгддэг. Хөвсгөл нуурын усанд бохирдлын эдгээр шинжүүд аль хэдийн илэрснээс гадан гэдэсний савханцар ч олдоод байна. Тэгэхээр бид геологи, биологийн процессийг байх хэмжээнээс нь давуулан бохирдуулж байгаа гэсэн үгээ.

Хөвсгөл нуурын эрэг нь том туурайтан амьтдын  ой, тайга руу  нүүдэллэн явах коридор болдог бөгөөд хэт замбараагүй ашиглах нь эдгээр амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөнд нөлөөлнө.  Ийнхүү Хөвсгөл нуур, түүний эргэн тойрны жижиг нуурууд руу буга, хандгай, гөрөөс, очиж ундаалж чадахгүй болж, таслагджээ. 

ЭРГИЙН БҮСИЙН УРГАМЛЫГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ХӨВСГӨЛ НУУР ХАМГААЛАГДАХГҮЙ 

Хөвсгөл нуурын цэвэр байдлыг яаж хадгалах, хангах асуудлыг шийдэхэд  хамгийн гол хийх зүйл бол  эргийн бүсийг чөлөөлж, ашиглалтаас гаргах хэрэгтэй. Эргийн дагуухь ургамал болон усан доторх ургамлыг хамгаалах хэрэгтэй. Ийм арга хэмжээ авч чадвал  ихэнх зүйл шийдэгдэнэ...

Эргийн бүсийн ач холбогдлыг мэдэхгүйгээсээ болж алдсан улс орон олон байна. 2000 оны эхээр Япончууд “Манай  Бива нуур, Хөвсгөл нуур хоёулаа цэнгэг устай, адилхан унданд хэрэглэдэг  нуурууд, тиймээс бид хамтарч ажиллах, хамтарч судалгаа хийх хэрэгтэй” гээд л яваад байсан. Гэтэл тэд Бива  нуурын эргийг  нуралт, гадны нөлөөллөөс хамгаалаад  цементэн блокоор  хашилт хийчихжээ. Үүнээс  6 жилийн дараа Бива нуурын ус бохирдож, уух боломжгүй болсон байна. Бива нуур,  Хөвсгөл нуураас хэмжээгээрээ, усан агууламжаараа ч 2 дахин бага ч ерөнхийдөө том нуур. Хөвсгөл нуурт ийм эмгэнэлт байдал үүсэхэд түүнээс 2 дахин илүү жил зарцуулагдах ч хамгийн их анхаарч болгоомжлох асуудал юм. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөөр, дан ганц эдийн засгийн ашиг хонжоо харсан, амар хялбарыг бодсон, тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бус, байгалийн жамаас холдуулсан ямар ч үйлдэл сайн үр дүн авчирдаггүйг энэ туршлага нотолж байна.

Энэ эмгэнэлт түүхийг Монголчууд бид давталгүй нуурын эргийн дагуух хайрга чулуу, ургамал бүрхэвчийг үл хөндөж, байгалийнхаар нь байлгах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтийн олон туршлага харуулж байна.

Хөвсгөл нуурын эргэн тойрны цэвдэг гэссэнээс нуурын усны түвшин нэмэгдэж байгааг ус  цаг уурын ажилтнууд мэдээлсээр байна. Ийнхүү цэвдэг хайлаад дуусахад нуурын түвшин доошилж, нуурын усны эзэлхүүний хэмжээ багасна гэсэн үг. Цэвдэгийг хайлахаас хамгаалах гол хүчин зүйл нь  ургамал нөмрөгийг хэвийн байлгах явдал  юм.  Гэтэл бид Хөвсгөл нуурын эрэг орчмын бүх газрыг нүцгэлээд, хөрсгүй, хатуу дагтаршсан газар болгож байна.

Одоогийн байдлаар манай Монголчууд  иргэдээсээ эхлэн мэргэжлийн байгууллагаа хүртэл “Хөл дор гишгэгдэж байдаг өвс ургамал ч яахав, ус л чухал” гэсэн бодолтой, экологийн ийм л  хэмжээний мэдлэгтэй байна.

Нуурын эргийн дагуу хүн мал төвлөрсөн нэлээд хэдэн цэгт ногоон замаг шинээр ургаж, жилээс жилд хэмжээ нь тэлж байна. Ногоон замаг нуурын ус бүлээсч халснаас, нарны гэрлийн тусгал нэмэгдсэнээс, үерийн ус гол руу орсноос, эргээр нь мал амьтан олноор бэлчсэнээс, хүний гаралтай бохирдол нэмэгдсэнээс ургадаг байна. Хэрэв ийнхүү ногоон замаг үргэлжлэн нэмэгдээд байвал  усан доторх амьд организмууд мөхөлд орох, усыг цэвэрлэгч ургамлууд нарны гэрэл нэвтрэхгүй болсноос үхэж, ногоон замаг нь хорт бодис ялгаруулан, дотор нь байх загас амьтанг үхүүлэх, мөн хүний эрүүл мэндэд нөлөөлөх, улмаар уух боломжгүй болгох аюултай. 

