А.Бакей: Тогтолцоо ямар байхыг Үндсэн хуульд шууд заах хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан А.Бакейг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж, Үндсэн хуулийн эргэн тойронд ярилцлаа.

-УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэвэл яах аргагүй ийм шаардлага байгаа гэж үздэг. Яагаад гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа 1992 онд батлагдсан Үндсэн хууль нийгмийг өөрчлөх тал дээр олон эерэг үр дүн авчирсан ч өөрчлөх ёстой гарцаагүй чухал зүйлүүд байна. Тиймээс өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Үүнийг тайлбарлах хамгийн гол үндэслэлийн нэг нь хууль тогтоох болон  гүйцэтгэх засаглал, шүүх засаглал  гурав тэнцүү эрх мэдэлтэй, бие биедээ харилцан хяналт тавьдаг, хариуцлага хүлээдэг эрх мэдлийн хуваарилалтын зарчим байх ёстой. Гэтэл одоогийн Үндсэн хуулиар УИХ-ыг хууль тогтоох дээд байгууллага байхын зэрэгцээ “төрийн эрх барих дээд байгуулага” гэж хуульчилсан. Үүнээс хамаарч УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалыг ч, шүүх засаглалыг ч үндсэндээ хяналтдаа байлгаад ирсэн байна. Өнгөрсөн 27 жил ийм байдалтай нам дамнасан олигархийн ноёрхол төрийн эрх мэдлийн дээрх салаа мөчирт хяналт тавьж ирлээ. Тэнцүү эрх мэдэлтэй байх, харилцан хяналт тавих чиг үүргийн хуваарилалтын зарчим үндсэндээ алдагдсан гэж үзэж байгаа учраас энэ гажгийг цаг алдалгүй засах зайлшгүй шаардлагатай.

 

-Өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг та судалсан байх. Дэвшилттэй болон сул тал юу байна?

 

-Дэвшилттэй тал гэвэл 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн заримыг засч сэргээснийг зүйтэй гэж үзэж байна. Жишээлбэл, УИХ-ын нэг чуулган жилд 50 гаруйхан удаа хам хум хуралдаж, зарим тохиолдолд  хуралдсан юмгүй тараад байна. Байнгын парламентын үйл ажиллагаа нь тасралтгүй явах зарчимтай учраас нэг удаад ядаж 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах нь зөв санал. Дээр нь гүйцэтгэх засаглал буюу  Засгийн газрын эрх мэдэл, тэр дотор Ерөнхий сайдын эрх мэдлийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж байгааг зөв гэж бодож байна. Мөн давхар дээлд  хязгаарлалт тавьж, ээлжит сонгууль явуулахаас нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосонтой санал нийлж байна. Яагаад гэвэл, Сонгуулийн хууль нь аль болох эрт, сонгууль явагдахаас өмнө тодорхой болчихсон байх нь сонгогчдын хувьд ч, нэр дэвшигчдийн хувьд ч гэсэн чухал.

 

-Сул талыг нь…?

 

-Гарцаагүй эргэж харах ёстой, зайлшгүй засах ёстой нэлээд олон асуудал байна гэж бодож байгаа. Дашрамд хэлэхэд, энэ олон  жилийн турш Монгол Улсын төр яагаад ийм хариуцлагагүй, тогтворгүй, эмх замбараагүй явж ирсэн байна вэ гэвэл, төрийн эрх барих эрх мэдэл болон газар түүний хэвлий доорх баялгийн хуваарилалттай шууд холбоотой. Ашигт малтмалын баялгийн төлөөх  төрийн дээд түвшний цөөн хүний өрсөлдөөн явж ирсэн.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудалд цэг тавих ёстой. Одоогийн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад  “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, усны нөөц, ан амьтад төрийн өмч байна” гэсэн чухал заалт бий ч хэрэгжилт туйлын хангалтгүй. Харамсалтай нь өргөн барьсан төсөл дээр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн өгүүлбэр нэмсэн нь  ерөнхийдөө лоозонгийн шинжтэй байна. Энэ заалт дээр “төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа”  гэж оруулсан нь ойлгомжгүй. Энэ алдааг засахгүй бол бүрхэг хэвээр үлдэхээр байна. Тиймээс энэ заалтаа тодорхой болгох хэрэгтэй.

 

-УИХ шүүн таслах ажиллагаа явуулдаг байгууллага болох нь гэсэн шүүмжлэл гараад байна. Энэ талаар?

