Ч.Гантулга: Орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилт 80 хувьтай байна

Энэ оны тавдугаар сарын 15-аас агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулж сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ирэх аравдугаар сараас агаарын бохирдол буурна гэж үзэж байна.

Тус хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ онд хийхээр төлөвлөсөн 32 ажлын хэрэгжилт 80 хувьтай явж байна. Юун түрүүнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөөц бүрдүүлэх, 600 гаруй км-ийн цаанаас зөөдөг түүхий эдийн тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч байна.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороог найдвартай эрчим хүчээр хангах Хүчит шонхрын дэд станцыг барих, төвийн дулаанд холбох боломжгүй 21 сургууль, цэцэрлэгийн нүүрсээр халдаг бойлерыг газ болон вакум усан халаалтын бойлероор солих ажил хийж байна.

Дараагийн томоохон ажлын нэг бол гэр хороололд агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийх юм. Энэ ажилд 4208 орон тооны бус ажилтныг дайчилж байгаа бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Судалгаанд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн зургаан дүүргийн гэр хороололд оршин суугаа 220 мянган айл өрхийг хамруулна. Тухайн айлын хэрэглэдэг зуухны төрөл, халаагуурын тоо, шөнийн тоолуурт хамрагдсан эсэх, цаашлаад өрхийн орлого, тэр ч бүү хэл бие засах байгууламж буюу жорлонгийн төрөл зэрэг 31 асуултаас бүрдсэн судалгааг үндэслэн төрийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэх юм. Судалгааны үр дүн буюу гэр хорооллын өнөөгийн байдлыг ирэх аравдугаар сард Засгийн газар болон олон нийтэд танилцуулна. Техник технологийг дэмжих ажлын хүрээнд усан бойлерын шинэчлэл, хог ангилан хаях төслүүдийг дэмжинэ. Нийслэлд 1980-1990-ээд оны 1100 орчим угсармал байшин байдаг. Эдгээр байшингуудын хогийн цэг тодорхой хэмжээгээр орчныг бохирдуулж байдаг. Тиймээс Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран нийтийн эзэмшлийн талбайд хог ангилан хаях цэг байгуулахыг зорьж байна. Энэ бүх ажлын үр дүн ёс, аравдугаар сараас мэдрэгдэж, агаарын бохирдол үлэмж буурна” гэлээ.

Эдгээр ажлын үр дүн ирэх аравдугаар сар гэхэд үр дүнгээ өгч эхлэх аж. Түүхий нүүрсийг хориглосноор нийслэлийнхэн 600 орчим мянган тонн шахмал түлшээр нэг өвлийг давна гэсэн тооцоо байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)