Ж.Болормаа: Шинжлэх ухаан, техникийн зуунд амьдарч байгаа хүүхдийн сонирхол, тархины хөгжил өөр болсон

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох хүүхэд багачуудын төлөвшил, гэр бүлийн хүмүүжлийн талаар БМДИ-ийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.

АСУУДЛЫГ ДАВАН ТУУЛАХ АРГАЧЛАЛАА ОЛЖ АВСНААР СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИНЭ

-Эцэг, эх хүүхдийн харилцааны талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Хүүхдийн хүсэмжилдэг зүйл чухам юу вэ?

-Хүүхдүүд эцэг, эхтэйгээ нээлттэй харилцаж, тэврүүлэн үнсүүлэхийг хүсдэг. Бага насандаа авч байсан тэр мэдрэмжээ авхыг хүсдэг гэсэн үг. Гэтэл аав, ээж нар үр хүүхдийнхээ зөвхөн материаллаг хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөж үүнийгээ хайр гэж боддог нь маш том алдаа. Тодруулбал, хэрэггэй зүйлийг нь аваад өгчихлөө гэж боддог ч хүүхдүүд материаллаг зүйлээр хангалуун байх тусмаа өөр зүйлээр буюу хайраар дутдаг юм.

 

Хүүхдүүд эцэг, эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон. Хайраа илэрхийлэх тийм ч хүнд, хугацаа шаардах асуудал биш. Өдөрт хүүхэддээ 20 минутын л зав гаргахад хангалттай.

 

-Хэрхэн яаж харилцаж, ойлголцох вэ гэдэгт нэлээн асуудалтай. Аав, ээжүүд зандрангуй өнгө аяс гаргах нь элбэг?

 

-Хуучин цагийн хэлбэрээ хаях хэрэгтэй л дээ. Үр хүүхдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, тэднийгээ ойлгодог байх нь чухал. Жишээ нь, миний хүүхдэд өнөөдөр юу тохиолдсон. Найзуудтайгаа юу хийсэн тухай эсвэл найзуудынх нь талаар сонин сайхан сонсч болно. Юу ярих нь гол биш хүүхэдтэйгээ ярилцаж байгаа нь л чухал. 

 

-Өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж, аливаа зүйлийг хориглох нь элбэг болж. Гэвч хэлснийхээ эсрэг өөрсдөө яваад байх шиг харагддаг?

 

-Энэ түгээмэл ажиглагддаг зүйл. Хүүхдийн төлөвшил эцэг, эхээс ихээхэн шалтгаалдаг. Хүүхдээ гар утсанд донтож байна. Чи байнга утсаа маажих юм, хэрэглэхээ боль гэж зэмлэчихээд өөрсдөө утсаа оролдож суух нь хүүхдэд ямар ч үлгэр дуурайлал болохгүй. Ингэснээр зөвшөөрөхгүй байгаа тухайн үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Энэ байдал нь хүүхдийг ганцаардмал сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгоно.

 

Та хүүхдээ ямар байлгамаар байна өөрөө яг л тийм байх ёстой. Эцэг, эхчүүд сургуулийн орчинд болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг маш ноцтойгоор хүлээн авч, өмнөөс нь шийдвэрлэх тийм ч зохистой биш. Хүүхэд даван туулах ёстой бүхнээ өөрөө шийдэж, тунгаах хэрэгтэй. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй.

 

Тухайн үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар тэнхээ суулгаж, аливаад өөрийгөө бэлтгэж, даван гарах сэтгэл зүйн боловсролтой болгоно.

 

-Эрт эдүгээгээс зан төлөвшлийг тодорхойлж ирсэн байдаг. Тэгвэл өнөө цагт?

