Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Богд суманд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт гурав дахь өдрөө ажиллалаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Богд сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсов.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, УИХ-ын гишүүн асан, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Сумын Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог болохыг

Богд сумынхан дэмжиж байна

Цаг үеийн асуудлыг технологийн хөгжлийг ашиглан улс орны өнцөг булан бүрт мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдсэн бөгөөд Богд сумынхан ч энэ жишгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг авч байгаагаа хэлж байлаа.

Н.Эрдэнэболд: - Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээлэлд анхааралтай хандаж байгаа. Сумын Засаг даргыг ард нийтээр сонгох тухай зохицуулалт тусгасан байгаа гэж ойлгосон. Энэ зохицуулалтыг миний хувьд дэмжиж байгаа. Учир нь сумын Засаг даргыг нийт ард иргэдээсээ сонгодог болсноор тухайн дарга сум, орон нутгийнхаа төлөө ажилладаг болно. Зарим нэг сөрөг тал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Манай сумын хувьд хүндрэл үүсэхгүй байлаа гэхэд бусад суманд тохиромжгүй байх талтай. Гэхдээ иргэдээсээ сонгодог болбол суманд намчирхах, нэгнийгээ хувь хүний үзэл бодол, ашиг сонирхлоор хавчих зэргээр хоёр талд хуваагддаг байдал арилна. Сум орон нутаг нэг эрх ашгийн төлөө ажилладаг болно. Эсвэл Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь аймгийн Засаг даргаа томилдог. Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргаа, сумын дарга нь багийн даргаа томилдог болох нь дээр дээрээсээ хариуцлага тооцдог болох тогтолцоо бүрдэнэ гэж бодож байна. Багийн даргыг ард нийтээр сонгодог байх нь  хариуцлагын тогтолцоо алдагдах эрсдэл дагуулдаг. Ийм учраас Үндсэн хуулийн төслийг иргэдээрээ хэлэлцүүлж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж боддог. 

Ц.Отгонбаяр: - Монгол Улсын нийгэм, эдийн засаг болон өнөөгийн нөхцөл байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн судлаачид ч хэлж байгаа. Бид бүхэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэн алхах, нийгмийн хүлээлтийг хангахын тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв. Бүх нийтээр хэлэлцэж, ярилцаж “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буруугүй” гэдэг шиг нийт ард иргэд, улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгааг дэмжиж байгаа.  Энэ үйл хэрэгт УИХ-ын дарга манлайлан оролцож, уулзалт ярилцлагуудыг хийж, иргэдээсээ санал сэтгэгдэлийг нь сонсож шат шатандаа ажиллаж байгаад баяртай байна. Ер нь багийн дарга нарыг томилох нь зүйтэй. Сумдын Засаг дарга нарыг ард нийтээр нь сонгохдоо хариуцлагын тогтолцоог Үндсэн хууль болон бусад салбар хуулиудаар нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Үгүй бол зарим нэг суманд бүх ард иргэдээсээ сонгогдсон нэрийдлээр “хаанчлагдсан” хувь хүний сонирхол бүхий эсхүл улс төрийн бүлэглэлд автах, “буруу эшилсэн сүх шиг” төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Үүнийг онцгой анхаарч ажиллах ёстой. Нөгөө талаар  хууль зөрчвөл шууд огцруулна гэсэн зохицуулалт байгааг анхаарах хэрэгтэй гэж боддог. Тодруулбал, аймгийн Засаг дарга өөрийн үзэмжээр хандаж, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр сумын Засаг даргаа солиод өөрийн ашиг сонирхолд нийцүүлж томилгоо хийхийг үгүйсгэхгүй. Энэ мэт эрсдэл байгаа учраас сайн хэлэлцэж байж шийдэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нараас сонгох, эсхүл сонгогдсон төлөөлөгчийг аймгийн Иргэдийн хурал сонгоно гэсэн концефци байгаа. Үүн дээр санал нийлэхгүй байгаа. Өөрийн ажил, амьдарлын асуудлаа шийдээд тэндээ амь бөхтэй байж, бусад хүмүүсийн асуудал хамаагүй мэтээр авирладаг, явцуу эрх ашиг үүсэх эрсдэлтэй. Тйимээс энэ зохицуулалтыг эргэн харж, нягтлах хэрэгтэй. 

О.Дуламдорж:  - Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар олон санал гарч байна. Эвтэй, нэгдмэл байдлыг эрхэмлэх нь чухал гэдгийг хэлмээр байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэд хэдэн санал байна. Тухайлбал, “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг дэмжиж байгаа бөгөөд Ерөнхий сайд болон Шадар сайд л “давхар дээл”-тэй байх нь зүйтэй. Мөн УИХ-ын гишүүдийг иргэд өөрсдөө эгүүлэн татдаг байх тодорхой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Сумдын Засаг дарга нарыг нийт ард иргэдээс шууд сонгодог болох тухай заасныг дэмжиж байгаа. Харин шүүгчдийн хариуцлагыг дээшлүүлж8 тэднийг томилох, огцруулах зохицуулалтыг тодорхой тусгах хэрэгтэй. 

