УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцууллаа

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсангүй

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.07.16) нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Н.Чинбат, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар тус тус  танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон аж. 

    Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. 

    Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ. 

    УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа цэцийн 03 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Н.Амарзаяа, Я.Содбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хороодын саналын томьёоллын дагуу Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.  

 

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцууллаа

    Хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын  танилцуулгаар үргэлжлэв. 

    Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа,  Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай цаг үед хуралдаж, онцгой чухал хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна. Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсан билээ. Тэр цаг нэгэнт тулж ирлээ. Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонх нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн намрын чуулган дээр хэлсэн үгэндээ миний бие Үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт хийхдээ юуг анхаарах, ямар зарчим, үндэслэл баримтлах талаар хэлж байсан тэр л байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгийг онцоллоо. 

    Мөн тэрбээр, Наадмын өмнө удаа дараа ард иргэдээс гаргасан саналыг УИХ-ын Тамгын газраас нэгтгэн наадмын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон, зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлуудаарх иргэдийн саналыг тусгасан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн санал төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэмэлт, өөрчлөлтийн санал төсөл нь нэг өдөр бодож олсон зүйл биш. Өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жил хэлцэгдсэн, иргэдийн бодол, шүүлтүүрээр орж сайтар шигшигдсэн баримт бичиг хэмээн үзвэл зохино. Санал болгон түүхэн сургамжтай. Алдаан дээр суралцаж, цаашид гарч болзошгүй алдаануудыг хааж байгаа юм гэж байлаа. 

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл  таван багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байна гэсэн юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчий зүгээс дараах саналуудыг оруулахаар тусгажээ.

 

    Нэг.  Өнөөгийн байдлаар манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх хандлага бүхий маргаан дэлхий нийтэд байхгүй. Хэдий ийм ч тодорхой нөхцөлд улсынхаа тусгаар тогтнолыг улам бүр бэхжүүлж, үеэс үед сахиулан хамгаалахад чиглэсэн хуулийн хамгаалалтыг хийх нь зөв гэдгийг зарим улсад өрнөсөн үйл явдал, гашуун туршлага харуулсан тул Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгах шаардлагатай байгаа юм.  Үүнийг нэмэлт өөрчлөлтийн санал төсөлд: 1.3 Монгол улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалтаар илэрхийлж байна.

    Хоёр. Манай улс 1992 оноос хойш парламентын 7 удаагийн, Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг, мөн тооны давтамжтайгаар орон нутгийн хурлын сонгуулиудыг явуулаад байна. Зохион байгуулалттай хууль бус, бусармаг үйл ажиллагаа бодитоор явагдсан, цаашид ч явагдах магадлал их тул үүнийг таслан зогсоохын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгаж, салбар хуулийн хүрээнд гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Тийм учраас, 3.3 “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ” хэмээн томъёолсон заалтыг орууллаа.

    Гурав. Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг улам тодотгон бэхжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг дархлаажуулахын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалтууд тусгах шаардлага бий. Эдгээр зохицуулалт нь салбарын хуулиар хангагдсан ч Үндсэн хуульд тусгагдаагүй учраас Монгол банкнаас ирүүлсэн саналыг уламжлан оруулж байна.

    Дөрөв. Нэгдмэл улс гэдгээ бататгах, засаг захиргааны удирдлагын эрх хэмжээ, удирдах, удирдуулах ёсыг бэхжүүлэх нь нэн чухал болж байна. Тархай бутархай нэгжүүдийн эрх мэдлийн хийдэл, зөрчил, давхардал нь өнгөрсөн он жилүүдэд улс орны хөгжлийг туйлын ихээр тушлаа. Тиймээс газартай холбоотой аливаа эрхийг Засгийн газар болон засаг, захиргааны томоохон нэгжийн удирдлагад шилжүүлж, хөгжлийн бодлого зорилтдоо нийцүүлэн ашиглах нь нэн чухал байна. Үүнтэй холбоотойгоор: 6.6  Нийтийн өмчийн газрыг  Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нйислэлийн Засаг дарга гаргана” гэсэн заалт оруулж байна. 

