В.Мөнхбат: Аливаа зүйлийг харах өнцөг нь их чухал

“Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрсний хулгайн гэх асуудал гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан дэгдсэн. Харин энэхүү асуудлын үнэн бодит байдлын талаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга В.Мөнхбаттай ярилцлаа.

-“Тавантолгой” ХК-ийн нэр холбогдоод буй нүүрсний хулгайн асуудлаар танай компани өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь танай компанийг буруутай юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлээд байна?

-Бид хуулиа л хүндэтгэсэн. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тэгэхээр хэрэг шалгагдаж байгаа нөхцөлд хэргийнхээ талаар ямарваа нэгэн байр суурь илэрхийлэх нь хуулиар хязгаарлагдсан байдаг. Иймд бид хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэж, тэдний эцсийн шийдвэр гарсны дараа үнэн мөнийг хэлнэ гэж хүлээцтэй хандаж байгаа. Нөгөө талаасаа улстөр явж байна. Хүмүүсийн үл ойлголцол байгаа учраас бидний зүгээс байдлыг харзнаж байна. Төрийн хариуцлагатай албан тушаалтан, төр түшилцэж яваа хүний хувьд ингэж удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийхээсээ өмнө сайн судлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид аливаа зүйлийг нотлох баримттай, эд мөрийн баримт, бодитой эх сурвалжтай зүйлсийг ярьж явах болохоос бус зүгээр нэг хүний амнаасаа гаргасан гүтгэлгийн араас хөөцөлдөж явах нь утгагүй. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд компанийн зүгээс хуулийн байгууллагад шалгуулж болох бүхий л бичиг баримт, санхүүгийн баримт, үйл ажиллагааны баримт бичгүүдээ хүртэл ямар нэгэн цааргалах, татгалзах зүйлгүйгээр шалгуулаад явж байгаа.

 

-Гэхдээ Л.Энхболд гишүүн хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гараагүй байхад “хулгай” хэмээн зарлах нь хэр зохимжтой юм бол. Сүүлдээ бүр хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох мэдэгдлүүд хийж эхэллээ. Энэ нь явсаар ирэх жил болох сонгуульд ашиглах нөхцөл үүсэх байдалд хүрлээ?

 

-Миний хувьд энэ асуудлыг сонгуультай холбож тайлбарламааргүй байна. Аливаа хэргийг хуулийн байгууллага өөрийн эрх мэдэл, хуулийн хүрээнд шалгах цаг хугацаа гэж бий. Тэр хугацаандаа энэ асуудлыг үнэн бодитой шалгаж, тогтоох нь эрх үүрэг нь болохоос бус хэн нэгэн сайд, гишүүний шаардсанаар шалгах боломжгүй. Бидний зүгээс шалгуулахдаа  татгалзсан, буруу зөрүү мэдээлэл өгсөн, хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулсан зүйл огт байхгүй. Хуулийн байгууллагаас хүссэн, шаардсан бүх материалыг цаг тухайд нь гаргаж өгөөд явж байгаа. Тэгэхээр Л.Энхболд гишүүн биднийг “хулгайч” хэмээн орон даяар зарлаж, нүүрсний хулгай хэмээн сүржигнэж ярьж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Энэ бол зөвхөн компанийн удирдлагын асуудал биш. Энэ компанид ажиллаж буй бүх хүмүүсийг доромжилж, дорд үзэж байна гэсэн үг. Түрийвчтэй, жижиг сажиг юм байвал хүн аваад гарчихвал үүнийг хулгай гэж хэлж болно. Энэ олон мянган тонн нүүрсийг ачиж тээвэрлэхэд хичнээн олон машин, техник, хэдэн удаа зөөх вэ гэж нэг бодоод үзээрэй. Уул уурхайн салбар бол бусад үйлдвэрлэлийг бодвол их онцлог. Нэг цаг хугацаа, нэг хэмжээс дээр  өөрийн зөвшөөрөл бүхий лицензтэй талбай дээр хамтарч ажилладаг учраас техникийн тухайн үеийн хүчин чадлаас хамаарч, хөрш зэргэлдээ байгаа талбай руугаа наашаа цаашаагаа орох тохиолдол гарна. Хэдэн метрээс эхлээд хэдэн км ч орох тохиолдол гарна. Ганц манай уурхай ч биш хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд ийм л зарчмаар олборлолтоо явуулдаг. Энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын асуудал. Хүнийг “хулгайч” гэж гүжирдэхэд хүний нүүр халуун, хэцүү байдаг. Тэгэхэд хоёр жил гаруйн турш биднийг “хулгайч”-аар дуудлаа.