Бид л ногоон замаг ургах энэ бүх хүчин зүйлүүдийг  бий болгож байгаа бөгөөд эргийн бүсийн ургамлаа хайрлаж, байгалийн төрхөөр нь байлгавал өндөр өвс эргийн усыг сүүдэрлэж, хэт халалтаас сэргийлэн, үерийн ус болон бага хэмжээний бохирдол, малын гаралтай ялгадсыг хөрс, ургамал өөртөө шингээсээр байх болно. Иймээс нуурын эргийн бүсийг хамгаалж, хууль журмаа мөрдье, хамгаалья гэхээр зөвхөн өөрийн эзэмшсэн газраа хашчихаад гадна талынхыг нь нийтийн эзэмшлийнх болгоод аль дуртайгаараа зам гаргаж, морь, машинаар сэлгүүцэж, зам засаж болохгүй ээ.

Өнгөрсөн жил “Далайн захиргаа” хэмээх байгууллага Хөвсгөл нуурын эргийг ямар ч зөвшөөрөлгүйгээр  дур мэдэн ухаж, завины агуулах бариад гарсан шороог нь эргийн дагуу зам дагуулан асгаж байхад дуугарах, арга хэмжээ авах төр захиргааны байгууллага, ажилтан алга байсан. Тэдгээр байгууллагуудад нь хэлэхээр “Дээрээс зөвшөөрсөн, дарга тэг” гэсэн, зарим нь бүр “Төрийн байгууллагуудын хооронд болоод өнгөрсөн асуудал” гэж байх жишээтэй. Ийнхүү төрийн байтугай, байгалийн хуулийг захирдаг дарга нартай, төрийн хуульд биш дарга нарт үйлчилдэг төрийн ажилтнуудтай болсноос  энэ бүх гай Хөвсгөл нуурт нүүрлээд байна. Нуурын эргийг зөвхөн алхаж очиж, харж баясаад буцдаг ийм л газар болгох ёстой билээ.  

Хөвсгөл нуурын эргээс 100м-200м-ийн дотор зам засах, эргийг бетондож хамгаалах, далан байгуулах явдал нь нуурын амьсгалыг боогдуулж, амин голыг тасалж байгаа хэрэг юм.  Нэгэн жишээ дурдахад Испани улс  Евро голынхоо татам дотор болон голын салаануудад суурин байгуулж, газар тариалан эрхэлж, зөвхөн голын усыг бетондон хашсан сувгаар урсгадаг болгожээ. Гэтэл тэрхүү гол 2 жилийн дараа гэхэд л ашиглах боломжгүй ногоон цээл болон урссан гэдгийг зориуд сануулая.   

Нуурын эргийн дагуу газар олж авах гээд улайран хөөцөлдөх иргэд, найзууд минь ээ. Гоё харагдвал л авч, өөрийн болгох гээд байдаг хязгааргүй хүсэл шуналаа татаж, Хөвсгөл нуураа цэнгэг байлгаж, ирээдүйн хүүхэд багачууд, хүн төрөлхтөнд үлдээхийн төлөө хүнлэг, өгөөмөр сэтгэл гарган сэтгэлээ амирлуулаач.

Хөвсгөл нуурын ирээдүйг гартаа атгаж байгаа шат шатны төрийн байгууллага, байгаль хамгаалах ажилтнуудаас энэхүү хосгүй үзэсгэлэнт, цэнгэг нуурынхаа онцлогийг шинжлэх ухааны үүднээс судалж, өнгөн талаас нь бус жинхэнэ мөн чанараар нь, бодитоор  хамгаалаач гэж гуйя.

Хөвсгөл нуурыг гадны ямар ч байгууллага, судлаачид, хөрөнгө бэлтэй хүмүүс, улс төрчид хамгаалахгүй, эргээр нь амьдарч, ашиг шимийг нь хүртдэг нутгийн бид л хамгаална.

Хөвсгөл нуурыг онгон, цэврээр нь байлгах нь Монгол улсын ирээдүйд олзын үүдийг нээж өгч байгаа хэрэг юм. Бидний үеийнхэн ийм нинжин сэтгэлтэй гэдэгт итгэлтэй байна. 

Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюумаа /”Хөвсгөл далай ээж” нийгэмлэг/

                                                                                          Хөвсгөл аймаг Мөрөн хот.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.183.184)

    2019-07-09

    маш зөв, энэ бол мөнгө гаргахгүйгээр сэтгэлээрээ л хийж болох ажил шүү дээ. албан хаагчид,улс төрчид бол хийхгүй гэдэг нь дэндүү тодорхой. тэр оросуудын төслийг дэмжээд нуурын ёроолд байгаа машин техникийг гаргах ажлыг эхлүүлээч дуракууд тэр энхтүвшин, даваасүрэн энхамгалан, мөнхбаатар ч билүү дивтаатууд-гайхамшигууд