Авто тээврийн осол гарах гол нөхцөл

Монгол улс нийт 940,327 тээврийн хэрэгсэлтэй  бөгөөд 2017 оны байдлаар нийт 36591 осол бүртгэгдсэний 88,8% нь эд материалын, 11.2% нь хүн гэмтсэн осол бүртгэгдсэн байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.5 хувь нь жолоочийн буруугаас, 2.4 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.1 хувь нь замын нөхцөлөөс болсон бөгөөд өмнөх оны мөн үеэс жолоочийн буруутай үйлдлийнх 0.2 пунктээр нэмэгдэж, явган зорчигчийн буруутай үйлдлийнх 0.2 пунктээр буурч, замын нөхцөлөөс болсон осол өмнөх оны мөн үеийн төвшинд байна.

Авто тээврийн осол гарах гол нөхцөл шалтгаан юу вэ?

  1. Жолоочийн хариуцлагагүй байдал

Жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаад аюулыг харснаас хойших самбаачлах хугацаа 0.4-0.8 секунд байдаг гэнэ. Тоормос гишгэснээс хойш автомашинаа зогсооход жолоочид нэг секунд шаарддаг ч энэ хугацаанд жолооч юу ч хийх боломжгүй байдаг аж.

Жолоочийн замын хөдөлгөөний дүрэм баримтлахдаа хойрго хандах, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийх, тээврийн хэрэгсэл дотор хөдөлгөөнт эд зүйлсийг буруу тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцох үедээ мобайл төхөөрөмжөөр оролдох, гэрлээ шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дутуу хангах, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт жолоочоос үүдэлтэй зам тээврийн осол нийт зам тээврийн ослын 97,5%-ийг эзэлж байна. Зам тээврийн осолд зөвхөн тухайн тээврийн эзэмшигч хохироод зогсохгүй, хөдөлгөөнт оролцох буй бусад этгээдийн амь нас, эд материалд хохирол учруулдгаараа хамгийн эрсдэл өндөртэй осол юм.

Жолоочийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын голлох шалтгааныг дараах графикаас илүү дэлгэрэнгүйг хараарай. /Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 2017/

Зам тээврийн осолд өртөхөд зорчигчийг хамгаалах гол хэрэгсэл бол хамгаалалтын бүс, хүүхдийн зориулалтын суудал юм.

2017 онд зам тээврийн осолд өртсөн жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 62.1 хувь нь хамгаалах бүсээ хэрэглээгүй, 13.7 хувь нь хэрэглэсэн, 24.2 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

  1. Авто замын чанар

4,704.4 км2  газар нутагтай Улаанбаатар хотын хэмжээнд нийт 56 мянган л гудамж талбайн гэрэлтүүлэг байдаг аж. 1 сая 566 мянган км2  газар нутагтай Монгол улсын хэмжээнд 112,414,2 км авто замын сүлжээ байдгаас 15,2 мянган км  зам нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам байдаг байна. Гэвч эдгээр гэрэлтүүлэг болон авто замын тоо, чанарын асуудал тээврийн хэрэгслийн ослын шалтгаан болсоор л байгаа нь харамсалтай.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал газар, авто замын бартааг тойрч гарах, хурд хэтрүүлэн явахдаа замын нүх дайрах, гэрэлтүүлэггүй газар эсрэг урсгалын машины гэрэлд гялбах, тэмдэг, тэмдэглэгээ ойлгомжгүй байдал зэрэг замын нөхцөлөөс шалтгаалан гарсан ослын 59.1нь Улаанбаатар хотод, 40.9нь орон нутагт бүртгэгдсэн байна.

  1. Техникийн гэмтэл

Техникийн гэмтэл сааталд жолоочоос хамааралгүй техникийн гэмтэл, тухайлбал жолооны хүрд гацах, тоормос гэнэт барихгүй болох, гэрэл дохионы саатал, хөдөлгүүрийн гэмтэл гэх зэргийг хамруулдаг. Тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд тогтмол хамруулж байх, гэмтэл гарсан тохиолдолд тухай бүрт засварлаж байх нь техникийн гэмтлээс шалтгаалах ослоос сэргийлэх болно.

  1. Явган зорчигч

2017 онд хэрэгжиж эхэлсэн хуулиар явган зорчигчид гарц, гармын тэмдэглэгээгүй газраар зорчсон тохиолдолд торгууль оногдуулах болсон гэвч энэ хуулийн хэрэгжилт тийм ч хангалттай хэмжээнд биш байгаа нь харамсалтай.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын 88.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Нийт явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас, мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болсон осол 7.3 хувийг эзэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)