 

-Нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах юм байна. Энэ нь тодорхой хэмжээгээр хяналтын чиг үүргээ гүйцэтгэхэд хэрэгтэй л байх. Гэхдээ чиг үүрэг нь төдийлөн тодорхой биш байгаа тул тодруулж ойлгомжтой болгох шаардлагатай гэж харж байна. Дээр нь төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхийг хязгаарласан олон заалт оржээ. Ерөөсөө төсвийг Засгийн газар ямар байдлаар өргөн барьсан байна вэ, тэр чигээр нь батална гэжээ. Энэ тохиолдолд УИХ төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэггүй болно гэсэн үг. Тухайлбал, хуулийн төсөлд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй.Төсвийн санхүүжилтийг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэжээ. Энэ нь хэтэрхий хатуу заалт юм. Магадгүй Засгийн газар нь алдаатай төсөв оруулж ирж болно шүү дээ. Тэгэхээр үүнийг хатуу хуульчлах нь буруу. УИХ бол Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хууль тогтоох дээд байгууллага учраас хуулийн энэ заалтыг би хэт нэг талыг барьсан хатуу заалт гэж үзэж байгаа. “Давхар дээл”-ний хувьд Засгийн газрын гишүүний дөрвөөс дээшгүй нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэсэн заалт байна. Ер нь бол гүйцэтгэх засаглал нь давхар биш ерөөсөө 100 хувь “давхар дээл”-гүй байвал сайн. УИХ хууль нь тогтоох дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж дангаараа ажиллах хэрэгтэй. Засгийн газар нь мөн адил гүйцэтгэх засаглалынхаа чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж төрийн эрх мэдлийн салаа мөчрүүдийн хоорондоо холилдсон одоогийн замбараагүй байдалд цэг тавина.

 

-Гэтэл зарим гишүүн “Яагаад ард түмнээс мандат авсан УИХ-ын гишүүн яагаад Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж” гэдэг асуудлыг тавиад байгаа шүү дээ?

 

-Тэр бол хүн ам олонтой, парламентын олон гишүүнтэй  оронд байж болох хувилбар. Манайх шиг цөөн хүн амтай, жижиг улс оронд ерөөсөө тохирохгүй. Жишээ нь одоогийн УИХ гэхэд 76 гишүүний 19 нь сайдын албыг давхар хашиж байна. Тэгэхээр төрийн эрх мэджл хоорондоо холилдсон учраас төрийн хөгжлийн бодлого тодорхойлох, хууль тогтоох бие даасан байгууллагын эрх үүргийг УИХ биш Засгийн газар тогтоогоод байна. Иймд манай улс өөрийн онцлогоо харгалзан энэ асуудлыг бүрэн хэмжээгээр зааглах ёстой.

 

-Хэрэв Засгийн газрын гишүүний дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэж хуульчилбал дөрвөн том олигарх сайдын суудал худалдаж аваад давхар дээл өмсөх боломжтой гэж шүүмжилж байгаатай та санал нийлж байна уу?

 

-Тэгж ярьж байгаа хүмүүс цөөнгүй байна лээ, би тэдэнтэй санал нийлнэ. Тэр дөрөв дотор Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн  сайд ороод дээр нь хууль хяналтын байгуулага, эрх мэдэл, өмч хөрөнгө эзэмшсэн байхад яаж ч чадахгүй гэсэн үг. Тиймээс “давхар дээл”-ийг 100 хувь тайлуулах хэрэгтэй.

 

-Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсний заримыг АТГ шалгаж байна. Тэгэхээр шүүх засаглалтай холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтөд  юуг анхаарвал зохих вэ?

 

-Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтөд “Хууль зүйн дээд боловсролтой, хуульч мэргэжлээр таваас доошгүй гэж ажилласан, 30 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүгчээр томилно” гэсэн заалт байгааг зүйтэй гэж  бодож байна. Учир нь өнгөрсөн хугацаанд шүүх засаглалд гарсан нэг гажуудал бол төрийн энэ чухал албанд танил талын “арын хаалга” давамгайлж ирсэн гэж боддог. Тэгэхээр хуулийн байгууллагад хуульч мэргэжилтэй хүнийг мерит зарчмыг баримтлан томилох нь зөв. Жишээ нь, төрийн албаны эдийн засгийн салбарт гэхэд  эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүн л ажил үүрэг гүйцэтгэхээс биш өөр мэргэжлийн хүн би мундаг улстөрч гээд хийхээрээ алдаа гараад байгаатай яг адил. Гагцхүү энд тавигдах шаардлага дээрээ Улсын Дээд шүүхийн шүүгчээр хуульзүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэж байгаа нь учир дутагдалтай. Нэг удаа томилж болох ч 12 жил гэж байгаа нь хугацаа дэндүү урт байна. 40 дээр 12-ыг нэмэхээр 52 болно. Энэ нь үндсэндээ тэр хүнийг дархлах маягтай тухайлбал, тэр хүн алдаа гаргасан ч хуулиараа үргэлжлүүлээд ажиллаад байж болох  заалт болжээ. Дээр нь Үндсэн хуулиар нэр заасан байгууллага бол гарцаагүй тэр л хүрээндээ үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гадна Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж шинэ бүтцийг бий болгохоор төсөлд оруулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухайд ойлгомжтой байгаа, учир нь одоо ажиллаж байгаа учраас. Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэдэг нь есөн гишүүнтэй, түүний гурав нь шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч, гурав нь хуульзүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байхаар заажээ. Бүрэлдэхүүний хувьд байж болох ч чиг үүргийн хувьд бүрхэг байгааг тодруулах шаардлагатай.

 

-Үндсэн хуулийн цэц гэж байгууллага бий. Үндсэн хууль зөрчигдөөд байхад хамгаалах биш, харин ч улстөрчдийн үүрэг даалгавраар ажилладаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Яавал хараат байдлаас гарах бол? 