 

-Дээр үед томоотой, үг дуу цөөнтэй хүнийг гүндүүгүй томоотой гэж магтдаг байсан. Өнөөгийн нийгэмд эрч хүчтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай ямар ч хүнтэй ойлголцдог, дасан зохицох чадвартай хүмүүсийг үнэлдэг болсон байна. Хүүхдэдээ аль болох элэгсэг дотно сэтгэлээр хандаж, удирдан чиглүүлж, аливааг зөвөөр ойлгуулах нь чухал. Аливаа зүйлийн учир утгыг ойлгуулснаар хүүхэд алдаагаа засч, залруулах хүсэлд хөтлөгдөж, чармайдаг. Тиймээс үр хүүхдээ эрч хүчээр дүүрэн, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болгох алхам та бүхнээс хамаарна гэж хэлэх байна. Өнөөдрөөс эхэлж маргаашаа бүтээх зам таны өмнө бий.

 

АЛДАА ДУТАГДЛЫГ ЗАСАХ АРГАЧЛАЛ НЬ ШИЙТГЭЛ БИШ

 

-Гэр бүлийн дотоод уур амьсгал маш чухал санагддаг. Хүүхдийн төлөвшил эцэг, эхийн харилцаанаас хамаарна гэж ойлгож болох уу?

 

-Тухайн гэр бүлийн харилцаа, уур амьсгал ямар байх хүүхдийн хүмүүжил төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэг Хүн бүрийн араншин төрөлхийн өгөгдөл өөр хоорондоо ялгаатай. Гэр бүлийн орчноос болж хүүхэд томчуудаас илүү их стресст ордог. Тэд стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвшрахаа мэддэггүй. Тиймээс аав, ээжийнхээ бусад хэн нэгний хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авч, сэтгэлээр унаж, дотроо маш их шаналдаг. Жишээ нь, хамгийн хайртай хүнээсээ “Чам шиг ийм хүүхэдтэй байснаас байхгүй нь дээр” гэдэг үгийг сонссон хүүхэд сэтгэлээр унаж, хямардаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй, сургууль дээрээ үе тэнгийнхнээрээ шоолуулж, шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг л даа. Ийм зүйлтэй тулгарсан үед дотроо удаан шаналж, ганцаардан хичээлийн идэвх ч буурдаг. Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гээд хайраа ил гаргадаггүй. Үр хүүхдээ хайрлаж байгаа бол түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй.

Хүүхдээ маш сайн ажиглаж, цаг зав гарган сонсох, хайрласан сэтгэлээ илэрхийлж байх ёстой. Ийм нөхцөл бүрдэхгүйгээс болж хүүхэд уйлах, зөрүүдлэх, үеийн хүүхдээ шоглох, томчуудтай тэрслэх зэргээр стрессээ гадагшлуулдаг. Өөрийн мэдэлгүй зөнгөөрөө л бухимдлаа гаргаж байгаа хэлбэр. Үүнийг нь томчууд ойлгохгүй загнаж, зодох гэх мэт хүчирхийллийн аргаар харилцдаг нь нууц биш. Тэгэхээр эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ сайн ярилцаж, ойлголцон дэмжих хэрэгтэй.

-Хэрхэн дэмжиж, давуу талыг нь хөгжүүлэх ёстой вэ?

 

-Шоглуулж, доромжлуулаад байгаа сургуулиас нь шилжүүлэх талаар тэдний санаа бодлыг сонсч, нүүхээс аргагүй байгаа бол өөрсдийнх нь саналаар шийдэх, боломжгүй зүйлийг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж, тайвшруулж байгаарай. Хүүхэд бүхэнд сайн сайхан зан чанар бий. Зарим эцэг, эх хүүхдэдээ нэр хоч өгчихөөд байнга сануулж хэлдэг. Магадгүй тэрхүү сахилгагүй зантай нь холбоотой давуу тал заавал байдаг. Хурдан шаламгай, нээлттэй, өөртөө итгэлтэй хүүхэд их хөдөлгөөнтэй сахилгагүй байх нь бий. Зарим худалч хүүхэд хурдан сэтгэдэг, хэл ярианы чадвар сайтай гээд давуу тал харагдана. Гол нь хүүхдийнхээ давуу талыг томруулдаг шилээр товойлгон харж, чадварыг нь түлхүү хөгжүүлж, түүгээр нь дамжуулан сул талыг нь багасгах, арилгах арга хэмжээ авах хэрэггэй. Ингэснээр орчноо тусгаж, бүх зүйлийг харж, суралцаж, зориудаар сураагүй ч автоматаар тогтоодог. Ном унш гэж үглэхийн оронд нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд, та өөрөө хажууд нь суугаад ном уншихад л хангалттай. Таны хүүхэд хийж буй үйлдэл болгоныг чинь л дагаж, дуурайна. Ирээдүйн эзэд, энэ улсын хөгжпийг тодорхойлох манлайлагчдын толь нь эцэг, эхчүүд, тусгал нь та бүхний алдрай бяцхан үрс шүү.

