Иргэний нийгэмд тулгарч буй гурван эрсдэл

Монголын төр Төрийн бус байгууллагын (ТББ) тухай хуулийг Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хууль гэсэн нэрээр шинэчлэн батлах гэж байна. Энэ тухай би хоёр долоо хоногийн өмнө “Бид ардчиллаас ухарч байна”нийтлэлдээ бичсэн. Хууль зүйн яамнаас бэлтгэсэн энэ хуулийн төсөлд монголын “Хараат бус судалгааны хүрээлэн”-ээс (IRIM)  дүн шинжилгээ хийжээ. Шинэ хууль батлагдвал ардчиллын суурь багана болсон иргэний нийгмийн амьдралд эерэг сөрөг олон өөрчлөлт бий болох нь дамжиггүй. Бүх өөрчлөлтийг урьдчилан тооцох төвөгтэй ч гэсэн дараах гурван эрсдэл учрах магадлал өндөр байна.

Иргэний нийгэмд тулгарч буй гурван эрсдэл

 

ТББ-уудын үйл ажиллагааг хязгаарлах эрсдэл

Ашгийн төлөө бус хуулийн этгээд нь улс төрийн намын болон шашин номлох, дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах, бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд эд хөрөнгийн болон бусад хэлбэрийн хандив өгөхийг хориглосон байна. Мөн терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахын эсрэг тодорхой зохицуулалтууд оруулжээ.

Улс төрийн намууд дэргэдээ намын залуучуудын, эмэгтэйчүүдийн гэх мэт олон төрлийн ТББ ажиллуулж байгаа, төрийн өндөр албан тушаалтнууд олон төрлийн ТББ-ын тэргүүнээр ажиллах болсныг энэ хуулиар хязгаарлах зорилготой ажээ. Нийгэм хэт их улс төржих болсныг хязгаарлахыг оролдож байгаа ч иргэдийн холбоо, нэгдлийн яг ямар үйл ажиллагааг хориглох нь тодорхойгүй байгаа нь хуулийн энэхүү заалтын хэрэгжилтийн хамрах хүрээг бас тодорхойгүй болгож байна.

Ингэснээр ардчилал, засаглал, хүний эрх чиглэлийн ТББ-ын (ТББ-ын 20,3 хувь нь энэ чиглэлд ажиллаж байна, (Хараат Бус Судалгааны Хүрээлэн, 2016) үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт үүсэх юм. Тэгвэл ТББ-аас төрийн үйлдэлд хяналт тавих, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх үйл ажиллагаа хумигдах эрсдэл гарна. Мөн төрийн эрх мэдлийг хянах, хязгаарлах, иргэдийн улс төрийн оролцоог дэмжих, ардчиллын үнэт зүйлийг хөгжүүлэх, сонгуулийн үйл явцад хяналт тавихад хязгаарлалт бий болно.

Түүнчлэн хуулийн төсөлд нийтэд тустай үйл ажиллагаа, түүний төрөл, нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх, түүнд дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалтууд оржээ. Тухайн ТББ нь нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ баталгаажуулаад татварын хөнгөлөлт эдлэх, төрийн дэмжлэг хүртэх зэрэг олон давуу олж авах ажээ. ТББ-ууд үйл ажиллагаагаа Засгийн газраас (ЗГ) баталсан чиглэлд нийцүүлэх, ингэснээр төрөөс дэмжлэг авах, татварын хөнгөлөлт эдлэхийг эрмэлзэх юм. Гэхдээ нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх журмыг ЗГ батална. Энэ бол нийтэд тустай үйл ажиллагааны төрөл, хэлбэр, цар хүрээ зэргийг тогтоох хянахад ЗГ шууд оролцоно гэсэн үг.

 

ТББ-уудын санхүүжилтийг боомилох эрсдэл

ТББ-ын хамгийн чухал, тулгамдсан асуудал нь санхүүжилт. Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд ТББ-ын нийт санхүүжилтийн 3.9 хувь нь гишүүний татвар, 21.4 хувь нь хандив, 67.7 хувь нь олон улсын санхүүжилт, 7 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжиж байна гэжээ. Энэ үзэл баримтлалд ТББ-ын санхүүжилтийн хувьд нэгдүгээрт төрийн шууд оролцоо бага (2 хувь), хоёрдугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөх эрсдэлтэй гэж үзжээ.