 

Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа хорь гаруй нүүрсний компаниудаас 51 хувийг нь өмнөговийнхон өөрсдөө эзэмшээд явж байгаа цор ганц компани бол “Тавантолгой” ХК юм. Тэгэхээр гишүүний хувьд уул уурхайн салбараа ойлгоё гэхээсээ илүү улстөрийн өнгө аястай асуудалд хандаад байна уу даа гэж би харж байгаа. Улстөр юм уу, хулгай юм уу гэдэг нь удахгүй тодорхой болно доо. “Хулгай” гэж хэлэхээсээ өмнө эхлээд сайн бодох хэрэгтэй.

 

Монгол Улсын  хил, гааль, мэргэжлийн хяналтын албадыг хүртэл  гүтгэж байна шүү дээ. Энэ олон мянган тонн нүүрсийг хилээр гаргаад сууж байх тийм том бүдүүн зүрхтэй төрийн албан хаагч гэж байх уу. За муугаар бодлоо гэхэд, Монголын төр муу ажиллаад баахан хоосон машин гарсан гээд мэдүүлгээ өөрчиллөө гэж бодоход Хятад улсын хил гаалийнхан, мөрөн дээрх бөндгөртэй нь ярьдаг чанга хууль дүрэмтэй улс бас тэрийг хараад зүгээр гаргах уу. Тэгэхээр энэ асуудал эцэстээ хоёр орны харилцаанд ч сэв суулгах нөхцөл бүрдэж байна. Төрийн түшээ хүн ийм зүйл яриад явна гэдэг өөрийн мэдлэг, улстөрчийн цар хүрээ хэр  байгаагаа л харуулаад байна уу даа гэж би харж байна.

 

-Та ТУЗ-ийн даргын хувьд Л.Энхболд гишүүнтэй уулзаж, энэ талаар ярилцав уу?

 

-Би гишүүнтэй нэг сургуулийн нэг төгсөлтийн найз нөхөд. Хувь хүнийх нь хувьд хүндэтгэдэг ч  “Тавантолгой” ХК-ийн “хулгай” гэх асуудлын хувьд эсрэг байр суурьтай байдаг. Нутгийнхаа 53 жилийн түүхтэй компани руу дайрч давшлан, олон нийтэд эрх мэдлээ ашиглан буруу ташаа мэдээлэл өгөөд  байгаад нь үнэхээр гайхаж байна. Гэхдээ миний ард түмэн ухаантай. Энэ асуудлыг “хулгай” мөн эсэхийг ойлгочих хэмжээний оюуны чадвартай ард түмэн. Үнэн зөвийн талд зогсох ухаан говьчуудад минь бий гэж би итгэдэг. Би ТУЗ-ийн даргын албыг аваад удаагүй байгаа. Бидний хувьд өөрсдийн хийсэн ажилдаа эзэн байж, үнэнээр яваа тул айж ичээд байх зүйл алга. Хуулийн байгууллага хуулиар заасан цаг хугацаандаа шалгаж дуусаад хэргийн үнэн мөнөө мэдээлэх байх. Хамгийн гол нь бидний хүсч буй зүйл ирэх жил болох сонгуультай бүү холбоосой гэж хүсч байна. Гэтэл зарим УИХ-ын гишүүний зүгээс хурдан шалгаж, тогтоо гэх мэтээр албан тушаал, эрх мэдлээрээ далайлган хөндлөнгөөс оролцож байгаа нь тийм ч зохимжтой биш юм. Манай компанийн зүгээс цаг тухайд нь тайлбараа өгч байна, үнэн зөв мэдээллээр хангаж байна. Баримт материалаа цаг тухай бүрт нь өгч шалгуулж байна. Ийм болохоор бид үнэн зөвөөр тогтоогдоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

-Хуулийн байгууллагаас шалгаж тогтоогоод асуудал нааштайгаар шийдэгдлээ гэхэд танай компанийн зүгээс Л.Энхболд гишүүнээр уучлал гуйлгах уу. Энэ олон жил, сараар хохирсон хохирлоо хэрхэн барагдуулах вэ?

