С.Мөнхсарнай: Туберкулины сорил бол сүрьеэгийн амьд сулруулсан нян гэдгийг ойлгох хэрэгтэй

Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар БЗД-ийн ЭМТ-ийн  Сүрьеэгийн диспансерийн сүрьеэгийн их эмч С.Мөнхсарнайтай ярилцлаа.

Сүрьеэ өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаг. Энэ вакцин нь хэдий хугацаанд дархлаа тогтоодог вэ?

Сүрьеэгийн вакциныг хүүхэд төрснөөс хойшхи 48 цагийн дотор төрөх тасагт хийдэг. Дархлаажуулалтыг зүүн гарны бугалганы гадна талын дээд хэсэгт хийнэ. Вакцин нь хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд сүрьеэгээс хамгаалах дархлааг тогтоодог. Гэхдээ вакцин хийлгэсэн байлаа ч гэр бүлийн гишүүний хэн нэг нь халдвартай хэлбэрийн  сүрьеэтэй бол хүүхэд халдвар авч өвчлөх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр вакцин хийлгэчихсэн гээд энэ хүүхэд хэзээ ч сүрьеэгээр өвчлөхгүй гэсэн ойлголт байхгүй, харин сүрьеэгийн хүнд хэлбэр болох мененгит, тархмал хэлбэрийн сүрьеэгээс хамгаална. Эцэг, эхчүүдийн тухайд хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг огт мэддэггүй. Ягаан дэвтэр дээр нь тэмдэглэгээ хийдэг ч дэвтрээ хаяж гээх тохиолдол олон гардаг. Харин вакцинд хамрагдсан эсэхийг тодорхойлж, мэдэх энгийн арга нь зүүн гаран дээрх хонхорхой цагаан сорви. Энэ  сорвиор дархлаажуулалтад хамрагдсан уу, эсвэл үгүй юу гэдгийг мэдэх боломжтой. Өөр ямар ч төрлийн вакцин дээр тийм сорви байдаггүй онцлогтой. Вакцин хийлгэсний дараа гурван сар хүртэлх хугацаагаар тухайн хэсэгт идээлээд хонхойно. Энэ нь дархлаа тогтож байгаагийн илрэл болдог.

Сүрьеэ өвчнөөс сэргийлэх вакцин нэг нас хүртэл нь халдвараас хамгаалдаг гэлээ. Тэгвэл цаашдын дархлааг хэрхэн тогтоох вэ?

Тухайн хүний дархлалын систем сайн байж гэмээнэ халдвар эсэргүүцэх үйл ажиллаагаа сайн явагдана гэсэн үг. Харин дархлааг дэмжихийн тулд хоол, унд, амралтаа зөв зохицуулж, стрессгүй байх нь чухал. Хэчнээн витамин, амин дэм  хэрэглээд амарч чаддаггүй, хоол, нойронд муу, стресстэй байвал дархлаа мууддаг. Хүмүүс ярихдаа хүүхдэдээ үнэтэй, маш олон витамин уулгадаг учраас дархлаа нь муудах ямар ч боломжгүй гэж хэлдэг. Гэтэл хүүхэд нь утсаа байнга оролддог, хичээл ихтэй, пи си тоглоом олон цагаар тоглодог зэргээс шалтгаалаад амралт, ажлаа, хоол хүнсээ зөв зохицуулж чадаагүйн улмаас дархлаа муудах их байна.  

Төрснөөс хойш 48 цагийн дотор вакцин хийлгэх хэрэгтэй гэсэн. Ямар нэгэн байдлаар вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад орж болдог уу?

Хүндрэлтэй эсвэл дутуу төрсөн нярайд 48 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийгээгүй байх тохиолдол гардаг. Тиймээс л түрүүний хэлсэн хонхорхой цагаан сорви байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Ингэхдээ идээлсэн байна уу гэдгийг шалгаад хариу урвалыг ажиглах нь зүйтэй. Хэрвээ сорви байхгүй бол вакцин хийлгээгүй гэж үзээд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, дүүргийнхээ эрүүл мэндийн төв дээр очиж, нөхөн дархлаажуулалтад хамрагдана. Вакцинд орохын тулд тухайн хүүхэд хоёр сар хүрсэн л бол сүрьеэгийн диспансер дээр туберкулины сорилыг заавал тавиулж байж, нөхөн вакцинжуулалтад орж болно.

Туберкулины сорилыг ямар зорилгоор тавьдаг вэ?

Энэ сорил нь сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлдог. Энэ сорилыг хоёр сараас дээш настай хүүхдэд сүрьеэгийн вакцин хийхийн өмнө тавьж болно. Мөн гэр бүлд нь сүрьеэгээр өвчилсөн хүн байгаад эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд 14 нас хүртэлх хүүхдэд сүрьеэгийн диспансер дээр үнэ төлбөргүй тавьж байгаа. 

Сорил нь өөрөө сүрьеэгийн амьд, сулруулсан нян шүү дээ. Тэр нянг тарьж байж, тухайн хүний дархлалын систем хэрхэн тэмцэх чадвартайг тооцон үр дүнг хэмжинэ гэсэн үг. 

Харин сүүлийн үед өрхийн ЭМТ-үүдээс ханиад нь удсан хүүхдэд сорил тавиулахыг зөвлөөд явуулах нь ихсэж байна. Энэ нь тийм ч таатай, байнга хийлгээд байх сорил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл толгой дараалан сорил тавиад байх нь буруу. Гэтэл эмчээс зөвлөгөө аваад ирсэн иргэдэд сорилыг хамаагүй тавьдаг юм биш гэж тайлбарлаад хэлэхээр заавал тавиулна гээд ундуйцах тохиолдол гарах нь их байна.

Сүрьеэгийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг л дэмжих хэрэгтэй. Ухаалаг утас, пи си тоглоомноос  хол байлгаж, анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөж байна. Эхний ээлжинд ханиад томуу хүрсэн л бол маш хурдан эмчид үзүүлж, эмчилж, эдгээх хэрэгтэй.

Ямар шинж тэмдэг илэрвэл тухайн хүн сорил тавиулж болох вэ?

Нэн тэргүүнд гэр бүлд нь сүрьеэгийн халдвартай хүн байгаа тохиолдолд сорил тавиулж болно. Мөн 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгасан бол хүүхдэд  сорил тавих заавартай байдаг. Гэхдээ сүүлийн үед харшлын ханиалга их байгаа. Тийм ч учраас хоолой сэрвэгэнэдэг ханиалганаас үүдээд сорил тавиад байж болохгүй.

Эхлээд уушгины зураг авахуулаад өөрчлөлттэй байвал туберкулины сорилыг тавиулах хэрэгтэй. 

Тухайн хүүхдэд булчирхай томрох, ханиад нь удаан эдгэрэхгүй байх, сульдуу болох шинж тэмдэг илэрвэл өвчилсөн байх эрсдэлтэй гэж үзээд эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй. Ер нь өвчилсөн хүүхэд ихэвчлэн хоол унданд тааруу, ханиад хүрсэн ч удаан эдгэрдэг, туниа муутай байдаг.

Сүрьеэгийн өвчин дахих магадлалтай юу?

Тухайн хүний дархлалын систем муудахад сүрьеэгийн өвчин дахих эрсдэлтэй болдог. Өвчилсөн хүн зургаан сарын эмчилгээ хийлгээд эдгэрсэн ч хэсэг хугацааны дараа дахиад өвчлөх тохиолдол гарч байна. Тийм учраас дархлаагаа л сайн дэмжиж, ажил амралтаа зохицуулах нь өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга юм.

Сүрьеэгийн эмчилгээ нь урт хугацаанд хийгддэг. Тэгэхээр тухайн хүнийг тэвчээртэй байхыг зайлшгүй шаардах байх?

Сүрьеэгийн эмчилгээнд хамгийн багадаа зургаан сарын хугацаа зарцуулдаг. Харин олон эмэнд дасалтай сүрьеэ оношлогдвол 24 сар хүртэлх хугацаагаар эмчилгээ хийлгэнэ. Ингэж бодохоор тухайн хүнээс маш их тэвчээр шаардана гэсэн үг. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн шалтгаан нь эмчилгээ тасалснаас л үүдэлтэй. Тэгэхээр анхны эмчилгээгээ хүүхэд ч бай, том хүн ч бай таслалгүй, тууштай хийлгэх хэрэгтэй. Цаг тухайд нь эмчилгээндээ хамрагдаад эмчээс эдгэрсэн гэх үг сонсох хүртлээ тэвчээртэй байх шаардлагатай болдог. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь эхний хоёр сар эмчилгээндээ яваад ирэхээр шинж тэмдэг нь бүдгэрмэгц эдгэрчихлээ гэж ойлгоод эмчилгээгээ тасалчихдаг. Гэтэл тэр хүмүүс эргээд олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөөд зургаан сар эмчлүүлэх байсан бол түүнийгээ дөрөв нугалсантай тэнцэх хугацааны эмчилгээ хийлгэх хэрэгтэй болж байна.  

Сүрьеэгийн өвчлөлд өртөж байгаа дийлэнх нь аль насны иргэд байна вэ?

2011 онд намайг анх сүрьеэгийн эмчээр ажиллаж эхлэх үед түрхэц эерэг хүүхэд гэж бараг байдаггүй байлаа. Гэтэл энэ онд долоон настай халдвар тарааж байгаа хэлбэрийн сүрьеэтэй гэж оношлогдох жишээний. Энэ нь өвчлөл залуужиж байгаагийн илрэл болж байна.

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эцэг эхийн анхаарал сул байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?

Ер нь бол тийм. Шууд халдвар тарааж байгаа хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх боломжгүй. Эхлээд уушгины аль нэг хэсэгт нь өөрчлөлт гарна. Тэгээд хүндрэх хүртлээ 3-аас дээш сар болдог. Хүүхдүүдийн зарим нь хоёр уушги нь битүү нэвчдэс болчихсон ирж байна. Тийм болтол нь анзаарахгүй л байна шүү дээ.

Хүүхдийн дархлаа муудахад ухаалаг утас, телевиз, пи си тоглоом нөлөөлж байна уу?

Тийм. Маш их нөлөөлж байгаа. Пи си тоглоомын газрууд гэхэд ихэвчлэн цонхгүй, чийгтэй, подвольд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнд нь олон хүүхэд цуглана. Агаар сэлгэлт хийдэггүй, харанхуй орчин бол сүрьеэгийн уул уурхай. Тэнд ажиллаж байгаа хүмүүс аль болох олон хүүхэд авахыг л боддог нь нууц биш шүү дээ. Тэндээс л халдвар ихээр тархах эрсдэл хамгийн өндөр гэж үзэж байна. Тиймээс цэцэрлэг, сургууль эхлэх гэж байгаа энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөе.

Эх сурвалж: БЗДЭМТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)