Л.Лувсанцэрэн: - Сумдын нутгийн хил хязгаарыг Үндсэн хуульд дахин тусгах саналтай байна. Тийм боломж байгаа болов уу. Одоогийн нөхцөлд отор нүүдэл хийхээд бусад сумдад хөөгдөх тохиолдолд их болсон. Түүнчлэн төрийн байгууллагуудад хяналт шалгалт их ирж байгаа ч үр дүн нь мэдэгдэхгүй байна. Иймд бүх төрлийн хяналт шалгалтын чанарыг сайжруулж, эргээд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнг харуулдаг болмоор байна. 

Д.Батсуурь: - Шударга ёсыг тогтоохыг зорин ажиллаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд одоогийн олон нийтийн дунд асуудал үүсгээд байгаа хэрэг хөөн хэлэлцэх тухай зохицуулалт оруулах хэрэгтэй. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг намаас бус иргэдээс сонгодог болох нь зүйтэй. 

Баянхонгор аймгийн Бонд сумын иргэд ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

П.Баяр: Хөдөлмөрлөж л чадвал хөдөө орон нутагт сайхан амьдрах боломж бүрэн байна

 

УИХ-ын дарга Г.Занданшатар сумдын айл өрхүүдээр орж, халуун дотно яриа өрнүүлж байгаа бөгөөд өчигдөр (2019.08.02) Баянхонгор аймгийн Богд сумын хоёрдугаар багийн малчин П.Баярынд очлоо. Тэрбээр 14 настайгаасаа эхлэн сур дарж эхэлжээ. Нэг ширийг бэлэн болгоход 1-2 мянган удаа үндэсний маягаар дарж байж сая сайхан элдүүр болдог. Нэг үрхийн ширийг боловсруулалгүйгээр “ченжүүдэд” арилжихад 5000 төгрөг байдаг. Харин түүнийг болдовсруулж, идээлэхэд нэг үхрийн ширнээс 5 аргамж сур гардаг бөгөөд түүний нэгийг нь 100 мянган төгрөгөөр тооцон арилжихад 500 мянган төгрөг болдог байна. Малаас “амьсгаанаас нь бусдыг ашиглаж болдог гэсэн өвөг эцгийн сургаалийг дагаж өнөөг хүрчээ. Мөн үхрийн ширээр хөм хийж өвлийн хахир цагаар шалаа дулаалахад ашиглаж байгаа. Малын амьсгаанаас бусдыг хаядаггүй дээ гэлээ.  Тэрбээр өвөлжөөний газартаа найман жилийн турш улаан сухай, бургас, хайлаас, агч, чацаргана зэрэг таван төрлийн 70 гаруй модийг тарьж, цөлжилтийн эсрэг өөрийн чадах бүхнээ хийж эхэлжээ. Тарьсан модоо ашиглан ташуур, уурганы толгой зэргээ хийчихдэг болжээ. Ирэх жилүүдээс мод тарих талбайгаа томсгож 100 мод тарин төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа. Байгаль дэлхий цөлжиж байна гэж хойш суулгүй хүн бүр ухамсарлаж нэг ширхэг ч гэсэн модыг орйг торондоо тарьж ургуулж чадвал цөлжилтийг зогсооход ойрхон байгааг Богд сумын малчин П.Баяр УИХ-ын даргыг айлчлах үеэр хэлж байлаа. Амар хялбар зүйл гэж үгүй тул хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзлэлтэй, юмханаар юм хийж чадвал хөдөөд сайхан амьдрах боломж бүрэн байгаа гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатарыг хөдөө орон нутаг буюу өөрийн сонгогдсон тойрогтоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулах өдрөөр төрийн үйлчилгээг Богд сумын ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх “Нэг цэгийн үйлчилгээ”-г үзүүлж байлаа. 

Мөн УИХ-ын даргын ивээл дор өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг гурван насны ангилалаар, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа урамшуулсан юм. 

Богд сумын гүүрийг ирэх оны дөрөвдүгээр сард хүлээн авахаар төлөвлөжээ. Нийт 2.4 тэрбум төгрөг өртөг бүхийн төмөр бетонон гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Говь-Алтай чиглэлийн тээврүүд энэ гүүрээр дамжин өнгөрөх юм байна. Гүүрийг ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байгааг  “Хөх байгаль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гал-Эрдэнэ УИХ-ын даргад танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрбээр ирэх оны төсөвт Богд суманд 150 хүүхдийн дотуур байрны санхүүжилтийг суулгах талаар судлан ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)