 

-Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаан дээр нийгэмд янз бүрийн шүүмж өрнөсөөр ирсэн. Одоо ярьж буй нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг томилох  шаардлагыг  тавьсан байна. Хууль зүйн мэргэжилтэй гэвэл нэг өөр, хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээр хоёрдмол утгатай болчихож байгаа юм. Сүүлийн үед энд “хуульзүйн өндөр мэргэшилтэй” гэж улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүсийг аваачиж тавьдаг болсон. Тэгэхээр энэ бас л хуулийн цоорхой болохоор байна. Шүүгч томилох асуудлаар  хуульч “мэргэжилтэй” гэж  тодорхой бичсэн атал Цэцийн гишүүнийг томилоход хуульзүйн өндөр “мэргэшилтэй” гэсэн нь бүрхэг, ингэснээр хэнийг ч оруулаад ирж болох нь байна шүү дээ. Үндсэн хуульд ийм хоёрдмол утгатай зүйл заалт оруулах ёсгүй.

 

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхзүйн байдлын талаар тусгасан зүйл, заалтууд хэр зөв бэ?

 

-Энэ хэсэг дээр зарим санаа нь зөв ч эргэж харах асуудлууд ч цөөнгүй байна. Сум, дүүргийн Иргэдийн хурал хуулиар тогтоосон хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй гэж тусгасан нь орон нутаг харьцангуй бие даан хөгжих, өөрийн гэсэн орлогоо бүрдүүлэхэд тустай. Сумын ИТХ-ыг иргэдээс сонгоод, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сумынх дотроос сонгохоор хуульчилсан нь байж болох нэг хувилбар юм. Эсвэл аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг иргэдээс сонгоод сум, дүүргийнхийг болиулсан ч болох талтай. Ямар ч гэсэн сумын түвшин дэх хэт улс төржилтөд бас цэг тавих шаардлага бий.

 

Сумын Засаг даргыг тухайн сумын иргэд өөрсдөө сонгож, харин тэдний үйл ажиллагаанд тавих хяналтын механизмыг маш тодорхой тусгавал зүгээр байна. Баг, хорооны Засаг даргыг ард түмнээс мандат авсан сум, дүүргийн Засаг дарга томилж багаа бүрдүүлэх нь зүйд нийцнэ. Энэ нь ч дээр дурдсан жалга довны хэт улс төржилтийг хязгаарлахад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

 

-Өргөн барьсан төсөлд орхигдсон чухал асууудлууд байна уу?

 

-Өнөөгийн төрийн хариуцлагагүй байдалд нөлөөлж байгаа хамгийн чухал асуудлын нэг нь сонгуулийн эрхзүйн үндэс юм. Ер нь УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг Үндсэн хуульдаа шууд заах хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуульд иргэд “шууд сонгоно” гэсэн заалт бий. Гэтэл тэр заалтыг Үндсэн хуулийн цэц хоёр янзаар тайлбарлаж сонгууль явуулсан. Жишээлбэл, нэгд нь порпорциональ элемент оруулж сонгууль хийж, УИХ-ыг ийм байдлаар бүрдүүлсэн. Дараа нь Үндсэн хуулийн цэцээс холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гээд мажоритар тогтолцоонд шилжсэн. Нэг заалтыг Үндсэн хуулийн  цэц  нь хүртэл хоёр янзаар тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа нөхцөлд энэ төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тун хэцүү шүү. Ядаж сонгуулийн тогтолцоогоо хоёрдмол утгаар ойлгогдохооргүйгээр маш тодорхой заах ёстой. Харамсалтай нь ийм өөрчлөлт нэмэлт өөрчлөлтийн төсөлд алга. Тиймээс эргэж харах асуудал олон  бий гэж бодож байна.

 

-Ард түмний хүсэн хүлээсэн, хөгжил авчрах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталж чадах болов уу?

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах, эцэг хуульд гар хүрэх асуудлаар энэ УИХ ёс зүйн хувьд эргэлзээтэй. УИХ-ын өнгөрсөн гурван жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаанаас нь харахад чадна гэсэн итгэлийг төрүүлсэнгүй. Ард түмний итгэлийг маш ихээр алдсан, шударга бус үйлдэл дэндсэн шүү. Тиймээс олонхиороо түрий барьж дахиад буруу зөрүү хууль баталчихвал байгаагаасаа долоон дор байдалд орох вий гэсэн болгоомжлол ард түмний дунд бас байна. Батлахгүй бахь байдгаараа суугаад байвал мөн дараагийн дөрвөн жилд  ямар бүрэлдэхүүнтэй УИХ гарч ирэх нь тодорхойгүй байгаа учраас одоогийн УИХ дахь эрх баригч намын бүлэг АН-ын зөвлөл болон парламентын гаднах улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчийн саналыг авч тусгаад хэрэв батална гэвэл  ард нийтийн өргөн хэлэлцүүлэг  явуулах шаардлагатай. Хугацааны хувьд батлах боломжтой байна шүү дээ.

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)