 

-Алдаа дутагдлыг засах аргачлал нь шийтгэл гэж үзэх нь бий?

 

-Дийлэнх нь ийм арга замыг сонгодог. Хүчирхийллээс  хүчирхийлэгч л төрнө шүү дээ. Магадгүй ийм аргаар бяцхан үрсдээ хандаж байгаа бол та маш том алдаа хийж байна. Хүүхэд нэгэнт  буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээсээ илүү ойлгуулж, яагаад тийм зүйл болов гэдгийг зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Зарим эцэг, эх хүүхэд юм чинь хэлэхээр ойлгохгүй, маханд нь хэлээд өгье гэдэг. Гэтэл нас насныхаа онцлогт тохируулаад бүх асуудлыг ойлгох чадвартай шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ учраа олохдоо хариуцлагатай ажил хэрэгч хандаж, төлөвлөх ёстой. Хүн ажпаа төлөвлөдөг шигээ хүүхэдтэйгээ харилцахдаа цаг хугацаа зарцуулж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хүухдэдээ хийх ажлыг нь үгээр тэгж хий, ингэж хий гэж үглэхийн оронд самбар дээр хөөрхөн дүрс зураг нааж, зурган дүрслэлээр харуулах, эсвэл хийсэн ажпыг нь урамшуулж, таван хошуу, нэмэх тэмдэг тавьж, зураг нааж, дүрсжүүлэх нь илүү үр дүнтэй. Мөн хүүхэдтэйгээ хамт ажил хийж өөртөө туслуулах, өдөр тутамд нь зааж ойлгуулан, үлгэрлэснээр тухайн ажлыг хэрхэн хийхийг сурдаг

 

ХҮҮХДЭЭ ХАЙРААР ДУТААЖ БОЛОХГҮЙ

 

-Хайраар дутуу, хайрлуулж үзээгүй хүүхэд аливаад сэтгэлгүй ханддаг гэдэг?

 

-Багадаа эцэг, эхийн хайр дутуу өссөн бол хайрын өлсгөлөнд насаараа нэрвэгдэж явдаг. Дандаа л хэн нэгнээр хайрлуулахыг хүснэ. Тэр хайр хэзээ ямар үед дүүрч сэтгэл ханахыг тодорхойлох аргагүй. Тиймдээ ч гэр бүлээ сольж, ямар нэгэн хайр хүсч явдаг хүн цөөнгүй байна. Ер нь өөрийгөө хайрлахгүй бусдыг хайрласаар эргээд өөртөө өгөөгүй хайраа бусдаас нэхэх нь сэтгэлийн өлсөлт юм. Харин эсрэгээрээ хайранд өлгийдүүлж өссөн нэгэн сэтгэл дүүрэн явдаг. Тийм болохоор хүүхдийг хайраар дутааж болохгүй. Гэхдээ хайрлаж байна гээд байнга нялуураад л хүссэн бүхнийг нь авч өгөөд бай гэсэн үг биш шүү.

 

-Ирээдүйгээ хайраар дүүрэн, итгэлтэй нэгэн болгохын тулд гэр бүл ямар байх ёстой вэ? 