    Тав.  Ард түмний мэдэлд байх, нийтийн өмчид хамаарах байгалийн баялгаа зохистой, үр ашигтай, хүртээмжтэй ашиглах зарчим, журмыг Үндсэн хуулиар тогтоож, өнөөгийн болон ирээдүйн ард түмнийхээ эрхийг хамгаалан хангах шаардлагатай гэж үзэж байна. 6.2 Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

    Зургаа. Улс төрийн намуудыг шинэчлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийгээгүй тохиолдолд улс орны хөгжил хийгээд иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулж болзошгүй тул Үндсэн хуульд суурь зохицуулалтуудыг тусгах шаардлагатай байна.  Тийм учраас намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байгаа юм. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын 5 хувь буюу 100 мянга хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ тавин мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээр зааж өглөө. Ирэх сонгуульд өрсөлдөх бүх намууд нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн бүртгүүлэх ёстой болно. Улс төрийн намуудын хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орох энэ заалтуудыг суурь үндэслэл болгох хэрэгтэй.

    Долоо. Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэж үзлээ.

    Найм. 1992 оноос хойшхи парламентын 7 удаагийн сонгуулиас хойш 2012 оны сонгуулийг л холимог тогтолцоогоор явуулжээ. 2012 оны сонгуульд холимог тогтолцоог ашигласнаар парламентад олон намын төлөөлөл орсноос гадна иргэдийн саналыг гээгээгүйгээрээ чухал ач холбогдолтой байсан гэж судлаачид үздэг. Олон намын төлөөлөл бүхий парламент нь аливаа асуудлыг зөвшилцлийн мэтгэлцээний замаар шийдвэрлэх, шийдвэр гаргах явц дахь нэг намын хэт давамгайллыг бууруулах давуу талтай гэж үзлээ. Түүнчлэн Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлэх эсхүл сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан зааж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой тусган, зааж өгөх нь зүйтэй. 

    Ес. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн уналт, бууралтын мөчлөг 5 жилийн давтамжтай явагддаг гэсэн судалгаа бас бий. Сонгуулийн 4 жил нь эдийн засгийн мөчлөгтэйгөө зөрөх нь олонтаа тохиолдож байна. Дэлхий дээр парламентын бүрэн эрхийн хугацааг 4, 5, 6 гэсэн жилүүдээр тогтоодог жишиг байгаагаас дундаж хувилбарыг сонгож байгаа юм.

    Арав. Дэлхийн улс орнуудын жишигт нийцүүлэн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төсвийн, татварын гэх зэрэг Засгийн газрын боловсруулвал зохих хууль, тогтоомжийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүн санаачлахад хязгаарлалт хийнэ. Санал төсөлд тусгаснаар бол: 26.1 Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэж заасан.

Арван нэг. Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан институцийн эрх зүйн үндсийг тогтоох, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааных нь чанарыг сайжруулах, шаардлага бодитоор тулгарч байна. Түүнчлэн Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах заалт орууллаа. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоож, хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах нь зүйтэй юм. Энэ бол нийгмийн шаардлага, олон жил яригдсан асуудал тул тайлбар илүүц биз.

Арван хоёр. Төрийн бодлогыг боловсруулах үндсэн нэгж болох яамны аппаратыг удирдаж, төрийн бодлого шийдвэрийг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэх, сайдыг үйл ажиллагаагаа шуурхай явуулахад туслах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна.

Арван гурав. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг  шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна. Мөн мэдлэг, чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнийг шүүгчээр ажиллуулахын тулд төрийн албанд хэрэгждэг зарчмын дагуу шүүгчийг туршилтын хугацаагаар томилж ажиллуулах шинэ жишиг тогтоох нь зөв гэж үзэж байна.

Арван дөрөв. Нийслэлийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн бусад нэгжээс онцлог ялгаатайгаар хөгжих боломжийг бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн тулгамдсан байдлыг оновчтой шийдвэрлэх үүднээс нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах нь оновчтой гэж үзлээ. Ингэснээр дүүрэг нь хотын статусаар үйл ажиллагаа явуулж тулгамдсан асуудлаа бие даан оновчтой шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрэлдэнэ. Түүнчлэн Монгол Улсад олон жил шийдэл хүлээж буй бусад хотын асуудлыг нэг мөр болгох, хотыг засаг захиргааны нэгж гэж тооцох, ангиллыг оновчтой болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, уялдсан нэмэлт, өөрчлөлтийг хамаарах зүйл, хэсэг тус бүрт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна. Иймд: 57.3 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ гэсэн заалтыг оруулахаар тус тус тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)