2016 оны судалгаагаар нийт ТББ-ын 28.2 хувь буюу, хамгийн их хэсэг нь төрийн байгууллагуулын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс санхүүжилтийн гол эх үүсвэрээ бүрдүүлдэг гэж хариулсан байна (Хараат бус судалгааны хүрээлэн, 2016). Судалгаанд оролцсон ТББ-уудын 12.1 хувь нь л аж ахуйн үйл ажиллагааны орлогоос санхүүжилтийн гол эх үүсвэрээ олдог гэж хариулжээ. Тийм учраас манай төр засаг ТББ-уудыг төсвөөс шууд санхүүжүүлэх чиглэлээр хөгжүүлэх бодлого баримталж байгаа ажээ.

Энэ маягаар төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь юуны өмнө авлигын эрсдлийг дагуулах юм. 2016 оны энэхүү судалгаагаар хөрөнгө босгоход хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг нь төрийн тендер нь нээлттэй ил тод биш гэж 18.4 хувь нь хариулсан. МУ-ын авлигын эрсдлийн үзүүлэлт өндөр хэвээрээ байгаа, тэгээд ч төрийн сангуудтай холбоотой саяхны хэрэг явдлуудаас үзэхэд Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сан болон төрийн бусад дэмжлэгүүд зохих эзэндээ хүрэхгүй байх магадлал өндөр юм.

Санхүүжилттэй холбоотой өөр нэг эрсдэл нь гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг хумих оролдлого. Юуны өмнө шашны болон улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн шалтгаанаар тодорхой олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, дэмжлэгийг хумих, олон улсаас босгож буй санхүүжилтийн эх үүсвэрээ нотлох шаардлага ТББ-уудад үүснэ. Ийм маягаар ТББ-уудын дуу хоолойг олон оронд хэрхэн хумиж байгааг өмнөх нийтлэлдээ дурдсан.

 

Төрийн оролцоо нэмэгдэх эрсдэл

Энэ хуулийн төслийн бас нэг томоохон өөрчлөлт нь Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл гэх институтийг байгуулж, ажиллуулах тухай зохицуулалт. Хуулийн үзэл баримтлалд “Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг үүрэг бүхий “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл”- ийг байгуулах эрх зүйн үндсийг тогтооно” гэжээ.

Гэвч энэ зөвлөл нь иргэний нийгмийн байгууллагуудын өөрсдийнх нь засаглалын бүтэц биш ажээ. Зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хуульд тусгагдсан сайдын санал болгосноор, мөн зөвлөлийг ЗГ томилж чөлөөлөх бөгөөд ажлын алба нь ЗГХЭГ-т байна. ЗГ-ын нөлөө хүчтэй байх нь тодорхой. Мөн энэ зөвлөл нь Иргэний нийгмийг дэмжих сангийн зарцуулалтыг удирдах, нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх гэх мэт чиг үүрэгтэй учир зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажлын алба нь улс төрийн мөчлөгөөс хамааран өөрчлөгдөж, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байх эрсдэлтэй юм. Хараат бус судалгааны төвийн судалгаанд оролцогчид ч бас иргэний нийгмийн байгууллагад төрөөс оролцож, хянах гэсэн оролдлогууд нэмэгдэж байна гэж үзжээ.

 

Эрх чөлөөний үнэ

Иргэний нийгмийн байгууллагуудыг хянах, хязгаарлах, ардчиллын суурь институтийг нураах, ардчиллаас ухрах үйл явц дэлхий дахинд явагдаж байна. Зөвхөн 2017 онд л гэхэд 60-аад улсад иргэний нийгмийг хязгаарласан хууль баталсан.

Мэдээж хууль тогтоомжийг сайжруулж болно. Тэгэх ч ёстой. Гэхдээ сайжруулахдаа судалгаанд үндэслэж, оролцоонд тулгуурлахгүй бол учир дутагдалтай болж дахин өөрчлөх ажил гардаг. Манайд хууль боловсруулахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч байгаа боловч хууль батлахдаа тухайн саналуудыг нь хэрхэн тусгасан бэ гэдгийг хянахад хэцүү. Ихэнх тохиолдолд тусгахгүй байх магадлал өндөр. Ийм зүйл ганц манайд ч биш, бусад улсуудад болж байна. Жишээлбэл Польшид Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үндэсний төв байгуулах хууль боловсруулахдаа ТББ-уудын саналыг маш сайн авсан боловч батлахдаа тухайн саналуудыг оруулахгүйгээр “хулгай”-аар баталсан ажээ. Монголын төр засаг ТББ-уудаа “цэгцлэх” их аянд мордож, иргэд бидний Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах нөхцөл байдал бүрдээд байна.

Томас Жефферсон “Эрх чөлөөний үнэ бол мөнхийн сонор сэрэмж мөн” (Eternal vigilance is the price of liberty) гэж 200-аад жилийн өмнө сануулсныг бид мартах учиргүй.

 

2019.07.03

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)