 

-Мэдээж гэр бүлийн орчин хамгийн чухал. Нөхөр нь орой гзртээ ирээд эхнэрээ үнсдэг. Эхнэр нь хоол цайныхаа дээжийг аягалж, өдрийн хийсэн ажлаа ярьж, найрсаг уур амьсгалыг бүрдүүлж байх нь үр хүүхдэд маш их нөлөө үзүүлнэ. Хайр, итгэл, сэтгэл үүнээс л эхэлнэ. Бас бие биеээ тэвэрч, сайхан үгсээр дуудаж байх хэрэгтэй. Үүнийг бяцхан нөхөд харж суугаа. Ингэснээр далд ухамсартаа хүмүүс биенээ ингэж хайрладаг юм байна гэсэн мэдээлэл авдаг. Нэмж зөвлөхөд хүүхдээ тэвэрч байх хэрэгтэй. Тэврэлтийн үед ээнэгшлийн гормон болох окситоцин ялгардаг. Манай уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг гурван нас хүртэл хаан, хатан мэт хайрла гэсэн сургаал бий. Гэтэл өнөөдөр аав, ээжүүд, хүү, охинтойгоо хамт тоглож, үлгэр уншиж өгмөөр байна, даанч зав алга гэдэг. Үүнд тийм ч их цаг хугацаа орохгүй. Хүү, охиноо сайн хүн, ирээдүйд итгэлтэй алхах нэгэн болгохыг хүсч л байгаа бол хийх ёстой ажлын тань нэг гэж ойлгох хэрэгтэй. Та утас, зурагт харж суух цагаасаа 20-30 минут хасчих л даа. Ингээд л асуудлыг шийднэ. 

 

-Гэвч шинжлэх ухаан, техникийн дэвшил хүний оюун санааг удирдах болсон цаг учир ном унших, үлгэр ярьж өгөх гэдгийг хойш тавьсаар байгаа?

 

-Хүүхдэдээ утас, зурагт ширтүүлж суулгахын оронд ярилцаж ойлголцохгүй байгаа нь л хамгийн том алдаа. Биднийг зөв алхам хийнэ дээ гээд цаг хугацаа хүлээхгүй. Үүнийг өөрчлөх хүч, оюун ухаан зөвхөн аав, ээжид л бий. Өнөөдөр сэтгэл зүйн шинжлэх ухаанд хэдий хэмжээний хайрыг урсгана, тэр хэрээр сэтгэл хангалуун амьдарч болно гэдгийг нотолчихлоо. Хийж хэрэгжүүлэх арга зам нь нээлттэй байхад хойш тавиад суувал ирээдүйгээ гэмтээж, хэзээ ч засч болохгүй алдаанд л хүргэнэ. Нэгэнт гаргасан алдаагаа засах гэж хожим нь зовж, шаналахын оронд зориг гарган өнөөдрөөс ухаантай хандвал маргааш инээд хөөр, хайр дүүрэн амьдрал. угтана гэдгийг ухаарах хэрэгтэй. Юу тарина түүнийхээ үр шимийг хүртдэг шүү дээ. Ер нь хүүхэд гэдэг цагаан цаас, үржил шимтэй хөрсөнд юу бичиж, тарих вэ гэдгээ сайн бодох нь чухал. Муу зүйлийг суулгавал түүнийхээ ургацыг хэдхэн жилийн дараа хураана.  Хайрын үрээ суулгавал ирээдүйд гэрэл гэгээтэй амьдралыг  танд бэлэглэнэ.

 

ХҮҮХДИЙГ ЦОГЦ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

 

-Орчин цагт хүүхдийн уураг тархины хөгжил өнгөрсөн үеэс өөр болсон тухай ярих болсон?

 

-Цаг үе өөр болсон. Шинжлэх ухаан, техникийн зуунд амьдарч байна. Хүүхдийн сонирхол, тархины хөгжил ч өөр болсон. Одоогийн хүүхдүүд аливаа зүйлд мэдрэмжээрээ хандах нь илүү хөгжчихлөө. Тархи нь орон зай дүрслэлээр сэтгэж, үгээр ярьсан сэдвийг ч зурган дүрслэлээр тогтоон ойлгож чаддаг болжээ. Өөрөөр хэлбэл, баруун тархи илүү сэргэг байгаа нь урлагийн мэдрэмж илүү, дүрслэх сэтгэлгээ нь хөгжсөн, хүний бодол санаан дахь зурган дүрсийг мэдэрч унших чадвартай болсон гэж ойлгож болно. Тэдний дүгнэлт хийх чадвар нь хурдтай бөгөөд зөн билгийн мэдрэмж нь өндөр хөгжсөн тул заалгаж байгаа сэдэв нь амьдралын зорилго, амьдрах орчинтой нь зохицолтой бол сонирхон судална. Зохицолгүй гэдгийг мэдэрвэл огт сонирхохгүй. Иймд хүүхэд бүрийн давуу талыг олж сургах, сурах арга хэлбэрийн онцлогт нь тохируулан ажиллаж, амьдрах чадвартай хүүхэд бэлтгэх хэрэгтэй цаг үе иржээ.