 

-Манай компанийн бизнесийн нэр хүндэд асар ихээр нөлөөлсөн. Бизнес бол өөрөө итгэлцэл. Ийм хэл ам гараад, өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд уурхайн үйл ажиллагаа алдагдсанаас болоод бид цөөнгүй түншүүдээ алдсан. Энэ их хохирлоо бид  ТУЗ-ийн удирдлагаараа ярьж байгаад,  хохирлоо барагдуулахын тулд хуулийн байгууллагад хандана. Ганц компани биш улс, аймагт маш их хохиролтой байсан. Аймагт орох ёстой байсан олон төрлийн татварууд тасалдсан. Энэ бүх хохирол дээрээ анализ хийж байгаад гомдол гаргах бүрэн боломжтой. Л.Энхболд биднээс уучлал гуйх багадна. Улсад учруулсан өч төчнөөн хохирлын хажууд түүний “Уучлаарай” гэх ганц үг  үнэхээр үнэ цэнэгүй.  Төрийг төлөөлж байгаа хүн болгон ингэж гарч ирээд, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан компани руу ингээд халдаад яваад байвал энэ улс орон чинь юу болох юм. Иймд Л.Энхболд гишүүний энэ увайгүй байдлаас бусад нь ч гэсэн, улстөрд орох хүмүүс ч гэсэн суралцах ёстой. Аливаа зүйлийг эхлээд судалж, мэдчихээд дараа нь улстөрөө хийж байвал зүгээр байна. Хэсэг хугацааны дараа Л.Энхболд өөрөө бодит байдлыг ойлгох байх гэж найдаж байна. Цаг хугацаа чинь бүх зүйлийн хэмжүүр шүү дээ. Яг одоогоор бол улстөржүүлээд ч юм уу, эсвэл хэн нэгний захиалгаар хөдлөөд байна уу даа гэж харагдаад байгаа.

 

-Хоёр компани энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Хоёр компаниас ажлын хэсэг гараад хэмжилтээ хийгээд, хэдий хэрийн нүүрс нь саажсан нүүрс юм, хэдэн тонн нь коксжсон нүүрс байсан, хэдэн тонн нь өнгөн шороо байсан юм гэх зэргээр нарийн тооцоолж гаргаад өглөг авлагаа тооцчихсон. Өглөг авлагаа тооцоход олон арга хэрэглэж болно. Компанийн эзэмшлийн газраас тэр хэмжээний нүүрсээ олборлох, дүйцүүлэх хэлбэрээр зам талбайн ажил дээр хамтран ажиллах,  суурьшлын бүс дээр хамтран ажиллах гэх мэтээр маш олон арга хувилбарууд бий. Тэгэхээр энэ бол төр оролцоод байхаасаа илүү хоёр компанийн хоорондох асуудал юм.

 

-Хоёр компанийн ажлын хэсгийн дүгнэлтээр анх 268 мянган тн нүүрс гэж байсан бол сүүлдээ 340 мянган тн нүүрс болоод хувирчихлаа. Яагаад ингэж зөрүүтэй гараад байгаа юм бэ?

 

-Санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу ингээд тоо нь нэмэгдээд байгаа. Гэхдээ эцсийн дүгнэлтийг уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс л дүгнэж гаргахаас бус УИХ-ын гишүүн бусдаас сонссон тоогоо хэлэх нь утгагүй. Энэ асуудлыг хэмжээд хоёр компани ойлголцоод шийдвэрлэсэн асуудал. Уул уурхайн олборлолт өөрөө их адармаатай.

