Польш улс эх орноосоо дүрвэж буй залуучуудаа тогтоохын тулд орлогын албан татвараас чөлөөлөхөөр болжээ

Саяхан Польшийн хууль тогтоогчид олон мянгаараа дүрвэж буй залуучуудыг эх оронд нь үлдээхийн тулд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Шинэ хуульд тусгаснаар 26 хүртэлх насны, жилийн орлого нь 85.528 злотоос бага (22.547 доллар) иргэдийг орлогын албан татвараас чөлөөлнө гэжээ. Энэ нь залуучуудын амьдралд эерэг нөлөө бүхий том шийдвэр болсон гэж Польшийн эрх баригчид мэдээлж байна. Учир нь Польш улсад иргэдийн дундаж орлого жилийн 60.000 злот (15.700 доллар) байдаг ба орлогын албан татвар нь ойролцоогоор цалингийн 18 хувьтай тэнцдэг аж. 

Энэ хууль наймдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг татварын хөнгөлөлтөд 2 сая орчим иргэн хамрагдаж байна гэж CNN мэдээлжээ.

Дашрамд дурдахад, 38 сая хүн амтай Польш улс 2004 онд Европын холбоонд нэгдэн орсон. Ингэснээр тус улсын иргэд ажиллах зөвшөөрөл, виза авахгүйгээр Европын холбооны бусад орнуудад цагаачлах боломж нээгдсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор гадаад орнуудыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн 15 жилд 1.7 сая польш иргэн эх орноо орхин дүрвэсэн гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравечки мэдэгджээ. Түүнчлэн гадаадыг зорьж буй иргэдийн дийлэнхийг мэдлэг боловсрол өндөртэй, залуу боловсон хүчин эзэлж байгаа нь эрх баригчдын санааг ихээхэн чилээж байгаа аж. Судалгаанаас үзэхэд их сургууль төгссөн 724 мянган польш иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Польш улс Европын холбооны улсууд дотроос залуу ажиллах хүчээ хамгийн ихээр алдаж буй улс болоод байна. 

 Эх сурвалж: CNN.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монголд ч гэсэн адил (202.126.88.134)

    2019-08-12

    Монголын аль чадалтай боловсролтой чадвартай мэдлэгтэй нь гадагшаа гарч яваа. Хамгийн залхуу арчаагүй бэртэгчин хувалзнууд л эх орон ард түмэн гэж худлаа ярин төрийн албанд бүгэж хээл хахууль авч байгаа.арчаагүй нь тэднийгээ зусардан гөлөн гөлөн гээд байж амь зогоож байна.