 

-Тухайн ангид сурч байгаа хүүхэд нэг бүрийн сонирхлыг  багш олж харах ёстой болж байх шиг?

 

-Хүүхэд бие даан хөгжих, ажиллах орчинг бүрдүүлэх, нийт хүүхэд гэсэн ойлголтоос хүүхэд нэг бүрийн хөгжил гэсэн зарчмыг баримтлах  шаардлагатай. Багш зааж, сургаж дагуулдаг уламжлалт аргаа халж, хүүхдийг хүсэл сонирхлоо хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлд сургах, хүсэл эрмэлзлэлтэй болгон хөгжүүлэх нь чухал байна. Дэлхийд хүлээн зөвшөөрсөн чанартай  боловсролыг гэр бүлийнхээ дэргэд эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлж, Монголынхоо багш нарыг олон улсын хөтөлбөрийг заах чадварт сургаж, бэлтгэх хэрэгтэй. Боловсролыг дан ганц академик мэдлэг эзэмшиж байгаагаар нь биш үүнд зүрх сэтгэлийн боловсрол, хүн байх ухааныг хамтад нь олгоход анхаарч, бодлогоо тодорхойлох нь зүйтэй. Сурагч болгон мэдээлэл олж авч түүнийгээ мэдлэг болгох, хүүхэд амьдрал дээр гарсан хойноо бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн, цогц хүн болж төлөвших үзүүлэлтээр нь үнэлэх хэрэгтэй.

 

-Цогц хүн гэдгийг тодорхойлбол?

 

-Энэ нь бие сэтгэл, оюун ухааны тэнцвэртэй нэгдлийг хэлж байгаа юм. Сургууль цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй хүүхдийн эдгээр онцлогийг тусгаж, багш нарыг бэлтгэх шаардлагатай. Өнөөдрийн олгож байгаа сургалтын хөтөлбөр, арга зүй, хүүхдийг залхааж, ядраагаад зогсохгүй сурах идэвхийг нь бууруулж  байна. Хичээл заах багш, аав, ээж асран хүмүүжүүлэгч хүн бүр үзэл бйдол оюун санаагаа шинэчлэх, багш бэлтгэх тогтолцоо, системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэсэн үг.

 

-Хэрхэн яаж өөрчлөх ёстой вэ?

 

-Өнөөдрийн хүүхэд, багачууд ирээдүйг авч явах болно. Монгол улс хөгжих үү, эс хөгжих үү гэдэг тэдний гарт бий. Боловсролын тогтолцоо, эцэг, эхийн үүрэг үүнд маш их нөлөөлнө. Маргаашийн төлөө энэ нийгмийг өөрчлөн цоо шинэ, хөгжил дэвшлийн зуунд ажиллаж, амьдрах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг боловсролын системтэйгээ зайлшгүй уялдуулах ёстой. Мэдлэг боловсролтой, хүнлэг, хайр энэрэл дүүрэн иргэн ирээдүйд улс орны хөгжлийг тодорхойлж, итгэл дүүрэн алхах болно.

 

Л.Тулга

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.115.35)

    2019-08-12

    Zailuulzargaldaadl heruul higed yavsan chin neg gazriin zahiral bolood duugui bolj. Ingehed er n БМДИ gej yamar gazar bdag yum bol medehgui yumaa. Hamaagui duraaraa tovchloh iim l ayultai bga yum daa.