 

Шугам барьчихаад яг үүнээс наадахыг манайх, цаадахыг танайх олборлоно гэж болдоггүй. Манайх өөрсдийн талбайгаа олборлож байхад айлын талбайгаас нүүрс нь нураад ороод ирж болно. Тэгэхээр айлынх авна биз гээд орхиж болохгүй. Инженерүүд ирж хэмжээд хэдэн тонн нүүрс, хөрс байна гэж тогтоодог. Мөн зам, траншей гаргахын тулд айлын талбай руу орох болно. Олборлолтын үйл ажиллагааны үед гардаг асуудлуудын л нэг. Мөн энэ  нүүрс чинь тэр чигээрээ сайн чанарын коксжсон нүүрс биш. Өнгөн хөрс, шороон хөрс, саажсан нүүрс, исэлдсэн, коксжсон гэх мэтээр үнэлгээ нь хүртэл өөр. Гэтэл бүгдийг нь коксжсон нүүрсний үнээр бодвол энэ чинь тамтаггүй тоо гарах нь мэдээж.

 

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа бол?

 

-Б.Ганхуяг захирлын хувьд маш чадвартай, ухаалаг залуу байгаа. Бид харилцан ойлголцоод, хамтран ажиллахад ямар нэгэн саад байхгүй. Энэ дагуу энэ асуудлаа аль хэдийнэ ярилцаад ойлголцоод акт үйлдээд шийдчихсэн асуудал. Тэр актыг тээр сүүлд аваад л улстөр хийгээд яваа юм. Түүнээс бус бид энэ асуудлыг огт мэдэхгүй, хулгай хийснээ нуугаад л, “Эрдэнэс Тавантолгой” алдсанаа мэдэхгүй байгаад байсан юм биш. Нааш цаашаа орсноо баталгажуулаад, инженер техникийн ажилтнууд нь хамтран ажиллаад, акт баримтаа үйлдчихсэн байсан. Аливаа зүйлийг харах өнцөг нь их чухал. Бодит зүйлийг л ярих хэрэгтэй болохоос бус улстөржүүлээд УИХ-ын гишүүний эрхээ ашиглан, хурал чуулган дээр янз бүрийн асуулга тавиад, мэргэжлийн байгууллагуудын хүмүүс рүү дайраад, компани аж ахуйн нэгжийг гүтгэж доромжлоод, “хулгайч”-аар нь дуудаад байх дэндүү ёс зүйгүй үйлдэл. Асуудалд хандахдаа говийн хүний уужуу ухаанаа гаргаж, улстөрдөө бүү ашиглаасай л гэж хүсч байна. Ажил хийж байх тоолонд  алдаа гарах нь мэдээж. Алдаагаа засч залруулаад явах нь хэн хэндээ өгөөжтэй болохоос бус энэ алдаан дээр дөрөөлж улстөр хийх нь утгагүй. 50 гаруй жилийн түүхтэй  манай компаниас  10 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэс-Тавантолгой” ХК сурах зүйл ч их бий. Манай компани ч шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн тус компаниас ч суралцах зүйл олон бий. Ингээд хоёр компани ойлголцоод, хамтран ажиллаад улсад өгөх татвараа өгөөд, эх орныхоо эдийн засгийг үүрээд явж байхад яагаад ингэж улстөржүүлж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Энэ чинь зөвхөн хоёр компанийн эрх ашгийн асуудал биш, Монголын эрх ашиг, гурван сая монгол иргэний эрх ашиг. Бид зөвхөн хуулиа дээдэлж, хуулийн дагуу ажиллаж байгаа болохоос бус өөрсдийн дүрэм журмаар тоглоод байгаа юм биш. Би Тавантолгойгоо ирээдүйтэй, иргэн бүрт үр ашгаа өгсөн, эх орныхоо хөгжил дэвшилд хамгийн их нөлөө үзүүлэх компани байсаар байх болно гэдэгт бүрэн итгэдэг.

 

 

О.Уранбилэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)